A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 26 дугаар тогтоолын хавсралт

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН УДИРДЛАГЫН 2023-2025 ОНЫ СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧИГ

 

1.УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР, ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ, БАЙДАЛ

 

  1.1.Улсын нийт гадаад өр[1]

 

 Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 33.2 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнээс Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар /25.6%/, Төв банкны гадаад өр 2.6 тэрбум ам.доллар /7.8%/, бусад салбарын өр 8.2 тэрбум ам.доллар /24.7%/, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр 1.6 тэрбум ам.доллар /4.8%/, компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар /37.0%/-ыг тус тус эзэлж байна.

 

Хүснэгm №1: Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл, 2019-2021 он   

    /сая ам.доллар/

 

САЛБАРЫН АНГИЛАЛ

2019

2020

2021

Засгийн газар

7,806.2

8,653.8

8,482.6

Төв банк

1,984.7

2,220.9

2,561.8

Хадгаламжийн байгууллага (Төв  банкнаас бусад)

2,137.9

1,650.9

1,651.3

Бусад салбар

8,517.4

8,254.2

8,222.0

Шууд хөрөнгө оруулалт: Компани хоорондын зээллэг

10,366.2

11,405.8

12,272.7

Нийт гадаад өрийн үлдэгдэл

30,702.3

32,361.8

33,190.4

 

          Эх сурвалж: Монголбанк

 

График №1: Улсын нийт гадаад өрийн бүтэц, 2021 он

 

  1.2.Засгийн газрын өр[2]

Засгийн газрын өрийн үлдэгдэл 2021 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 26,918.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүн /цаашид "ДНБ" гэх/-д эзлэх хувь 50.7 хувьд хүрч, 2019 оны мөн үеэс 4.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Хүснэгт №2: Засгийн газрын өр2019-2022 он     

                                                                       /тэрбум төгрөг/

ӨРИЙН БҮТЭЦ, ӨРИЙН ХЭРЭГСЭЛ

2019

2020

2021

1. Засгийн газрын дотоод өр

1,399.6

1,136.6

657.3

    1.1. Үнэт цаас

1,399.6

1,136.6

657.3

2. Засгийн газрын гадаад өр

20,728.1

24,851.4

24,693.3

    2.1. Үнэт цаас

7,927.2

8,354.0

8,175.6

    2.2. Зээл

12,800.9

16,497.4

16,517.7

3. Бусад өр төлбөр

2072.0

1,910.6

1,550.4

    3.1. Засгийн газрын өрийн баталгаа

1,076.3

1,060.4

876.5

    3.2. Концесс /Барих-Шилжүүлэх/

995.7

850.2

673.9

    3.3. Орон нутгийн зээллэг

-

-

17.2

ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ӨР /1+2+3/

24,199.7

27,898.6

26,918.1

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн хязгаар

75%

70%

70%

Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь

55.1%

62.3%

50.7%

                                                                                                                    Эх сурвалж: Сангийн яам

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын үзүүлэлтийг Засгийн газар 2019-2021 онд бүрэн хангаж ажилласан бөгөөд Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалан арилжааны нөхцөлтэй гадаад, дотоод зээллэгийн үлдэгдэл, Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийг бууруулан Засгийн газрын гадаад үнэт цаасны өрийн зохицуулалтын төлөвлөгөөт арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан болно.

 

1.2.1.Засгийн газрын дотоод үнэт цаас

 

Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2021 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 657.3 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны мөн үеэс 479.1 тэрбум төгрөгөөр буураад байна. Засгийн газрын дотоод үнэт цаас буурсан нь 2017 оны 10 дугаар сараас хойш дотоод зах зээлд Засгийн газрын үнэт цаас арилжаалаагүй, хуваарийн дагуу өрийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэж байгаатай холбоотой юм.

 

Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдлийн 511.6 тэрбум төгрөг /77.8%/-ийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 2018 оноос өмнө арилжаалсан үнэт цаас, 110.7 тэрбум төгрөг /16.8%/-ийг "Сайн хувьцаа" хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор арилжаалсан үнэт цаас, 35.0 тэрбум төгрөг /5.4%/-ийг Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор арилжаалсан үнэт цаас тус тус эзэлж байна.

 

График №2: Засгийн газрын дотоод үнэт цаас, 2016-2021 он  
                                                                                                                                                /тэрбум төгрөг/

                       









 

              Эх сурвалж: Сангийн яам

 

1.2.2.Гадаад үнэт цаас

 

Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад үнэт цаасны үлдэгдэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 8,175.6 тэрбум төгрөг байна.

 

         Хүснэгт №3: Гадаад үнэт цаас, 2021.12.31-ний байдлаар

                          /тэрбум төгрөг/

Гадаад үнэт цаас

Хүү

Хугацаа

Үлдэгдэл

1

Чингис-2022

5.125%

10 жил

389.6

2

Хуралдай

8.750%

7 жил

1,709.1

3

Гэрэгэ

5.625%

5.5 жил

1,518.4

4

Номад

5.125%

5.5 жил

1,709.1

5

Сенчири-2027

3.500%

6 жил

1,424.2

6

Сенчири-2031

4.450%

10 жил

1,424.2

 

НИЙТ

 

 

8,175.6

         Эх сурвалж: Сангийн яам

 

Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, дунд хугацааны төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 600.0 сая ам.долларын 5.125 хувийн хүүтэй "Номад" бондыг арилжаалж, 2021 онд төлөгдөх 10.875 хувийн хүүтэй "Мазаалай" бонд, 2022 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй "Чингис" бондын тодорхой хэсгийг буцаан худалдаж авав. Мөн "Мазаалай" бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларын үндсэн төлбөрийг улсын төсвөөс 2021 оны 04 дүгээр сард бүрэн төлж барагдуулсан юм.

 

Түүнчлэн 2021 оны 07 дугаар сард "Сенчири" төслийн хүрээнд хугацаа тулаад байсан, 2012 онд гаргасан "Чингис" бонд болон 2017 онд гаргасан "Гэрэгэ" бондын өр төлбөрийн тодорхой хувийг дахин санхүүжилт хийж, өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд түүхэндээ хамгийн бага түвшний хүү болох 3.5 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай 500 сая ам.доллар болон 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг шийдвэрлээд байна.

График №3: Дахин санхүүжүүлсэн гадаад үнэт цаас хүүгийн хувиар

 

           Эх сурвалж: Сангийн яам

 

Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжаалах, хүүгийн түвшнийг доогуур тогтооход тухайн үеийн дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас гадна үнэт цаас гаргагч орны зээлжих зэрэглэл чухал нөлөөтэй байдаг. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Мүүдис" агентлаг 2019 онд "B3, хэтийн төлөвийг тогтвортой", "Фитч" агентлаг "В, хэтийн төлөвийг тогтвортой", "Эс энд Пи" агентлаг "В+, хэтийн төлөвийг тогтвортой" хэмээн үнэлж байсан бол 2020, 2021 онд зэрэглэл тогтоогч байгууллага тус бүрийн үнэлгээгээр зээлжих зэрэглэл "тогтвортой" хэвээр байв. Монгол Улсын  зээлжих зэрэглэл сайжирсан нь төсвийн алдагдлыг бууруулж, ханшийн сулралыг тогтворжуулж, гадаад валютын албан нөөцийг 1.0 тэрбум ам.доллароос 3.5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдэхэд голлох эерэг нөлөө үзүүлэв. Мөн 2019-2021 онуудад төлөх хуваарьтай гадаад үнэт цааснуудын төлбөрийн тодорхой хэсгийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүйгээр төлж барагдуулсан арга хэмжээ голлох нөлөөллийг үзүүлсэн байна.

