- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хянан шалгах түр хороо байгуулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 31
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хянан шалгах түр хороо байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2022 онд төлөвлөсөн 18.0 сая тонн нүүрс экспортлохоос 2022 оны эхний 4 сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан экспорт саатаж, нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэнийг, түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоох шаардлагыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулсугай.
2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох"-оор тогтоосугай.
3.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/Ханги, Байтаг, Замын-Үүд, Гашуун сухайт, Булган, Бичигт, Шивээ хүрэн боомтын нүүрс нэвтрүүлэх болон Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн үйл ажиллагаа;
2/боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөл, хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, чөлөөт бүсийн захирагч зэрэг төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагаа, тэдгээрийн уялдаа холбоо;
3/боомтод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа;
4/боомт, хилийн бүс дэх газар олголт, газар ашиглалт болон гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа;
5/нүүрсний тээвэр логистик /хилээр нэвтрэх төмөр зам, авто тээвэр, тээврийн хэрэгслийн зардлын өсөлт/;
6/экспортод гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт;
7/уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс экспортлохтой холбоотой гэрээний эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн худалдааны үнэ тарифын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал;
8/чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн орчны болон төрийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа.
4.Энэ тогтоолын 3 дахь заалтад заасан тусгай шалгалтын үр дүнг үндэслэн нүүрсний экспортыг сайжруулахтай холбоотой тодорхой саналыг Улсын Их Хуралд танилцуулсугай.
5.Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхыг төлөөлөн:
Ц.Анандбазар Улсын Их Хурлын гишүүн
Б.Баттөмөр Улсын Их Хурлын гишүүн
Г.Ганболд Улсын Их Хурлын гишүүн
Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын гишүүн
Г.Мөнхцэцэг Улсын Их Хурлын гишүүн
Н.Наранбаатар Улсын Их Хурлын гишүүн
Т.Энхтүвшин Улсын Их Хурлын гишүүн
С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүн
/Энэ тогтоолд 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./
Цөөнхийг төлөөлөн:
С.Одонтуяа Улсын Их Хурлын гишүүн
/Энэ тогтоолд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн
С.Ганбаатар Улсын Их Хурлын гишүүн
Н.Ганибал Улсын Их Хурлын гишүүн
Т.Доржханд Улсын Их Хурлын гишүүн
6.Улсын Их Хурлаас хугацааг сунгахаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо нь энэ тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор тусгай шалгалт явуулж, тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A