A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар оролцов.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, нэмэлт тайлбар гаргасан байна. Үүнд:

"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлүүдээс үзэхэд хэд хэдэн Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтэд үндэслэн Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог зөвхөн олонхийн тогтолцоо байхаар тогтоосон гэсэн төөрөгдлийг үүсгэсэн үг, мэдэгдлийг олонтаа гаргасан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээрээ Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан /эдүгээ хүчин төгөлдөр бус болсон/ Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно." гэж заасны "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.", Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна." хэмээн шийдвэрлэжээ.

Дээрх дүгнэлтийн үндэслэлд сонгох эрхийн шууд байх зарчмыг "... аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгөх замаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгох агуулгаар хуульчилсан ...", "... ямар нэг байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулан дам сонгохгүйгээр, сонгогч саналаа аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн, шууд гарган сонгохыг ойлгоно. ..." хэмээн дэлхийн аль ч улсын үндсэн хуулийн эрх зүйн онол сургаалд урьд өмнө дурдагдаж байгаагүй агуулгаар тайлбарласан. Ийнхүү тайлбарласан нь Үндсэн хуулийн Удиртгал хэсэгт "... хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх ..." гэж тодорхойлогдсон Монголын ард түмний эрхэм зорилго, Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаатай нийцэхгүй юм.

Гэтэл Монгол Улсын Их Хурал 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар тогтоолоороо магадгүй улс төрийн хуйвалдаан, тохиролцооны улмаас Үндсэн хуулийн суурь үзэл санааг илэрхий буруу тайлбарласан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч энэхүү дүгнэлтийг дэмжсэн эсэх, тухайн дунд суудлын хуралдаанд оролцоогүй дөрвөн гишүүн үүнийг хэрхэн шийдвэрлэх байсан эсэхийг тогтоох боломж буюу Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар уг Үндсэн хуулийн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжийг олгоогүй байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар тогтоолд үндэслэн тухайн үеийн Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд, мөн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг зэргийг батлах явцад сонгуулийн олонхийн тогтолцоог л Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрнө гэсэн эрх зүйн төөрөгдөлд хууль тогтоогчид буюу Улсын Их Хурлын гишүүд хөтлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай" Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт болон "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай" Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар тогтоолоор Улсын Их Хурлыг сонгон байгуулахад хувь тэнцүүлэх сонгуулийн тогтолцоо Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн болохыг Үндсэн хуулийн цэц тогтоосон байна.

Нөгөө талаас 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэхүү асуудалтай холбогдсон шинэ учир байдал үүссэн буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тодорхой нэмэлт, өөрчлөлт орж, "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ..." гэсэн заалт батлагдсан. Энэхүү заалтын "журам" гэдэгт сонгуулийн тогтолцоо бүхэлдээ илэрхийлэгдэж байгаа гэж үзэж болох бөгөөд хууль тогтоогч эдүгээ сонгуулийн хувь тэнцүүлэн сонгох, холимог, хосолсон тогтолцооны хувилбаруудаас сонгон хэрэглэж болох бүрэн эрх нь нээгдсэн гэж үзэх нөхцөл байдал үүссэн гэж би хувьдаа үзэж байна. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцийн дээр дурдагдсан салаа утга бүхий, эсрэг тэсрэг шийдвэрүүдийн улмаас хууль тогтоох байгууллагад болон нийгэмд эргэлзээ тээнэгэлзэл, эрх зүйн тодорхойгүй байдал үүсэж сонгуулийн тогтолцоог дэлхийн парламентын ардчилалтай улсуудын сайн жишигт нийцүүлэн сонгон хуульчлах боломж нөхцөл хязгаарлагдаад байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг анх 1992 онд батлах үед Улсын Их Хурлын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулж нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн зарчмаар оруулсан байдаг. 1992 онд 2.1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж 1 гишүүн дунджаар 42.7 мянган хүн амыг төлөөлөх болсон байна. Тиймээс судлаачид Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан, төлөөллийн зарчмыг илүү сайн хангуулах үүднээс нэмэх, цаашид Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг авч үзэх бодит шаардлага бий болсон гэж үздэг. Сонгогчдын тoo 2-3 дахин өссөн өнөөгийн нөхцөлд төлөөллийн зарчим хангагдахгүй байдалд хүрч, хэт олон сонгогчийг нэг гишүүн төлөөлөх нь төр, иргэний хоорондын эргэх холбоог ч алдагдуулна. Үндсэн хуулийн суурь үзэл санаа, зарчмаар нөхцөлдөж буй эдгээр шаардлагуудыг гишүүдийн тоог нэмэгдүүлснээр хангах боломжтой бөгөөд сонгуулийн тогтолцооны сонголт болон сонгох эрхийн баталгааг хангахад энэ нөхцөлийг анхааран үзэх ёстой.

