A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ОЙН ТУХАЙ ХУУЛЬДНЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ойн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3 дугаар зүйлийн 3.1.25-3.1.29 дэх заалт:

"3.1.25."ойн үр" гэж мод, бут, сөөг үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээхэд ашиглаж байгаа үржлийн зориулалттай үр хөврөл бүхий эрхтнийг;

3.1.26."үржлийн материал" гэж мод, бут, сөөг үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх зориулалт бүхий үр, ургал эрхтэн, үндэс, мөчрийн тайрдас, тарьц, суулгацыг;

3.1.27."ойн үрийн мужлал" гэж экологийн болон өндөршлийн хувьд төстэй бүс нутагт орших удамшил, гадаад илрэлийн хувьд адил шинж тэмдэг бүхий байгалийн ойн газар нутгийг;

3.1.28."ойн аж ахуйн арга хэмжээ" гэж ойг үржүүлэх, нөхөн сэргээх, хамгаалах, зохистой ашиглах, ойн тооллого, зохион байгуулалт, арчилгаа, цэвэрлэгээ хийхэд чиглэсэн цогц арга хэмжээг;

3.1.29."агро-ойн аж ахуй" гэж тухайн нутаг дэвсгэрийн хөрс, уур амьсгал, ус зүйн нөхцөлийг сайжруулах, таримал болон байгалийн ургамлын ургах орчныг дэмжсэн аж ахуйн арга хэмжээг."

2/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:

"14.3.Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.3.1.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, зохистой ашиглах, агро-ойн аж ахуйн талаарх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, ойн аж ахуйн арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

14.3.2.улсын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

14.3.3.улсын ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж, санхүүжүүлэх;

14.3.4.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, ашиглах зориулалтаар батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах, энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах;

14.3.5.ойн аж ахуйн арга хэмжээний заавар, аргачлалыг батлах, холбогдох стандарт, журмыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх;

14.3.6.ойн мэргэжлийн боловсон хүчний давтан болон ойн мэргэшлийн зэрэг олгох сургалтыг энэ хуулийн 41.2.2-т заасныг үндэслэн холбогдох их, дээд сургуультай хамтран зохион байгуулах;

14.3.7.ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх шинэ техник, технологийг судлах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүн, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

14.3.8.таримал ой ургуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүй, удирдлага зохион байгуулалтаар хангах, талуудын уялдаа холбоог зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

14.3.9.агро-ойн аж ахуйн арга хэмжээг удирдан зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

14.3.10.ойн аж ахуйн арга хэмжээний зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, баталгаажуулах;

14.3.11.ойн үрийн улсын нөөцийн сан байгуулах, баяжуулах, үйл ажиллагааг эрхлэх, үржлийн материал бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэх;

14.3.12.үржлийн материалын гарал үүслийн болон чанарын гэрчилгээний загвар боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;

14.3.13.ой, хээрийн түймрийн аюултай үед ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлэх, эргүүл, харуул ажиллуулах, бүх нийтийг татан оролцуулах талаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, түймрийн аюулын анги, зэрэглэлийг үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тодорхой үйл ажиллагааг зогсоох, хязгаарлах тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж, шийдвэрлүүлэх;

14.3.14.ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймэр унтраах арга ажиллагаанд сургах ажлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

14.3.15.хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах;

14.3.16.ашиглалтын болон хамгаалалтын бүсийн ойн менежментийг сайжруулах, ойн нөөцийг иж бүрэн, хаягдалгүй ашиглахтай холбоотой ойн техник, технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх;

14.3.17.ойн экологи, эдийн засгийн үнэлгээг боловсруулах;

14.3.18.энэ хуулийн 7.2-т заасны дагуу ойн тооллого, ой зохион байгуулалт хийх, ойн мониторингийн системийг хөгжүүлэх, ойн сангийн өөрчлөлтөд хяналт, шинжилгээ хийх;

14.3.19.ойн мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, бүрдүүлэх, баяжуулах, мэдээллээр хангах;

14.3.20.таримал ойг улсын ойн санд хүлээн авах;

14.3.21.ойн ангийн үлгэрчилсэн дүрмийг батлах;

14.3.22.ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, дүгнэлт гаргах;

14.3.23.ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох;

14.3.24.мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад газар эзэмшүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөнгөн урамшуулал олгох, тэдгээрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусгуулж шийдвэрлэх;

14.3.25.ойн нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх ажилд дотоод хяналтыг зохион байгуулах."

3/30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэг:

"30.6.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

4/301 дүгээр зүйл:

"301 дүгээр зүйл.Үржлийн материал бэлтгэх

Хэвлэх

301.1.Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан үрийг ашиглана.

301.2.Ойн үрийн мужлалын хилийн заагийг ойн шинжлэх ухааны байгууллагын саналыг үндэслэн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.

301.3.Байгалийн гамшгийн улмаас үр нөөцөлж чадаагүй, эсхүл үрийн бага ургацын жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үр нийлүүлэх, үр шинэчлэх зорилгоор удамшлын болон тарилтын сайн чанарын үрээр ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр ойн үрийн улсын нөөцийн санг бүрдүүлнэ.

301.4.Үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

301.5.Итгэмжлэгдсэн лаборатори ойн үрийн улсын нөөцийн санд нийлүүлэх болон худалдан борлуулах ойн үрийн шинжилгээ хийж, чанарын гэрчилгээг олгоно.

301.6.Гарал үүслийн болон чанарын гэрчилгээтэй үржлийн материалыг худалдан борлуулна.

301.7.Гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үрийг худалдах, импортлохыг хориглоно.

301.8.Үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."

2 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын "жил бүр" гэсний өмнө "таримал ой, мод үржүүлгийн газар, модлог ургамлын үрийн бодлого боловсруулж баталж, биелэлтийг хангуулах," гэж, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн "химийн бодис" гэсний дараа ", биологийн бэлдмэл" гэж, 28 дугаар зүйлийн гарчгийн "цэвэрлэгээ хийх" гэсний дараа ", хилийн зурвас гаргах, сэргээх" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Ойн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг:

"4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг орон нутгийн ойн ангийн тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ."

2/17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалт:

"17.2.8.аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;"

3/30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг:

"30.5.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

4 дүгээр зүйл.Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "Төрийн" гэснийг "Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн" гэж, 14 дүгээр зүйлийн гарчгийн "Ойн асуудал эрхэлсэн нэгж" гэснийг "Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүрэн эрх" гэж, мөн зүйлийн 14.1 дэх хэсгийн "Аймаг," гэснийг "Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/, аймаг," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн "төв" гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1.11 дэх заалтын ", биелэлтийг дүгнэн, ажил гүйцэтгэгчийг санхүүжүүлэх" гэснийг, мөн зүйлийн 13.1.13 дахь заалтын "боловсруулах," гэснийг, 17 дугаар зүйлийн 17.3.8 дахь заалтын ", ойн ангийн даргыг томилох, чөлөөлөх" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10, 13.1.12, 13.1.15-13.1.34 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР