A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 218

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

"Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 41.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8.4, 8.11, 8.13-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дараахь арга хэмжээг авч, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг дор дурдсан Засгийн газрын гишүүд, холбогдох төсвийн захирагч нарт тус тус даалгасугай:

1.1. сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн нийт тоо, түүний өсөлтийн хувь, цэцэрлэгийн хүчин чадал, анги, танхимын багтаамж, өрхийн мэдээллийн сан, гэр болон цэцэрлэг хоорондын зай зэргийг харгалзан нийслэлийн цэцэрлэгийн хамран сургах тойргийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тогтоох аргачлал боловсруулж баталсны үндсэн дээр тойргийг шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.2. цэцэрлэгийн хүртээмж багатай зарим дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа стандарт, шаардлага хангасан хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадалд тохируулан хамран сургах тойргийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нэмэлт элсэлтээр авах ажлыг зохион байгуулж, хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлэн олгохоор тооцож, хоолны зардлын хамт зохих журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.3. Монгол Улсын болон орон нутгийн 2022 оны төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэж дуусгах цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг энэ оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор холбогдох захиалагч байгууллагатай хамтран ашиглалтад бүрэн оруулах, шаардлагатай тохиолдолд магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан нэмэлт зардлын эх үүсвэрийг 2023 оны улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.4. нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжээс барилга түрээслэх, худалдан авах жишиг үнэ тариф зэргийг судлан үзэж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт;

1.5. банк, санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагын мэдэлд байгаа цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой, шаардлага хангасан барилга байгууламжийн талаарх мэдээлэл болон нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн зориулалтаар баригдсан боловч ашиглахгүй байгаа, эсхүл өөр зориулалтаар ашиглаж байгаа, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөх бололцоотой барилгын судалгаанд үндэслэн төрд худалдан авах боломжтой эсэхийг судлан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, шаардагдах эх үүсвэрийг улсын болон нийслэлийн төсвийн төсөлд зохих журмын дагуу тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.6. мэргэжлийн холбогдох байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг томилж, холбогдох дүгнэлтэд үндэслэн иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой барилгыг цэцэрлэгийн хүртээмж багатай, шинээр цэцэрлэгийн барилга барих боломжгүй хороодын хэмжээнд түрээсийн хүрээнд ашиглах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.7. төвийн дэд бүтцээс алслагдсан, цэцэрлэгийн ачаалал өндөртэй зарим дүүрэг, хороодод орчин үеийн шинэ дэвшилтэд технологи ашигласан гэр цэцэрлэг байгуулах эсэх асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.8. аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдээ цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа өргөтгөж салбар бүлэг ажиллуулах хүсэл санаачилгыг бүх талаар дэмжиж зохих зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу шуурхай олгох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.9.хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн хөрөнгөөр цэцэрлэгийн зориулалтын барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох, дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, саналаа танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт;

1.10. цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтад хамруулах арга хэмжээ авч, хэрэгжүүлэх, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт;

1.11. цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээтэй холбогдуулан хөрвөх чадвартай багшийг сургаж бэлтгэх, давтан сургах, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутныг тодорхой ажлын байранд дадлагажуулах асуудлыг шуурхай судалж, зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд;

1.12. шинээр ашиглалтад орох цэцэрлэг, түүний өргөтгөл, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах салбар бүлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, сургалтын бусад хэрэглэгдэхүүн худалдан авах, их засвар хийхэд шаардлагатай зардлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд.

2. Энэ тогтоолын 1.11-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх боломжийг судалж танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Нийслэлд шинээр баригдах хотхон, хорооллын барилга байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг заавал тусгуулж байх талаарх барилгын норм, дүрэмд заасан шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон хотхон, хорооллын орон сууцны барилгын 1 дүгээр давхрыг барилгын холбогдох норм, дүрмийн дагуу цэцэрлэгийн зориулалтаар засварлан эрх бүхий мэргэжлийн байгууллагаас томилогдсон комисс хүлээн авдаг байх зохицуулалтын арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар нарт даалгасугай.

4. 0-18 насны иргэний болон өрх, хаягийн бүртгэлийг нэгдсэн арга зүй, нэг эх үүсвэртэйгээр бодитой, үнэн зөв хөтөлж, түр оршин суугаа иргэдийг өрхийн мэдээллийн санд нэмж бүртгэх зохион байгуулалтын арга хэмжээг авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Дэлгэрсайхан)-т даалгасугай.

5. Гэр цэцэрлэг болон орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулах цэцэрлэгийн орчинд тавигдах стандарт нөхцөл, шаардлагыг боловсруулах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал холбогдох бусад шаардлагыг бүрэн хангасан стандарт батлан мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газар (Б.Билгүүн), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж) нарт тус тус даалгасугай.

6. Цэцэрлэгийн хүртээмж багатай байршилд хүүхэд харах үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлэх, бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийг зайнаас, цахимаар эсхүл хагас цагаар ажиллуулах, хүүхдээ өсгөнгөө гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлээр судалж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.

7. "Бага насны хүүхдийн цогц хөгжил" арга хэмжээний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

8. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 100,0 (нэг зуун) тэрбум төгрөгийн зардлын эх үүсвэрийг нийслэлийн 2022 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарт даалгасугай.

9. Энэ тогтоолыг хэрэгжүүлэн, дүнг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.

10. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 183 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН