- Нүүр
- Сайдын тушаал
- МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДЭЭС ЭРХ БҮХИЙ ХУУЛЬ САХИУЛАХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн A-185/A/176 дугаар
хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДЭЭС ЭРХ БҮХИЙ ХУУЛЬ САХИУЛАХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД
МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмыг эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагаас мөнгө угаах, түүний суурь гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг шалгахад хамаарах Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-т заасан мэдээлэх үүрэгтэй этгээд (цаашид "мэдээлэх үүрэгтэй этгээд" гэх)-д мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан тодорхой гүйлгээ, түүнд оролцогч талуудын мэдээллийг (цаашид хамтад нь "мэдээлэл" гэх) авах хүсэлт гаргах, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг өгөх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд мөрдөнө.
1.2.Энэ журамд заасан "эрх бүхий хууль сахиулах байгууллага" гэдэгт цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагыг, "терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага" гэдэгт тагнуулын байгууллагыг тус тус ойлгоно.
1.3.Мэдээлэх үүрэгтэй этгээдээс терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад мэдээлэл өгөх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг Засгийн газрын 2019 оны 464 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журам"-аар зохицуулна.
ХОЁР. МЭДЭЭЛЭЛ
2.1.Эрх бүхий хууль сахиулах байгууллага Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдээс авах мэдээлэлд доор дурдсаныг ойлгоно:
2.1.1.хүсэлтэд дурдагдсан этгээд нь тухайн банканд аливаа данс /харилцах, хадгаламж, зээл гэх мэт/ эзэмшдэг, эсхүл данс эзэмшиж байсан эсэх;
2.1.2.нэг эсхүл хэд хэдэн дансны хамтран эзэмшигч, дэд эзэмшигч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэх;
2.1.3.хэрэв банканд данстай бол тухайн дансны үлдэгдэл;
2.1.4.хадгаламжийн хайрцаг /үнэт зүйл хадгалах хайрцаг/ эзэмшдэг, эсхүл эзэмшиж байсан эсэх;
2.1.5.данс нээгдсэн өдрөөс хойших эсхүл тодорхой заасан хугацааны гүйлгээний хуулга ("Банкнаас дансны хуулга авах маягт"-ын дагуу);
2.1.6.тодорхой гүйлгээний оролцогч талуудын тухай мэдээлэл;
2.1.7.СВИФТ гүйлгээний баримт;
2.1.8.шаардлагатай бусад мэдээлэл.
2.2.Энэ журмын 2.1.5-д заасан дансны хуулга нь гүйлгээний огноо, гүйлгээ хийсэн цаг, гүйлгээ хийсэн салбарын код, теллер дугаар, данс эзэмшигч, харьцсан банк, харьцсан данс, регистрийн дугаар, гүйлгээний код, валютын төрөл, гүйлгээний утга, орлого, зарлага, үлдэгдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулна.
2.3.Эрх бүхий хууль сахиулах байгууллага Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.1-д зааснаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдээс дараах мэдээллийг авч болно:
2.3.1.хүсэлтэд дурдагдсан этгээд нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдээр үйлчлүүлж байсан эсэх;
2.3.2.хүсэлтэд дурдагдсан этгээд нь тухайн мэдээлэх үүрэгтэй этгээдийн харилцагч эсхүл харилцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд эсэх;
2.3.3.мэдээлэх үүрэгтэй этгээдээс үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл ("Банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдээс гүйлгээний тухай мэдээлэл авах загвар"-ын дагуу) ;
2.3.4.хэрэв данстай бол тухайн данстай холбоотой мэдээлэл;
2.3.5.данстай холбоотой бусад данс, оролцогч талуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл;
2.3.6.хүсэлтэд дурдагдсан этгээдийн нэрийн өмнөөс хийсэн гүйлгээ;
2.3.7.шаардлагатай бусад мэдээлэл,
2.4.Мэдээлэл нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно. Мэдээллийг энгийн болон яаралтай горимоор, цахимаар эсхүл биечлэн авч болно.
2.5.Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар болон тагнуул, авлигатай тэмцэх байгууллага шаардлагатай тохиолдолд энэ журмын 2.4-т заасан яаралтай горимоор цахим хэлбэрээр мэдээлэл авч болно.
2.6.Эрх бүхий хууль сахиулах байгууллага нь мэдээлэх үүрэгтэй этгээдээс хүсэх мэдээллийн хэмжээ, түүнийг боловсруулах боломжит хугацааг харгалзан, зайлшгүй тохиолдолд мэдээллийг яаралтай горимоор цахимаар авах зарчмыг баримтална.
