A

A

A

Бүлэг: 1979

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 

06 дугаар сарын 17-ны өдрийн VII хуралдааны

07/08 дугаар тогтоолын хавсралт

 

БӨХМӨРӨН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ

НЭГ. ЗОРИЛГО

Сумын газар нутаг, бэлчээрийг Газрын тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу ашиглаж бусад сумуудтай хил залгаа нутгийг бүрэн эзэмшиж ашиглах, хадлангийн талбай, өвөлжөөний бүс нутаг болон нөөцөлсөн бэлчээр нутгийг бүрэн хамгаалж, эзэмших, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад журмын зорилго оршино.

 

ХОЁР. БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ

2.1.Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтална:

2.1.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлэх.

2.1.2.Бэлчээрийн экологийн чадавх, бүтээмжит чанар, даацад нь суурилах;

2.1.3.Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.

2.2.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид "бэлчээр ашиглалтын төлөвлөгөө" гэх) нь дараах шаардлагыг хангасан байна:

2.2.1.Бэлчээрийн төлөв байдал,чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ(цаашид "фотомониторинг" гэх)-ний дүнд үндэслэсэн байх;

2.2.2.Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх;

2.2.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;

2.2.4.Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх.

 

ГУРАВ. БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг баталж мөрдүүлэх

3.1.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг баталж, биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх.

3.1.3.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хүрээнд үлгэр жишээ ашиглаж буй иргэн, малчдын хэсэгт давуу эрхээр улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төрийн дээд одон медальд тодорхойлох.

3.2.Багийн иргэдийн Нийтийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1.Багийн бэлчээрт фото мониторинг хийж болох цэгийг тогтоох;

3.2.2.Жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх.

3.3.Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1.Газрын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох;

3.3.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

3.3.3.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;

3.3.4.Бэлчээр ашиглалтын гэрээний үүргээ биелүүлж ажиллаж байгаа баг, малчин өрхөд давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;

3.3.5.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсоох арга хэмжээ авах;

3.3.6.Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа энэ журам болон багийн ИНХ-ын шийдвэрийг танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн малчин өрхтэй гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх;

3.4.Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

3.4.2.Тухайн жилд Бэлчээрийн санд төвлөрсэн хөрөнгөөр багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх, тайлагнах.

 

ДӨРӨВ.БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛУУЛАХ

4.1 Сумын иргэд нь багийн засаг даргад хүсэлт гарган багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшөөрсөн бүс нутагт өвөлжөөний хашаа барьж бэлчээр нутгийг эзэмшинэ.

4.2 Нөөцөлсөн бэлчээр, хадлангийн талбай өвөлжөө, намаржааны бүс нутагт мал оруулан гишгүүлэх, чөлөөлсөн хугацаанаас түрүүлж идүүлэх зөвшөөрөлгүйгээр тус бүс нутагт нүүдэллэхгүй байх

4.3 Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон бусад арга хэмжээнд мал эмнэлгийн ариун цэврийн дүрмийг мөрдөн дагаж биелүүлнэ.

4.4.Бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар гаргасан бүдүүвч зураглал, цаг хугацаа, бэлчээрийн хуваарь зэргийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж нэг хувийг Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд энэ шийдвэр нь бэлчээр ашиглах журмын хавсралт болно.

4.5.Сумын иргэдэд уламжлалт бэлчээр ашиглаж байсан туршлагыг түгээн дэлгэрүүлэх

4.6.Нутаглаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх бүхий л үйл ажиллагааг иргэн бүр өөрийн санаачлагаар хийдэг байх,

4.7.Сумын нутаг дэвсгэрт байрладаг өвөлжөөний газрыг эзэмшигч нь гадны сумын иргэнд эрхээ шилжүүлэхгүй бөгөөд газар эзэмших эрхээсээ татгалзаж байгаа тухайгаа Засаг даргын тамгын газарт мэдэгдэж гэрээг дуусгавар болгож тооцоо хийсэн байна.

 

ТАВ. БЭЛЧЭЭРИЙГ ЗОХИСТОЙ ЭЗЭМШИХ АШИГЛАХ ТАЛААР:

5.1. Бэлчээр нутгийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг үндэслэн хаваржаа, өвөлжөө, зуслан, намаржаа, нөөц бэлчээр нутгийг дараах байдлаар мөрдөнө.

5.1.1.Зуслангийн бүс нутаг: Баадай, Гэгээний салаа, Олон нуур, Улаан эрэг, Цалгар, Банзар, Хавчуу, Урт булаг, Мушгуу, Нуурын хад, Цагаан булан, Хужирт, Хэц, Таван худаг, Шаварт,

5.1.2. Хаваржааны бүс нутаг: Жигэртэйн голоос Хэвиийн эхэн хүртэл, Уушиг, Хүв, Таван хар, Улиасан, Хуримтай, Давхар зах, Хадаан ус, Цөөхөн хус  Цэхээ, Жигэртэй, Хөх үзүүр, Хэвийн эхэн, Авдар улиас, Модон овоо, Эргэнэг, Жидийн хоол, Морьтын толгой, Ганц улиас, Сэвшиг, Баруун хөвөө, Шинэ усан,

5.1.3. Намаржааны бүс нутаг: Бөхмөрөний гол, Цагаан түнгэ, Шар харгай, Тариг, Ачит, Зах, Хоз, Хадаан ус, Хэв, Хусны эхэн

5.1.4. Өвөлжөөний бүс нутаг: Хойд хүрэм, Урьд хүрэм, Зүүн шил, Хоо морьт, Гүүн сай, Уушиг, Улаан сай, Наран, Гашгууртай, Суваг, Ачит, Хоз

 

ЗУРГАА. ЖУРМЫГ МӨРДӨХ ХУГАЦААНЫ ТАЛААР:

6.1.Өвөлжөөний бүс нутагт нутаглах хугацаа: 12 дугаар сарын 15-наас 2 дугаар сарын 10 хүртэл

6.2.Зуслангийн бүс нутагт нутаглах хугацаа: 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл

6.3.Хаваржааны бүс нутагт нутаглах хугацаа: 3 дүгээр сарын 15-наас  5-р сарын 15-нийг хүртэл

6.4.Намаржааны бүс нутагт нутаглах хугацаа: 9 дүгээр сарын 15-нээс 11 дугаар сарын 10 хүртэл, зарим бүс нутагт нутаглах хугацаа 2 үе шаттай байна.Тухайн асуудлыг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж тогтооно.

 

ДОЛОО. ЖУРМЫН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР:

7.1.Энэ журмыг биелэлтэд хяналт тавьж, ажиллахыг сумын Засаг даргын шийдвэрээр зохион байгуулана.

7.2.Журмын 5 дугаар зүйлийг дагаж мөрдөх

7.3.Журам зөрчсөн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

7.4.Журмын биелэлтийн явцыг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар танилцуулж ажиллана.

 

НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ

8.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь заалтад заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

8.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

 

ЕС.ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

9.1.Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.

 

 

 

---оОо---

1