- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 14.14 дүгээр зүйл нэмсүгэй:
"14.14 дүгээр зүйл.Далай ашиглах тухай хууль болон далайн салбарын олон улсын гэрээ, конвенцыг зөрчих
1.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь:
1.1.бүртгэлийн болон техникийн гэрчилгээ, багийн гишүүдийн чадамжийн гэрчилгээ, түүний баталгаажуулалт, холбогдох бусад баримт бичгийн бүрдэл зөрчилтэй;
1.2.хөлөг онгоцны бүтэц, хийц, ашиглалтын нөхцөл байдал хангалтгүй, холбогдох тоног төхөөрөмжийн болон удирдлага, залуурын ажиллагаа хэвийн бус;
1.3.хөлөг онгоцны их бие болон бусад хэсгийн ус үл нэвтрүүлэх чадвар алдагдсан, даацын хэмжээ хэтэрсэн, цаг агаарын хүнд нөхцөл байдлаас гарч болох аюулаас хамгаалах байдал хангалтгүй;
1.4.осол, аваарын үед гарч болох нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлэн байдал хангалтгүй, аюулгүй ажиллагааны зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй;
1.5.хөлөг онгоцны харилцаа, холбооны тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, тэдгээрийн засвар үйлчилгээ хийгдээгүй, эрчим хүчний нэмэлт нөөцөөр хангагдаагүй;
1.6.хөлөг онгоц дээр ачаа ачих, буулгах, хадгалах үйл ажиллагааны зааварчилгаа байхгүй, түүнтэй холбоотой тоног төхөөрөмжийн ажиллагаа, оосор татлагын хувьд хэвийн бус, доголдолтой;
1.7.хөлөг онгоц дээрх галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжүүлэлт дутагдалтай, гал эсэргүүцэх багаж, төхөөрөмжийн ажиллагаа бүрэн бус, гал түймэртэй тэмцэх үйл ажиллагааны дадлага, сургуулилт хийгдээгүй;
1.8.хөлөг онгоцны үндсэн болон туслах хөдөлгүүр ба бусад туслах тоног төхөөрөмжийн ажиллагаа доголдсон, тэдгээрийн засвар үйлчилгээ тогтмол хийгдээгүй;
1.9.хөлөг онгоцны хөдөлгүүр, бусад тоног төхөөрөмжийн ажиллагааны анхааруулах дохиолол, осол аваарын үеийн дуут дохиоллын ажиллагаа хэвийн бус;
1.10.багийн гишүүдийн хөлөг онгоц дээр аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөл байдал, эрүүл ахуй, ариун цэврийн хангамжийн хувьд шаардлага хангаагүй, багийн гишүүний насны доод хязгаарын шаардлагыг баримтлаагүй;
1.11.хөлөг онгоцны жолоодлогын удирдлага, зохион байгуулалт, түүнтэй холбоотой тоног төхөөрөмжийн болон хөлөг онгоцны байршил тогтоох системийн ажиллагаа бүрэн бус;
1.12.аврах завь, хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны хэвийн бус нөхцөл байдал, засвар үйлчилгээ хийх хугацааны давтамж алдагдсан, аврах ажиллагааны төлөвлөгөөний дагуу дадлага, сургуулилт хийгдээгүй;
1.13.аюултай ачааны агуулах, савлагаа, хадгалалт, хамгаалалтын байдал алдагдсан, зааварчилгаа өгөгдөөгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хийгдээгүй, хувийн хамгаалах хэрэгслийн хангамж хангалтгүй;
1.14.хөлөг онгоцноос болон түүний тээвэрлэж байгаа ачаанаас үүдэлтэйгээр далай, далайн орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэвийн бус, хог хаягдлын менежментийн зааварчилгааг дагаж мөрдөөгүй;
1.15.хөлөг онгоцны эзэмшигчийн зүгээс авч хэрэгжүүлэх хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагааны менежмент, холбогдох баримт бичгийн бүрдэл хангалтгүй;
1.16.хөлөг онгоцны аюулгүй байдал, түүний харуул, хамгаалалтын зохион байгуулалт хангалтгүй, аюулгүй ажиллагааны сургалт, дадлага хийгдээгүй, аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөний улмаас боомтын улсын хяналт, шалгалтаар саатуулагдсан тохиолдолд тухайн хөлөг онгоц эзэмшигчийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоцны бүртгэлийн болон техникийн холбогдох гэрчилгээг засварласан, хуурамчаар үйлдсэн бол хөлөг онгоц эзэмшигчийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоц нь эрх бүхий олон улсын байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг зөрчсөн, хууль бус тээвэрлэлт хийсэн бол олон улсын эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээлгэснээс үл хамаарч бүртгэлийг цуцалж, Олон Улсын Далайн Байгууллага, эсхүл холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
4.Хөлөг онгоцны бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу үйлдээгүй, эсхүл буруу хийсэн, эсхүл хуурамчаар үйлдсэн бол бүртгэгчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Далай ашиглах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
