A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 23

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан тус төлөвлөгөөний хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, цаашид улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд тусгасан улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;

2/Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл хангаж ажиллах;

3/улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ хөгжлийн бодлогын тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, хөгжлийн төсөл, арга хэмжээг эрэмбэлэн тусгах, түүнчлэн тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх боломжтойгоор төлөвлөгөөний төслийг боловсруулах;

4/хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл боловсруулах, түүнд санал ирүүлэх, хэрэгжилтийг үнэлэх талаар салбар, орон нутгийн хэмжээнд холбогдох байгууллага, албан тушаалтныг нэгдсэн арга зүй, удирдамжаар хангаж ажиллах.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР