- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн
08/06 дугаар тогтоолын хавсралт
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах хууль, Газрын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж болон түүнийг дагаж гарсан заавар журмын хэрэгжилтийг хангах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, отрын бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, бэлчээрийг зүй зохистой ашиглаж, хамгаалахад сумын бүх багийн иргэд, малчид, малчдын бүлэг, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
ЗОРИЛГО
Сумын нутаг дэвсгэрт ус бэлчээр ашиглах, өвөлжөө хаваржаа эзэмших, отрын бүсийг ашиглах, хадлан, тэжээл бэлтгэхэд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
ХОЁР. БЭЛЧЭЭР АШИГЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
2.1. Шинээр өвөлжөө, хаваржааны газар олгох тухай асуудлыг Багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг үндэслэн багийн Засаг дарга, холбогдох материалыг бүрдүүлэн сумын Засаг даргад уламжилна.
2.2. Өвөлжөө, хаваржааны газар эзэмшихээр иргэдээс гаргасан хүсэлтийг "Газрын тухай" хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг үндэслэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулна.
ГУРАВ. ӨВӨЛЖӨӨ ХАВАРЖААНЫ БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ
3.1. Малчид, иргэд өвөлжөө, хаваржааны газрыг зохистой ашиглах, бэлчээрийг чөлөөлөх зорилгоор жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл чөлөөлнө.
3.2. Малчид, иргэд өөрийн болон бусад айл өрхийн өвөлжөө, хаваржаанаас 3 км дотор 08 дугаар сарын 01-ны өдрөөс хойш нутаглахгүй байхыг малчид, малчдын бүлэг болон багийн Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.
3.3. Цаг агаарын давтагдашгүй хүчин зүйлийн улмаас отроор өвөлжиж хаваржсан өөр аймаг, сумын малчдыг 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор нутаг, бэлчээр чөлөөлүүлж, нүүлгэх ажлыг багийн Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.
3.4. Сумын бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн мэдээлэлд үндэслэн давхцал үүсэхгүйгээр мэдээлийн санг бүрдүүлэх ажлыг газрын даамалтай хамтран багийн Засаг дарга гүйцэтгэнэ.
3.5. Сумын болон багийн отрын бүс нутгийн хуваарийг малчдын бүлэг, баг хамт олноороо хэлэлцэн шийдвэрлэж, ашиглах хуваарийг тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргаж ашиглана.
ДӨРӨВ. НӨӨЦ НУТГИЙН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ
4.1. Бэлчээрийг зөв зохистой ашиглах зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сумын бэлчээрийн нөөц нутаг болгосон Еншөөв багийн "Хоёр зааны хөндий", Цагаан-Хөтөл багийн "Дулаан" орчмын газар нутаг нутагт отор нүүдлээр ирсэн өрхүүд 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл чөлөөлж бэлчээрийг нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлнэ.
4.2. Шаардлагатай тохиолдолд мал оторлуулах болон бэлчээр чөлөөлөх хугацааг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн өөрчилж болно.
4.3. Бэлчээрийн нөөц нутагт багийн Засаг даргын зөвшөөрлөөр зохион байгуулалттайгаар хадлан бэлтгэж болно.
4.4. Бэлчээрийн нөөц нутагт өвөлжиж, хаваржих малчид малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг арга хэмжээнд бүрэн хамруулсан байна.
4.5. Газар тариалангийн бүс нутаг Цагаан-Хөтөл багийн "Бүхэл хөндийд" тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2 дахь заалтуудын дагуу газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаанд мал, тэжээвэр амьтан нутаглуулах, бэлчээх, тариалангийн талбайгаас гадагш 500 метрийн зайд бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно.
4.6. Тариалагийн талбайн ойролцоо нутаглагдаг сумын харьяат малчин иргэд тариалан эрхлэгчид болон сумын удирлагатай гурвалсан гэрээ байгуулж ажиллана.
ТАВ. ШИНЭЭР ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖАА БАРИХ, ЭЗЭМШИХ
5.1. Өвөлжөө, хаваржаа шинээр эзэмшихэд тухайн бүс нутгийн малчдын бүлэг, багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрийг сумын Засаг даргад уламжлан, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан батлуулж, сумын Засаг даргын захирамжаар эзэмшлийн гэрчилгээг авч ашиглаж хамгаална.
