- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 225
Улаанбаатар хот
"ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үндэсний баялгийн сан бий болгох бэлтгэл хангах зорилгоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар тогтож, "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газруудыг "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд ажиллуулсугай.
2. "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа, стратеги болон бизнес төлөвлөгөө, тухайн жилийн зорилтот түвшингийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, нийт үр ашгийг нэгдлийн хэмжээнд уялдуулан төлөвлөх саналаа боловсруулан энэ оны 8 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Энх-Амгалан)-д даалгасугай.
3. "Эрдэнэс Монгол" нэгдлийн хэмжээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн тоог 27-оос дээшгүй байхаар тогтоох зохион байгуулалтын арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлэхийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Энх-Амгалан)-д даалгасугай.
4. "Эрдэнэс Монгол" нэгдлийн хэмжээнд охин, хараат компани болон харьяа үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлэх, шаардлагатай бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах, түүнд шаардагдах зардлыг өөрийн санхүүгийн боломжит эх үүсвэрээс зохицуулалт хийх замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Энх-Амгалан)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A