2.7.Эрх бүхий хууль сахиулах байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг түргэвчлэх зорилгоор мэдээллийг цахим хэлбэрээр авч болно. Цахим мэдээлэл нь өөрчлөгдөх, засагдах боломжтой /editable/ цахим файл хэлбэртэй бөгөөд нотолгооны ач холбогдолтой бол тухайн цахим мэдээллийг цаасан хэлбэрээр баталгаажуулна.
ГУРАВ. МЭДЭЭЛЭЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ
3.1.Эрх бүхий хууль сахиулах байгууллага нь мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээлэл авах хүсэлт нь тус байгууллагын бэлэгдэл, хаяг, огноо, дугаар бүхий албан бичгийн хэвлэмэл хуудас дээр тухайн байгууллагын эрх бүхий удирдах албан тушаалтны нэр, гарын үсэг, тамга, тэмдэгтэй байх бөгөөд холбогдох хуульд заасны дагуу прокуророос зөвшөөрөл авсан байна.
3.2.Энэ журмын 3.1-т заасан хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:
3.2.1.хүсэлтэд дурдагдсан этгээдэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээр арга хэмжээ авах эсэхийг тодорхойлох зорилготойгоор хүсэлт гаргах болсон шаардлага, үндэслэлийг бичих;
3.2.2.хүсэлтийг хаяглаж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний салбар, нэгжийн нэр, байршил;
3.2.3.хүсэлтэд дурдагдсан этгээдийн тухай мэдээлэл /хувь хүн бол овог, нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, регистрийн дугаар, хаяг гэх мэт/-ийг тодорхой бичих;
3.2.4. энэ журмын 2.1, 2.3-т заасан мэдээлэл;
3.2.5.энэ журмын 2.4-т заасан мэдээллийн хэлбэр, мэдээллийг хүлээн авах хэлбэр, горим (мэдээллийг цаасан хэлбэрээр авах хүсэлт гаргах бол шуудангийн хаяг, цахим хэлбэрээр авах хүсэлт гаргах бол албаны цахим шуудангийн хаяг, биечлэн авах бол хүлээн авах ажилтны нэр, албан тушаал, утасны дугаарыг бичсэн байх);
3.2.6.зөвшөөрөл олгосон прокурорын албан тушаал, нэр тодорхой байх;
3.2.7.шаардлагатай бусад мэдээлэл.
ДӨРӨВ. МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ
4.1.Мэдээлэх үүрэгтэй этгээд эрх бүхий хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгөхдөө нууцлал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр зөвхөн хүсэлтэд дурдагдсан энэ журмын 3.2.5-д заасан мэдээллийн хэлбэр, мэдээллийг хүлээн авах хэлбэр, горимоор мэдээллийг өгнө.
4.2.Эрх бүхий хууль сахиулах байгууллагын хүсэлт энэ журмын 3 дугаар бүлэгт заасан шаардлага хангаагүй бол мэдээлэх үүрэгтэй этгээд мэдээлэл өгөхөөс татгалзана.
4.3.Мэдээлэх үүрэгтэй этгээдээс эрх бүхий хууль сахиулах байгууллагад гүйлгээний тухай мэдээлэл өгөх бол "Банкнаас дансны хуулга авах загвар" эсхүл "Банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдээс гүйлгээний тухай мэдээлэл авах загвар"-ын дагуу мэдээллийг бэлтгэж хүргүүлнэ.
4.4.Мэдээлэх үүрэгтэй этгээд хүсэлт хүлээн авснаас хойш энгийн горимоор бол ажлын 7 өдөр, яаралтай горимоор бол ажлын 4 өдөрт багтаан хариу өгнө.
ТАВ. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ,
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
5.1.Эрх бүхий хууль сахиулах байгууллага, мэдээлэх үүрэгтэй этгээд нь мэдээллийн нууцлал, аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
5.3.Энэхүү журамд заасан мэдээллийг хуульд заасан нууцын зэрэглэл болон бусад тэмдэглэгээг тавьж бэхжүүлэх замаар нууцлах бөгөөд тэмдэглэгээг хийхдээ цаасан болон цахим баримт бичгийн бүх хуудасны баруун дээд буланд хийнэ.
5.4.Эрх бүхий хууль сахиулах байгууллага болон мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасан шаардлагад нийцүүлэн баталсан мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмыг үйл ажиллагаандаа мөрдөнө.
