- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 270
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын төсвийн хөрөнгөөр Баян-Өлгий аймагт хийгдэж буй Улаанхус сумын 4 км хатуу хучилттай авто зам, Толбо сумын 2.3 км хатуу хучилттай авто зам, Бугат сумын бетон гүүрийн авто зам, замын барилга угсралтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн чиглэлийн авто зам, замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанд, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт тус тус даалгасугай.
3. Авто зам, талбайн барилгын ажлын явцад түүх, соёлын дурсгалт зүйл илэрсэн тохиолдолд нэн даруй холбогдох байгууллагад мэдээлэх, ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг авто зам, замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, тус үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
