- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 378
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-д дор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт, дэд заалт тус тус нэмсүгэй:
1/ Журмын 5.10 дахь хэсэг, 5.10.1-5.10.6 дахь заалт:
"5.10.Үнэт цаас гаргагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.3-т заасны дагуу хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцааг бүртгүүлэх хүсэлтийг Хороонд гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана:
5.10.1.үнэт цаасыг бүртгүүлэх өргөдөл /энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу/;
5.10.2.хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
5.10.3.арилжаа эрхлэх байгууллагын шийдвэр, дүгнэлт;
5.10.4.энэ журмын 11.15-д заасан агуулгын хүрээнд гаргасан хууль зүйн дүгнэлт;
5.10.5.хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн бол хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч этгээдийн талаарх мэдээлэл, түүний гүйцэтгэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт;
5.10.6.зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн тухай төлбөрийн баримт."
2/ Журмын 7.26 дахь хэсэг:
"7.26. Банкны нийт гаргасан энгийн хувьцааны 20 хувиас дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж буй этгээдийн Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг хангах зорилгоор бусдад худалдах, шилжүүлэх шаардлагатай хувьцаанд энэ журмын 7.23 дахь хэсэг хамаарахгүй."
3/ Журмын 10.13 дахь хэсэг:
"10.13.Үнэт цаас гаргагчийн мэдээлэх үүргийн хэрэгжилтэд арилжаа эрхлэх байгууллага хяналт тавьж ажиллах бөгөөд арилжаа эрхлэх байгууллагаас мэдээллийн ил тод байдлыг хангуулахтай холбоотой нарийвчилсан журмыг тогтоон, мөрдүүлнэ."
4/ Журмын 11.6.3.3 дахь дэд заалт:
"11.6.3.3.аудитын компанийн эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх."
5/ Журмын 11.6.7 дахь заалт:
"11.6.7.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 18.4-т заасан жагсаалтад багтсан арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үнэт цаас гаргагчид аудитын үйлчилгээ үзүүлж байсан компанийн хувьд энэ журмын 11.6.1, 11.6.3.1 дэх заалт хамаарахгүй бөгөөд тухайн компанидаа 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай үндсэн аудитортай байх."
2.Мөн журмын дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ Журмын 11.14.2 дахь заалтыг
"11.14.2.үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомж, Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлага хангаж байгаа эсэх;"
2/ Журмын 11.14.3 дахь заалтыг
"11.14.3.үнэт цаас гаргагчийн дотоод дүрэм, журмууд нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх, нийтэд санал болгон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчийн хувьд түүний дотоод дүрэм, журмууд нь Хорооноос баталсан компанийн засаглалын кодекст нийцсэн эсэх;"
3.Мөн журмын 10.7 дахь хэсгийн "хагас жил, улирлын" гэснийг "хагас жилийн" гэж, мөн хэсгийн "01-ний" гэснийг "30-ны" гэж, 10.8 дахь хэсгийн "ажлын хоёр өдөрт багтаан" гэснийг "Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56.1-д заасан хугацаанд" гэж, 11.14 дэх хэсгийн "анх удаа болон нэмж гаргаж буй хувьцаатай" гэснийг "гаргаж буй үнэт цаастай" гэж, 11.15.4 дэх заалтын ""Монголын компанийн засаглалын кодекс"-т" гэснийг "компанийн засаглалын кодекст" гэж, журмын 4 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн тэргүү, 3.1 дэх хэсгийн "хагас жил болон улирлын" гэснийг "хагас жилийн" гэж, журмын 4 дүгээр хавсралтын 3.1.4 дэх заалтын "хагас болон улирлын" гэснийг "хагас жилийн " гэж, 3.2 дахь хэсгийн "Хагас жил, улирлын" гэснийг "Хагас жилийн" гэж, журмын 4 дүгээр хавсралтын маягт 2-ын нэрийн "Хагас жил, улирлын" гэснийг "Хагас жилийн" гэж, мөн хавсралтын маягт 2-ын "Хагас жил, улирлын тайланг бэлтгэсэн" гэснийг "Хагас жилийн тайланг бэлтгэсэн" гэж, мөн хавсралтын маягт 2-ын 1, 2 дахь хэсгийн "Хагас жилийн болон улирлын" гэснийг "Хагас жилийн" гэж, журмын 4 дүгээр хавсралтын 4.1.8 дахь хэсэг, мөн хавсралтын маягт 3-ын 8 дахь хэсгийн "жилүүд болон улирлын" гэснийг "жилүүдийн" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Мөн журмын 5.9 дэх хэсгийн "болон гаргасан" гэснийг, журмын 4 дүгээр хавсралтын 3.1.1 дэх заалтын "болон улирлын" гэснийг, журмын 4 дүгээр хавсралтын маягт 1, 2, 3-ын "Мэдээлэл гаргагч этгээд болон мэдээллийн үнэн зөвийг баталсан этгээдийн гарын үсэг, огноо" гэсэн хэсгийн 2 дахь багана дахь "Овог, нэр: Албан тушаал: "....." ..К аудитын компанийн гүйцэтгэх захирал Гарын үсэг: ... (Тамга/тэмдэг)" гэснийг тус тус хассугай.
5.Мөн журмын 11.20, 11.21 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тогтоолын 1-д заасан журамд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК (Х.Алтай), "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК (Ш.Лхагва), "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК (О.Эрдэнэгэрэл), "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ТББ (А.Батболд)-д, журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.
7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