5.5.Эрх бүхий хууль сахиулах байгууллага болон мэдээлэх үүрэгтэй этгээд нь хуульд заасны дагуу кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудитыг эрх бүхий этгээдээр хийлгэж, гарсан зөвлөмж, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.
5.6.Энэхүү журамд заасан мэдээллийг хүлээн авах, хүлээлгэн өгөх, дамжуулах, шилжүүлэх, танилцах эрх бүхий этгээд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголттой байна.
5.7.Энэхүү журамд заасан мэдээллийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, дамжуулсан, шилжүүлсэн, танилцсан этгээд хэн байхаас үл хамааран мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй бол тухайн ажилтнаас гадна байгууллага нь холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээнэ.
5.8.Эрх бүхий хууль сахиулах байгууллага болон мэдээлэх үүрэгтэй этгээдийн цахим шуудангаар илгээх мэдээлэл нь нууцлал хангасан байх бөгөөд зөвхөн цахим шуудангийн нууцлал, аюулгүй байдлын шаардлага хангагдсанаар мэдээллийг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах эрх үүснэ.
5.9.Эрх бүхий хууль сахиулах байгууллага болон мэдээлэх үүрэгтэй этгээд энэ журамд заасан мэдээлэл, түүний нэмэлт тодруулгыг цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах албаны цахим шуудангийн хаягтай байх бөгөөд тус цахим шуудангийн хаягийн мэдээллийг жилд нэг удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүр шинэчилж, энэ тухай мэдэгдэнэ.
5.10.Эрх бүхий хууль сахиулах байгууллага энэ журамд заасан цахим мэдээлэл, түүний нэмэлт тодруулга авах хүсэлт, мэдээлэх үүрэгтэй этгээд хүсэлтийн дагуу хүргүүлэх мэдээлэл, түүний нэмэлт тодруулгыг зөвхөн энэ журмын 5.9-д заасан албаны цахим шуудангийн хаягт илгээнэ.
5.11.Эрх бүхий хууль сахиулах байгууллага болон мэдээлэх үүрэгтэй этгээд нь энэ журмын 5.10-д заасны дагуу хүргүүлэх, хүлээн авах цахим мэдээлэлд нэвтрэх "Нууц үг"-ийг албан бичгээр улирал тутам шинэчлэн солилцож, нууцлалыг хадгална.
5.12.Мэдээлэх үүрэгтэй этгээд нь цахим мэдээллийг илгээхдээ мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах, эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг баталгаажуулах үүднээс мэдээлэл бүхий файлыг Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу тоон гарын үсэг ашиглан баталгаажуулж илгээнэ.
5.13.Мэдээлэл хүлээн авах эрх бүхий хууль сахиулах байгууллагын эрх бүхий ажилтан нь зөвхөн албаны сүлжээнд холбогдсон компьютер тоног төхөөрөмжөөс мэдээлэлд хандана. Хувийн болон зөвшөөрөгдөөгүй төхөөрөмжид мэдээллийг хадгалах болон хуулбарлахыг хориглоно.
5.14.Эрх бүхий хууль сахиулах байгууллага нь мэдээллийг дараах байдлаар устгана:
5.14.1.цаасан мэдээллийг цаас устгагчаар;
5.14.2.цахим мэдээллийг зориулалтын файл устгагч программ хангамж ашиглан эргэн сэргэх боломжгүй байдлаар устгана.
ЗУРГАА. БУСАД
6.1.Энэхүү журмын хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдээс эрх бүхий хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгсөн нь Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасны дагуу нууц задруулсан гэж үзэхгүй бөгөөд хуульд заасан аливаа хариуцлагад татах үндэслэл болохгүй.
6.2.Хүсэлтэд хариу өгсөн мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлага, ажилтны талаар хүсэлтэд дурдагдсан этгээд болон бусад гуравдагч этгээдэд мэдээлэхгүй.
6.3.Мэдээлэх үүрэгтэй этгээд, түүний удирдлага, ажилтан нь хууль сахиулах байгууллагаас мэдээлэл авахаар хүсэлт ирсэн, хүсэлтэд хариу хүргүүлсэн эсхүл хүргүүлсэн мэдээллийн талаар хүсэлтэд дурдагдсан этгээд болон бусад гуравдагч этгээдэд мэдээлэхгүй.
6.4.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
_____oOo_____
Текст томруулах
A
A
A