 График №4: Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл, 2016-2021 он

     

 

 

 

                  



Эх сурвалж: Сангийн яам

 

1.2.3.Гадаад зээл

 

Монгол Улсын Засгийн газар 1991 оноос Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны гишүүнээр элсэн орсноос хойш олон талт болон хоёр талт зээлдүүлэгчдээс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламж, техник туслалцааг авч ашиглаж ирсэн.  Ингэснээр 2021 оны жилийн эцэст нийт гадаад зээлийн үлдэгдэл 16,517.7 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь Засгийн газрын нийт өрийн багцын 60.7 хувьтай тэнцэх хэмжээний дүн юм. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас  олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа 92 төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2021 онд нийт 1,391.4 тэрбум төгрөгийг авч ашигласнаас 285.0 тэрбум төгрөгийг төсвийн дэмжлэгийн зориулалтаар, 1,106.4 тэрбум төгрөгийг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар авч ашиглажээ.

 

        Хүснэгт №4: Гадаад зээлийн ашиглалт, 2019-2021 он   

          /тэрбум төгрөг/

Төрөл

2019

2020

2021

Хөтөлбөрийн зээл

409.5

1,978.1

285.0

Төслийн зээл

1,229.1

1,390.3

1,106.4

НИЙТ

1,638.6

3,368.4

1,391.4

                 Эх сурвалж: Сангийн яам

 

Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2021 онд гадаад зээлийн үйлчилгээний төлбөрт нийт 945.7 тэрбум төгрөгийг төлөхдөө үндсэн төлбөрт 732.8 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 212.9 тэрбум төгрөгийг тус тус төлсөн байна.

 

        Хүснэгт №5: Гадаад зээлийн үйлчилгээ, 2019-2021 он

                    /тэрбум.төгрөг/

Төрөл

2019

2020

2021

Үндсэн төлбөр

438.3

691.0

732.8

Хүүгийн төлбөр

167.5

197.9

212.9

НИЙТ

605.8

888.9

945.7

                 Эх сурвалж: Сангийн яам

 

1.2.4.Засгийн газрын өрийн баталгаа

 

Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 876.5 тэрбум төгрөг болж, 2020 оны жилийн эцсээс 183.8 тэрбум төгрөгөөр буурав. Үүнээс Монгол Улсын Хөгжлийн банканд гаргасан баталгааны үлдэгдэл 820.9 тэрбум төгрөг, Монголын иргэний агаарын тээвэр хувьцаат компани /"МИАТ" ХК/-д гаргасан баталгааны үлдэгдэл 29.0 тэрбум төгрөг, "Эрдэнэс Монгол" ХХК-д гаргасан баталгааны үлдэгдэл 26.5 тэрбум төгрөг байна.

 

Хүснэгт №6: Засгийн газрын өрийн баталгаа, 2021.12.31-ний байдлаар                             

Баталгаа гаргуулагч

Зээлдүүлэгч

Валют

2021

Үндсэн валют /сая/

Тэрбум төгрөг

1

"МИАТ" ХК

АНУ[3]-ын Хувийн экспортын санхүүжилтийн корпорац /PEFCO/

Ам.доллар

10.2

29.0

2

Монгол Улсын Хөгжлийн банк

Японы хөрөнгө оруулагчид

Иен

30,000.0

744.0

3

Монгол Улсын Хөгжлийн банк

Хятадын Хөгжлийн банк /China Development Bank/

Ам.доллар

27.0

76.9

4

"Эрдэнэс Монгол" ХХК

Азийн хөгжлийн  банк

/Asian Development bank/

Ам.доллар

9.3

26.5

НИЙТ

876.5

                    Эх сурвалж: Сангийн яам     

 Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн 78.0 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкны 30.0 тэрбум иений "Самурай" бондын төлбөр эзэлж байгаа бөгөөд 2023 онд төлөгдөх хуваарьтай бол "МИАТ" ХК-ийн зээл 2023 онд, Монгол Улсын Хөгжлийн банкны Хятадын Хөгжлийн банкнаас авч ашигласан зээл 2022 онд, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн техник, туслалцааны зээл 2031 онд тус тус төлөгдөж дуусах хуваарьтай байна.

 

1.2.5."Барих-Шилжүүлэх" төрлийн концесс

 

Өрийн удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт "Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, концессын гэрээний дагуу улирал бүр гарсан ашиглалтыг үндэслэж Засгийн газрын өрд бүртгэнэ" гэж заасны дагуу Сангийн яам нь концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас улирал бүр ашиглалт, гүйцэтгэлийн мэдээллийг авч нэгтгэн Засгийн газрын өрд бүртгэж байна.

 

 График №5: Барих-Шилжүүлэх төрлийн концесс, 2017-2021     
                                                                                                                                                  /тэрбум төгрөг/

                 

     






Эх сурвалж: Сангийн яам

 

Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын өрийн үлдэгдэл 2021 оны эцсийн байдлаар 673.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 176.7 тэрбум төгрөгөөр буурсан. Үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нийт 10 гэрээний өрийн үлдэгдэл 673.5 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нийт 3 гэрээний өрийн үлдэгдэл 0.4 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

 

2.САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖИТ ЭХ ҮҮСВЭР

 

2.1.Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэр

 

 Засгийн газар 2017 оноос эхлэн Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн болон өрийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд өндөр хүүтэй, богино хугацаатай арилжааны зээллэгээс татгалзаж, урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийг төсвийн санхүүжилтэд түлхүү авч ашиглаж эхэлсэн.

 

 Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээний дийлэнх хувийг гадаад, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсээр ирсэн бол 2022 онд гадаад, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эх үүсвэрийг үргэлжлүүлэн ашиглахаар төлөвлөсөн.

 

Хүснэгт №7: Шинээр татсан эх үүсвэрийн хэмжээ, 2019-2021 он

                             /тэрбум төгрөг/

 

Эх үүсвэр

2019

2020

2021

Олон талт эх үүсвэр

801.2

2,030.4

942.3

Хоёр талт эх үүсвэр

837.4

1,338.0

449.1

НИЙТ

1,638.6

3,368.4

1,391.4

 

                                                                                                                Эх сурвалж: Сангийн яам

 2.2.Арилжааны нөхцөлтэй гадаад эх үүсвэр

 

 Засгийн газраас 2012 онд 1.5 тэрбум ам.доллартой тэнцэх "Чингис" бонд, 2015 онд 1.0 тэрбум юань /161.2 сая ам.доллар/-тай тэнцэх "ДимСам" бонд, 2016 онд 500.0 сая ам.доллартой тэнцэх "Мазаалай" бонд, 2017 онд 600.0 сая ам.доллартой тэнцэх "Хуралдай" бонд болон 800.0 сая ам.доллартой тэнцэх "Гэрэгэ" бонд зэрэг нийт 3.6 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалсан.

 

 ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар арилжааны нөхцөлтэй гадаад зээллэгийг зөвхөн дахин санхүүжилтийн зориулалтаар арилжаалахаар тохирсон бөгөөд шинээр төсөл хөтөлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар гадаад зээллэг авахыг улирлын шалгуур үзүүлэлтийн дагуу хориглож байв.

 

 Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжих хугацаанд 2023 оны 05 дугаар сард "Гэрэгэ" бондын 533.1 сая ам.доллар, 2024 оны 03 дугаар сард "Хуралдай" бондын 600.0 сая ам.доллартой тэнцэх эргэн төлөлтүүд хийгдэх бол 2023 оны 12 дугаар сард Хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаа бүхий "Самурай" төслийн хүрээнд арилжаалсан 30 тэрбум иентэй тэнцэх хөрөнгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлөх хуваарьтай байна.

 

        Хүснэгт №8: Гадаад үнэт цаас, 2021.12.31-ний байдлаар

 /тэрбум төгрөг/

Гадаад үнэт цаас

Хүү

Хугацаа

Төлөгдөж дуусах огноо

Үлдэгдэл

1

Чингис-2022

5.125%

10 жил

2022.12

389.6

2

Гэрэгэ

5.625%

5.5 жил

2023.05

1,518.4

3

Хуралдай

8.75%

7 жил

2024.03

1,709.1

4

Номад

5.125%

5.5 жил

2026.04

1,709.1

5

Сенчири-2027

3.5%

6 жил

2027.07

1,424.2

6

Сенчири-2031

4.45%

10 жил

2031.07

1,424.2

Нийт

 

8,175.6

           Эх сурвалж: Сангийн яам

 

 Тус төлбөрүүдийг төсвөөс болон гадаад валютын нөөцөөс төлөх нь эдийн засагт томоохон дарамт учруулах эрсдэлтэй тул тодорхой хэсгийг дахин санхүүжүүлж, үлдсэн хэсгийг мөнгөн хуримтлалаас төлж барагдуулахаар төлөвлөж байна.

 График №6: Гадаад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн өгөөж, 2019-2021 он

           

  











Эх сурвалж: Блүүмберг платформ

 

Монгол Улсын Засгийн газраас олон улсын зах зээл дээр арилжаалсан үнэт цааснуудын хоёрдогч зах зээлийн хүүгийн түвшин өндөр үед үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үнэ нь нэрлэсэн үнээс буурдаг ба үнэт цаасны эргэн төлөгдөх хугацаанаас нь өмнө худалдан авах зардал багасдаг байна. Энэ үед буцаан худалдан авах нь өрийг дахин санхүүжүүлэх үр ашигтай арга хэмжээ бөгөөд Өрийн удирдлагын 2019-2021 оны стратегийн баримт бичгийн хэрэгжих хугацаанд Засгийн газар "Мазаалай", "Чингис" болон "Гэрэгэ" бондуудын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлсэн байна.

 

Түүнчлэн "Чингис", "Гэрэгэ", "Хуралдай", "Номад" болон "Сенчири" төслийн хүрээнд гаргасан үнэт цааснуудын хоёрдогч зах зээлийн өгөөж 2021 оны жилийн эцсийн байдлаар 2.0-оос 5.0 хувьтай байна.

 

 2.3.Дотоодын банк, санхүү, хөрөнгийн зах зээлээс татах боломжит эх үүсвэр

 

Засгийн газар нийт 16.0 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаасыг 2010 оноос 2017 оны хооронд арилжаалсан байна. Үүнээс 10.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаасыг арилжааны банк, 1.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаасыг Монголбанк, үлдсэн хувийг иргэн, аж ахуйн нэгж, шууд бус хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулагчид худалдан авсан.

 

Монголын хөрөнгийн биржээс 2021 оны жилийн эцсийн байдлаар гаргасан тоо баримтаар нийт 1.4 их наяд төгрөгийн үнэт цаасыг арилжаалсан байна. Үүнээс 74.1 хувийг компанийн үнэт цаас, 21.6 хувийг энгийн хувьцаа, үлдсэн 4.3 хувийг бусад үнэт цаас эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 дахин өссөн үзүүлэлт юм.

 

Арилжаанд оролцогчдын дийлэнх нь дотоодын иргэн, аж ахуйн нэгж ба 2021 оны жилийн эцсийн байдлаар дотоодын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар, харин иргэдийн хийсэн арилжаа 5.2 хувиар тус тус өссөн нь дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүд банкны хадгаламжаас татгалзаж үнэт цаасны арилжаанд хөрөнгө оруулж байгааг харуулжээ.

 

 Иймд Засгийн газраас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах, улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг бага зардлаар цаг хугацаанд нь санхүүжүүлэх болон төсвийн санхүүжилтийг хугацаанд нь олгох зорилгоор 2022 оны нэгдсэн төсөвт нийт 2.2 их наяд төгрөгийн Засгийн газрын дотоод үнэт цаас гаргахаар тусгагдсан бөгөөд Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулахаар төлөвлөсөн. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах, улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг бага зардлаар цаг хугацаанд нь санхүүжүүлэх болон төсвийн санхүүжилтийг хугацаанд нь олгоход Засгийн газрын дотоод үнэт цаас чухал үүрэгтэй. Мөн Засгийн газрын дотоод үнэт цаас нь эрсдэлгүй үнэт цаасанд тооцогддог учир гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татдаг үнэт цаасны төрөл юм.

 

 Монголбанкнаас 2022 оны 03 дугаар сард бодлогын хүүг 2.5 хувиар өсгөж 9 хувь болгосон бөгөөд тус онд арилжаалахаар төлөвлөж байсан Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү өсөхөөр байна. Засгийн газрын дотоод үнэт цаасны 90 гаруй хувийг арилжааны банкууд эзэлж байсан бөгөөд Төв банкны үнэт цаасны хүүгээс илүү хүүгээр арилжаалахад богино хугацаат үнэт цаас авах эрэлт өндөр байна.

 

3.ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ БАГЦЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

 Засгийн газраас 2016 оны 06 дугаар сараас хойш шинээр Засгийн газрын өрийн баталгаа гаргаагүй бөгөөд цаашид Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй байх, гаргасан баталгаат зээллэгийн эргэн төлөлтөд тавих хяналтыг сайжруулах бодлогыг баримталж байна.

 

 Өрийн удирдлагын тухай хуулийг батлахаас өмнө Монгол Улсын Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын "Евро" бонд, "Самурай" бонд, Кредит Свисс банкнаас авсан зээл, Хятадын Хөгжлийн банкнаас авсан зээл, "МИАТ" ХК-ийн нисэх онгоц худалдан авах зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан бол Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаас хойш Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан бонд, Хөгжлийн банкны ОХУ-ын ВТБ банкнаас авсан зээл, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Азийн хөгжлийн банкнаас авсан зээлд тус тус Засгийн газрын өрийн баталгаа гаргасан байна.

 

Засгийн газрын баталгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл

 

 3.1.Хөгжлийн банкны "Самурай" бонд

 

 Монгол Улсын Хөгжлийн банкны 30.0 тэрбум иентэй тэнцэх хэмжээний 10 жилийн хугацаатай "Самурай" бондыг Япон Улсын зах зээлд Японы Хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар /JBIC[4]/ жилийн 1.52 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Хөрөнгө оруулагчидтай хийсэн бонд арилжаалах гэрээний дагуу үйл ажиллагааны зардал, шимтгэлийг хассан дүнгээр "Самурай" бондын эх үүсвэр 24.3 тэрбум иен 2014 оны 01 дүгээр сард Хөгжлийн банкны холбогдох дансанд шилжин орж ирсэн. Уг бондын хугацаа 2023 онд дуусах бөгөөд Хөгжлийн банк хүүгийн төлбөрийг тухай бүр бүрэн төлж барагдуулж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар "Самурай" бондын үлдэгдэл төлбөр 30.0 тэрбум иен байна.

 3.2.Хятадын Хөгжлийн банкны зээл

 

Хятадын Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр банкны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, БНХАУ-ын оролцоотой хэрэгжиж байгаа төслүүдийг санхүүжүүлэхэд хамтран ажиллах зорилготойгоор Засгийн газрын 2014 оны 116 дугаар тогтоолын дагуу Хятадын Хөгжлийн банкнаас авах 162.0 сая ам.долларын зээлд Монгол Улсын Засгийн газар өрийн  баталгаа гаргасан. Зээлийн хугацаа нь 8 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 3 жил, жилийн тогтмол 6 хувийн хүүтэй бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 27.5 сая ам.долларын үлдэгдэлтэй байна.

 

 3.3."МИАТ" ХК-ийн Боинг нисэх онгоц худалдан авсан зээл болон өрийн бичиг

 

 Засгийн газрын 2013 оны 319 дүгээр тогтоолын дагуу "МИАТ" ХК-ийн Боинг 767-300 ER агаарын хөлгийг худалдаж авахад зориулсан нийт 121.4 сая ам.долларын зээлд Монгол Улсын Засгийн газар өрийн баталгаа гаргасан бөгөөд дараах гурван дэд зээллэгт хуваагдсан. Үүнд:

 

  • Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын Экспорт-Импорт банканд 77.4 сая ам.долларын, жилийн тогтмол  2.52 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээл;
  • АйЭнЖи капитал банканд 23.9 сая ам.долларын, хувьсах хүүтэй /5.3%+ам.долларын 3 сарын Libor/, 7 жилийн хугацаатай зээл;
  • АйЭнЖи банканд 5 жилийн хугацаатай 20.0 сая ам.долларын, хувьсах хүүтэй /9.38+ам.долларын 3 сарын Libor/ өрийн бичиг.

 

"МИАТ" ХК дээрх баталгаат зээллэгүүдийн төлбөрийг хуваарийн дагуу амжилттай төлж барагдуулж байгаа бөгөөд 2021 онд 8.5 сая ам.долларын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж барагдуулснаар Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 10.1 сая ам.доллар байна.

 

 3.4."Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагааны эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас авсан 35.0 сая ам.долларын зээл

 

 Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагааны эрсдэлийн болон санхүүгийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх нийт 42.0 сая ам.долларын санхүүжилттэй төслийн зээлийн 85 хувьд буюу Азийн хөгжлийн банкнаас авах 35.0 сая ам.долларын, 15 жилийн хугацаатай, 3 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаатай хувьсах хүүтэй /Spread+ам.долларын 6 сарын Libor/ зээлд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан. Энэхүү зээлийн хүрээнд "Эрдэнэс Монгол" ХХК 2021 оны жилийн эцсийн байдлаар 9.4 сая ам.доллар буюу 19.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн Хөгжлийн банкнаас авсан байна.

 

4.ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСӨӨЛӨЛ БА НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС

 

Өрийн тогтвортой байдлын шинжилгээнд аливаа улсын Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ /нэрлэсэн дүнгээр/ 50 хувиас давсан тохиолдолд тухайн улсыг "Сайтар шинжлэх" шаардлагатай орны ангилалд багтаан илүү нарийвчилсан шинжилгээг хийдэг. Монгол Улсын Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2020 онд 75.5 хувь байгаа бөгөөд 2023 он хүртэл Засгийн газрын өрийн баталгаа гаргаагүй тохиолдолд тус харьцаа хэвээр байх тул "Сайтар шинжлэх" шаардлагатай орны ангилалд орж байна.  

 

Сүүлийн 10 жил болон ирэх 3 жилийн Засгийн газрын өрийн үлдэгдэл, ДНБ-ний харьцаа хэрхэн өсөж, буурахаар байгааг график 7-д харууллаа. Засгийн газрын өрийн хэмжээ 2012-2016 онд ихээхэн хэмжээгээр өссөн байна. Үүнд Засгийн газар өрийн баталгаа гаргаж эхэлсэн, төсөв алдагдалтай батлагдсан, валютын ханш суларч байсан зэрэг үзүүлэлтүүд ихээхэн нөлөө үзүүлжээ. Харин Засгийн газрын өрийн үлдэгдэл, ДНБ-ний харьцаа 2017-2019 онуудад буурсан нь ДНБ-ний өсөлт болон бодит хүүгийн түвшин буурсан зэргээс хамаарсан байна. Цаашид ч бодит ДНБ-ний өсөлтийг дэмжиж, төсвийн үндсэн тэнцлийг бууруулах нь өрийн тогтвортой байдлыг хангах суурь үндэс болохоор байна. Түүнчлэн тус онуудад төгрөгийн бусад валюттай харьцах ханш суларч, төсвийн алдагдлаас шалтгаалан уг харьцаа өсөхөөр байгаа бол бодит ДНБ-ний өсөлт болон бодит хүүгийн түвшнээс шалтгаалан тус харьцааны өсөлт саарахаар байна.

 

      График №7: Засгийн газрын өрд нөлөөлөгч хүчин зүйлс

       ДНБ-д эзлэх хувиар

                      Эх сурвалж: Сангийн яам

 

5.ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАГЦ ДАХЬ ЗАРДАЛ, ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ

 

Зардал, эрсдэлийн шинжилгээний цар хүрээ нь өрийн удирдлагатай холбоотой бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны уялдаа холбоог тодотгон харуулдаг чухал ач холбогдолтой юм. Засгийн газрын өрийн багцыг удирдахдаа зардал, эрсдэлийн шалгуурт үндэслэн багцын зохистой харьцааг тогтоосноор гадаад орчны нөлөөллийн эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой юм.

 

 Засгийн газрын зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд 2021 оны жилийн эцсийн байдлаар дараах байдалтай байна:

       Хүснэгт №9: Засгийн газрын өрийн зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд, 2021.12.31-ний байдлаар

Эрсдэлийн үзүүлэлт

Гадаад зээл

Дотоод зээл

Нийт

Засгийн газрын өр /тэрбум төгрөг/

25,525.2

657.3

26,182.5

Засгийн газрын өр /сая ам.доллар/

8,960.0

225.9

9,185.9

ДНБ-д эзлэх Засгийн газрын өр нэрлэсэн дүнгээр

59.3

1.5

62.6

ДНБ-д эзлэх Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр

49.2

1.5

50.7

Өрийн багцын зардал

Хүүгийн төлбөрийн ДНБ-д эзлэх хувь

1.6

0.2

1.8

Жигнэсэн дундаж хүү /хувь/

2.8

12.6

3

Дахин санхүүжилтийн эрсдэл

ATM /жил/-эргэн төлөгдөх дундаж хугацаа

8.6

2.3

8.4

Богино хугацаанд төлөгдөх өр /нийт өрд эзлэх хувь/

3.8

45.3

4.6

Хүүгийн түвшний эрсдэл

Богино хугацаанд төлөгдөх өр /ДНБ-нд эзлэх хувь/

2.9

0.7

3.6

ATR /жил/-хүү шинэчлэгдэх дундаж хугацаа

7.6

2.3

7.5

1 жилд тогтмолжуулах өр /нийт өрд эзлэх хувь/

16.2

45.3

16.7

Тогтмол хүүтэй зээл ба үнэт цаас /нийт өрд эзлэх хувь/

87

100

87.2

Ханшийн эрсдэл

Гадаад валютаар илэрхийлэгдсэн өр /нийт өрд эзлэх хувь/

 

 

97.5

Валютын нөөцөд эзлэх богино хугацаат гадаад өр

 

 

9.5

  

  5.1.Өрийн багцын зардал /хүүгийн төлбөр/

 

 Өрийн багцын зардал 2021 оны жилийн эцсийн байдлаар ДНБ-ний 1.8 хувьтай тэнцэж байна. Үүнээс Засгийн газрын гадаад өрийн зардал ДНБ-ний 1.6 хувь, дотоод өрийн зардал ДНБ-ний 0.2 хувь байна. Өрийн багцад эзлэх дотоод өрийн зардал буурахад Засгийн газраас 2017 оны 10 дугаар сараас өндөр хүүтэй дотоод үнэт цаасны арилжааг зогсоож, зарим үнэт цаасыг хугацаанаас өмнө буцаан худалдан авсан нь чухал нөлөө үзүүлсэн.

 

 Түүнчлэн 2021 оны жилийн эцсийн байдлаар жигнэсэн дундаж хүү[5] 3.0 хувьтай байна. Үүнд гадаад өрийн жигнэсэн дундаж хүү 2.8 хувь, дотоод өрийн жигнэсэн дундаж хүү 12.6 хувь байна.

 

 5.2.Өрийн багцын эрсдэл

 

 5.2.1.Дахин санхүүжилтийн эрсдэл

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 онд арилжаалсан 1,000.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээтэй "Чингис" бонд, 2017 онд арилжаалсан 500.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээтэй "Мазаалай" бондын хугацаа 2021 болон 2022 онуудад дуусаж, дахин санхүүжилтийн эрсдэлтэй тулгарч байсныг 2020 онд 600.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээтэй "Номад" бонд, 2021 онд 1,000.0 сая ам.доллартой тэнцэх хэмжээтэй "Сенчири" бондыг олон улсын зах зээлд арилжаалж, үлдсэн хэсгийг мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр санхүүжүүлж, төсөв, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулахгүйгээр төлж барагдуулсан.

 

 Мөн Засгийн газар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс дотоод үнэт цаасны арилжааг зогсоож, үнэт цаасны төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулж байна. Ингэснээр Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 657.3 тэрбум төгрөг болж буурсан.

 

 Үүний үр дүнд 2018 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын өрийн багцын хувьд дахин санхүүжилтийн эрсдэл харьцангуй бага түвшинд буюу нийт багцын хүрээнд эргэн төлөлтийн дундаж хугацаа /ATM/[6] 8.4 жилтэй тэнцэж байна.

 

 Түүнчлэн 2023, 2024 онд "Гэрэгэ", "Хуралдай" бондуудын төлбөр төлөгдөх учир дахин санхүүжүүлэх, мөнгөн хуримтлалын үлдэгдлээс төлөх зэрэг өрийн зохицуулалтын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

 5.2.2.Хүүгийн түвшний эрсдэл

 

 Засгийн газрын өрийн багц дахь хүү тогтмолжуулах дундаж хугацаа 7.5 жил байна. Үүнээс гадаад өрийн хүү тогтмолжуулах дундаж хугацаа /ATR/ 7.6 жил байгаа бол дотоод өрийн хүү тогтмолжуулах дундаж хугацаа /ATR/ харьцангуй бага буюу 2.3 жил байна.

 

 Хүү тогтмолжуулах дундаж хугацаа нь тухайн өрийн хэрэгслийн хүү дунджаар хэдэн жилийн дотор бүрэн шинэчлэгдэхийг тооцоолдог үзүүлэлт ба үүнд хувьсах хүүтэй өрийн хүү жилийн дотор бүрэн шинэчлэгддэг бол өр төлөгдөж дуусахаар түүнийг дахин санхүүжүүлэх эх үүсвэрийн хувьд шинэ хүү тогтдог.

 

 АНУ-д инфляц 2022 оны 03 дугаар сард сүүлийн 40 жилийн хамгийн дээд түвшиндээ хүрсний улмаас тус улсын Төв банкнаас урт хугацаан дахь бодлогын хүүгийн түвшинг 2 хувь болгох талаар мэдэгдэл хийгээд байна. Ийнхүү АНУ-ын бодлогын хүү өсөх нь Засгийн газрын өрийн багцад эзлэх хувьсах хүүгийн зардлыг өсгөх эрсдэлийг нэмэгдүүлж, энэ нь тус зээлүүдийг тогтмол хүүтэй болгоход том нөлөөтэй болох юм. Иймд хувьсах хүүтэй зээлийн үлдэгдэл буурснаар тус үзүүлэлт өсөх магадлалтай болж байна.

 

5.2.3.Валютын ханшийн эрсдэл

 

 Өрийн багцыг валютын бүтцээр харвал Засгийн газрын өрийн 63 хувь нь ам.доллар, 17 хувь нь зээлжих тусгай эрх, 15 хувь нь иен, 3 хувь нь евро, 2 хувь нь бусад валютаас бүрдсэн байна.

График №8: Гадаад валютаар илэрхийлэгдсэн өр, валютын бүтцээр,

2021.12.31

                                                                 

Эх сурвалж: Сангийн яам

 

 Засгийн газрын өрийн багцын гадаад валютаар илэрхийлэгдсэн өрийн хэмжээ 2021 оны байдлаар 97.5 хувийг эзэлж байна. Энэ нь Засгийн газрын дотоод үнэт цаас 2017 оноос хойш арилжаалаагүй, мөн гадаад зээл ашиглалт болон валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж байна.             

