A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа, далайчны чадамжийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

2 дугаар зүйл.Хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Далай ашиглах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далай ашиглах үйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдэд улсын харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үйлчилнэ.

3.2.Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр зөвхөн Монгол Улсын хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёо

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."хөлөг онгоц" гэж далай ашиглах үйл ажиллагаа явуулахад зориулагдсан хөдөлгүүрт болон хөдөлгүүрт бус инженерийн хөвөгч байгууламжийг;

4.1.2."Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц" гэж энэ хуулийн 22 дугаар зүйлийн дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцыг;

4.1.3."боомт" гэж хөлөг онгоц зогсоход зориулагдсан, тусгай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон далайн эргийн зогсоол бүхий байгууламжийг;

4.1.4."хөвөлтөд тохирсон" гэж тухайн төрөл, зориулалтын хөлөг онгоц экологи, аюулгүйн болон техникийн дүрмийн шаардлага хангасан, аюулгүй аялахад зайлшгүй шаардлагатай бүрэн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг, бүх төрлийн нөөц, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдлыг;

4.1.5."ахмад" гэж далай ашиглах үйл ажиллагааг аюулгүй хэрэгжүүлэхийн тулд хөлөг онгоц, багийн бүрэлдэхүүнийг хөлөг онгоцны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хариуцан удирдаж байгаа этгээдийг;

4.1.6."хөлөг онгоцны баг" гэж хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий мэргэжлийн бүрэлдэхүүнийг;

4.1.7."хөлөг онгоцыг дангаар түрээслэх" /бербоут-чартер/ гэж түрээслэгч хөлөг онгоцыг өөрийн эзэмшил, ашиглалтад авч, түүнд бүрэн хяналт тавих, хөлөг онгоцны ахмад болон багийн бүрэлдэхүүнийг сонгож томилох эрхтэйгээр түрээслүүлэгчээс түрээслэгчид шилжүүлж байгаа албан ёсны гэрээг;

4.1.8."хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага" гэж Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх, бүртгүүлсэн хөлөг онгоцонд үзлэг оношилгоо, техникийн хяналтыг хэрэгжүүлж, холбогдох гэрчилгээ олгох эрхийг Далайн захиргаанаас авсан ангиллын нийгэмлэг буюу хуулийн этгээдийг;

4.1.9."хөлөг онгоц эзэмшигч" гэж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу тодорхой хугацаагаар хөлөг онгоцыг эзэмших эрхийг хууль болон хэлцлийн үндсэн дээр авч, үүрэг хүлээж, ашиглаж байгаа хүн болон хуулийн этгээдийг;

4.1.10."далбааны эзэн улсын хяналт" гэж Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжид заасан шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг;

4.1.11."аврах ажиллагаа" гэж далайд аюулд өртсөн хөлөг онгоц, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврах, тусламж үзүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа цогц үйл ажиллагааг;

4.1.12."далайчин" гэж хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах, далайн орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ДАЛАЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

5 дугаар зүйл.Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

5.1.Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.далай ашиглах үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

5.1.2.далай ашиглахтай холбогдсон Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, тэдгээрт хууль тогтоомжийг нийцүүлж, биелэлтийг хангуулах;

5.1.3.Олон Улсын Далайн Байгууллагын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Олон Улсын Далайн Байгууллагад хүргүүлэх;

5.1.4.гэрээний үндсэн дээр зарим чиг үүргийг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх;

5.1.5.далайн эрэг бүхий улстай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу далайн боомт ашиглах үйл ажиллагааг зохицуулах, зохион байгуулах.

5.2.Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана.

6 дугаар зүйл.Монгол Улсын Далайн захиргааны эрх, үүрэг

Хэвлэх

6.1.Далайн захиргаа Монгол Улсын олон улсын гэрээний дагуу дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1.далай ашиглах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

6.1.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоцыг бүртгэх;

6.1.3.хөлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжид техникийн хяналт тавих;

6.1.4.хөлөг онгоц дээр ажиллагсад, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;

6.1.5.далай ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

6.1.6.хөлөг онгоцны байршлыг тогтоох, алсын зайнаас хянах үйл ажиллагаанд хяналт тавих;

6.1.7.хөлөг онгоцноос далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, бохирдсон үед холбогдох арга хэмжээ авах;

6.1.8.энэ хуулийн 5.1.5-д заасан далайн боомт ашиглахтай холбогдсон судалгаа, шинжилгээ хийх;

6.1.9.далайн чиглэлээр дотоод, гадаадын холбогдох байгууллагатай хамтарсан сургалт зохион байгуулах, мэргэжилтэй ажилтан сургах, давтан сургах, мэргэшүүлэх;

6.1.10.гадаад орны эрх бүхий байгууллагаас олгосон, олон улсын гэрээ, конвенцын шаардлагыг хангасан далайчны чадамжийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах;

6.1.11.хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах үндэсний хүний нөөцийн ойрын болон хэтийн хэрэгцээг тодорхойлох, тэдгээрийг холбогдох олон улсын гэрээнд нийцүүлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах;

6.1.12.Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулах;

6.1.13.хуулиар тусгайлан эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

6.1.14.далайн осол, зөрчлийг шинжлэн шалгасан зөвлөмжийг үндэслэн цаашид осол, зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

6.1.15.хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-иос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах.

6.2.Энэ хуулийн 6.1.3, 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.7, 6.1.9, 6.1.11, 6.1.14-т заасан үйл ажиллагааг олон улсын холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.

6.3.Далайн захиргаа энэ хуульд нийцүүлэн техникийн болон бусад стандарт, дүрэм, журмыг өөрийн эрх мэдлийн хүрээнд боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулж, тэдгээрийг бүртгэлтэй хөлөг онгоцонд даган мөрдүүлж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨЛӨГ ОНГОЦ, БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ХӨЛӨГ ОНГОЦ ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА

7 дугаар зүйл.Хөлөг онгоц

Хэвлэх

7.1.Хөлөг онгоц нь багийн бүрэлдэхүүн болон зорчигчийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, тээвэрлэж байгаа ачааны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах, далайн орчныг бохирдуулахгүй байхад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

7.2.Далайн аялалд зөвхөн хөвөлтөд тохирсон хөлөг онгоц гарна.

8 дугаар зүйл.Хөлөг онгоц дээр Монгол Улсын төрийн далбааг мандуулах

Хэвлэх

8.1.Монгол Улсын төрийн далбааг мандуулах эрхийг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд олгоно.

8.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц Монгол Улсад харьяалагдаж байгааг тодорхойлох бэлгэ тэмдэг нь Монгол Улсын төрийн далбаа байна.

8.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр мандуулах Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан өнгө, хэлбэр, хэмжээтэй байх бөгөөд Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн З дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын төрийн далбааг дүрсэлж, мандуулна.

9 дүгээр зүйл.Хөлөг онгоцны нэр

Хэвлэх

9.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц бүр оноосон нэртэй байна. Хөлөг онгоцны нэр нь бусад хөлөг онгоцны нэртэй давхцахгүй байна.

9.2.Хөлөг онгоцны эзэмших эрхийг шилжүүлэх, эсхүл бусад хүлээн зөвшөөрөхүйц нөхцөлд хөлөг онгоцны нэрийг сольж болно. Хөлөг онгоцны нэр сольсон тохиолдолд бүртгэлд тэмдэглэгээ хийж, гэрчилгээг шинээр олгоно.

10 дугаар зүйл.Дуудлагын дугаар

Хэвлэх

10.1.Далайн захиргаа хөлөг онгоцонд хиймэл дагуулын холбооны болон хөлөг онгоцны дуудлагын дугаар олгоно.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан дугаар олгох журмыг Далайн захиргаа батална.

11 дүгээр зүйл.Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүн

Хэвлэх

11.1.Хөлөг онгоцны баг нь ахмад болон багийн гишүүдээс бүрдэнэ.

11.2.Хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн өндөр ур чадвар, бэлтгэлтэй, эрүүл мэндээр тэнцэх, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг олон улсын холбогдох конвенцод нийцүүлэн гэрээгээр ажиллуулна.

11.3.Хөлөг онгоцны багийн сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг хөлөг онгоц эзэмшигч батална.

12 дугаар зүйл.Хөлөг онгоцны ахмад, түүний эрх, үүрэг

Хэвлэх

12.1.Хөлөг онгоцны багийг ахмад удирдана.

12.2.Хөлөг онгоцны ахмад нь хөлөг онгоцыг удирдан зохион байгуулах, хөлөг онгоц аялалд гарах болон аяллын үеийн аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц дээрх дэг журмыг сахиулах, багийн гишүүд, зорчигчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах, ачаанд учирч болзошгүй гэмтэл, хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

12.3.Ахмад нь багийн гишүүдийг урамшуулах, сахилгын дүрмийн дагуу арга хэмжээ авах эрхтэй.

13 дугаар зүйл.Далайн мэдэгдэл гаргах

Хэвлэх

13.1.Хөлөг онгоц далайд аялах, боомтод зогсох үед байгалийн болон техникийн аюул, ослын улмаас үүссэн нөхцөл байдал нь хөлөг онгоц эзэмшигч эд хөрөнгийн нэхэмжлэл гаргах үндэслэл болохоор байвал ахмад нь хөлөг онгоц эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор уг боомтын тогтоосон журмын дагуу өөрийн улсын дипломат төлөөлөгчийн газар, эсхүл тухайн улсын эрх бүхий албан тушаалтанд далайн мэдэгдэл гаргаж болно.

13.2.Далайн мэдэгдэлд аюул, ослын нөхцөл байдал, итгэмжлэгдсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар ахмадын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тусгасан байвал зохино.

14 дүгээр зүйл.Хөлөг онгоцыг орхих

Хэвлэх

14.1.Хөлөг онгоц сүйрэх нь гарцаагүй болсон тохиолдолд ахмад нь зорчигч, багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, хөлөг онгоцыг орхих шийдвэр гаргана.

14.2.Ахмад нь зорчигч, багийн гишүүд хөлөг онгоцыг орхисны дараа хөлөг онгоцны баримт бичгийг авч, хөлөг онгоцыг хамгийн сүүлд орхино.

15 дугаар зүйл.Хөлөг онгоц дээр гэмт хэрэг гарах

Хэвлэх

15.1.Хөлөг онгоц дээр гэмт хэрэг гарсан тохиолдолд хэрэг бүртгэх ажиллагааг ахмад гүйцэтгэнэ.

15.2.Хөлөг онгоц халдлагад өртсөн тохиолдолд Далайн эрх зүйн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц болон Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенцоор зохицуулна.

16 дугаар зүйл.Хөлөг онгоц дээр хүн төрөх, нас барах

Хэвлэх

16.1.Хөлөг онгоц дээр хүүхэд төрсөн болон хүн нас барсан тохиолдолд ахмад хөлөг онгоцны эмч, хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан баримт үйлдэж, энэ тухай хөлөг онгоцны дэвтэрт тэмдэглэл хийнэ.

16.2.Ахмад нас барсан хүний эд хөрөнгийн жагсаалтыг хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан үйлдэж, эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх хүртэл хадгална.

16.3.Хөлөг онгоц далайд удаан хугацаагаар аялах үед шарилыг хадгалах боломжгүй тохиолдолд ахмад ар гэрийнхэнтэй нь холбогдож, тэднээс зөвшөөрөл авсны үндсэн дээр энэ хуулийн 16.1-д заасан баримтыг бүрдүүлэн шарилыг далайчдын ёс заншлын дагуу далайд оршуулж болно.

17 дугаар зүйл.Хөлөг онгоцны эвдрэл, гэмтэл, ослын талаар мэдээлэх

Хэвлэх

17.1.Хөлөг онгоцны аюулгүй ажиллагаанд шууд нөлөөлөхүйц эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хөлөг онгоц эзэмшигч болон ахмад Далайн захиргаанд шуурхай мэдэгдэнэ.

17.2.Хөлөг онгоц болон түүний тоног төхөөрөмжид техникийн өөрчлөлт хийсэн бол хөлөг онгоц эзэмшигч болон ахмад Далайн захиргаанд энэ тухай долоо хоногийн дотор мэдэгдэнэ.

17.3.Хөлөг онгоц эзэмшигч болон ахмад дараах нөхцөл байдал бий болсноос хойш 24 цагийн дотор энэ тухай Далайн захиргаанд мэдэгдэнэ:

17.3.1.хөлөг онгоцны их бие, гадаргуу, тоног төхөөрөмж, хөвөгч механизмд хөлөг онгоцны аюулгүй хөвөлтөд нөлөөлөхүйц гэмтэл гарсан;

17.3.2.хөлөг онгоцонд эвдрэл гарсан, өөр биеттэй мөргөлдсөн, бусад хөлөг онгоцны хөдөлгөөнөөс шалтгаалж хөлөг онгоц ноцтой аюулд өртөх нөхцөл байдал бий болсон;

17.3.3.хөлөг онгоц хайргадсан, эсхүл осолдсон.

18 дугаар зүйл.Хөлөг онгоцны багийн гишүүн

Хэвлэх

18.1.Хөлөг онгоцны багийн гишүүн дараах шаардлагыг хангасан байна:

18.1.1.мэргэшил, ажлын туршлага, насны хязгаар, эрүүл мэндийн шаардлагыг хангаж, холбогдох эрх бүхий мэргэжлийн сургалтын байгууллагаас чадамжийн гэрчилгээ авсан байх;

18.1.2.Далайн захиргаанаас баталгаажуулсан энэ хуулийн 6.1.10-т заасан гэрчилгээтэй байх.

19 дүгээр зүйл.Хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа

Хэвлэх

19.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны багийн гишүүдийн хөдөлмөрийн харилцааг энэ хууль, Далайн хөдөлмөрийн тухай конвенц, Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай конвенцын дагуу зохицуулна.

19.2.Хөлөг онгоцны ахмад ээлжийн ажиллагааны найдвартай, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

19.3.Ээлжийн ажиллагааг багийн гишүүд хангалттай амарч, ээлжийн ажлаа бүрэн гүйцэтгэх чадвартай байхаар зохион байгуулна.

20 дугаар зүйл.Хөлөг онгоц эзэмшигчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой хүлээх үүрэг

Хэвлэх

20.1.Хөлөг онгоц эзэмшигч нь хөлөг онгоцны багийн гишүүдийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой дараах үүрэг хүлээнэ:

20.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах;

20.1.2.эрүүл мэндийг хамгаалах;

20.1.3.эрэн хайх, авран туслах ажиллагаанд шаардлагатай хэрэгслээр хангах;

20.1.4.хоол хүнс болон хэрэглээний усаар тасралтгүй хангах;

20.1.5.хөдөлмөр эрхлэх болон амрах таатай нөхцөл бүхий газар, орчныг бүрдүүлэх;

20.1.6.соёлын болон ахуйн нөхцөлөөр хангах.

20.2.Хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнийг дараах даатгалын үйлчилгээнд хамруулсан байна:

20.2.1.цалин хөлс болон бусад төлбөр, эх орондоо буцах зардлын даатгал;

20.2.2.албан үүргээ гүйцэтгэх үеийн амь нас, эрүүл мэндийн даатгал.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан шаардлагыг хангасан хөлөг онгоц аялалд гарна.

20.4.Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх харилцааг Монгол Улсын холбогдох хууль, олон улсын гэрээгээр зохицуулна.

20.5.Хөлөг онгоц эзэмшигч нь хөлөг онгоцоо сураггүй алга болсон тохиолдолд хөлөг онгоцны нэр, албан ёсны дугаар, сураггүй алга болсон талаарх таамаглалын шалтгаан зэргийг 24 цагийн дотор Далайн захиргаанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ, ДАЛБААНЫ ЭЗЭН УЛСЫН ХЯНАЛТ

21 дүгээр зүйл.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт

Хэвлэх

21.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна.

21.2.Хөлөг онгоц нь бүртгэлд байх хугацаанд хөлөг онгоц дээр хөлөг онгоцны бүртгэлийн боомтын нэр буюу "Улаанбаатар" гэсэн бичиглэлийг алсаас тод харагдахуйц байдлаар бичсэн байх бөгөөд хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээ бүр дээр бүртгэлийн боомтын нэрийг тэмдэглэсэн байна.

22 дугаар зүйл.Хөлөг онгоцны бүртгэл

Хэвлэх

22.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн харьяалал бүхий цэрэг дайны зориулалттай хөлөг онгоц болон загас агнуур хийх, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг хөлөг онгоцноос бусад бүх төрлийн хөлөг онгоцыг бүртгэнэ.

22.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл нь "нээлттэй бүртгэл" хэлбэртэй байх бөгөөд бүртгүүлэх хөлөг онгоцны эзэмшигч, ахмад, багийн гишүүний иргэний харьяаллыг харгалзахгүйгээр бүртгэлд хамруулна.

22.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журмыг Засгийн газар батална.

