A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮНД БОЛОН ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс

хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/135 / А/200

дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт

 

ХҮНД БОЛОН ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН

ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1.Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хүнд болон хөнгөн үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээдийн технологийн түвшний үнэлгээ хийхэд энэхүү журмыг баримтална.

1.2.Технологийн түвшний үнэлгээг улс орон, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тодорхой үе шатны онцлогт нийцүүлж техник, технологийн шинэчлэлт, өөрчлөлт хийх, түүний урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, технологи дамжуулах, технологийн хөгжлийн бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, статистикийн үндэслэл болгон ашиглана.

 

Хоёр. Технологийн түвшний үнэлгээ хийх,

удирдлага, зохион байгуулалт

 

2.1.Технологийн түвшний үнэлгээ хийх үйл ажиллагаанд Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийг удирдлага болгоно.

2.2.Хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчин, экологийн тэнцвэртэй холбогдол бүхий технологийн түвшний үнэлгээ хийх ажлыг 5 жил тутамд явуулна. Эдгээр асуудлын хүрээнд сөрөг нөлөө илэрсэн тохиолдолд энэ хугацааг харгалзахгүй байж болно.

2.3.Хуулийн этгээд нь технологийн түвшний үнэлгээ хийлгэх хүсэлтээ бичгээр гаргаж, энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Технологийн түвшний үнэлгээ хийхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэл"-ийн хамт эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллагад хүргүүлнэ.

2.4.Эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллага нь технологийн түвшний үнэлгээг энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Технологийн түвшний үнэлгээний хэмжээг тогтоох аргачлал"-ын дагуу хийнэ.

2.5.Технологийн түвшний суурь үнэлгээ болон технологийн түвшний үнэлгээ хийх нийт хугацаа ажлын 60 хоногоос хэтрэхгүй байна. Үнэлгээний ажлын цар хүрээ, түвэгшлөөс хамаарч эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллага болон хуулийн этгээд нар харилцан тохиролцож үнэлгээ хийх хугацааг 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

 

Гурав. Эрх бүхий байгууллага, хуулийн этгээдийн

эрх, үүрэг

 

3.1.Эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллагын эрх, үүрэг:

3.1.1.Төрөл, чиглэлийн хувьд үнэлгээ хийж буй технологитой адилтгаж болох, гадаад, дотоодын практикт дээд зэргийн чанар, үр ашигт хүрч байгаа технологийн харгалзах үзүүлэлтүүд буюу "технологийн түвшний суурь үнэлгээ (жишиг)"-г тогтоох;

3.1.2.Технологийн түвшний үнэлгээний баталгаажсан тайлан, дүгнэлтийг энэ журмын 2.5-д заасан хугацааны дотор хүсэлт гаргагчид хүргүүлэх;

3.2.Технологийн түвшний үнэлгээ хийлгэх хуулийн этгээдийн эрх, үүрэг:

3.2.1.Технологийн түвшний үнэлгээ хийлгэх хүсэлт гаргах, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр өөрийн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийлгэх;

3.2.2.Технологийн түвшний үнэлгээний баталгаажсан тайланд асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт, зөвлөмж гаргуулах;

3.3.Хуульд заасан бусад.

 

Дөрөв. Бусад

 

4.1.Энэ журмын хэрэгжилтэд хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

4.2.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс

хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/135 / А/200

дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт

 

ХҮНД БОЛОН ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх, үнэлгээний хэмжээг тогтооход энэхүү аргачлалыг баримтална.

 

Хоёр. Хэмжээг тогтоох аргачлал

 

2.1.Эрх бүхий эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн технологийн түвшний үнэлгээ хийх, үнэлгээний хэмжээг тогтоохдоо энэ аргачлалын 2.2 заасан үзүүлэлтийг харгалзан, олон улсад ашиглаж байгаа аргачлалуудыг үндэслэн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, баталсан өөрийн аргачлалаар тогтооно.

2.2.Технологийн түвшнийг үнэлэх, хэмжээг тогтооход дараах үзүүлэлтийг харгалзана:

2.2.1.технологийн техникийн үндсэн үзүүлэлтүүдийг ижил төрлийн технологийн харгалзах үзүүлэлтүүдтэй харь­цуулан тогтоосон үнэлэлт;

  • тухайн технологийн дотоод, гадаадад ашиглагдаж байгаа байдал, ашиглаж эхэлсэн хугацаа, хориглогдсон эсэх;
  • технологийн лицензийн төлбөр;
  • технологийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, бүтээмж, ашигт үйлийн коэффициент;
  • түүхий эд, эрчим хүч, ус гэх мэт нөөцийн ашиглалт, зарцуулалт (хаягдлын үзүүлэлт);
  • технологийн тоног төхөөрөмжийн овор хэмжээ, дуу, чимээ, доргилт;
  • үйл ажиллагааны зардал;
  • технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгдсэн болон ашиглалтын хугацаа;
  • технологийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны найдвартай байдал гэх мэт.

2.2.2.технологийн боловсронгуй байдал:

  • шинэ, дэвшилт технологи, түүгээр ажиллагчдын эзлэх хувийн жин;
  • үйлдвэрлэлийн автоматжуулалтын коэффициент;
  • олон улсын түвшинд хүрсэн тоног төхөөрөмжийн эзлэх хувийн жин;
  • үйлдвэрлэлийн нийт өртөгт тоног төхөөрөмжийн эзлэх хувийн жин;
  • үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн коэффициент;
  • үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн насжилт (5 хүртэл, 5-10, 10-20, 20-иос дээш жил) гэх мэт.