5.2. Багийн иргэдийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа, сумын болон багийн отрын бүс нутагтай давхцал үүсээгүй газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгоно.
5.3. Сумын малчин өрх 1 өвөлжөө, 1 хаваржаатай байх, эзэмшээгүй 5-аас дээш жил ашиглаагүй өвөлжөө, хаваржааны эзэмшлийн шийдвэрийг цуцалж, дараагийн малчин өрхөд эзэмшүүлнэ.
5.4. Сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан өвөлжөө, хаваржааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журмын дагуу татан буулгана.
ЗУРГАА. МАЛЧИД, ИРГЭДИЙН ХАРИУЦЛАГА
6.1. Малчин өрх бүр өөрийн болон бусдын өвөлжөө хаваржааны бэлчээрийг зун, намрын улиралд малын хөлөөс бүрэн чөлөөлнө.
6.2. Өөр аймаг, сумдаас зөвшөөрөлгүй буюу мал эмнэлгийн гэрчилгээгүй мал авчирахгүй байх, өвөлжөө, хаваржааны бууцыг бусдад дамжуулан ашиглуулах буюу түрээслүүлэхгүй байна.
6.3. Бэлчээр, худаг ус, булгийн эхийг хог хаягдал, малын сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэж байна.
6.4. Зөвшөөрөлгүй өвөлжөө, хаваржаа барихгүй байх, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байна.
6.5. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, бэлчээрийн даацад тохирсон мал сүргийг өсгөх, бэлчээр хамгаалах, сайжруулах талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлнэ.
6.6. Иргэд, малчид газар эзэмших эрхээ дуусгавар болмогц "Газрын тухай" хуулийн 41 дүгээр зүйлийн дагуу газрыг чөлөөлнө.
6.7. Малчид, мал бүхий иргэд, оторчид нутаглаж байсан тухайн газар нутгийн байгаль орчны унаган төрхийг хэвээр байлгаж, малын сэг зэм, хог хаягдлаа бүрэн цэвэрлэн багийн Засаг даргад хүлээлгэн өгнө.
ДОЛОО. ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСГИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7.1. Өөр аймгийн малчид өвөлжиж, хаваржихаар хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд гэрээ байгуулан, гэрээнд зохих төлбөр, хураамж авах талаар тусгана.
7.2. Оторчдоос авах бэлчээр ашиглалтын төлбөр,татвар хураамжийн хэмжээг сумын ИТХ-ийн хурлаар батлуулан хэрэгжүүлнэ.
7.3. Бусад аймаг, сумдаас малчдыг оторлуулах тохиолдолд тухайн аймаг, сумын удирлагатай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж журмын дагуу зохион байгуулна.
7.4. Сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй малыг орон нутагт нутаглуулахыг хориглоно.
7.5. Бусад аймаг, сумдын оторчдоос малын тоо, толгойн албан татвар, газар, бэлчээр ашиглалтын төлбөр хураамжийг авч орон нутгийн санд төвлөрүүлнэ.
НАЙМ. СУМЫН ГАЗРЫН ДААМЛЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
8.1. Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
8.2. Өвөлжөө, хаваржаа худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол баяжилт хийх ажлыг хариуцна.
8.3. Баг бүрт бэлчээрийн фотомониторонгийн судалгааг тогтмол хийнэ.
ЕС.БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
9.1 Сумын бэлчээр ашиглалтын журам, төлөвлөгөөний төсөлд малчдын саналыг бүрэн авч тусгах, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг хугацаанд гаргаж хөдөө аж ахуйн тасаг хүргүүлнэ.
АРАВ. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
10.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.6, 8.1.7 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, мал эмнэлгийн улсын байцаагч, байгаль орчны улсын байцаагч нар хариуцлага хүрээлгэнэ.
10.2. Багийн Иргэдийн Нийтийн хурлаас дэмжигдсэн саналыг сумын Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулна.
10.3. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь заалтын дагуу багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцэн зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
10.4. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах хуулиар зохицуулна.
Текст томруулах
A
A
A