A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т ДААЛГАХ нь:

2.1. Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангуудад эмийн жагсаалтыг хүргэх, мэдээлэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;

2.2. Эрүүл мэндийн даатгалын цахим жорын системийн мэдээлэлд тулгуурлан даатгалын гэрээ бүхий эмийн санд тавих хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах;

2.3. Жагсаалтад заасан ерөнхий нэршлийн эмийг худалдааны нэршил, эмийн бүртгэлийн дугаар, бар код бүрээр цахим програм хангамжид оруулах, бэлтгэл ажлыг хангах;

2.4. Жагсаалт дахь эмийн ерөнхий нэршлийн төрлийг нэмэгдүүлэхгүйгээр тэдгээрт харгалзах худалдааны нэршилд орсон дараах нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж, мэдээлэх тогтолцоог бий болгох. Үүнд:

2.4.1. Эмийн бүртгэлд шинээр нэмэгдсэн эмийг жагсаалтад нэмэх болон бүртгэлийн хугацаа дууссан эмийг жагсаалтаас хасах;

2.4.2. Жагсаалт дахь ижил төрлийн эмийн үнийг жишиг болгож шинээр нэмэгдсэн эмийн үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг тогтоох;

2.4.3. Жагсаалт дахь эмийн үнэ, өртөг өөрчлөгдсөн тохиолдолд эмийн үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг өөрчлөх санал боловсруулж шийдвэрлүүлэх.

2.5. Тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилтийг тэгш, хүртээмжтэй хуваарилж, төсвийн үр ашгийг дээшлүүлэх хяналтын тогтолцоог бүрдүүлж, тухай бүр тайлагнаж, арга хэмжээ авч ажиллах;

2.6. Тогтоолын хавсралт дахь эмийн жагсаалтад * тэмдэглэгээгээр тэмдэглэсэн эмүүдийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс жагсаалтаас хасаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэхийг зогсоох арга хэмжээ авч ажиллах;

2.7. Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт, таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг хүүхдэд /0-19 нас хүртэлх/ Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгосугай.

3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар /Д.Нарантуяа/-т ДААЛГАХ нь:

3.1 Эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хяналт тавих;

3.2 Иргэд, даатгуулагчдыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах;

3.3 Эмийн зохистой хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх, төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах;

3.4 Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж, эмийн зохицуулалтын үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх;

3.5 Энэхүү жагсаалт батлагдсантай холбогдуулан энэхүү тогтоолын 2.6 дахь заалтын хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хасагдах эмийн мэдээллийг эм хангамжийн байгууллага болон холбогдох байгууллагуудад хүргэх;

3.6 Тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

4. Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтад заасан эмийг ерөнхий нэршлээр бичиж байхыг хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нарт, мөн тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу жор бичихийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх, худалдааны нэршлээр тогтоосон эмийн үнийн дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр даатгуулагчид үнийн хөнгөлөлт үзүүлж байхыг даатгалын гэрээ бүхий эмийн сангийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны "Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай" 18 дугаар тогтоолын "Хепатитийн С вирусийн эсрэг эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г баталсан хавсралт, 2020 оны "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 09 дүгээр тогтоол, 2020 оны "Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" 13 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

ДАРГА С.ЭНХБОЛД