- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОВД СУМЫН БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн
хуралдааны 7/6 тогтоолын хавсралт
ХОВД СУМЫН БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь тус сумын бэлчээрийг нөөц, даацад нь тохируулан зохистой ашиглаж байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр ашиглалтыг экологийн чадавхад суурилсан аргачлалаар төлөвлөх, уг төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.Монгол Улсын Үндсэн хуулийн (6), Төсвийн тухай хуулийн (60.2.8), Газрын тухай хуулийн (50.1.1, 52.1, 52.2, 52.4, 52.7, 53.4, 53.5, 63.1, 63,2), Малын генетик нөөцийн тухай хуулийн (8.3.6), Тариалангийн тухай хуулийн (24-р зүйл), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (37), Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн (7), Ашигт малтмалын тухай хуулийн (12), Малын тоо толгойн албан татварын хууль болон холбогдох бусад хууль тогтоомжууд, түүнтэй нийцүүлэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-т заасныг үндэслэн энэхүү журмыг боловсруулав.
1.3.Энэхүү журмыг сумын хэмжээнд дагаж мөрдөнө.
1.4.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдох арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 58.2, 60.2.8-д заасны дагуу сумын төсөв, төлөвлөгөөнд жил бүр тусгана.
1.5.Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч хариуцна.
1.6.Журмыг хэрэгжүүлснээр Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.4.1, 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 8.3.3, 8.3.4, 8.3.5, Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор баталсан "Монгол малчин" үндэсний хөтөлбөрийн 4.4 дэх зорилтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Хоёр. Ерөнхий шаардлага:
2.1.Зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны бэлчээр, отрын бүс нутгийг Газрын тухай хуулийн 52.2- д зааснаар тогтооно.
2.2.Тухайн жилд бэлчээр чөлөөлсөн бүс нутагт мал оруулан гишгүүлэх, заасан хугацаанаас түрүүлж зөвшөөрөлгүйгээр бүс нутагт нүүдэллэхгүй байх.
2.3.Сумын иргэдэд бэлчээр ашиглаж байсан уламжлалт туршлагыг түгээн дэлгэрүүлэх
2.4.Нутаглаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх зэрэг үйл ажиллагааг иргэн бүр өөрийн санаачилгаар хийдэг байх, энэ ажлыг үр хүүхдүүд, залуу хойч үедээ өвлүүлэх.
2.5.Сумын нутаг дэвсгэрт өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшигч иргэд нь тус сумын харьяалалгүй иргэнд эзэмших эрхээ шилжүүлэхгүй бөгөөд газар эзэмших эрхээсээ татгалзах тохиолдолд Засаг дарга, газрын даамалд мэдэгдэж гэрээг дуусгавар болгох
2.6.Өөрсдөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд иргэдийн шинээр эзэмших өвөлжөө, хаваржааны хоорондын зайн хэмжээ нь хамгийн доод талдаа 700 метрээс доошгүй зайд байрлах
2.7.Бусад аймаг сумуудын хил залгаа нутаг дэвсгэрийг бүрэн эзэмшиж, ашиглах
Гурав. Нутаг бэлчээрийг зохистой эзэмших ашиглах талаар:
Улирлаар ашиглах бүс нутагт мал бэлчээхэд мөрдөх хугацааг цагийн байдалтай уялдуулан доорх байдлаар тогтоов.
3.1.Багуудын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны бүс нутагт малаа маллахад мөрдөх хугацаа:
Бага нуур, Дунд хэв, Тосон булаг зэрэг газар нутгийн бэлчээрийг 6 дугаар сарын 20-нд чөлөөлөх
Бэл, Хатуугийн булаг, Хөөт Ендэрт, Улаан сай, Совогийн эх, Хатуугийн эх газар нутгийн бэлчээрийг 6 дугаар сарын 25 чөлөөлөх
Олон нуураас Хатуугийн эх, Улаан сайгийн эх, Совогийн эх зэргийг 8 сарын 10-нд орно.
Бэл, Хатуугийн булаг, Хөөт Ендэрт, Улаан сай 8 сарын 15-нд орно.
Багануур , Тосон булаг, Дунд хэв 8 сарын 20-нд орох
3.1.2.Ховд баг
Ховд гол дотор, гадна 6 дугаар сарын 20-нд чөлөөлнө.
Ховд гол гадна 8 дугаар сарын 20-нд орох
Ховд гол дотор 9 сарын 5-нд орох
Ховд голын хөвөө, суурин мал маллагааны бүс нутгийг 9 сарын 20-нд чөлөөлөх
3.1.3.Халиунбулаг баг
Ут хамар, Даваан зуух, хэрцийн зуух, Даваа хар, Гол эхэн, Уу ширэг, Хаг, Зуун Харгайн Хойд хөвөө, Урт зуух, Нарийн зуух- 6 дугаар сарын 20-нд гэхэд чөлөөлнө.
Амдууд / Ут хамар, Даваан зуух, хэрцийн зуух, Даваа хар, Гол эхэн, Уу ширэг, Хаг, Зуун Харгайн Хойд хөвөө, Урт зуух, Нарийн зуух /- 8 дугаар сарын 15-нд буух
Халиунбулаг, Боом- 8 дугаар сарын 20-нд буух
3.1.4.Шивэр баг
Шиврийн сай, Хусны эхэн- 6 дугаар сарын 25-нд чөлөөлөх
Доод нуур, Нуурын хөтөл, Дээд нуур /Богдын үзүүр хүртэл/ 7 дугаар сарын 1 гэхэд чөлөөлөх
Доод нуур, Нуурын хөтөл, Дээд нуур 8 сарын 5-нд буух
Шиврийн гол, Дээд ам чиглэлд 8 сарын 20-нд буух
3.2.Байгаль, цаг уурын онцгой нөхцөл, цагийн байдалтай уялдуулан сумын Онцгой комисс, багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг үндэслэн дээрх хугацаанд өөрчлөлт оруулж болно.
3.3.Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэнийг Багийн Засаг дарга саалийн үнээтэй байхаар шийдвэрлэнэ.
3.4.Аймаг дундын Отрын бүс нутагт хамаарах газар нутгийн бэлчээрийг энэ журмаар зохицуулахгүй.
3.5.Улирлаар ашиглах бүс нутагт тэмээ болон бог эцэг мал маллан зусах айлд энэхүү журам үйлчлэхгүй
Дөрөв.Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээ:
4.1.Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
4.1.2.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийг нэг үзүүлэлт болгох.
4.1.3.Энэ журмын хэрэгжилтийг ханган үлгэр жишээ ажиллаж буй баг, малчдын бүлэг, хэсэг, малчин, мал бүхий өрхийг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шагнал урамшуулалд тодорхойлох.
4.1.4.Малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зохистой ашиглах дадлыг бий болгох ажлыг зохион байгуулах.
4.1.5.Тухайн жилийн бэлчээрийн фото мониторингийн үнэлгээ, бэлчээрийн даац зэргийг үндэслэн бусад аймаг, сумын Засаг даргатай отор нүүдлийн гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэж, гэрээнд хугацаа, бэлчээр нутгийг заавал тусгана.
4.1.6.Бэлчээрийн даацыг тодорхойлох, суурь судалгааны тогтоогдсон цэгүүдийг хамгаалах, мониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
4.1.7.Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг байгуулах, ажлын хэсгийн үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, нэгдсэн удирдлагаар хангах.
4.1.8.Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг шийдвэр гаргаж хэрэгжилтийг зохион байгуулна.
4.1.9.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед сумын Засаг дарга шийдвэр гарган хэрэгжилтийг зохион байгуулна.
4.1.10.Малчдын бүлэг, айл өрх саахалтаараа хэлэлцэн тодорхой бэлчээр нутгийг нөөцлөн бэлчээрийн менежментийг сайжруулан ашиглахыг дэмжиж уг бэлчээр нутгийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж болно.
4.1.11.Сумын нутагт ашиглагддаггүй алсын бэлчээрийг ашиглах зорилгоор уст цэг гарган тэлж ашиглаж байгаа малчдын бүлэг, иргэдийг бодлогоор дэмжин тухайн жилийн бэлчээрийн хуваарьт тусгаж ажиллана.
4.2.Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1.Тухайн жилд хэрэгжүүлэх бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, шаардагдах зардлын төсөлд малчин өрх, малчдын бүлэг, хэсгийн саналыг авч тусгах, сумын Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж ашиглагдахгүй байгаа газар нутгийн судалгааг гарган багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
4.2.2.Бэлчээр ашиглалтын хуваарийг зөрчсөн малчин, мал бүхий иргэнд хугацаатай мэдэгдэх хуудас өгч, сумын Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах
4.2.3.Бэлчээрийн хуваарийн дагуу газраа чөлөөлөөгүй малчин, мал бүхий иргэнийг албадан нүүлгэж, гарсан зардлыг тухайн малчнаас гаргуулах,
4.2.4.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, хуваарийг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, санал авах, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
4.2.5.Энэ журамд заасан үйл ажиллагааг зохион байгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан санал, шийдвэр, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, бэлчээр ашиглах хуваарийг малчин өрхүүдэд танилцуулах, хэрэгжилтийг зохион байгуулах.
4.2.6.Бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн талбай болон бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалтын ажлыг зохион байгуулах.
4.3.Сумын хөдөө аж ахуйн тасаг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1.Бэлчээр ашиглалтын хуваарийн төсөлд тусгах саналыг багийн Засаг дарга болон багийн Иргэдийн нийтийн хурлаас авч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах ажлыг зохион байгуулах.
4.3.2.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт-шинжилгээ үнэлгээг хийлгэх, бэлчээрийг ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг боловсруулах,
4.3.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,
4.3.4.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед санал боловсруулан сумын Засаг дарга танилцуулах,
4.3.5.Жил бүр бэлчээр, хадлангийн газарт фото мониторинг хийж дүнг олон жилийн дундажтай харьцуулан заасан бэлчээр ашиглагчдын хэсэг, малчин өрх, орон нутгийн удирдлагад мэдээлэх,
4.3.6.Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
4.3.7.Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;
4.3.8.Бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах ажлыг зохион байгуулах.
4.3.9.Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэх арга хэмжээг байгаль орчинд халгүй, дэвшилтэт арга технологи ашиглан зохион байгуулах.
4.3.10.Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, цас борооны ус тогтоох, усан сан, нуур, хөв, цөөрөм байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар малчид, иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих.
4.3.11.Бэлчээр ашиглагч-малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах талаар сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгох ажлыг зохион байгуулах.
4.4.Сумын газрын даамал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1.Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;
4.4.2.Өвөлжөө, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх ажлыг зохион байгуулах
4.4.3.Өвөлжөө, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих.
4.4.4.Сумын Засаг даргатай малчдын бүлэг, хэсгийн байгуулсан бэлчээр ашиглуулах гэрээг бүртгэх, гэрээг сумын газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах ажилд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх.
4.4.5.Бэлчээр ашиглуулах гэрээ боловсруулах, байгуулах, хэрэгжилт, биелэлтийг дүгнэх чиглэлээр холбогдох албан тушаалтан, байгууллага, малчдыг мэдээллээр хангах.
4.4.6.Газрын тухай хуулийн 58.5 дахь хэсэгт заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, дүнг мэдээлэх.
4.4.7.Фото мониторингийн аргачлалын дагуу буулгасан зурган мэдээлэлд боловсруулалт хийж, төлөв байдлыг тодорхойлох, даацын мэдээ гаргах ажлыг сумын газрын даамал гүйцэтгэнэ.
4.4.8.Фото мониторингийн дүнг үндэслэн орон нутгийн удирдлага, Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, малчдад зориулсан тайлан, мэдээ гаргах ажлыг сумын бэлчээрийн мэргэжилтэн,газрын даамал хариуцна.
4.5.Сумын Цаг уурын өртөө дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.2.Хур тунадас бага үед үүлэнд болон цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц ажиллуулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулна.
4.5.3.Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажилд оролцож ажиллана.
4.6.Мал эмнэлгийн тасаг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.6.1.Мал, амьтны шилжилт хөдөлгөөн, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлын баталгаажуулалтын хяналтыг тогтмол хэрэгжүүлнэ.