22.4.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэх, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах, бүртгэлийг цуцлах, далбааны эзэн улсын хяналт тавихтай холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээний доод хязгаарыг Засгийн газар тогтооно.

22.5.Энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Далайн захиргаа нь хөлөг онгоцонд олгосон гэрчилгээ, бусад баримт бичгийг нөхөн олговор олгохгүйгээр хүчингүй болгох эрхтэй.

22.6.Хөлөг онгоцны бүртгэлийн түр болон байнгын гэрчилгээ, хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээ, баталгаажуулах гэрчилгээ зэрэг бүртгэлтэй холбоотой бусад баримт бичгийн загварыг Далайн захиргаа батална.

22.7.Далайчны чадамжийн гэрчилгээг хүлээн зөвшөөрч, баталгаажуулахтай холбоотой харилцааг энэ хуулийн 22.3-т заасан журмаар зохицуулна.

23 дугаар зүйл.Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа

Хэвлэх

23.1.Хөлөг онгоц эзэмшигч болон тэднээс хууль ёсны дагуу эрх олгогдсон этгээд хөлөг онгоцоо бүртгүүлэхдээ хөлөг онгоцны нэр, цэвэр, бохир даац, хөлөг онгоц үйлдвэрлэсэн газар, хугацаа, эзэмшигчийн албан ёсны нэр, хаяг зэргийг Далайн захиргаанд мэдүүлнэ.

23.2.Хөлөг онгоц бүртгүүлэх хүсэлтийг Далайн захиргаанаас баталсан маягтын дагуу гаргах бөгөөд дагалдах бусад баримт бичгийг хавсаргана.

23.3.Далайн захиргаа үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хөлөг онгоцыг бүртгэхээс татгалзаж болно.

23.4.Хөлөг онгоцыг бүртгэхэд хөлөг онгоцны бүртгэлийн дугаарыг олгох бөгөөд бүртгэлийн гэрчилгээ болон хөлөг онгоцны бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэнэ.

23.5.Бүртгэлийн дугаар хөтлөх журмыг Далайн захиргаа батална.

23.6.Далайн захиргаа нь хөлөг онгоц эзэмшигчээс ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримт бичгийг хянаж, бүртгэх шаардлага хангасан бол хөлөг онгоцонд бүртгэлийн түр гэрчилгээг зургаан сар хүртэл хугацаатай олгоно.

23.7.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны эзэмшигч дараах тохиолдолд хөлөг онгоцыг бүртгэлээс хасуулах хүсэлтийг бичгээрр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно:

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./

23.7.1.хөлөг онгоцны зээлийн гэрээний нөхцөл хангагдсан байх;

23.7.2.хөлөг онгоцны ахмад, багийн гишүүдээс цалин хөлсний талаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй байх.

24 дүгээр зүйл.Хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээ олгох

Хэвлэх

24.1.Хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээний дагуу бусад улсын бүртгэлд байгаа хөлөг онгоц дараах материалыг бүрдүүлэн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлж, хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээг хоёр жил хүртэл хугацаатай авч болно:

24.1.1.хөлөг онгоц эзэмшигчийн гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт;

24.1.2.хөлөг онгоц эзэмшигч болон түрээслэгч хооронд байгуулсан хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээний эх хувь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хувь;

24.1.3.хөлөг онгоцны эзэмшлийг баталгаажуулсан баримт;

24.1.4.хөлөг онгоцны бүртгэлд нь бүртгэлтэй байгаа улсын эрх бүхий байгууллагын хөлөг онгоцны түрээсийн хугацаанд өөр улсын бүртгэлд шилжүүлэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл;

24.1.5.хөлөг онгоцны тухайн үеийн бүртгэлийн болон техникийн хүчин төгөлдөр гэрчилгээний хуулбар;

24.1.6.хөлөг онгоцны эзэмшлийн болон бүртгэлийн тэмдэглэлийн гэрчилгээ.

24.2.Хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээний хугацаанд хөлөг онгоцны эзэмшлийг өөрчлөхтэй холбогдох бүртгэл хийхгүй.

24.3.Түрээслэгч хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргасан бол хөлөг онгоц дангаар түрээслэх гэрээний хүчинтэй хугацаанд бүртгэлийн гэрчилгээг хоёр жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.

24.4.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц бусад улсын хөлөг онгоц дангаар түрээслэх бүртгэлд бүртгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Далайн захиргаанаас өөр бүртгэлд шилжүүлэх зөвшөөрлийг авсан байна. Уг зөвшөөрлийг авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

24.4.1.хөлөг онгоц эзэмшигчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөл;

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./

24.4.2.оролцогч тал тус бүрийн хөлөг онгоцны үл хөдлөх хөрөнгийн барьцаа, нэхэмжлэлтэй холбоотой бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөл.

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./

25 дугаар зүйл.Хөлөг онгоцны зээлийн баталгааг бүртгэх

Хэвлэх

25.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц, түүний хувьцаа нь зээл болон эд хөрөнгийн баталгаа болж болох бөгөөд Далайн захиргаа хөлөг онгоцны зээлийн баталгааг бүртгэж, гэрчилгээ олгоно.

25.2.Далайн захиргаа энэ хуулийн 25.1-д заасан баталгааг бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан огноог цаг, минутаар нь бүртгэж, гарын үсэг зурж баталгаажуулна.

25.3.Хөлөг онгоц эзэмшигч зээлийн төлбөрөө бүрэн төлсөн бол энэ тухай баримт бичгийг бүртгүүлж, зээлийн баталгааг бүртгэлээс хасуулна.

25.4.Зээлийн баталгааг өөр этгээдэд шилжүүлэх бол шилжүүлэн авагчийг Далайн захиргаанд бүртгүүлнэ.

26 дугаар зүйл.Хөлөг онгоцонд тавих техникийн хяналт

Хэвлэх

26.1.Далбааны эзэн улсын хувьд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэх болон бүртгэгдсэн хөлөг онгоцонд Монгол Улсын нэрийн өмнөөс техникийн үзлэг, шалгалт хийж, хяналт тавих, холбогдох гэрчилгээ олгох хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилон ажиллуулна.

26.2.Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагын хүрээг Далайн захиргаатай байгуулах гэрээгээр тодорхойлно.

26.3.Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг томилох, түүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааг хянан зохицуулах журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

27 дугаар зүйл.Далбааны эзэн улсын хяналт

Хэвлэх

27.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц болон багийн бүрэлдэхүүн олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжид заасан шаардлага хангаж байгаа эсэхэд хийх хяналт, шалгалтыг далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

27.2.Хяналт, шалгалт нь дараах чиглэлтэй байна:

27.2.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц техникийн аюулгүй ажиллагааг хангаж, далайн тээврийн аюулгүй байдал, далайн орчныг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлснийг баталгаажуулах;

27.2.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх;

27.2.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны бодит нөхцөл байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас олгосон хөлөг онгоц дээр байрлуулсан гэрчилгээнд заасан техникийн шаардлагатай нийцэж байгаа эсэхийг тодорхойлох;

27.2.4.хөлөг онгоцны багийн гишүүд бүх төрлийн бохирдлоос сэргийлэх болон аюулгүй ажиллагааны үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

27.2.5.хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын ажлын гүйцэтгэл болон далбааны эзэн улсын өмнөөс үйл ажиллагаа явуулахаар томилогдсон шинжээчдийн ажилд хяналт тавих.

28 дугаар зүйл.Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

Хэвлэх

28.1.Далайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагчийн эрхийг олгоно.

28.2.Хяналтын улсын байцаагч нь хөлөг онгоцны инженер мэргэжилтэй, далайн салбарын ажлын туршлагатай, холбогдох сургалтын хөтөлбөрт хамрагдаж мэргэшсэн, эрүүл чийрэг, бие бялдрын бэлтгэлтэй байх зэрэг ерөнхий шаардлагыг хангасан байна.

28.3.Хяналтын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

28.3.1.албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас, техник, тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагдах;

28.3.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд чөлөөтэй нэвтрэх, зорчих;

28.3.3.хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг хөлөг онгоц эзэмшигчээс болон ахмадаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

28.3.4.хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар хөлөг онгоц эзэмшигч болон ахмадад шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;

28.3.5.хяналт, шалгалтаас гаргасан дүгнэлт, албан шаардлага, тоон мэдээлэл, нотлох баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;

28.3.6.хуульд заасны дагуу хариуцлага оногдуулах;

28.3.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

28.4.Хяналтын улсын байцаагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд дүрэмт хувцасны загвар, ялгах тэмдгийг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

28.5.Далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг Далайн захиргаанаас томилсон далайн эрэг бүхий улсын хянан шалгагч хэрэгжүүлж болно.