 

   5.3.Зардал эрсдэлийн шинжилгээ

 

 Дунд хугацааны өрийн стратегийн зардал, эрсдэлийн шинжилгээнд Дэлхийн банк, ОУВС-ийн хамтран боловсруулсан өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн шинжилгээний загварыг ашигласан бөгөөд уг загварт Засгийн газрын өрийн хэрэгслүүдийг дараах байдлаар багцаллаа:

 

 Хүснэгт №10 Засгийн газрын өрийн хэрэгслүүдийн багц

 

Төрөл

Ангилал / нэр

Fix[7] / Var[8]

Хугацаа /жил/

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа /жил/

Валютын төрөл

Валют

USD_2

ДБ/ХААХОУС[9]

тогтмол

25

5

FX

USD

USD_3

IBRD/АХБ

тогтмол

25

5

FX

USD

USD_4

IBRD/АХБ

хувьсах

25

5

FX

USD

USD_5

Хоёр талт

тогтмол

20

5

FX

USD

USD_6

Олон улсын үнэт цаас

тогтмол

5

4

FX

USD

USD_7

Арилжааны зээл

тогтмол

5

3

FX

USD

USD_8

Арилжааны зээл

хувьсах

6

2

FX

USD

MNT_11

Богино хугацаат үнэт цаас

тогтмол

1

0

DX

MNT

MNT_12

Үнэт цаас /2 жил/

тогтмол

2

1

DX

MNT

MNT_13

Үнэт цаас /3 жил/

тогтмол

3

2

DX

MNT

MNT_14

Үнэт цаас /5 жил/

тогтмол

5

4

DX

MNT

MNT_15

Үнэт цаас /7 жил/

тогтмол

7

6

DX

MNT

MNT_16

Үнэт цаас /10 жил/

тогтмол

10

9

DX

MNT

MNT_17

Үнэт цаас /15 жил/

тогтмол

15

14

DX

MNT

 

Өрийн удирдлагын боломжит хувилбарууд

 

Загварт олгож байгаа боломжийн дагуу дараах 4 боломжит стратегийг сонгон авч, үр дүнд шинжилгээ хийлээ. Үүнд:

 

Стратеги 1 (S1):Санхүүжилтийн хэрэгцээг санхүүжүүлэхээр жилд төсөл, хөтөлбөрийн зээл шинээр авч ашиглаж, дотоод бонд арилжаалах;

Стратеги 2 (S2):Санхүүжилтийн хэрэгцээг төслийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, төсвийн алдагдал санхүүжүүлэхээр арилжааны нөхцөлтэй зээл шинээр авч ашиглаж, дотоод бондын арилжаагаар санхүүжүүлэх;

Стратеги 3 (S3):Санхүүжилтийн хэрэгцээг санхүүжүүлэхээр хөтөлбөрийн зээл авч ашиглахгүй, төслийн зээл шинээр авч ашиглах болон дотоод бонд арилжаалан санхүүжүүлэх;

Стратеги 4 (S4):Төсөл хөтөлбөрүүдийг хөгжлийн үнэт цаас арилжаалан санхүүжүүлэх, санхүүжилтийн хэрэгцээг дотоод бонд арилжаалан санхүүжүүлэх.

 

  Хүснэгт №11: Засгийн газрын өрийн дунд хугацааны зардал, эрсдэлийн үзүүлэлтүүд

Эрсдэлийн индикатор

2021

2025

Суурь

S1

S2

S3

S4

ДНБ-д эзлэх Засгийн газрын өр нэрлэсэн дүнгээр

62.6

61.7

69.0

65.6

62.0

ДНБ-д эзлэх Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр

50.7

54.1

60.6

58.4

55.3

Хүүгийн төлбөрийн ДНБ-нд эзлэх хувь

1.8

2.4

2.5

2.8

2.9

Жигнэсэн дундаж хүү /хувь/

3.0

4.7

4.5

5.1

5.7

Дахин санхүү-

жилтийн эрсдэл

Богино хугацаанд төлөгдөх өр /Нийт өрд эзлэх хувь/

4.9

13.5

11.8

14.1

14.2

Богино хугацаанд төлөгдөх өр /ДНБ-д эзлэх хувь/

4.0

8.3

8.2

9.2

8.8

 Гадаад өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.6

7.8

7.6

7.4

7.6

Дотоод өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

3.2

2.8

2.8

2.8

3.1

Нийт өрийн багцын эргэн төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.4

7.0

7.0

6.5

6.4

Хүүгийн түвшний эрсдэл

Хүү шинэчлэгдэх дундаж хугацаа /жил/

7.5

6.6

6.7

6.1

6.0

1 жилд тогтмолжуулах өр /нийт өрд эзлэх хувь/

18.2

19.5

17.3

19.9

19.9

Тогтмол хүүтэй зээл ба бонд /нийт өрд эзлэх хувь/

85.6

93.3

93.9

93.5

93.6

Ханшийн эрсдэл

Гадаад валютаар илэрхийлэгдсэн өр /нийт өрд эзлэх хувь/

97.5

80.0

85.0

76.6

67.8

Валютын нөөцөд эзлэх богино хугацаат гадаад өр /хувь/

9.5

17.1

19.0

17.1

17.1

 

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт:

 

Шинжилгээний үр дүнгээс үзэхэд дотоод бондоор санхүүжилтийн хэрэгцээг бүхэлд нь санхүүжүүлэх /S3, S4/ нь ханшийн эрсдэлийг багасгаж байгаа ч өрийн үйлчилгээний зардлыг ихэсгэснээр өрийн үйлчилгээний эрсдэл өндөр гарч байна. Цаашлаад арилжааны зээлийг ашигласнаар /S2/ гадаад валютаар илэрхийлэгдсэн өрийн хэмжээг ихэсгэж, ханшийн эрсдэлийг өсгөж байна. Харин төсвийн алдагдлыг санхүүжүүлэх гадаад эх үүсвэрийг хязгаарлаж, дотоод эх үүсвэр ашиглах нь гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулж, гадаад өрийн дарамтыг бууруулах ач холбогдолтой болохыг шинжилгээний үр дүн харуулж байна.

 

6.ДУНД ХУГАЦААНД ДЭВШҮҮЛЖ БАЙГАА ЗОРИЛТ,  ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

 

Зорилт 1:Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад зээлийн өрийн үйлчилгээний төсөвт үзүүлэх төлбөрийн дарамтыг бууруулна.

 

Үндэслэл:Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.2-т "Засгийн газрын авах зээл нь бодит эдийн засгийн салбарт чиглэгдэх бөгөөд эдийн засгийн аюулгүй байдлыг хангасан, зохистой харьцаанд байна" гэж заасан. Түүнчлэн 2021 он хүртэл байгуулагдаад байгаа гадаад зээлийн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд авч ашиглаагүй зээлийн хэмжээ 13.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа ба зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу энэхүү ашиглаагүй зээлийн хөрөнгийг 3-5 жилийн хугацаанд авч ашиглах үүрэг хүлээсэн. Энэ хэмжээгээр төсвийн хөрөнгийн зардал тэлэх, цаашлаад төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх суурь шалтгаан болох төлөвтэй байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү ашиглагдаагүй зээлийн үлдэгдэлд 2021 онд 16 орчим тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн байдаг. Цаашид Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, ашиглагдаагүй зээлийн хэмжээг хязгаарлах, гадаад зээлийн гэрээ хэлэлцээр байгуулахаас өмнөх төслийн бэлтгэл ажлыг монголын талаас шуурхай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн бэлэн байдал хангагдсан, бодит секторт чиглэсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийснээр Засгийн газрын гадаад зээлийн бодлогын хэрэгжилт сайжирч, төсвийн зардал дахь ашиглагдаагүй зээлийн үлдэгдэлд төлж байгаа шимтгэлийн хэмжээ буурах нөхцөл бүрдэнэ.