4.6.2.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэр дэх мал, амьтны шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөлтийг малчин өрхийн малын албан ёсны бүртгэл, мал эмнэлгийн гэрчилгээ /эрүүл мэндийн тодорхойлолт/ олголттой харьцуулан хяналт тавих
4.7.Малчид, мал бүхий иргэдийн хүлээх үүрэг:
4.7.1.Бэлчээрийг ашиглаж байгаа иргэд тухайн газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх, Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх;
4.7.2.Сумын ИТХ-аас батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрт хамаарагдах зуслангийн газрыг сумын малчид, мал бүхий иргэд нийтээрээ эзэмших,
4.7.3.Бусад сум, орон нутгаас малчдын малыг авч маллахгүй байх, бусад зэргэлдээ аймаг сумын малчдын малыг зусуулахгүй байх, мал худалдаж авах, бэлгэд авах, өөр аймаг суманд отроор болон нүүдэллээд ирж байгаа тохиолдолд сумын мал эмнэлгийн тасагт мэдэгдэж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах
4.7.4.Сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх,
4.7.5.Тухайн жилийн бэлчээрийн хуваарь, бэлчээрийг зүй зохистой ашиглах талаарх саналаа багийн Иргэдийн нийтийн хурлаар дамжуулан өгөх,
4.7.6.Бэлчээр ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах багийн Иргэдийн нийтийн хурлаар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах
4.7.7.Өөрийн ашиглаж байгаа бэлчээрт ой хээрийн түймэр болон байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагад мэдээлэх, хамтран ажиллах
4.7.8.Гол, горхи, булаг шандын эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх
4.7.9.Тогтоосон журмын дагуу нэгдсэн зохицуулалтаар малаас чөлөөлсөн бэлчээр буюу өвөлжөө, хаваржаа түүний ойр орчинд дураар мал оруулахгүй байх
4.7.10.Бэлчээрийн хуваарийн дагуу газраа чөлөөлөөгүйгээс албадан нүүлгэсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн малчин хариуцах
Тав. Журмын биелэлтийг хангах талаар:
5.1.Энэ журмыг хэрэгжүүлэх, зохион байгуулж, хяналт тавих ажиллах ажлын хэсгийн багийн Засаг дарга нар, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн малын эмнэлгийн тасгийн даргын төлөөллийг оролцуулан сумын Засаг даргын шийдвэрээр ажиллуулах
Зургаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох,
хохирол нөхөн төлүүлэх:
6.1.Энэхүү журам нь бусад аймаг, сумаас нутагшилтын хил заагийг зөрчиж нүүдэллэн ирсэн иргэнд нэгэн адил хамаарна.
6.2.Сумын малчин мал бүхий иргэд отроор яваа гаднын харьяалалгүй иргэн сумын нутаг дэвсгэрт гаднын аймаг сумын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг, хашаа хороо, уст цэгийг үнэлж дамжуулан ашиглуулсан, худалдсан бол холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэж хариуцлага хүлээлгэхээс гадна суманд бүртгэлтэй өвөлжөө хаваржааны эзэмшлийн гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
6.3.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг маргалдагч талууд болон багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн хурлын зөвлөл, багийн Засаг дарга нарын төлөөллийг байлцуулан зөвшилцөж, журмын хүрээнд эвлэрлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
6.4.Энэхүү журмын зөрчсөн малчид, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагч дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд: Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.6, 8.1.8-д заасны дагуу хариуцлага тооцно.
6.5.Бэлчээр ашиглалтын хуваарь зөрчиж нүүгээгүйн улмаас малаараа бусдын бэлчээр идүүлсэн малчин, мал бүхий иргэнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 заалтуудыг тус тус үндэслэл болгон Газрын харилцаа геодези зураг зүйн газраас гаргасан аргачлалын дагуу бэлчээрт учирсан хохирлыг тооцож нөхөн төлбөр оногдуулж, төлбөрийг орон нутгийн хүү торгуулийн орлогын дансанд төвлөрүүлнэ.
6.6.Журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
6.7.Бэлчээрийн бүс нутгийн улирлын хуваарь зөрчин, бусдын өвөлжөө хаваржаанд хохирол учруулбал албадан нүүлгэн түүнд гарах зардлыг тухайн малчнаас гаргуулна.
Долоо. Журам хүчин төгөлдөр болох.
Текст томруулах
A
A
A