A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 231

Улаанбаатар хот

ГАДААДААС 2022 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 6.3.5-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2022 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг нийт ажиллагчдын тоонд эзлэх хувиар хязгаарлахгүй байхаар тогтоосугай.

2. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг болон коронавируст халдвар /КОВИД-19/-ын шинжилгээнд хамруулж байхыг ажил олгогчид, уг үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж, заавраар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод тус тус үүрэг болгосугай.

3. Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2022 онд авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд хяналт тавих, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, улирал тутам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлагнаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

4. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг нийт ажиллагчдын тоонд эзлэх хувиар хязгаарлахгүй болсонтой холбогдуулан Монгол Улсад орох болон Монгол Улсаас гарахад тавих хяналтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гадаадаас 2022 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 339 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА