A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн

2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн

А-171 дүгээр тушаалын хавсралт

 

САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАНД

МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ

 НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1.1.Энэ журмыг Мэдээлэх үүрэгтэй этгээдээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7, 9 дүгээр зүйлд заасан гүйлгээний талаарх мэдээлэл, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд мөрдөнө.

 1.2.Санхүүгийн мэдээллийн алба нь Мэдээлэх үүрэгтэй этгээдээс ирүүлсэн мэдээллийн талаарх нэгтгэсэн статистик мэдээллийг улирал тутамд гаргаж, Санхүүгийн мэдээллийн албаны цахим хуудсанд байршуулна.

 ХОЁР. ГҮЙЛГЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭХ

 2.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу дараах мэдээллийг энэ журмын нэгдүгээр хавсралтад тусгасан цахим хэлбэрээр холбогдох маягтын дагуу заасан хугацаанд Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ:

  2.1.1.20,0 (хорин) сая төгрөг (түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют) болон түүнээс дээш дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 5 (таван) өдрийн дотор ГоАМЛ порталаар холбогдох маягтыг сонгон мэдээлнэ;

  2.1.2.20,0 (хорин) сая төгрөг (түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют) болон түүнээс дээш дүнтэй гадаад төлбөр тооцооны гүйлгээний мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 5 (таван) өдрийн дотор ГоАМЛ порталаар холбогдох маягтыг сонгон мэдээлнэ;

2.1.3.20,0 (хорин) сая төгрөг (түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют) болон түүнээс дээш дүнтэй виртуал хөрөнгийн гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 5 (таван) өдрийн дотор ГоАМЛ порталаар холбогдох маягтыг сонгон мэдээлнэ;

  2.1.4.Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ тухай 24 цагийн дотор ГоАМЛ порталаар Сэжигтэй гүйлгээний тайлангийн холбогдох маягтыг сонгон мэдээлнэ.

 2.2.Энэ журмын 2.1.4-т заасан сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийг мэдээлэхэд ямар нэгэн хязгаарлалт, үнийн дүн хамаарахгүй.

 2.3.Энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасны дагуу мэдээлсэн гүйлгээ нь сэжигтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд уг гүйлгээг энэ журмын 2.1.4-т заасны дагуу холбогдох Сэжигтэй гүйлгээний тайлангийн маягтаар давхар мэдээлнэ.

 2.4.Энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заагаагүй гүйлгээг сэжигтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд уг гүйлгээг энэ журмын 2.1.4-т заасны дагуу холбогдох маягтын дагуу мэдээлнэ.

2.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 2.1.4-т заасны дагуу мэдээлсэн сэжигтэй гүйлгээтэй холбоотой шинэ мэдээлэл, өмнөх тайлангаар мэдээлээгүй үйл ажиллагаа, гүйлгээний хэв шинжийн өөрчлөлт, өөрчлөгдсөн нөхцөл байдал болон мэдээлснээс хойш болсон үйл явдлыг талаарх мэдээллийг Сэжигтэй гүйлгээний тайлангийн маягтаар дахин ГоАМЛ порталаар холбогдох маягтыг сонгон мэдээлнэ.

 2.6.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь ГоАМЛ порталаар мэдээлэл ирүүлэхдээ xml формат эсвэл гараар тайлан оруулах сонголтын аль тохирохыг өөрөө сонгож мэдээлнэ. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь xml форматаар тайлан мэдээлэх бол тайланг тухайн формат руу хөрвүүлэх программ, хөрвүүлэгчийг өөрөө хариуцан боловсруулна.

 ГУРАВ. СЭЖИГТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ ТУХАЙ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

 3.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу Мэдээлэх үүрэгтэй этгээд нь сэжигтэй гүйлгээтэй холбогдох дараах нэмэлт мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд ирүүлнэ:

  3.1.1.Сэжигтэй гүйлгээтэй холбогдсон этгээдийн дансны хуулбар;

3.1.2.Сэжигтэй гүйлгээтэй холбогдсон этгээдийн данс нээхэд ашигласан болон холбогдох бичиг баримтын хуулбар;

3.1.3.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн харилцагчийн эрсдэлийг үнэлсэн баримт бичиг;

  3.1.4. Холбогдох бусад нэмэлт мэдээлэл.

 3.2.Санхүүгийн мэдээллийн алба нь Мэдээлэх үүрэгтэй этгээдээс сэжигтэй гүйлгээтэй холбогдох нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг ГоАМЛ порталаар холбогдох маягтын дагуу хүргүүлнэ.

 3.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 3.1-д заасан мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн мэдээллийн хэмжээнээс хамааран ажлын 5 өдрийн дотор ГоАМЛ порталаар хариу өгөх үүрэгтэй.

 ДӨРӨВ. ГоАМЛ ПОРТАЛЫГ АШИГЛАХ

 4.1. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь байгууллага болон тайлан хариуцсан хэрэглэгчээр ГоАМЛ порталд бүртгүүлсэн байна. Тайлан хариуцсан хэрэглэгчээр бүртгүүлсэн ажилтан солигдсон үед шинэ хэрэглэгч бүртгүүлж, өмнөх хэрэглэгчийн эрхийг хаах арга хэмжээг авна.

 4.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь ГоАМЛ порталыг Санхүүгийн мэдээллийн албанаас гаргасан ГоАМЛ порталыг ашиглах хэрэглэгчийн гарын авлагын дагуу ашиглана.

4.3.Санхүүгийн мэдээллийн алба нь Мэдээлэх үүрэгтэй этгээдээс оруулсан тайлангийн төлөвийн талаарх мэдэгдлийг ГоАМЛ порталын мессеж болон Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан руу илгээнэ.

4.4.Санхүүгийн мэдээллийн алба нь мэдээлэл авах хүсэлт болон бусад мессежийг ГоАМЛ порталын мессеж болон Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан руу илгээнэ.

4.5.Мэдээлэх үүрэгтэй этгээдийн ГоАМЛ порталын хэрэглэгч нь тайлангийн төлөв, Санхүүгийн мэдээллийн албанаас хүргүүлсэн мэдээлэл авах хүсэлт болон бусад мессежийг тогтмол шалгаж байх шаардлагатай.

4.6.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь ГоАМЛ порталд алдаатай тайлан оруулснаа тайлан хянагдаагүй үед мэдсэн бол Санхүүгийн мэдээллийн албатай холбогдож, хянагдаагүй тайланг буцаалгаж, засаж оруулах арга хэмжээ авна.

4.7.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь ГоАМЛ порталд алдаатай тайлан оруулснаа тайлан хянагдсаны дараа мэдсэн бол тайланг дахин оруулах хүсэлтийг Санхүүгийн мэдээллийн албаны fiu@mongolbank.mn хаяг руу илгээнэ. Тайланг дахин оруулах хүсэлтэд тайланг мэдээлсэн огноо, тайлангийн дугаар, тайлангийн нэр, гүйлгээний нийт тоо болон ямар учир шалтгаанаар тайлан дахин оруулах хүсэлт гаргаж байгаа талаар тодорхой бичсэн байна.

4.8.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасан мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанаас гаргасан ГоАМЛ порталыг ашиглах хэрэглэгчийн гарын авлагын дагуу холбогдох маягтад бүрэн, үнэн зөв бөглөж, хуульд заасан хугацаанд мэдээлнэ.

4.9.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь сэжигтэй гүйлгээтэй холбогдох нэмэлт мэдээлэл авах хүсэлтэд энэ журмын 3.3-д заасан хугацаанд, ГоАМЛ порталаар хариу өгнө. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Санхүүгийн мэдээллийн албанаас хүргүүлсэн нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг ГоАМЛ порталд шалгаагүй нь энэ журмын 3.3-т заасан хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй.

4.10.Энэ журмын 2.1-д заасан тайланг илгээх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ талаар СМА-ны fiu@mongolbank.mn цахим хаяг руу нэн даруй мэдэгдэнэ.

ТАВ. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

 5.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 2, 3 дугаар зүйлд заасан мэдээллийг бэлтгэсэн, мэдээлэх гэж байгаа, мэдээлсэн, шилжүүлсэн тухай мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг Төрийн болон албаны нууцын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3заасны дагуу хадгална.

 5.2.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 2, 3 дугаар зүйлд заасан мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн ажилтны аюулгүй байдал, нууцлалыг хангах арга хэмжээг авч ажиллана.

 5.3.Энэ журмын 2, 3 дугаар зүйлд заасан мэдээллийг мэдээлсэн, түүнтэй танилцсан ажилтанд дараах үйл ажиллагааг хориглоно:

  5.3.1.Мэдээлэлд холбогдсон харилцагч, хувь хүн, хуулийн этгээдэд мэдээллийг бэлтгэсэн, мэдээлэх гэж байгаа эсхүл мэдээлсэн тухай мэдэгдэх;

  5.3.2.Мэдээллийг бэлтгэсэн, мэдээлэх гэж байгаа эсхүл мэдээлсэн тухай хуульд заасан эрх бүхий байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас өөр этгээдэд мэдээлэх, задруулах;

5.3.3.Мэдээллийг хуульд зааснаас бусдаар ашиглах, дамжуулах.

 5.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь мэдээлэл алдагдахаас сэргийлэх зохицуулалтыг дотоод хяналтын хөтөлбөртөө тусгасан байна.

5.5.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь ГоАМЛ порталыг ашиглах хэрэглэгчийн нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, хэрэглэгч байхаа больсноос хойш ашиглахгүй байх болон ГоАМЛ порталыг журамд зааснаас бусдаар ашиглахгүй байх үүрэгтэй.

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

 6.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хариуцна. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь алдаатай, дутуу, буруу мэдээлэл ирүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.2.Энэ журам болон бусад холбогдох хууль, журмын шаардлагыг биелүүлээгүй, журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

---------oOo---------