28.6.Хянан шалгагч нь хөлөг онгоцны инженерийн мэргэжилтэй, хөлөг онгоц дээр мэргэжлээрээ тасралтгүй таваас доошгүй жил ажилласан байх бөгөөд энэ хуулийн 28.3.1, 28.3.2, 28.3.3, 28.3.4, 28.3.5-д заасан бүрэн эрхийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.

29 дүгээр зүйл.Хөлөг онгоцонд хяналт, шалгалт хийх

Хэвлэх

29.1.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоцыг боомтод ирэхээс өмнө хяналт, шалгалт хийх талаар хөлөг онгоцны төлөөлөгчид урьдчилан мэдэгдэнэ.

29.2.Хөлөг онгоцны төлөөлөгч нь хяналтын улсын байцаагч, хянан шалгагчийг хөлөг онгоц дээр гарахад шаардагдах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас урьдчилан авч бэлтгэсэн байна.

29.3.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоц боомтод ирмэгц хөлөг онгоцны бүх хэсэг, тоног төхөөрөмж бүрэн ажиллаж байх нөхцөлд хөлөг онгоцны ахмад, багийн гишүүдийг байлцуулан хяналт, шалгалт хийнэ.

29.4.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлын талаар хөлөг онгоц эзэмшигчид мэдэгдэнэ.

29.5.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хөлөг онгоцны багийн гишүүний хөдөлмөрийн нөхцөл, ажиллаж, амьдрах байр, хоол хүнсний хангамж, эрүүл мэндийн хамгаалал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжид хяналт, шалгалт хийхээс гадна хөлөг онгоц болон далайчинд олгосон чадамжийн гэрчилгээг нягтлан шалгана.

29.6.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцын дагуу шаардлагад нийцсэн багийн бүрэлдэхүүнтэй, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд хөлөг онгоцны аюулгүй ажиллагаа, гал унтраах хэрэгслийн нөхцөл байдалд чиглэсэн шалгалт явуулна.

29.7.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийн дагуу хөлөг онгоцны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай тайлан гаргаж, баталгаажуулна.

29.8.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалтын тайланг хөлгийн ахмадад заавал танилцуулна.

29.9.Хяналтын улсын байцаагч, хянан шалгагч нь хяналт, шалгалтын үеэр зөрчил илэрсэн тохиолдолд энэ тухай хөлгийн ахмадад мэдэгдэх бөгөөд хөлгийн ахмад зөрчлийг арилгах арга хэмжээ авна.

29.10.Далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийх журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

30 дугаар зүйл.Хөлөг онгоцыг саатуулах

Хэвлэх

30.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц далайн тээврийн болон далайг бохирдлоос урьдчилан сэргийлэх талаарх олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийн дагуу техникийн аюулгүй ажиллагааг хангаагүй, зөрчил гаргасан тохиолдолд хяналтын улсын байцаагч, хянан шалгагчийн саналыг үндэслэн Далайн захиргаа хөлөг онгоцыг саатуулж болно.

30.2.Далайн захиргаа саатуулагдсан хөлөг онгоцонд үзлэг, шалгалт хийлгэхээр хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын шинжээчийг томилон ажиллуулж үзлэг, шалгалтын тайлан авах ба уг тайланд үндэслэн хөлөг онгоцыг үргэлжлүүлэн саатуулах, эсхүл аяллаа үргэлжлүүлэх талаар шийдвэр гаргана.

31 дүгээр зүйл.Боомт улсын хяналт

Хэвлэх

31.1.Боомт улсын хяналтаар зөрчил илэрч, саатуулагдсан тохиолдолд далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь хөлөг онгоцыг дахин шалгах бөгөөд илэрсэн зөрчил бүрээр тэмдэглэл хөтлөн, зөрчлийг залруулсан эсэх, цаашид ямар засвар, үйлчилгээ шаардлагатайг тайланд тусгана.

32 дугаар зүйл.Хөлөг онгоцыг алсын зайнаас хянах

Хэвлэх

32.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь байршил тогтоох, харилцаа холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

32.2.Хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

33 дугаар зүйл.Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах

Хэвлэх

33.1.Далбааны эзэн улс далайн осол, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор осол, зөрчлийг шинжлэн шалгах бөгөөд энэ нь аливаа этгээдийн гэм бурууг тогтооход чиглэгдэхгүй.

33.2.Далайн захиргаа нь Монгол Улсын олон улсын гэрээний дагуу далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах эрх бүхий байгууллага бөгөөд осол, зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилж, чөлөөлнө.

33.3.Далайн захиргаа нь далайн осол, зөрчил гарсан тохиолдолд осол, зөрчлийн хэрэгт хамаарал бүхий бусад улсын эрх бүхий байгууллагад яаралтай мэдэгдэнэ.

33.4.Далайн осол, зөрчилд хамааралтай байж болох далбааны эзэн улс, эргийн улс зэрэг оролцогч талууд хэлэлцэж, далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг аль улс хийхийг шийдвэрлэх бөгөөд шийдвэрлэж чадаагүй тохиолдолд оролцогч тал тус бүр шинжлэн шалгах ажиллагааг бие даан явуулж болно.

33.5.Далайн осол, зөрчил гэдэгт хөлөг онгоцны үйл ажиллагаатай шууд холбоотой дараах тохиолдлыг ойлгоно:

33.5.1.хүний биед онц ноцтой гэмтэл учрах, амь нас эрсдэх;

33.5.2.хөлөг онгоцноос хүн алга болох;

33.5.3.хөлөг онгоц алга болох, хөлөг онгоцыг зайлшгүй орхих;

33.5.4.хөлөг онгоцонд болон түүний тавцан дээрх эд материалд хохирол учрах;

33.5.5.мөргөлдсөний улмаас хөлөг онгоц эвдрэх, сүйрэх;

33.5.6.хөлөг онгоцны аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц эвдрэл гэмтэл хөлөг онгоц болон түүний тоног төхөөрөмжид гарах;

33.5.7.осол, зөрчлөөс шалтгаалан далайн орчныг бохирдуулах, хор хохирол учруулах.

33.6.Далайн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмыг далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

ДАЛАЙ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

34 дүгээр зүйл.Далай ашиглах үйл ажиллагаа

Хэвлэх

34.1.Хөлөг онгоцоор далайн тээвэр хийх, баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагааг олон улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр олон улсын гэрээнд нийцүүлэн далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна.

35 дугаар зүйл.Далай ашиглах үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн үүрэг

Хэвлэх

35.1.Хуулийн этгээд нь далай ашиглах үйл ажиллагааг олон улсын гэрээгээр тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор явуулна.

36 дугаар зүйл.Далайн боомт ашиглалт

Хэвлэх

36.1.Далайн боомт ашиглах үйл ажиллагаа нь далайн эрэг бүхий улсын боомтын тухай хууль, дүрэм, журмын дагуу зохицуулагдана.

Тайлбар: "Далайн боомт ашиглалт" гэж Монгол Улс далайн эрэг бүхий улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу түрээсэлсэн терминал, зогсоол, ачаа ачих, буулгах, хадгалах, тээвэрлэх, савлах, баглах үйл ажиллагааг ойлгоно.

36.2.Монгол Улсын Засгийн газар, далайн эрэг бүхий улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын хуулийн этгээд далайн боомтын терминал, зогсоолыг тээвэр, худалдаа, логистикийн чиглэлээр ашиглана.

36.3.Дамжин өнгөрөх таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын хуулийн этгээд дамжин өнгөрүүлэгч улсын далайн боомт дээр эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, талбай түрээслэх, түрээслүүлэх, хөрөнгө оруулалт хийх зэрэг хуульд заасан бусад бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлж болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ДАЛАЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Нэгдүгээр дэд бүлэг

37 дугаар зүйл.Далайд хүний аюулгүй байдлыг хангах

Хэвлэх

37.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн нийт даац нь 500 тонн болон түүнээс дээш даацтай хөлөг онгоц Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай олон улсын конвенцод заасны дагуу үзлэг, шалгалтад хамрагдана.

37.2.Хөлөг онгоцны их бие, бүтэц, машин механизм, цахилгааны тоног төхөөрөмж болон радио холбоо нь шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, шалгалт хийж гүйцэтгэнэ.

37.3.Хөлөг онгоцны аюулгүй байдлын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

37.4.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 37.1-д заасан конвенцын хавсралтад заасан загвартай ижил байна.

37.5.Зорчигч тээврийн хөлөг онгоцны аюулгүй байдлын гэрчилгээг нэг хүртэл жил, ачааны хөлөг онгоцны аюулгүй байдлын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

37.6.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн, олон улсын аялалд гардаггүй хөлөг онгоц нэг удаагийн олон улсын аялалд гарах тохиолдолд Далайн захиргаа энэ хуулийн 37.3-т заасан шаардлагаас чөлөөлж болох бөгөөд аяллын хугацаанд тухайн хөлөг онгоцонд баримтлах зааварчилгаагаар хангана.

37.7.Энэ хуулийн 37.6-д заасны дагуу чөлөөлөх гэрчилгээний хугацаа нь энэ хуулийн 37.5-д заасан хугацаатай ижил байна.

37.8.Энэ хуулийн 37.6-д заасны дагуу гэрчилгээ олгож, шаардлагаас чөлөөлсөн тохиолдолд Далайн захиргаа энэ тухай болон чөлөөлсөн үндэслэлийн талаар Олон Улсын Далайн Байгууллагад мэдэгдэнэ.

37.9.Туршилтаар нотолж, шаардлага хангасан тохиолдолд хөлөг онгоцны тоног төхөөрөмж, материал хэрэгслийг ижил төрлийн тоног төхөөрөмж, материал хэрэгслээр орлуулахыг зөвшөөрч болох бөгөөд энэ талаар Далайн захиргаа нь Олон Улсын Далайн Байгууллагад мэдээлнэ.

Хоёрдугаар дэд бүлэг

38 дугаар зүйл.Аврах ажиллагаа

Хэвлэх

38.1.Аяллын үед тусламж хүссэн мэдээг хүлээн авмагц ахмад өөрийн хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр аврах ажиллагаа явуулах газарт дээд хурдаар хүрэлцэн очиж, шаардлагатай тусламж үзүүлэх, аврах ажиллагаа явуулах үүрэгтэй.

38.2.Ахмад нь хөлөг онгоц эзэмшигчийн нэрийн өмнөөс аврах ажиллагаа явуулах гэрээ байгуулах, ахмад, эсхүл хөлөг онгоц эзэмшигч нь тухайн хөлөг онгоц дээрх эд, хөрөнгө эзэмшигчийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхтэй байна.

38.3.Хөлөг онгоцыг чирж аюулгүй газарт хүргэх үйлдэл аврах ажиллагаанд хамаарна.

38.4.Аврах ажиллагаатай холбоотой гэрээг зүй бус нөлөөллөөс, эсхүл аюул заналхийллийн нөлөөгөөр байгуулсан бөгөөд гэрээний нөхцөлүүд нь шударга бус, гэрээнд тусгасан төлбөр нь үзүүлсэн үйлчилгээний хувьд хэт их буюу бага байна гэж үзвэл аврах ажиллагаатай холбоотой гэрээг бүхэлд нь буюу зарим хэсгийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцож болно.

38.5.Аврагч нь аюулд орсон хөлөг онгоцны эзэмшигчийн өмнө дараах үүргийг хүлээнэ:

38.5.1.аврах ажиллагааг зохих ёсоор явуулах;

38.5.2.аврах ажиллагааг гүйцэтгэхдээ байгаль орчинд хор хөнөөл учруулахаас сэргийлэх буюу учрах хохирлыг хамгийн бага байлгах арга хэмжээ авч ажиллах;

38.5.3.тухайн нөхцөл байдлаас шалтгаалан бусад аврагчаас тусламж хүсэх;

38.5.4.аюулд орсон хөлөг онгоцны эзэмшигч, ахмад, эсхүл эд хөрөнгө эзэмшигчийн хүсэлтээр бусад аврагчдын оролцоог хүлээн зөвшөөрч болох бөгөөд энэ нь аврах ажиллагааны урамшууллын хэмжээнд нөлөөлөхгүй.

38.6.Аюулд орсон хөлөг онгоц эзэмшигч, ахмад, эд хөрөнгө эзэмшигч нь аврах ажиллагааны үеэр аврагчтай идэвхтэй хамтран ажиллаж, байгаль орчинд учрах хор хохирлоос урьдчилан сэргийлэх, хохирлыг хамгийн бага байлгахыг хичээх бөгөөд хөлөг онгоц болон эд хөрөнгийг аюулгүй байршилд авчирсан үед хүлээн авна.

39 дүгээр зүйл.Аврах ажиллагааны урамшуулал

Хэвлэх

39.1.Аврах ажиллагааг гэрээний дагуу амжилттай явуулж, эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд аврагчийг урамшуулна.

39.2.Шүүхээр тогтоогдсоноос бусад урамшуулал нь тухайн аврагдсан хөлөг онгоц, эсхүл тоног төхөөрөмжийн өөрийн үнэлгээнээс хэтрэхгүй байна.

39.3.Аврах ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн ч урамшуулал авч чадаагүй аврагч байгаль орчинд учрах хохирлоос сэргийлэх, хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгахын тулд зарцуулсан зардлаа хөлөг онгоц эзэмшигчээр нөхөн төлүүлж болно. Шүүхээс байгаль орчныг хамгаалахын тулд аврагчийн гаргасан хүчин чармайлт, зардлыг тооцож, нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж болох ч, нэмэгдэл нь аврагчийн зарцуулсан нийт зардлын хэмжээнээс хэтрэхгүй байна.

39.4.Аврах ажиллагаа явуулах хэмжээний аюул үүсэж, гэрээний дагуу аврах ажиллагаа явуулсан гэж үзэхүйц тусламж, үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд урамшуулал авахгүй.

39.5.Аврах ажиллагааны гүйцэтгэлд зориулан олгох хөлөг онгоц эзэмшигч болон багийн гишүүдийн урамшууллыг аврах ажиллагаа явуулахтай холбогдон гарсан зардлын дүнг хасахаас өмнө дараах зарчмын дагуу хуваарилна:

39.5.1.нийт урамшууллын тавны гурвыг хөлөг онгоц эзэмшигчид, тавны хоёрыг ахмад болон багийн гишүүдэд хуваан олгох;

39.5.2.энэ хуулийн 39.5.1-д заасны дагуу урамшууллыг хуваарилахдаа ахмад болон багийн гишүүн бүрийн аврах ажиллагааны үеэр гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн цалин хөлсийг харгалзан үзэх.

39.6.Энэ хуулийн 39.5-д заасан урамшууллын зарчмыг өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд аврах үйл ажиллагаа явуулсны дагуу авсан урамшууллын хуваарилалтад хэрэглэхгүй.

39.7.Аврагдсан хөлөг онгоц болон бусад эд хөрөнгийг эзэмшигч нь аврах ажиллагаа дууссаны дараа аврагчийн зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоц, бусад эд хөрөнгийг хөдөлгөхгүй.

39.8.Төлбөр төлөх хариуцлага хүлээсэн этгээд аврагчийн хүсэлтээр түүний авбал зохих урамшуулал, зардлыг төлнө. Аврагдсан хөлөг онгоц, эд хөрөнгийг эзэмшигч нь урамшууллын төлбөрийг тус бүрийн аварсан хөрөнгөтэй шууд уялдуулан төлнө.

39.9.Хөлөг онгоц эзэмшигч нь нийт урамшууллыг бусад төлбөр төлөгч талуудын өмнөөс урьдчилан төлсөн бол тухайн талаас зардлаа нөхөн гаргуулж болно. Ийнхүү төлбөр төлсөн хөлөг онгоц эзэмшигч бусад талаас тус бүрийн аварсан хөрөнгөтэй нь уялдуулан зардлыг гаргуулж илүү төлсөн зардлаа нөхнө.

39.10.Аврагдсан хөлөг онгоц эзэмшигч нь ачааг буулгахаас өмнө аврагчид төлсөн нийт төлбөрөөсөө ачаа эзэмшигчид хамаарах хэсгийг зардлын хамт ачаа эзэмшигчээс нэхэмжлэн авах талаар боломжит бүх алхмыг хийнэ.

Гуравдугаар дэд бүлэг

40 дүгээр зүйл.Хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх

Хэвлэх

40.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц Далайд хөлөг онгоцууд мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын дүрмийн тухай конвенцыг дагаж мөрдөх бөгөөд энэхүү конвенцод заасан гэрэл, дүрст тэмдэг, дуут болон гэрэлт дохиогоор тоноглогдсон байна.