2.2.3.технологийг ашигласнаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал, амьтан, үйлдвэрлэлийн нөхцөлд үзүүлж болох эерэг, сөрөг болзошгүй нөлөөлөл, сөрөг үр дагаврыг бууруулах зөвлөмж;

  • үйлдвэрлэлд хэрэглэх химийн бодисын нэр төрөл, хэмжээ;
  • агаар, хөрс, усанд хаягдах бохирдуулагч бодисын хэмжээ;
  • үйлдвэрлэлийн хүнд, хортой нөхцөлд ажиллагчдын хувийн жин;
  • үйлдвэрлэлийн осолд өртөгчдийн хувийн жин;
  • мэргэжлийн өвчнөөр өвчлөгсдийн хувийн жин;
  • сөрөг нөлөөллийг бууруулах боломж;
  • бусад онцлог үзүүлэлт.

2.2.4.технологийг ашигласны эдийн засгийн үзүүлэлтүүд;

  • технологийн үнэ (лицензийн төлбөр);
  • үйлдвэрлэлийн зардал;
  • бүтээгдэхүүний өөрийн өртөг;
  • технологийн тоног төхөөрөмжийн зардлын хувийн жин;
  • үйлдвэрлэлийн орлого;
  • үйлдвэрлэлийн цэвэр ашиг;
  • дотоод өгөөжийн норм;
  • өнөөгийн үнэ цэнэ;
  • өртгөө нөхөх хугацаа гэх мэт.

2.2.5.бүтээгдэхүүний стандарт, чанар, зах зээл, аюулгүй байдлын үзүүлэлт;

  • стандарт, норматив-техникийн бусад баримт бичгээр тогтоосон үзүүлэлт, шаардлагыг хангасан бүтээгдэхүүний эзлэх хувийн жин;
  • бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээл (биет бүтээгдэхүүний тоо хэмжээгээр);
  • бүтээгдэхүүний борлуулалт буюу эрэлт хэрэгцээний хангалт (жилд борлогдсон бүтээгдэхүүний жигнэсэн дундаж хэмжээ, түүнд стандарт, норматив-техникийн бусад баримт бичгээр тогтоосон үзүүлэлт, шаардлагыг хангасан бүтээгдэхүүний эзлэх хувийн жин, өртгөөр) гэх мэт.

2.2.6.технологийг ашиглахад шаардагдах мэргэжилтний хүрэлцээ хангамж:

  • мэргэжлийн дээд боловсролтой инженер, техникийн үндсэн ажилтны хувийн жин;
  • мэргэжлийн зэрэгтэй инженерийн техникийн үндсэн ажилтны хувийн жин;
  • олон улсын түвшинд баталгаажсан (сертификаттай) ажилтны хувийн жин;
  • мэргэшлийн 5, 6 дугаар зэрэгтэй ажилчны хувийн жин;
  • шаардлагатай гадаад ажилтны хувийн жин гэх мэт.

2.2.7.үйлдвэрлэл, хөдөлмөрийн зохион байгуулалт:

  • ажлын цагийн ашиглалтын коэффициент;
  • машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын коэффициент;
  • үйлдвэрлэлийн жигд ажиллагааны хангалт;
  • үйлдвэрийн газрын ээлжийн коэффициент гэх мэт.

2.2.8.тухайн технологийн онцлогтой холбогдох бусад хүчин зүйл, үзүүлэлт.

 

2.3.Тухайн үйлдвэрлэлийн удирдлага, төлөвлөлт, хүчин чадал, зохион байгуулалтын онцлог, техникийн болон мэдээлэл хангамж, мэдлэг шингээлтийн байдал зэргээс шалтгаалж үнэлгээний ажлын хэмжээ, аргачлал харилцан адилгүй байж болно.

2.4.Энэ аргачлалын 2.2-д дурдсан үзүүлэлтийг үнэлэхдээ тухайн хүчин зүйлд хамааралтай гол үзүүлэлтүүдийг оновчтой сонгож тэдгээрийн статистик буюу албан ёсны бусад мэдээллийг бүрдүүлж, хүчин зүйл, үзүүлэлтүүдийн бодит утгыг нэг бүрчлэн тодорхойлж, тухайн технологийн түвшний суурь үнэлгээ (жишиг)-ний харгалзах үзүүлэлтүүдтэй харьцуулан тоон утгаар илэрхийлж, технологийн түвшний байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө.

2.5.Энэ аргачлалын 2.4-д дурдсан үнэлэлт, дүгнэлтэд тулгуурлан хүчин зүйлүүдийн хоорондох уялдаа, тэдгээр нь тухайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чанар, үр ашигт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, технологийн түвшний нэгдсэн үнэлгээ, дүгнэлтийг гаргана.

---о0о---


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс

хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/135 / А/200

дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралт

 

Технологийн түвшний үнэлгээ хийхэд

шаардлагатай бичиг баримтын бүрдэл

 

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар;

3.Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл (батлагдсан);

4.Үйлдвэрлэлд ашиглагдах технологиудын тодорхойлолт, лицензийн гэрээний хуулбар (нотариатаар батлуулсан);

5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (баталгаажсан);

6.Үйлдвэрийн хаягдлыг өөрсдөө болон хяналтын байгууллагын тогтоосон тайлан, хяналтын байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

7.Тухайн жилийн бизнес төлөвлөгөө (батлагдсан);

8.Технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтын тайлан;

9.Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын бүртгэл (бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол);

10.Түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, норматив-техникийн бусад баримт бичгээр тогтоосон шаардлага болон стандарт шаардлагад нийцсэнийг нотлох итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүн;

11.Түүхий эд худалдан авах гэрээ;

12.Үйлдвэрийн барилга байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өгсөн акт (үйлдвэр баригдсан бол);

13.Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтын бүртгэл;

14.Ажиллах хүчний судалгаа, тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ;

15.Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьд өмнө тавьсан албан шаардлага, түүний хэрэгжилт.