Иймд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийн зөрчилтэй агуулгыг нэг мөр болгож, эрх зүйн тогтвортой, тодорхой байдал үүсгэхийн тулд маргааныг дахин хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэж өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцэд дараах агуулгатай тайлбарыг ирүүлжээ. Үүнд:

"1.Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар дүгнэлттэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал үүссэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа билээ. Үндсэн хуулийн цэцийн хяналтыг дээд хяналт гэдгийн учир нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар дахин хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх бүхий байгууллага, албан тушаалтан байдаггүйд оршино. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэр гармагцаа хуулийн хүчин төгөлдөр болж биелэгдэх хүчин чадалтай, тухайн асуудлаар цаашид нийтээр дагаж мөрдөх, удаан хугацаанд үйлчлэх жишиг тогтоох хандлагатай байдгаараа бусад байгууллагын шийдвэрээс ялгаатай, мөн тэр хэрээр иргэд болон албан тушаалтан, нийт нийгэмд нөлөөлөл ихтэй байдаг билээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "... Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно." гэж заасан. Энэ агуулгаараа Цэц санаачилгаараа маргаан үүсгэж байгаа биш, урьд эрх бүхий субьектийн гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлт бүхий үүссэн маргааныг Үндсэн хуулийг хамгаалах чиг үүргийнхээ дагуу дахин хянаж байгаа ажиллагаа гэж үздэг.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй, эсвэл хууль зүйн хувьд бүрэн биелүүлэхгүйгээр хэлбэрийн төдийд хэрэгжүүлэх, ташаа ойлгож мушгин гуйвуулсан бол тухайн шийдвэрийн хууль зүйн үр нөлөө, нийгэмд гүйцэтгэх үүрэг тодорхой хэмжээнд буурах, эрх зүйн хийдэл үүсэх зэрэг сөрөг үр дагавартай гэж үздэг учраас Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийг батлан гаргахдаа дүгнэлтэд дурдсан асуудлыг агуулгаар нь сэргээлгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримталсан болно.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2012 оны 02 дугаар дүгнэлт болон 03 дугаар тогтоолдоо сонгуулийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийг ялангуяа шууд сонгох эрхийг зөрчсөн гэсэн шийдвэр гаргаагүй, харин дүн гаргахад санал шилжүүлэх зохицуулалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулийг мажоритар болон пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоог хослуулан хосолмол тогтолцоогоор явуулж, Улсын Их Хурлын 76 гишүүний 48-ыг нь мажоритар тогтолцоогоор буюу олон мандаттай томсгосон тойргоос, үлдсэн 28-ыг нь нам, эвслийн төлөө санал өгч пропорционалиар сонгосон.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 05 дугаар дүгнэлтдээ Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн элемент бүхий тогтолцоогоор явуулах боломжийг хаасан үр дагавар үүсгэсэн гэж үздэг. Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтийг гаргахдаа тэр үеийн Ардын Их Хурлын чуулган дээр санал хураалгасан томьёоллыг бус Улсын Бага Хурлын чуулганы хуралдаан дээр санал хураалгасан томьёоллыг барьсан нь үндэслэл бүхий шийдвэр гаргасанд эргэлзээ төрүүлдэг бөгөөд Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлээс харахад тусгайлан сонгуулийн тогтолцооны талаар санал хураагаагүй байна /1991.12.04/.

Мөн 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс төрийн намуудаар хэлэлцүүлэх үед болон хожим Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс төрийн намуудаар хэлэлцүүлэх үед ч мөн л Улсын Их Хурлын сонгуулийг холимог, эсхүл сонгуулийн хувь тэнцүүлсэн /пропорциональ/ тогтолцоогоор явуулах асуудлыг Үндсэн хуулиар зохицуулах нь зүйтэй гэсэн санал удаа дараа ирж байсан.

Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг парламентын ардчилал, улс төрийн намуудын төлөвшлийг дагаж, байнгын хөгжил хөдөлгөөнд авч үзэх нь зайлшгүй ба 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ төрийн эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, парламентын ардчиллыг хөгжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор сонгуулийн тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүний тоог нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын гишүүний албыг давхар хашиж байгаа Засгийн газрын гишүүний тоонд тавих хязгаарыг авч үзэх талаар хэлэлцүүлгийн үед саналууд гарч байсан.

Энэ хүрээнд 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэхэд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг "4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж өөрчлөн найруулахаар тусгасан байсан боловч хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн саналын хувилбар гарч хэлэлцэгдэн улмаар "... сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэсэн заалтаар эцэслэн баталж сонгуулийн хуулийн талаарх эрх зүйн шинэ орчин бүрдсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд хоёрдмол агуулга бүхий хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар дүгнэлт, Улсын Их Хурлын 2016 оны 38 дугаар тогтоолыг хэлэлцэн хүчингүй болгох шаардлага тулгараад байна.

Үндсэн хуулийн цэцийн дээр дурдсан хоёр өөр агуулга бүхий шийдвэрийг Үндсэн хуулийн цэц эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу сонгуулийн тогтолцооны асуудлыг сонгох боломжтой болохыг энэ дашрамд дурдах нь зүйтэй.

Иймд Үндсэн хуулийн цэц дээрх өөр хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн болон Улсын Их Хурлын шийдвэрийг эцэслэн шийдвэрлэхийг хүсье." гэсэн байна.

Гурав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

"1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилснаараа зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгон Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын агуулгыг алдагдуулсан байна.

2.Түүнчлэн сонгуулийн эрх бүхий иргэд нэгэнт сонголтоо хийсэн байтал дээрх зохицуулалт нь Улсын Их Хурлын 26 тойрогт нэр дэвшээд тус тусын тойрогт ялагдал хүлээсэн боловч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч улс төрийн нам, эвслийн жагсаалтад шилжин орсноор Улсын Их Хурлын гишүүний мандат буюу суудлыг нам, эвсэлд тэдгээрийн авсан саналын хувь хэмжээгээр хуваарилах агуулгатай сонгуулийн хувь тэнцүүлэх хэлбэр хэрэгжих боломжгүйд хүрч, улмаар иргэдийн шууд сонгох эрхийг алдагдуулсан байна.

3.Мөн Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчид өгсөн санал хоёр удаа буюу сонгуулийн олонхийн болон хувь тэнцүүлэх хэлбэрт тус тус үнэлэгдсэнээр, намын нэрээр өгсөн сонгогчдын санал эзэнгүйдэн, улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн жагсаалтад орсон 28 нэр дэвшигчид өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн, тэдгээрийн сонгогдох эрхийг хязгаарласан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь дээр дурдсан зөрчлийн шинжийг агуулснаараа ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан байна." гээд уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

"1.Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "... энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан ...", 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтад "энэ хуулийн 48.2-т заасан "А" жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид "В" жагсаалт" гэх/-ыг гаргах:", 49.1.5.а заалтад "санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;", 49.1.5.б заалтад "санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;", 49.1.5.в заалтад "санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.", 49.1.6 дахь заалтад "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж ... сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна. …" гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт:

"1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг олгож байгаагаараа зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгон Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх болон сонгуулийн шууд сонгох зарчмын агуулгыг алдагдуулсан байна.

2.Мөн Улсын Их Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчид өгсөн санал хоёр удаа буюу сонгуулийн олонхийн болон хувь тэнцүүлэх хэлбэрт тус тус үнэлэгдсэнээр, намын нэрээр өгсөн сонгогчдын санал эзэнгүйдэн улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн жагсаалтад орсон 28 нэр дэвшигчид өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь дээр дурдсан зөрчлийн шинжийг агуулснаараа ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчимд харшилсан байна.

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 9, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна." гээд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт:

"1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "... энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан ...", 49 дүгээр зүйлийн 49.1.5 дахь заалтад "энэ хуулийн 48.2-т заасан "А" жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид "В" жагсаалт" гэх/-ыг гаргах:", 49.1.5.а заалтад "санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;", 49.1.5.б заалтад "санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;", 49.1.5.в заалтад "санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.", 49.1.6 дахь заалтад "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж... сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5.в заалтад хамаарах "Тайлбар: Энэ хуулийн 48.5-д заасны дагуу дахин санал хураалтад орсон боловч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчийн "В" жагсаалт дахь өөрийн авсан саналын хувь нь анхны санал хураалтын саналын хувь байна." гэснийг хүчингүй болгосугай.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. ..." гэсэн байна.

Тав. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн үзэл баримтлалыг тодорхой болгох үүднээс Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын хуралдаанаар Улсын Их Хурлыг бүрдүүлэхэд хэрэглэх сонгуулийн хэлбэрийн талаар хэлэлцэж санал хураалт явуулж байжээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд зарим гишүүний гаргасан саналын дагуу "... Их Хурлын гишүүдийн заримыг нь намын талаар авсан саналын үндсэн дээр хувь тэнцүүлэн суулгах, заримыг нь тухайлбал, гуравны хоёрыг нь шууд сонгож бүрдүүлэх гэсэн ийм холимог бүрэлдэхүүнтэй байх. Нэг танхимтай холимог бүрэлдэхүүнтэй парламент байх хэрэгтэй гэсэн. Ийм саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя ..." гэж хувь тэнцүүлэх элемент бүхий сонгуулийн холимог хэлбэрийг Улсын Их Хурлын сонгуульд хэрэглэх талаар санал хураахад уг санал гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй байна.

Үүнээс үзэхэд Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг ... сонгоно."; мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр ... иргэнийг сонгоно." гэсэн зохицуулалтыг тусгаж, аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгөх замаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгох агуулгаар хуульчилсан байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт нь бүхэлдээ, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ... сонгоно." гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох зарчим нь Улсын Их Хурлын гишүүнийг ямар нэг байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулан дам сонгохгүйгээр, сонгогч саналаа аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн, шууд гарган сонгохыг ойлгоно. Иймээс Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдээс Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох эрхэд хязгаарлалт хийх боломжгүй байна.

3.Иргэдийн мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна." гээд дүгнэлт гаргах хэсэгт:

"1.Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно." гэж заасны "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.", Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна.

2.Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно." гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна. ..." гэжээ.

Зургаа. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтаар "4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж өөрчлөн найруулжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2012 онд Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоонд хамаарал бүхий зохицуулалтын талаарх маргааныг хянан хэлэлцэхдээ холимог тогтолцоогоор Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах нь Үндсэн хуулийг зөрчсөн талаар тусгайлан дүгнээгүй байна.

Үндсэн хуулийн цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт холбогдох маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаарх зохицуулалтын хувь тэнцүүлсэн хэлбэрт хамаарах заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "шууд" сонгох зарчим болон мөн зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн 05 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Үүнээс үзэхэд, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны дээрх дүгнэлт нь 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолтой зөрчилдсөн байх бөгөөд зарчмын хувьд эсрэг агуулгатай Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд нэгэн зэрэг хүчин төгөлдөр байна.

2.Улсын Их Хурлын сонгуулийн журмын талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн төслийг хэлэлцсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд Үндсэн хууль тогтоогч болох Ардын Их Хурал нь Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо болон сонгуулийн журмыг хуулиар тогтоохоор заасныг баталсан байна.

Үндсэн хуулийн цэц 2016 оны 05 дугаар дүгнэлтдээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын холбогдох хуралдааны тэмдэглэлийг үндэслэл болгосон байдаг. Уг тэмдэглэлийн агуулгаас үзэхэд Улсын Их Хурлыг бүрдүүлэх сонгуулийн тогтолцооны асуудлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын энэхүү хуралдаанаас эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд санал хураалт явуулсан процесс нь зөвхөн холимог тогтолцоотой холбоотойгоор явагдаж, энэ талаар Үндсэн хууль тогтоогчид танилцуулж эцэслэн шийдвэрлүүлсэн зүйл үгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ..." гэж зааснаар Үндсэн хуулийн үзэл баримтлал, иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах сонгуулийн зарчмын хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон тодорхойлох, сонгуулийг зохион байгуулах журмыг хуульчлах бүрэн эрхийг хууль тогтоогчид олгосон байна.

3.Маргагч талууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэл, нэмэлт тайлбар болон маргаанд холбогдуулан гаргасан тайлбартаа 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн өмнө гаргасан шийдвэрүүд, тухайлбал 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар дүгнэлттэй холбоотойгоор сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал үүсгэж байгаа талаар тусган тодорхой үндэслэлийг гаргаж, уг асуудлыг Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийнхээ хүрээнд эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ талаар маргагч талууд Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад тус тусын шаардлага, үндэслэлийг харилцан хүлээн зөвшөөрсөн болно.

4.Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн журмыг тодорхойлохтой холбоотой зохицуулалт болох Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулжээ. Ийнхүү өөрчлөн найруулсан нь Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийг баталгаажуулсан байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

5.Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гаргасан Үндсэн хуулийн цэцийн энэхүү шийдвэр Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байгааг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай" 02 дугаар дүгнэлт болон мөн оны 5 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай" 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн "Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай" 05 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ

ГИШҮҮД

Д.ОДБАЯР
Ш.СОЛОНГО
Б.БУЯНДЭЛГЭР
Г.ТУУЛХҮҮ
Ц.НАНЗАДДОРЖ
Г.БАЯСГАЛАН
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР