- Нүүр
- Сайдын тушаал
- СОРТЫГ СОРИХ, СОРТЫН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн А/183 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
Сортыг сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журам
Нэг. Зорилго
1.1.Энэхүү журмаар таримал ургамлын сортыг сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, сортыг бүртгэлээс хасахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хоёр. Сортыг сорих хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх
2.1.Сортыг сорих хүсэлтийг сортын бүтээгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл сортыг өмчлөгч нь тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
2.2.Таримал ургамлын сортыг сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, сортыг бүртгэлээс хасахтай холбоотой хүсэлтийг тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (www.plant.mofa.gov.mn) -аар дамжуулан гаргана.
2.3.Cортыг сорих хүсэлтэд дор дурьдсан баримтыг хавсаргана. Үүнд:
2.3.1.сортын гарал үүслийн тодорхойлолт (тухайлбал, нийтийн сонголтын арга, эвцэлдүүлэг, синтетик сорт, нээлт, мутаци г.м);
2.3.2. селекцийн талбаруудад хийгдсэн ажил, үр дүнгийн тайлан;
2.3.3.тухайн соригдох сортын ботаникийн тодорхойлолт, эх материалаас ялгарах онцлог, тухайн сортын онцлог шинж тэмдэг;
2.3.4.сортын тоон шинж тэмдэг;
2.3.5.ирээдүйд хяналтын сорт болгох зорилгоор хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн санд илгээх дээж;
2.3.6.фото зураг болон биет байдлаар дээж;
2.3.7.сортын бүтээгчийн танилцуулга.
2.4.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичиг нь бүрэн гүйцэд, үнэн зөв болон дараах шаардлага хангасан эсэхийг шалгана.
2.4.1.энэ журмын 2.3-т заасан мэдээлэл бүрэн эсэх;
2.4.2.сортын нэр Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх;
2.5.Энэ журмын 2.3-т заасан баримт бичгийн бүрдэл, мэдээлэл дутуу байвал тухайн баримт бичгийг гүйцээж өгөх хүртэл хүсэлтийг хадгална.
2.6.Хүсэлт гаргагч 2.4-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд хүсэлтийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэн сорт сорилт хийлгэхээр энэ журмын 3.1-д заасан байгууллагад үрийн дээжийг хүргүүлнэ.
2.7.Энэ журмын 2.6-д заасан тэмдэглэлд таримал, сортын онцлогийг харгалзан уг сортыг сорих сорт сорилтын салбарын байршил, тоо, сорт сорилтод ашиглах үрийн хэмжээ, чанар, үрийг хэзээ, хаана хүргүүлэхийг тусгана.
2.8.Үр, сортын зөвлөл сорих сортуудыг таримлын зүйл тус бүрээр боловсрох хугацаагаар нь бүлэглэж, хяналтын сортуудыг тодорхойлон, сорилтын багцуудыг батална.
2.9.Солбицон эсхүл өөрөө өөртөө тоос хүртдэг таримлын сорт сорилтод цөм үр, эсхүл торгон үр, эрлийз сортын сорт сорилтод эрлийз үр ашиглана. Тусгайлан зааснаас бусад тохиолдолд үрийг ариутгаагүй байна.
2.10.Таримлын төрөл бүрээр сорт сорих арга зүйг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага боловсруулж, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 28.12-т заасны дагуу тухайн байгууллагын Эрдмийн Зөвлөл батална.
Гурав. Сортыг сорих
3.1.Сорт сорилтыг Сорт сорилтын төв, эсхүл тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сорт сорилт гүйцэтгэх эрх олгосон байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.
3.2.Сорт сорилтыг энэ журмын 2.8-д заасан сорилтын багцаар, 2.10-т заасан арга зүйгээр гүйцэтгэнэ.
3.3.Сортыг сориход шаардагдах зардлыг хүсэлт гаргагч хариуцна.
3.4.Сортыг сорих туршилтын талбай нь хөрс, цаг уурын нөхцлийн хувьд тухайн бүс нутгийг төлөөлсөн байна.
3.5.Үр, сортын зөвлөлөөс тухайн таримлаар мэргэшсэн 3-с доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, сорт сорилтын явцад хяналт тавьж, үнэлгээ өгөх үүрэг бүхий хянан магадлагааны баг томилно.
3.6.Энэ журмын 3.5-д заасан үнэлгээний дүнг үндэслэн сорт сорилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэхийг Үр, сортын зөвлөл шийдвэрлэнэ.
3.7.Хүсэлт гаргагч сорт сорилтын явцад хяналт тавьж болно.
3.8.Сорт сорилт гүйцэтгэгч сорилтын үр дүнг жил бүрээр болон эцсийн байдлаар Үр, сортын зөвлөлд тайлагнана. Тайланд Сортыг сортын үндэсний бүртгэлд бүртгэх эсэх талаар санал тусгана.
3.9.Сорт сорилтын тайланд дор дурьдсан судалгааны үр дүнгүүдийг тусгасан байна. Үүнд:
3.9.1.тухайн жилийн ургамал ургалтын хугацааны (олон наст ургамлын хувьд бүтэн жилийн) цаг агаарын нөхцөл, түүнд хийсэн агрономын үнэлгээ, дүгнэлт;
3.9.2.соригдож байгаа сортын өсөлт, хөгжилтийн үе шатуудыг харуулсан ажиглалтын хуудас;
3.9.3.ургацын бүтцийн элементүүдийг задлан шинжилсэн материал;
3.9.4.ургацад хийсэн дисперсийн шинжилгээний дүн;
3.9.5.биохими, технологийн тодорхой голлох үзүүлэлтээр хийсэн лабораторийн шинжилгээний дүн;
3.9.6.тэсвэрийн үнэлгээний үр дүн.
3.10.Сорт сорилтын дүнгээр сортын аж ахуй болон биологийн үнэ цэнийг дараах үзүүлэлтээр хяналтын сорттой харьцуулж үнэлнэ:
3.10.1.өсөлтийн үе шат, үргэлжлэх хугацаа;
3.10.2.ургац хураах огноо;
3.10.3.ургац хураах үеийн га-гаас кг-д хөрвүүлсэн ургац, чийгийн хэмжээ;
3.10.4.ургацын чанар;
3.10.5.хамгийн бага мэдэгдэхүйц зөрүүтэй ургацын статистик шинжилгээ;
3.10.6.хэрэв энэ журмын 2.3.3-т заасан онцлог шинж тэмдэг илэрсэн бол түүнд хийсэн дүн шинжилгээ.
3.11.Үр, сортын зөвлөл сорт сорилтын тайланг хэлэлцэж, сортыг 3-аас доошгүй жилийн сорилтын үр дүнгээр сортын үндэсний бүртгэлд ирээдүйтэй, эсхүл арилжааны сортоор бүртгэх эсэх талаар шийдвэр гаргана.
3.12.Сортын бүтээгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл сорт өмчлөгч ирээдүйтэй сортыг Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 4.1.8-д заасны дагуу ирээдүйтэй сортоор батлагдсанаас хойш 2-оос доошгүй жил давуу чанараа хадгалж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тохиолдолд нутагшсан сортоор бүртгүүлэх хүсэлтийг Үр, сортын зөвлөлд ирүүлнэ.
/ХХААХҮС-ын 2023 оны А/510 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
3.13.Үр, сортын зөвлөл энэ журмын 3.12-т заасан хүсэлтийг хянаж, тухайн сортыг нутагшсан сортоор бүртгэх эсэх, аль бүсэд нутагшуулахыг шийдвэрлэнэ.
3.14.Энэ журмын 3.11 ба 3.13-т заасан шийдвэрийг хүсэлт гаргагчид хүргүүлнэ.
Дөрөв. Сортыг сортын үндэсний бүртгэлд бүртгэх
4.1.Сортын үндэсний бүртгэлийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим хэлбэрээр хөтөлнө.
4.2.Ирээдүйтэй сортоор бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн сортын материалын бүрдэлд дор дурьдсан бичиг баримтын болон биет материалыг оруулна.
4.2.1.сорт бүтээгчийн хүсэлт болон сорт соригчийн хүсэлт (маягтаар);
4.2.2.сорт сорилтын үр дүнгийн 2-3 жилээс доошгүй хугацааны нэгтгэсэн материал. Уг сортын баталгаат давуу байдлыг баталсан статистикийн шинжилгээний дүн;
4.2.3.холбогдох биохимийн үзүүлэлтүүдийг лабораторт шинжлүүлсэн дүн;
4.2.4.биотик ба абиотик хүчин зүйлсийн тэсвэрийн үнэлгээний үр дүн;
4.2.5.үр, сортын зөвлөлөөс томилогдсон хянан магадлагааны багийн үйлдсэн акт, дүгнэлт;
4.2.6.энэ журмын 3.11 ба 3.13-д заасан Үр, сортын зөвлөлийн шийдвэр;
4.2.7.тухайн сортын цөм үрийн хэмжээ, чанар, түүнийг баталсан мэргэжлийн байгууллага, этгээдийн дүгнэлт.
4.3.Нутагшсан сортоор бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн сортод дараах баримтыг бүрдүүлнэ.
4.3.1.тухайн сортын улсын болон бүсийн хэмжээнд тариалагдаж буй талбайн хэмжээ, түүнийг баталгаажуулсан аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан бичиг;
4.3.2.энэ журмын 3.13-т заасан Үр, сортын зөвлөлийн шийдвэр.
4.4.Сорт сорилтын дүнгээр аж ахуйн ба биологийн тодорхой шинжүүдээр үнэ цэнэтэй нь тогтоогдсон сортыг арилжааны сортоор бүртгэнэ. Арилжааны сортоор бүртгүүлэхэд 4.2.1-4.2.7-д заасан материалыг бүрдүүлнэ.
4.5.Нутгийн уугуул сортыг энэ журмын 3.5-д заасан хянан магадлагааны багийн дүгнэлтийг үндэслэн сортын үндэсний бүртгэлд тусгай ангилалд бүртгэнэ.
4.6.Сорт бүтээгчийн эрхээр хамгаалагдсан сортыг хамгаалагдсан сортын ангилалд бүртгэнэ.
4.7.Сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортыг Үр сортын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн өөр ангилалд шилжүүлж болно.
4.8.Сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортыг Үр, сортын зөвлөл баталгаажуулж, цахим гэрчилгээ олгоно.
4.9.Сортын үндэсний бүртгэлд сортын дараах мэдээллийг бүртгэнэ:
4.9.1.таримлын төрөл, зүйл ба сортын нэр;
4.9.2.сортын гарал үүсэл, сорт бий болгосон селекцийн арга;
4.9.3.хувиргасан амьд организмын гаралтай сортуудад энэ талаарх мэдээлэл;
4.9.4.сортын биологи, аж ахуйн үнэ цэнийг тогтоосон сорилтын дүн;
4.9.5.сортын ялгаатай, жигдэрсэн, тогтвортой байдлыг тогтоосон туршилтын үр дүн;
4.9.6.сортын бүтээгчийн, эсхүл сортын бүтээгчээр нэмж бүртгүүлэх этгээдийн, эсхүл төлөөлөх этгээдийн нэр, хаяг;
4.9.7.сортыг сортын үндэсний бүртгэлд бүртгэсэн огноо;
4.9.8.сортыг үндэсний бүртгэлээс хассан огноо, шалтгаан.
Тав. Бүртгэгдсэн сортод хяналт тавих
5.1.Мэргэжлийн эрдэм шинжилгээний болон хяналтын байгууллага хяналтын зориулалтаар үр үржүүлэгчдээс, эсхүл үрийн худалдаанаас дээж авч болно.
Зургаа. Сортыг сортын үндэсний бүртгэлээс хасах
6.1.Дараах тохиолдолд Үр, сортын зөвлөл сортыг сортын үндэсний бүртгэлээс хасна. Үүнд:
6.1.1.энэ журмын 4.7-д заасан тохиолдол үүссэн;
6.1.2.бүртгэгдсэн сортын бүтээгчид сортыг бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн;
6.1.3.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 25.1.1-т заасны дагуу сортыг хамгаалагдсан сортоор бүртгэх үед сорт ялгаатай биш, эсхүл жигдэрсэн биш, эсхүл тогтворжсон биш байсан нь нөхөн тогтоогдсон,
6.1.4.сортын бүтээгч Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 29.1-д заасны дагуу бүтээгчийн эрхийг хүчинтэй байлгах үйлчилгээнд төлөх тэмдэгтийн хураамжийг төлөөгүй.
Долоо. Гомдол шийдвэрлэх
7.1.Сорт сорих, сортын үндэсний бүртгэлд сорт бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн этгээд сорт сорилт, бүртгэлтэй холбоотой шийдвэрт холбогдох гомдлоо тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах эрхтэй.
7.2.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон хянан магадлагааны баг гомдлыг шийдвэрлэнэ.
7.3.Хянан магадлагааны багийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилгүй хараат бус гишүүдийг томилно.
7.4.Хянан магадлагааны багийн гаргасан шийдвэрийг гомдол гаргагч хүлээн зөвшөөрөхгүй бол зохих шатны шүүхэд хандаж болно.
1
Текст томруулах
A
A
A