40.2.Хөлөг онгоц хоорондоо мөргөлдсөн тохиолдолд хөлөг онгоц тус бүрийн ахмад өөрийн хөлөг онгоц, баг, зорчигч, ачаа, байгаль орчинд аюул учруулахгүй байх боломжит бүх арга хэмжээг авах бөгөөд илүү гэмтэж эвдэрсэн хөлөг онгоц, баг, зорчигч, ачаа болон байгаль орчинд аюул учруулахгүйгээр бүх боломжоор тусалж, аюулд орсон хөлөг онгоцонд өөр тусламж шаардлагатай эсэхийг нягтлах хүртлээ ослоос үүдсэн аливаа аюулаас аврах бүх бололцоог дайчилна.

40.3.Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас болон түүнийг аврах ажиллагааны үед учирсан эд хөрөнгийн хохирлыг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан журмын дагуу зохицуулна.

Дөрөвдүгээр дэд бүлэг

41 дүгээр зүйл.Далайг хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх

Хэвлэх

41.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь хортой бодис, хортой бодис агуулсан бохир усыг алдах, хаях, асгах, гоожих, шахан гаргах, ялгаруулах, суллах зэргээр аливаа хэлбэрээр далайн орчныг бохирдуулахаас сэргийлэх зорилгоор Далайг хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай олон улсын конвенцод заасан шаардлагад нийцсэн байдлаар зохион бүтээгдэж, тоноглогдсон байна.

Тайлбар: "хортой бодис" гэж далайд гарснаар хүний эрүүл мэндэд аюул учруулах, амьд нөөц болон далайн амьдралд хохирол учруулах, далайг хууль ёсоор ашиглах таатай нөхцөлийг алдагдуулах, саад учруулах аливаа бодисыг ойлгоно.

41.2.Хөлөг онгоц нь далайд гарахаас өмнө хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын үзлэг, шалгалтад хамрагдсан гэрчилгээтэй байх, эсхүл гэрчилгээ авах шаардлагагүй нөхцөлийг хангасан байна.

42 дугаар зүйл.Далайг хөлөг онгоцоор газрын тос тээвэрлэх үед бохирдуулахаас сэргийлэх

Хэвлэх

42.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 150 ба түүнээс дээш тоннын даацтай газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц, 400 ба түүнээс дээш тоннын даацтай бусад бүх хөлөг онгоц энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.

42.2.Хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материал нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцоор тодорхойлсон техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, оношилгоо хийнэ.

42.3.Далайг газрын тосоор бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

42.4.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.

42.5.Далайг газрын тосоор бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

42.6.Оношилгоо хийгдсэнээс хойш Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материалд тэдгээрийг солихоос өөр аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.

42.7.Хөлөг онгоцыг алдагдсан тос илрүүлэх, шүүх, дохио өгөх системээр тоноглож, тосны бүртгэл хөтөлнө. Бүртгэлд хөдөлгүүрийн машин механизмын хэсгийн, ачааны болон тэнцвэржүүлэх үйл ажиллагааг тэмдэглэнэ.

42.8.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц Далайн захиргаанаас баталсан далай тосоор бохирдох үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байна.

43 дугаар зүйл.Далайг хөлөг онгоцоор хортой шингэн бодис тээвэрлэх үед бохирдуулахаас сэргийлэх

Хэвлэх

43.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хортой шингэн бодис тээвэрлэгч бүх хөлөг онгоц энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.

43.2.Хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материал нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцоор тодорхойлсон техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, оношилгоо хийнэ.

43.3.Далайг шингэн хортой бодисоор бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

43.4.Далайг шингэн хортой бодисоор бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

43.5.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.

43.6.Оношилгоо хийгдсэнээс хойш Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материалд тэдгээрийг солихоос өөр аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.

43.7.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн шингэн хортой бодис тээвэрлэгч хөлөг онгоц бүр Далайн захиргаанаас баталсан ачааг боловсруулах, цистернийг цэвэрлэх, цалгилтыг багасгах, цистернийг тэнцвэржүүлэх талаарх үйл ажиллагаа ба зохицуулалтын гарын авлагыг хөлгийн тавцан дээр авч явна.

43.8.Хөлөг онгоц дээр шингэн хортой бодистой холбоотой ажиллагаа явагдсан тохиолдолд ачааны бүртгэлийг цистерн тус бүрийн хувьд хөтөлж, уг бүртгэлд ачаа боловсруулахтай холбогдсон ажиллагаа болон хортой шингэн бодис алдагдсан ослыг бүртгэж тэмдэглэнэ.

43.9.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц Далайн захиргаанаас баталсан далай хортой шингэн бодисоор бохирдсон үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байна.

44 дүгээр зүйл.Баглаа, боодолтой хортой бодисыг далайгаар тээвэрлэх үед далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх

Хэвлэх

44.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн баглаа, боодолтой, эсхүл чингэлэг, цистернд хортой бодис тээвэрлэх бүх хөлөг онгоц энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.

44.2.Далайг баглаа, боодолтой хортой бодисоор бохирдуулахаас сэргийлэх нийцлийн баримт бичгийг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

44.3.Хортой бодис тээвэрлэхэд ашиглаж байсан хоосон сав, баглаа, боодлыг хортой бодистой нэгэн адил үзэн далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сав, баглаа, боодлыг цэвэрлэж, шаардлагатай арга хэмжээ авна.

45 дугаар зүйл.Далайг хөлөг онгоцноос гарсан бохир усаар бохирдуулахаас сэргийлэх

Хэвлэх

45.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 400 ба түүнээс дээш тоннын даацтай хөлөг онгоц, эсхүл 15 ба түүнээс дээш зорчигч тээвэрлэж олон улсын аялал хийж байгаа хөлөг онгоц далайг бохир усаар бохирдуулахаас сэргийлж энэ хуулийн 41.1-д заасан конвенцод заасны дагуу үзлэг, оношилгоонд хамрагдана.

45.2.Хөлөг онгоцны тоног төхөөрөмж, хэрэгсэл, зохион байгуулалт болон материал нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцоор тодорхойлсон техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, оношилгоо хийнэ.

45.3.Далайг бохир усаар бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

45.4.Далайг бохир усаар бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

45.5.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.

45.6.Оношилгоо хийгдсэнээс хойш Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоцны бүтэц, тоног төхөөрөмж, тохируулга, зохион байгуулалт болон материалд тэдгээрийг солихоос өөр аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.

45.7.Хөлөг онгоцноос бохир усыг далайд гаргахдаа хөлөг онгоц дээрх бохир ус боловсруулах тоног төхөөрөмж, эсхүл дамжуулах болон ариутгах систем ашиглан нэгэн зэрэг бус бага багаар гаргана.

46 дугаар зүйл.Далайг хөлөг онгоцны хог хаягдлаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх

Хэвлэх

46.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн бүх хөлөг онгоц түүний хэвийн ажиллагаанаас гаралтай, хаях шаардлагатай хоол хүнс, ахуйн болон бусад хог хаягдлаар далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлж энэ хуулийн 41.1-д заасан конвенцыг дагаж мөрдөнө.

46.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 12 метр ба түүнээс илүү урттай хөлөг онгоц бүр хог хаягдал хэрхэн хаях тухай шаардлагыг багийн гишүүн болон зорчигчид танилцуулж, зурагт хуудсыг наасан байна.

46.3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 100 ба түүнээс дээш тоннын даацтай хөлөг онгоц, 15 ба түүнээс олон хүн тээвэрлэж байгаа хөлөг онгоц бүр хог хаягдлын бүртгэлийн тэмдэглэл хөтлөхөөс гадна Олон Улсын Далайн Байгууллагаас баталсан зааварчилгааны дагуу хог хаягдлын менежментийн төлөвлөгөөтэй байна.

47 дугаар зүйл.Хөлөг онгоцноос ялгарах агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх

Хэвлэх

47.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн бүх хөлөг онгоц агаар бохирдуулахаас урьдчилан сэргийлж энэ хуулийн 41.1-д заасан конвенцыг дагаж мөрдөнө.

47.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 400 ба түүнээс дээш тоннын даацтай хөлөг онгоц, далайн ёроолд суурилуулсан болон хөвж байгаа өрөмдлөгийн цамхаг, хөвөгч тавцан үзлэг, оношилгоонд хамрагдана.

47.3.Хөлөг онгоц, өрөмдлөгийн цамхаг, тавцангийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, систем, зохицуулалт болон материал нь агаар бохирдуулахаас сэргийлэх шаардлага хангаж байгаа эсэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага үзлэг, оношилгоо хийнэ.