 

 Хэрэгжүүлэх арга зам:

 

  • Эдийн засгийн бодит өсөлт болон экспортын орлогыг нэмэгдүүлэхгүй, гадаад улс орны худалдан авалтыг дэмжих замаар импортыг өсгөж, төлбөрийн тэнцэлд дарамт учруулах нөлөө бүхий Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэрийг авч ашиглахаас татгалзах;
  • Өрийн удирдлагын тухай хуулийн 7.1.6-д[10] зааснаас бусад тохиолдолд зөвхөн бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төслийг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын гадаад зээл авч ашиглах;
  • Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор арилжааны нөхцөлтэй зээллэг хийхгүй байх.

Зорилт 2:Засгийн газрын гадаад үнэт цаасны төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна.

 

 Үндэслэл:Дэлхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын хөрөнгийн зах зээлийн гэнэтийн өөрчлөлт, төлөв байдлаас хамааран Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагууд энэхүү стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд үүснэ. Тухайлбал 2023, 2024 онд Засгийн газрын гадаад үнэт цаасны төлөлтийн хувьд өндөр ачаалалтай жилүүд болж байна.

 

 Хэрэгжүүлэх арга зам: 

 

  • Гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал, эрсдэлийн судалгааг тогтмол хийж, Засгийн газрын гадаад үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдан авах арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • Засгийн газрын гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлөх, өрийн зохицуулалтын арга хэмжээ, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Дахин санхүүжилтээс бусад зориулалтаар Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалахгүй байх;
  • Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зэрэглэл тогтоогч байгууллага, хөрөнгө оруулагчдыг мэдээллээр тогтмол ханган хамтарч ажиллах.

 

Зорилт 3:Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, Засгийн газрын өрийн багц дахь зах зээлийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор үүсмэл арга хэрэгслийг өрийн зохицуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.

 

Үндэслэл:Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д инфляц 2022 оны 03 дугаар сарын байдлаар сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн дээд түвшиндээ хүрсний улмаас тус улсын Төв банкнаас бодлогын хүүгийн түвшнийг 2 хувьд хүргэх тухай урт хугацааны зорилтоо олон нийтэд мэдэгдсэн. Улмаар АНУ-ын бодлогын хүү өсөх нь ам.долларын ханш бусад улсын валютын эсрэг чангарах, дэлхийн санхүүгийн зах зээл дэх суурь хүүг нэмэгдүүлэх зэрэг нөлөө үзүүлснээр Засгийн газрын өрийн багц дахь валютын болон хүүгийн түвшний эрсдэлийг нэмэгдүүлэх, гадаад өрийн дахин санхүүжилтийн зардлыг өсгөх зэрэг сөрөг үр дагавар бий болохоор байгаа тул Засгийн газраас цаашид дээрх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Хэрэгжүүлэх арга зам:

 

  • Засгийн газрын хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанктай хамтран ажиллаж, гадаад өрийн үйлчилгээний хуваарийг валютын нөөцтэй уялдуулах, шаардлагатай тохиолдолд валют болон хүүгийн своп хэлэлцээрийг зээлдүүлэгч талтай хийх;
  • Дэлхий нийтэд тулгараад байгаа нь инфляцын өсөлтөөс шалтгаалан гадаад зах зээлд бий болоод байгаа хүүгийн өсөлтөөс хамааран урт, дунд хугацаанд Засгийн газрын гадаад зээлийн хөвөгч хүү өсөх тохиолдолд тогтмол хүүтэй зээл авах нөхцөлийг зээлдүүлэгч талд тавьж ажиллах;
  • Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төсөл, арга хэмжээг дэмжиж, тэдгээрийн санхүүжилтийг Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн өрийн хэрэгсэлтэй уялдуулж, Засгийн газрын өрийн зохицуулалтын арга хэмжээнд нэвтрүүлэх боломжийг судалж, бэлтгэл ажлыг хангуулахад холбогдох яамтай хамтран ажиллах, түүнчлэн эдгээр арга хэмжээний ач холбогдлыг олон нийтэд таниулах;
  • Өрийн удирдлагын санхүүгийн шинжилгээний нэгдсэн системийг сайжруулж, мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Орон нутгийн засаг захиргааны өрийн удирдлагын чадавхыг бэхжүүлж, болзошгүй өр төлбөрийн эрсдэлээс сэргийлэх, Засгийн газрын өрийн мэдээллийн нэгдсэн санг хөтлөх талаар хамтран ажиллах.

 

Зорилт 4:Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, үнэт цаасны арилжааг тогтмолжуулна.

 

 Үндэслэл:Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа нь хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээлийн хөгжилд чухал нөлөөтэйн зэрэгцээ төсвийн алдагдлыг санхүүжүүлэх найдвартай эх үүсвэр болдог тул дотоод өрийн зах зээлийг хөгжүүлэх зорилт нь Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу стратегийн баримт бичгийн зорилго, хамрах хүрээний салшгүй хэсэг болж хуульчлагдсан. Иймд 2017 оны 10 дугаар сараас эхлэн зогссон Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийн арилжааг дахин нээж, тогтмолжуулах шаардлагатай байна. Засгийн газрын дотоод үнэт цаасны өгөөжийн муруйг бий болгосноор хөрөнгийн зах зээлд эрсдэлгүй үнэт цаасны жишиг хүү тогтох ач холбогдолтой бөгөөд Засгийн газрын үнэт цаасны арилжааг урьдчилан зарласан хэмжээ, нөхцөл бүхий хуваарийн дагуу тогтсон хугацаанд зохион байгуулж хэвшсэнээр үнэт цаасны эрэлтийг дэмжиж, өгөөжийн муруйг бий болгох нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Иймээс зарим тохиолдолд Төрийн сан дахь мөнгөн хөрөнгийн дутагдал үүсээгүй байхад Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан зориулалтаар буюу дотоод өрийн зах зээлийг хөгжүүлэх зориулалт бүхий үнэт цаасны арилжааг хэвийн явуулах шаардлагатай болно.

 

 Хэрэгжүүлэх арга зам:

 

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан систем нэвтрүүлэх;
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч арилжаанд оролцсоноор бий болох үр ашиг, эрсдэлийн талаар иргэн, аж ахуйн нэгжийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлэх;
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авах, зорилтот зах зээлд чиглэсэн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг зохион байгуулах дэд бүтэц болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээл дэх жишиг хүүгийн түвшнийг тогтоох зорилгоор жил бүр шинээр гаргах Засгийн газрын дотоод үнэт цаасны 10-20 хүртэлх хувийг урьдчилан зарласан хугацаа, нөхцөл бүхий хуваарийн дагуу арилжаа зохион байгуулагдахаас 3 сарын өмнө олон нийтэд нээлттэй зарлаж, хуваарийн дагуу үнэт цаасны арилжааг зохион байгуулах замаар арилжааг тогтмолжуулах.

 

Зорилт 5:Улсын стратегийн томоохон төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, хувийн хэвшлийн компаниудад дэмжлэг үзүүлэх байдлаар Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны зорилтыг хангаж, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг хязгаарлана.

 

 Үндэслэл:Монгол Улсын Их Хурлаас "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолыг баталсан. Энэ бодлогын баримт бичиг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийг арилгаж, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангах зорилтот төсөл, хөтөлбөрүүд, хуулийн төслүүд, үйл ажиллагааны хөтөлбөрүүдээс бүрдсэн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа нийтлэг асуудлууд нь төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангалтгүй /техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, зураг, төсөл боловсруулагдаагүй, шинэчлэх шаардлагатай гэх мэт/ байхын зэрэгцээ, төслийг санхүүжүүлэх улсын төсвийн боломж, бололцоо хомс байдаг. Иймд төслийн бэлтгэл ажил хангагдсан төсөл, хөтөлбөрийн хувьд улсын төсөвт дарамт учруулахгүйгээр санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжит хувилбар бол хөрөнгө оруулалтын эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах явдал юм.

 

 Хэрэгжүүлэх арга зам:

 

  • Эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, "Шинэ сэргэлтийн бодлого"-д нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлэх;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргах Засгийн газрын өрийн баталгаанаас төсөвт үүсэж болзошгүй эрсдэлийг үнэлэх, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр өрийн удирдлагын чадавхыг бэхжүүлж, бүртгэл хөтлөх, тайлагнах механизмыг бүрдүүлэх;
  • Засгийн газрын өрийн баталгаа гаргасан төслүүдийн эргэн төлөлт, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны хяналтыг сайжруулж, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах;
  • Төсвөөс шууд төлөгдөх нөхцөлтэй Барих-Шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулахгүй, өрийн бичиг /вексель/ шинээр гаргахгүй байх;
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудаас санал болгож байгаа болзошгүй эрсдэлээс сэргийлэх зээлийн шугамыг ашиглах механизмыг нэвтрүүлэх.

 

Зорилт 6:Засгийн газрын өрийн удирдлагын ил тод байдлыг сайжруулна.

 

  Үндэслэл:Өрийн ил тод байдлыг хангуулах, олон нийтэд үнэн, бодитой мэдээлэл хүргэх нь иргэн, аж ахуйн нэгжид Засгийн газрын үйл ажиллагааг таниулах, төсөвт үүсэж болзошгүй өр төлбөрийн талаар зөв ойлголтыг өгөх, түүнчлэн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, олон улсын санаачилгын хүрээнд дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу өрийн статистик мэдээлэлд Монгол Улсын Засгийн газрын өрийн бүртгэлийг нэгтгүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг. Энэ талаар олон улсын байгууллагууд, тэр дундаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас Монгол Улсад хуваарилах дунд хугацааны зээлийн хэмжээ, нөхцөлийг тогтооход тавигдсан өрийн ил тод байдлыг хангуулах бодлогын нөхцөлүүдтэй энэхүү зорилт нийцэж байна.

 

  Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

  • Улирал бүр Засгийн газрын өрийн товхимлыг олон нийтэд ил тод мэдээлэх;
  • Улсын секторын өрийн мэдээллийг олон улсын байгууллагаас тогтоосон нэгдсэн стандартын дагуу бэлтгэж, мэдээлэх.

7.ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАГЦЫН ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТ

 

Засгийн газрын өрийн багцын зорилтот бүтцийг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны боловсруулсан MTDS[11] загварчлалыг ашиглан боловсруулсан болно.

 

        Дэвшүүлсэн зорилтын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дунд хугацаанд хүрэх Засгийн газрын өрийн багцын дараах төсөөлөл, зорилтот бүтцийг хангаж ажиллана.Үүнд:

 

         Хүснэгт №12: Дунд хугацааны төсөөлөл, зорилтот бүтэц

Засгийн газрын өрийн багцын үзүүлэлтүүд

2022

Түвшин

2023

2024

2025

  1. Өрийн зардал

 

 

 

 

 

Жигнэсэн дундаж хүү /хувь/

3.0

Дээд

3.8

4.3

4.8

  1. Дахин Санхүүжилтийн эрсдэл

 

 

 

 

 

Засгийн газрын өрийн эргэн

төлөгдөх дундаж хугацаа /жил/

8.4

Доод

7.8

7.3

6.8

  1. Хүүгийн эрсдэл

 

 

 

 

 

Засгийн газрын өрийн ATR  /жил/

7.5

Доод

7.0

6.5

6.3

  1. Ханшийн эрсдэл

 

 

 

 

 

Гадаад валютаар илэрхийлэгдсэн  

өр* /нийт өрд эзлэх хувь/

78.8

Дээд

80.0

80.0

80.0

 

*Гадаад валютаар илэрхийлэгдсэн өрийн эзлэх хувийг тооцохдоо Засгийн газрын өрийн    баталгааны үлдэгдлийг оруулж тооцоогүй болно.

 

 

---oOo---

 

 

 

 

 

 


 

[1] Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.4-т "улсын нийт гадаад өр"-ийг "Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс Монгол Улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг" гэж тодорхойлж өгсөн. Тус статистикийг Олон улсын валютын сан /ОУВС/-ийн "Гадаад секторын статистик боловсруулах 6 дугаар гарын авлага"-ын хүрээнд Монголбанк нь Сангийн яамтай хамтран Мэдээлэл тархаах ерөнхий системийн шаардлагын дагуу боловсруулж, олон нийтэд мэдээлж байна.

 

 

[2] Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8-д "Засгийн газрын өр гэж өрийн хэрэгслээр үүсгэж, Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг, хууль болон гэрээнд заасны дагуу гаргасан Засгийн газрын өрийн баталгааны дүн" гэж заасан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т "Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 88 хувиас, 2017 оны төсвийн жилд 85 хувиас, 2018 оны төсвийн жилд 80 хувиас, 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас, 2023 оны төсвийн жилд 65 хувиас, 2024 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна." гэж заасан.

 

 

[3] Америкийн Нэгдсэн Улс

 

 

[4] Japan Bank for International Cooperation

 

 

[5] Өрийн жигнэсэн дундаж хүү нь тайлант үеийн эцсийн өрийн үлдэгдэл болон тухайн зээлийн хүүгийн үржвэрийн нийлбэрийн нийт өрийн үлдэгдэлд харьцуулсан харьцаа юм.

 

 

[6] Эргэн төлөгдөх дундаж хугацаа нь тухайн өрийн үлдэгдэл дунджаар хэдэн жилийн дотор төлөгдөж дуусахыг тооцоолдог үзүүлэлт ба үүнийг зээллэгийн үлдсэн хугацааг тухайн зээллэгийн үлдэгдлээр үржин нийт өрийн үлдэгдэлд харьцуулж олно.

 

 

[7] Fixed буюу тогтмол

 

 

[8] Variable буюу хувьсах

 

 

[9] Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан /IFAD/

 

 

[10] Өрийн удирдлагын тухай хуулийн 7.1.6-д "нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх эсэхийг тухайн жилийн төсвийн хуулиар, шаардлагатай тохиолдолд тухай бүр шийдвэрлэх" гэж заасан.

 

 

 

[11] Medium-term debt management strategy