- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 223
Улаанбаатар хот
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 16.1.5-д заасныг тус тус үндэслэн "Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолын 1 дэх заалтын 4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмсүгэй:
"3. Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сайжруулсан шахмал түлш, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс)-ийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй."
2. Мөн тогтоолын 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай."
3. Мөн тогтоолын 3, 4 дэх заалтын дугаарыг "4, 5" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Хянасан: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