47.4.Агаар бохирдуулахаас урьдчилан сэргийлэх олон улсын гэрчилгээг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага олгоно.

47.5.Агаар бохирдуулахаас сэргийлэх олон улсын гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

47.6.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 400 ба түүнээс дээш тоннын даацтай хөлөг онгоц нь аялалд гарахын өмнө хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар үзлэг, оношилгоо хийлгэж, Эрчим хүчний үр ашигтай үйл ажиллагааны олон улсын гэрчилгээ авсан байна.

47.7.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасагдсан, өөр улсын далбааг мандуулан аялах эрх үүссэн тохиолдолд Эрчим хүчний үр ашигтай үйл ажиллагааны олон улсын гэрчилгээ хүчингүй болно.

47.8.Агаар бохирдуулахаас сэргийлэх болон Эрчим хүчний үр ашигтай үйл ажиллагааны олон улсын гэрчилгээний загвар нь энэ хуулийн 41.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.

47.9.Хөлөг онгоц бүр Олон Улсын Далайн Байгууллагаас баталсан зааварчилгааны дагуу хөлөг онгоцны эрчим хүчний үр ашигтай үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөтэй байна.

47.10.Үзлэг, оношилгоо хийгдсэнээс хойш Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр хөлөг онгоцны тоног төхөөрөмж, хэрэгсэл, систем, зохицуулалт, эсхүл материалд тэдгээрийг тохируулах, засварлахаас өөр аливаа өөрчлөлт оруулахыг хориглоно.

48 дугаар зүйл.Далайд бохирдол үүссэн тохиолдлыг мэдэгдэх ба зааварчилгааг дагах

Хэвлэх

48.1.Далайд бохирдол үүсгэсэн, эсхүл илрүүлсэн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь холбогдох эрх бүхий байгууллага болон хамгийн ойр эргийн улсад нэн даруй мэдэгдэнэ.

48.2.Далайг бохирдуулсан хөлөг онгоц бохирдлын хэмжээг хязгаарлах, хамгийн бага болгохын тулд хамгийн ойрын эргийн улсаас өгсөн зааварчилгааг дагаж мөрдөнө.

Тавдугаар дэд бүлэг

49 дүгээр зүйл.Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээ

Хэвлэх

49.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн 24 ба түүнээс дээш метрийн урттай, 150 тонноос дээш нийт даацтай хөлөг онгоц Даацын тэмдэглэгээний тухай олон улсын конвенцод заасан Даацын тэмдэглэгээг тодорхойлох журмын дагуу үзлэг, шалгалтад хамрагдаж, хөлөг онгоцыг ачаалахад тавих хязгаарлалт буюу даацын тэмдэглэгээ тавиулна.

49.2.Хөлөг онгоцонд даацын зөвшөөрөгдсөн тэмдэглэгээнээс илүү ачилт хийхийг хориглох бөгөөд тухайн газар нутаг, улирал, усны нягтаас шалтгаалан хөлөг онгоцны их биеийн хажуу талын усны түвшнээс ил гарах хэсгийн байж болох хамгийн бага хэмжээг баримтална.

49.3.Даацын тэмдэглэгээний хүчин төгөлдөр гэрчилгээ авах шаардлага тавигдсан буюу гэрчилгээ байхгүй, эсхүл усны түвшний зөвшөөрөгдсөн тэмдэглэгээнээс хэтэрсэн ачаа ачсан Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн аливаа хөлөг онгоцыг түүнд олгогдох гэрчилгээний шаардлагын дагуу далайд гаргахгүй.

49.4.Даацын тэмдэглэгээний үзлэгт орж, тэмдэглэгээ тавиулсан хөлөг онгоцонд Олон улсын даацын тэмдэглэгээний гэрчилгээг тав хүртэл жилийн хугацаатай олгоно.

49.5.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасагдсан болон өөр улсын далбаа мандуулан аялах эрх үүссэн тохиолдолд Олон улсын даацын тэмдэглэгээний гэрчилгээ хүчингүй болно.

49.6.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 49.1-д заасан конвенцын хавсралтаар баталсан загвартай ижил байна.

49.7.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны даацын тэмдэглэгээнд үзлэг, шалгалт хийх болон гэрчилгээ олгохтой холбогдсон үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага хийж гүйцэтгэнэ.

50 дугаар зүйл.Хөлөг онгоцыг даацын тэмдэглэгээний үзлэг, шалгалт

Хэвлэх

50.1.Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний гэрчилгээг шинэчлэх үзлэгийг таван жилээс илүүгүй хугацаанд хийж, хөлөг онгоцны ерөнхий байгууламж, материалын орц болон хэмжээс нь шаардлага хангаж байгаа эсэхийг тогтооно.

50.2.Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний жил бүрийн үзлэгийг дараах зорилгоор хийнэ:

50.2.1.их бие болон давхарлагад даацын тэмдэглэгээний байршлын тооцоонд өөрчлөлт орохуйц өөрчлөлт хийгдсэн эсэх;

50.2.2.хөлөг онгоц дээр байгаа бүх хаалга, тавцангийн хамгаалалт, ус зайлуулах суваг, багийн гишүүдийн байр, жолоодлогын кабинд нэвтрэх хаалга зэрэг нь зөв суурилагдсан, засварлагдсан, шаардлага хангасан эсэх;

50.2.3.усны мандлаас дээших хашлаганы тэмдэглэгээ үнэн зөв тэмдэглэгдсэн эсэх;

50.2.4.хөлөг онгоцонд хийсэн засвар, өөрчлөлт, шинэчлэлт, гаднах хэлбэр, загварын өөрчлөлт нь шаардлага хангаж байгаа тухай мэдээллээр хангагдсан эсэх.

50.3.Хөлөг онгоцонд үзлэг, шалгалт бүрэн хийгдсэний дараа үзлэг, шалгалтад хамрагдсан байгууламж, бүтэц, бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, материалын орц болон хэмжээст Далайн захиргааны зөвшөөрөлгүйгээр аливаа өөрчлөлт хийхийг хориглоно.

51 дүгээр зүйл.Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний шаардлагаас чөлөөлөх нөхцөл

Хэвлэх

51.1.Ойрын зайны буюу хөрш орон руу хийх нэг удаагийн аялалд хөлөг онгоцыг даацын тэмдэглэгээний олон улсын гэрчилгээ авах шаардлагаас чөлөөлж болно. Ийм хөлөг онгоцонд богино хугацааны даацын тэмдэглэгээний гэрчилгээ, эсхүл чөлөөлөлтийн гэрчилгээ олгоно.

51.2.Далайн захиргаа нь энэ хуулийн 51.1-д зааснаар хөлөг онгоцыг даацын тэмдэглэгээний шаардлагаас чөлөөлсөн тохиолдолд энэ тухай болон чөлөөлсөн үндэслэлийн талаар Олон Улсын Далайн Байгууллагад мэдэгдэнэ.

Зургадугаар дэд бүлэг

52 дугаар зүйл.Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ

Хэвлэх

52.1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэх 24 ба түүнээс дээш метрийн урттай бүх хөлөг онгоцны нийт болон цэвэр багтаамжийг Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай олон улсын конвенцод заасан Хөлөг онгоцны нийт болон цэвэр багтаамжийг тодорхойлох журмын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага хэмжиж, хөлөг онгоцонд Олон улсын багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ олгоно.

52.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд энэ хуулийн 52.1-д заасан гэрчилгээнээс гадна Суэц болон Панамын сувгийн багтаамжийн гэрчилгээ шаардагдах бол хөлөг онгоцны багтаамжийг суваг тус бүрийг харьяалах улсын хууль тогтоомжийн дагуу хэмжинэ.

52.3.Гэрчилгээний загвар нь энэ хуулийн 52.1-д заасан конвенцын хавсралтад заасан загвартай ижил байна.

53 дугаар зүйл.Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн гэрчилгээг хүчингүй болгох

Хэвлэх

53.1.Хөлөг онгоцны зохион байгуулалт, угсралт, хүчин чадал, зай ашиглалт болон хөлөг онгоц дээр зурагдсан даацын тэмдэглэгээг өөрчилснөөс нийт болон цэвэр багтаамжийг ихэсгэх шаардлага үүссэн тохиолдолд Олон улсын багтаамжийн гэрчилгээ хүчингүй болно.

53.2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасагдсан буюу өөр улсын далбаа мандуулан аялах эрх үүссэн тохиолдолд Олон улсын багтаамжийн гэрчилгээ хүчингүй болно.

Долдугаар дэд бүлэг

54 дүгээр зүйл.Далайн нэхэмжлэхийн талаар хүлээх өөрийн хариуцлагыг хязгаарлах

Хэвлэх

54.1.Хөлөг онгоц эзэмшигч, гэрээгээр тээвэрлэгч, ахмад, зохицуулагч, аврах ажиллагаатай шууд холбоотой үйлчилгээ үзүүлж байгаа аврагчийн хариуцлага нь энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан нэхэмжлэлээр Далайн нэхэмжлэлийн талаар хүлээх хариуцлагыг хязгаарлах тухай конвенцод заасны дагуу хязгаарлагдана.

54.2.Хязгаарлалтад хамрагдах нэхэмжлэлийг үүргээ биелүүлээгүй хөлөг онгоц эзэмшигч, эсхүл хайхрамжгүй хандсан аливаа этгээдийн эсрэг гаргасан бол тус этгээд энэ хуулийн 54.1-д заасан конвенцоор олгосон хариуцлагын хязгаарлалтыг өөртөө ашигтайгаар эдэлж болно.

54.3.Хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлага гэдэгт хөлөг онгоцонд гаргасан нэхэмжлэлээр хүлээж байгаа хариуцлага хамаарна.

54.4.Хязгаарлалтад хамрагдах нэхэмжлэлийн хариуцлагыг даатгагч нь хариуцлагын хязгаарлалтыг хариуцлагаа даатгуулсан этгээдтэй ижил хэмжээнд эдэлж болно.

54.5.Хариуцлагыг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа нь хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

55 дугаар зүйл.Хязгаарлалтад хамрагдах нэхэмжлэл

Хэвлэх

55.1.Дараах нэхэмжлэл нь хариуцлагын үндэслэлээс үл хамааран хариуцлагыг хязгаарлах үндэслэл болно:

55.1.1.хөлөг онгоцны тавцан дээр, эсхүл хөлөг онгоцыг ашиглах, аврах ажиллагаа явуулахтай шууд холбоотойгоор хүний амь нас хохирсон буюу хүний биед гэмтэл учирсан, эд хөрөнгө алдагдсан буюу гэмтсэн, боомтын байгууламж, усны сав газар, усан зам болон усан замын жолоодлогыг чиглүүлэх тэмдэг, тэмдэглэгээнд учруулсан аливаа хохирол, түүнээс үүдэн гарсан хохирлыг барагдуулахтай холбоотой нэхэмжлэл;

55.1.2.ачаа, зорчигч, эсхүл түүний ачаа тээшийг далайгаар тээвэрлэхэд гарсан саатлаас үүдэн гарсан хохирлыг барагдуулахтай холбоотой нэхэмжлэл;

55.1.3.хөлөг онгоцны үйл ажиллагаа, эсхүл аврах ажиллагаатай шууд холбоотойгоор гэрээнд заасан бусад эрх зөрчигдсөнөөс үүдэн гарсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой нэхэмжлэл;

55.1.4.живсэн, сөнөсөн, төөрсөн, хаягдсан хөлөг онгоц болон тухайн хөлөг онгоц дээр байгаа, эсхүл байсан аливаа зүйлийг өргөх, зайлуулах, устгах, хоргүй болгохтой холбоотой нэхэмжлэл;

55.1.5.хөлөг онгоцны ачааг зайлуулах, устгах, хоргүй болгохтой холбоотой нэхэмжлэл;

55.1.6.гэм хорыг арилгах, эсхүл багасгах арга хэмжээний улмаас учирсан хохирлыг хариуцахаас бусад этгээдэд гаргасан нэхэмжлэлийг хязгаарлаж, уг арга хэмжээнээс үүдэн гарсан хохирлыг барагдуулахтай холбоотой нэхэмжлэл.

55.2.Энэ хуулийн 55.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл нь гэрээний үр дүнгийн дагуу хамааралгүй байсан ч хариуцлагын хязгаарлалтад хамаарна.

55.3.Энэ хуулийн 55.1.6-д заасан шаардлагыг зөрчсөн гэм буруутай этгээдтэй байгуулсан гэрээний урамшуулалтай холбоотой хариуцлагыг хязгаарлахгүй.

56 дугаар зүйл.Хязгаарлалтад хамруулахгүй нэхэмжлэл

Хэвлэх

56.1.Дараах нэхэмжлэлд хариуцлагыг хязгаарлахгүй:

56.1.1.аврах ажиллагаа, эсхүл байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний ачаанд учирсан хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэл;

56.1.2.газрын тосоор бохирдуулсны хор уршгийн нэхэмжлэл;

56.1.3.аюултай, хортой бодис тээвэрлэхтэй холбогдон гарсан хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэл;

56.1.4.живсэн хөлөг онгоцны үлдэгдэлтэй холбоотой нэхэмжлэл;

56.1.5.цөмийн хөлөг онгоц эзэмшигчийн эсрэг үүсгэсэн цөмийн хохирлын нэхэмжлэл;

56.1.6.ачааны үлдэгдэл хаягдлыг далайгаас цэвэрлэхтэй холбоотой нэхэмжлэл;

56.1.7.хөлөг онгоц, эсхүл аврах ажиллагаатай холбоотой үүрэг хүлээсэн хөлөг онгоц эзэмшигчийн албанд ажиллаж байгаа ажилтан, эсхүл аврагч, тэдгээрийн өв залгамжлагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий бусад этгээдийн гаргасан нэхэмжлэл.

57 дугаар зүйл.Хариуцлага хязгаарлахад саад болох үйлдэл

Хэвлэх

57.1.Хариуцлага хүлээх этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан нь нотлогдвол тухайн этгээд өөрийн хариуцлагыг хязгаарлах эрхгүй.

58 дугаар зүйл.Хариуцлагын ерөнхий хязгаарлалт

Хэвлэх

58.1.Нэхэмжлэлийн хариуцлагын хязгаарыг энэ хуулийн 54.1-д заасан конвенцын 8 дугаар зүйлийн дагуу тогтооно.

59 дүгээр зүйл.Хариуцлагын хязгаарлалтын сан үүсгэлгүйгээр хариуцлага хязгаарлах

Хэвлэх

59.1.Хөлөг онгоц эзэмшигч болон аврагч нь энэ хуулийн 60 дугаар зүйлд заасан хариуцлагын хязгаарлалтын санг үүсгэлгүйгээр өөрийн хариуцлагыг энэ хуульд заасны дагуу хязгаарлах эрхтэй.

60 дугаар зүйл.Хариуцлагын хязгаарлалтын сан

Хэвлэх

60.1.Хариуцлага хүлээх этгээд нь хариуцлагын хязгаарлалтын санг үүсгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

60.2.Хариуцлагын хязгаарлалтын санг энэ хуулийн 58.1-д заасны дагуу тооцож гаргасан дүнгийн хэмжээгээр үүсгэнэ.

60.3.Хариуцлагын хязгаарлалтын санг холбогдох хууль тогтоомжийн дагуу банкны баталгаа, эсхүл санхүүгийн батлан даалтаар үүсгэж болно.

60.4.Сангийн хөрөнгө нь зөвхөн хариуцлагын хязгаарлалтыг нь хэрэгжүүлж болох нэхэмжлэлийг төлөхөд зориулагдана.

61 дүгээр зүйл.Сангийн хуваарилалт

Хэвлэх

61.1.Хариуцлагын хязгаарлалтын сангийн хуваарилалт нь тухайн санг үүсгэсэн шүүхийн шийдвэрээр тогтоогдоно.

61.2.Сан нь нэхэмжлэл хүргүүлсэн талуудын хооронд тухайн нэхэмжлэлийн дүнгээс хамааран хуваарилагдана.

61.3.Хариуцлагын хязгаарлалтын сангаас аливаа этгээдэд нэхэмжлэлийн дагуу төлөлт хийгдсэн бол нэхэмжлэгчээс нөхөн төлбөр авсан тухай баталгааг авах эрхтэй.

62 дугаар зүйл.Бусад нэхэмжлэлд учрах саад

Хэвлэх

62.1.Хариуцлагын хязгаарлалтын сан байгуулж байгаа тохиолдолд тухайн сан байгуулсан этгээд болон түүний бусад өмчийн эсрэг аливаа арга хэмжээ авах эрхгүй. Хариуцагчийн хөлөг онгоц болон бусад эд хөрөнгөтэй холбогдох маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД

63 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

63.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

63.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

64 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

64.1.Энэ хуулийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР