A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХУВИЛБАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

2022 оны 6 дугаар сарын 22 өдрийн

А/224 тушаалын хавсралт

 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХУВИЛБАРТ

 СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл.

 1.1. "Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт" (цаашид "хувилбарт сургалт" гэх) гэж оршин суудаг газар болон хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгийн үндсэн бүлгийн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол эзэмшүүлэх сургалт, үйл ажиллагааг ойлгоно.

 1.2. Хувилбарт сургалт зохион байгуулахад энэ журмын 1.1-д заасан хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших тэгш боломж олгох, хүүхдийн хөгжих, эсэн мэнд амьдрах, хамгаалагдах, оролцох эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхлаас ангид байх, хүүхэд бүрийн онцлог, ялгаатай байдлыг харгалзах, эцэг эх, асран хамгаалагч болон нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн оролцоо, түншлэлийг хангах зарчим баримтална.

 1.3. Хувилбарт сургалт зохион байгуулахад холбогдох хууль, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага MNS6558:2015 стандарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд баримтлах чиглэл, Цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого болон холбогдох дүрэм, журам, норм, нормативыг мөрдөнө.

 1.4. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.4.1. "Нүүдлийн бүлгийн" гэж энэ журмын 1.1-д заасан хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх зорилгоор тогтоосон хугацаанд төвлөрүүлэн зохион байгуулах танхимын сургалт, үйл ажиллагааг;

1.4.2. "Гэр бүлд суурилсан" гэж энэ журмын 1.1-д заасан хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгт тулгуурлан багшийн чиглүүлэг, зөвлөмжөөр хэрэгжүүлэх /явуулын/ зайн сургалтыг.

1.5. Хувилбарт сургалт зохион байгуулах цэцэрлэгийн хамран сургах тойргийг хүүхдийн тоо, өрхийн байршлыг харгалзан сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Боловсролын газар тогтооно.

Хоёр. Хувилбарт сургалтын зохион байгуулалт

 2.1. Хувилбарт сургалтыг "нүүдлийн бүлгийн" эсхүл "гэр бүлд суурилсан" болон эдгээрийн хосолсон хэлбэрээр тус тус зохион байгуулна.

 2.2. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагаа 8 долоо хоног, гэр бүлд суурилсан сургалтын нийт цаг хүүхдийн наснаас хамаарч 80-120 цаг байна.

2.3. Энэ журмын 1.4.1, 1.4.2-т заасан сургалт, үйл ажиллагаанд 5 настай хүүхдийг заавал хамруулах бөгөөд хичээлийн жилд нүүдлийн бүлгийн 80, гэр бүлд суурилсан сургалтын 120 цагийн агуулгыг эзэмшүүлж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.

2.4. Хувилбарт сургалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр"-ийг баримтална.

 2.5. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагааг доор дурдсанаар зохион байгуулна.

2.5.1. хамрагдах хүүхдийн нас, тоог харгалзан дагнасан эсхүл холимог бүлгээр зохион байгуулна.

2.5.2. сургалт, үйл ажиллагааг "Хөдөлгөөн, эрүүл мэнд", эл яриа", "Математикийн энгийн төсөөлөл", "Байгаль, нийгмийн орчин", "Хөгжим", "Дүрслэх урлаг" чиглэлээр тус бүрийг долоо хоногт нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж, хэрэгжүүлнэ.

2.5.3. бэлтгэл бүлэг /5 настай хүүхэд/-ийн сургалт, үйл ажиллагааг энэ журмын 2.5.2-т заасан чиглэл тус бүрээр долоо хоногт хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөж, нэгдмэл агуулга, арга зүйгээр хэрэгжүүлнэ.

2.5.4. сургалт, үйл ажиллагааг өдрийн дэглэмийн дагуу зохион байгуулах бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд баримтлах чиглэл"-ийн өдрийн дэглэм төлөвлөх, мөрдөхтэй холбогдох заалтыг баримтална.

2.5.5. өдрийн дэглэмийг эцэг эх, асран хамгаалагчдад танилцуулж, сургалт, үйл ажиллагаанд мөрдөнө.

2.5.6. гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас эрх бүхий байгууллагын шийдвэрээр сургалт, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тохиолдолд сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах хэлбэр, хугацааг тогтоож, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

2.6. Гэр бүлд суурилсан /явуулын/ сургалтыг доор дурдсанаар зохион байгуулна.

2.6.1. сургалтыг зохион байгуулахад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих сургалтын хөтөлбөр"-ийг баримтална.

2.6.2. сургалт, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа 20-30 минут (1 цаг) байхаар тооцож, 3 настай хүүхэд 80 цаг, 4 настай хүүхэд 100 цаг, 5 настай хүүхэд 120 цагийн агуулгыг хичээлийн жилд тус тус эзэмшүүлэхээр төлөвлөж, хэрэгжүүлнэ. 

2.6.3. энэ журмын 2.6.1-д заасан хөтөлбөрийг багш сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд сард хоёроос доошгүй удаа тухайн хүүхдийн гэрт хүрч ажиллахаар тооцож төлөвлөлт хийнэ.

 2.7. Хувилбарт сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хөгжилд гарсан ахиц, өөрчлөлтийг үнэлж, дүгнэхэд боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хүүхдийн хөгжлийг үнэлэхтэй холбогдох журмыг баримтална.

2.7.1. хүүхдийн хөгжих үйл явцыг дэмжих, ахиц, өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор явцын үнэлгээг багш сургалт, үйл ажиллагааны явцад хийнэ.

2.7.2. энэ журмын 1.4.1, 1.4.2-т заасан сургалт, үйл ажиллагааны явцад цуглуулсан баримт, мэдээлэл, нотолгоонд дүн шинжилгээ хийж, хүүхэд бүрийн хөгжилд үнэлгээ өгөх замаар сургалтын эцэст шалгуурын дагуу үр дүнгийн үнэлгээг хийнэ.

2.7.3. багш хүүхдийн хөгжлийн ажиглалтын хуудас бэлтгэж, тэмдэглэл хийх, хувийн хавтас бүрдүүлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад өгнө.

Гурав. Хувилбарт сургалтын орчин, аюулгүй байдал

3.1. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагааг аюулгүй байдал хангасан орчинд зохион байгуулна.

3.2. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагааг гэр болон байшинд зохион байгуулж болох бөгөөд гэрт байрлах тохиолдолд сургалтын болон гал тогооны зориулалт бүхий 2-оос доошгүй гэрээс бүрдэнэ.

 3.3. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагаанд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүн, хэрэгсэл, тоглоом наадгайг хүүхдийн нас, хөгжлийн онцлог, сургалтын агуулгад нийцсэн, хүртээмжтэй, бүтээлч үйлийг дэмжсэн байхаар бүрдүүлж, аюулгүй байдлыг хангана.

 3.4. Бүлгийн тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна.

 3.5. Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

 3.6. Хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон ширээ, сандал байхаас гадна хүүхэд бүрд хувцас, эд зүйлсээ хийх шүүгээ эсвэл, даавуу ууттай байна. 

 3.7. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах тохиолдолд суралцах орчин нөхцөлийг бүрдүүлж, тэдний тусгай хэрэгцээнд тохирох сургалтын хэрэглэгдэхүүн, туслах хэрэгсэл, тавилга, тоглоом наадгайгаар хангах арга хэмжээ авна.

3.8. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдах хүүхдийг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулах ажлыг цэцэрлэг нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

  3.9. Халдварт өвчин, хордлого гарсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулна.

  3.10. Хүүхдийн хоол хүнс, ундны усны хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалтын аюулгүй байдлыг хангаж, эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны хэрэгслийг ашиглана.

  3.11. Хүүхдийн хооллох болон энэ журмын 3.13-т заасан орчныг цэвэрлэх, халдвараас сэргийлэх, ариутгалыг өдөр бүр зааврын дагуу хийнэ.

  3.12. Ариутгал, цэвэрлэгээнд ашиглах бодис, ариун цэврийн хэрэгслийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулна.

3.13. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн гар угаах, бие засах, бохир ус асгах,  хог хаягдлыг ангилан хаях орчин байгуулсан байх бөгөөд доор дурдсан шаардлагыг хангана.

  3.13.1. Гар угаалтуур 10 хүүхдийн дунд 1 байна.

   3.13.2. Хүүхдийн бие засах газар нь 8-10 хүүхдийн дунд нэг суултуур байна.

   3.13.3. Аюулгүй байдлыг ханган, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулна.

  3.14. Гэр болон байшингийн гадаад орчинд 10м-ээс доошгүй талбайд хамгаалалтын бүс үүсгэж хашаа буюу хэц татсан байна.

3.15. Гэрийг үер уснаас хамгаалсан суваг шуудуу татаж, салхинаас хамгаалсан хүндрүүлэгч бэлтгэсэн байна.

3.16. Гэр болон байшингийн зуухны гадуур хамгаалалт хийнэ.

3.17. Гэр болон байшингийн дотор агаарын хэм нэмэх 23 градусаас доошгүй байна.

  3.18. Гэр болон байшин нь агаарын хэвийн солилцоог хангах салхивч, байгалийн болон ердийн гэрэлтүүлэгтэй байна.

  3.19. Гэр болон байшинг өндөр хүчдэл, цахилгааны шугамын доор, үерийн ам, голын эрэгт ойр барихгүй байх, тодорхой зайд аянга зайлуулагч суурилуулж, байгалийн гамшиг, үзэгдлээс сэргийлэх арга хэмжээг авсан байна.

  3.20. Дулааны улиралд бага оврын цахилгаан үүсгүүр, түүнд тохирсон хоолны хөлдөөгч, хөргөгчөөр хангасан байна.

  3.21. Цэцэрлэг нь нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагааны орчны аюулгүй байдалд хяналтыг тогтмол хийж, шаардлагатай арга хэмжээ авна.

3.22. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад танилцуулж, хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хувилбарт сургалтын багш, ажилтан

4.1. Хувилбарт сургалтыг сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багш зохион байгуулна. 

4.2. Цэцэрлэгийн хувилбарт сургалтын үндсэн багшийг энэ журмын 4.2.1, 4.2.2, 4.2.3-д заасан цэцэрлэгүүдэд ажиллуулна.

4.2.1. аймгийн төвийн сумаас бусад сум, багт байршилтай цэцэрлэг, үүнээс тухайн суманд 2-оос дээш цэцэрлэгтэй бол энэ журмын 1.5-д заасан хамран сургах тойрог тогтоогдсон цэцэрлэгт;

4.2.2. аймаг, нийслэлийн засаг захиргааны нэгжид хамаарах тосгонд байршилтай цэцэрлэг, үүнээс үүнээс тухайн суманд 2-оос дээш цэцэрлэгтэй бол энэ журмын 1.5-д заасан хамран сургах тойрог тогтоогдсон цэцэрлэгт;

4.2.3. аймгийн төвөөс алслагдсан, малчин өрх бүхий багийн сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол эзэмшүүлэхээр энэ журмын 1.5-д заасан хамран сургах тойрог тогтоогдсон аймгийн төв болон тухайн багт байршилтай цэцэрлэгт;

4.3. Хувилбарт сургалтын нүүдлийн бүлэгт багш, туслах багш, тогооч ажиллана.

4.4. Хувилбарт сургалтын багш, ажилтан эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдсан байна.

4.5. Хувилбарт сургалтын багш, ажилтан нь Боловсролын тухай хуульд зааснаас гадна хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг дэмжихэд чиглэсэн доор дурдсан үүрэгтэй.

4.5.1. хувилбарт сургалтыг хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөж, үр дүнтэй зохион байгуулж, сургалтын агуулгыг тогтоосон хугацаанд эзэмшүүлнэ.

4.5.2 сургалтын орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, эцэг эх асран хамгаалагчид зөвлөгөө дэмжлэг үзүүлнэ.

4.5.3. хүүхдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн, хөгжлийг дэмжих, авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, харилцааны чадвар, сэтгэлийн хөдөлгөөний эерэг, таатай орчин бүрдүүлж, сургуульд элсэн амжилттай суралцах бэлтгэл хангана.

4.5.4. хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хөгжлийг дэмжих орчин нөхцөл бүрдүүлэхэд цэцэрлэгийн эрхлэгчид санал, хүсэлт, шаардлага тавьж, хамтран хэрэгжүүлнэ.

4.5.5. ажлын байрандаа мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, зайн болон холимог бүлгийн танхимын сургалт зохион байгуулах чадвартай байна.

4.5.6. хүүхдийн эрхийг дээдлэн гэр бүлийн соёл, уламжлал, зан заншил, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандана.

4.6. Багш, ажилтан нь эрх бүхий байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг мөрдөнө.

4.7. Багш, ажилтан нь сургалт, үйл ажиллагаанд ашиглаж буй байгууллагын тавилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн болон бусад эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сургалтын явцад хариуцна.

4.8. Хувилбарт сургалтын гэр болон тавилга, тоног төхөөрөмжийг сургалтаас бусад зориулалтаар ашиглахгүй, бусдад дамжуулахгүй.

Тав. Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо,

хамтын ажиллагаа

5.1. Цэцэрлэг нь хувилбарт сургалтад хамрагдах хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, хүүхдийн хөгжлийг дэмжихэд хамтран ажиллана.

5.2. Эцэг эх, асран хамгаалагч нь багшийн өгсөн зөвлөгөөний дагуу гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжих бөгөөд суралцахад зориулсан сургалтын  хэрэгсэл, ном, тоглоом, ширээ сандал бүхий орчныг бүрдүүлнэ.

5.3. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн хөгжилд гарч буй ахиц, өөрчлөлтийг багшаас өгсөн заавар, зөвлөгөөний дагуу ажиглан, энэ журмын 2.7.3-т заасан ажиглалтын хуудаст тэмдэглэж, хүүхдийн хийсэн бүтээл, болон бусад баримт мэдээллийг хувийн хавтаст хийнэ.

5.4. Хувилбарт сургалтын багш нь гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж байгаа байдлыг хүүхэдтэй ярилцах, дасгал гүйцэтгүүлэх, ажиглалтын хуудасны тэмдэглэл, хувийн хавтас дахь бүтээлтэй танилцах зэргээр тэдний хөгжлийн ахиц, өөрчлөлтийг илрүүлэн, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана.

5.5. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэд сургуульд элсэн суралцах үед хүүхдийн хөгжлийн үнэлгээний хуудас, хувийн хавтсыг ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшид хүлээлгэн өгнө.

5.6. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдаж буй хүүхдийн хэрэглэх ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жагсаалтын дагуу эцэг эх, асран хамгаалагч бэлтгэж өгнө.

5.7. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэд нүүдлийн бүлгийн сургалтад ирэх, буцах үеийн аюулгүй байдлыг ханган, гараас гарт хүлээлгэж өгнө.

5.8. Насанд хүрээгүй хүүхдэд бага насны хүүхдийг хүлээлгэн өгөхгүй, хариуцуулахгүй.

5.9. Хувилбарт сургалтыг зохион байгуулахад эцэг эх, асран хамгаалагчид, олон нийт, төрийн бус байгууллагаас үзүүлж буй санаачилгыг цэцэрлэг болон орон нутгийн захиргааны байгууллагаас дэмжин урамшуулна.

Зургаа. Хувилбарт сургалтын элсэлт, бүртгэл

6.1. Цэцэрлэг нь хамран сургах тойргийн энэ журмын 1.1-д заасан хүүхдийн судалгааг гаргаж, хувилбарт сургалт зохион байгуулах ажлыг хичээлийн жилийн цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

6.2. Тухайн хичээлийн жилд хувилбарт сургалтыг 9 дүгээр сарын 1-ээс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, боловсролын салбарын мэдээллийн системд хамрагдсан хүүхдийн мэдээллийг дэвшүүлэх, төгсгөх бүртгэлийг 8 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болгоно.

6.3. Энэ журмын 6.1-д заасан судалгаа, төлөвлөгөөнд үндэслэн хувилбарт сургалтад ирэх хичээлийн жилд хамрагдах хүүхдийн мэдээллийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэнэ.

6.4. Энэ журмын 6.3-т заасан мэдээлэлд хүүхдийн хамрагдах сургалтын хэлбэр, хугацаа, ирцийн мэдээлэл байна.

6.5. Гэр бүлд суурилсан /явуулын/ сургалтад хамрагдсан хүүхэд нүүдлийн бүлгийн сургалтад үргэлжлүүлэн хамрагдах боломжтой байна.

Долоо. Хувилбарт сургалтын санхүүжилт

7.1. Хувилбарт сургалт зохион байгуулахад Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, бүрэлдэхүүн", "Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хэв шинж, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр", "Хувьсах зардлын дундаж нормативаар төсөв хуваарилах, санхүүжүүлэх аргачлал"-ыг тус тус баримтална.

7.2. Хувилбарт сургалтын санхүүжилтийг төлөвлөхөд энэ журмын 6.3-д заасан мэдээлэлд үндэслэнэ.

7.3. Нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг Засгийн газраас тогтоосон нормативаар санхүүжүүлнэ.

7.4. Хувилбарт сургалтын санхүүжилтийг энэ журмын 4.2.1, 4.2.2, 4.2.3-т заасан цэцэрлэгийн төсөвт төлөвлөж, хэрэгжилтийг тайлагнана.

Найм. Хувилбарт сургалтын хяналт, тайлагналт

8.1. Энэ журмын 6.1-д заасан төлөвлөгөөний хэрэгжилт, хувилбарт сургалтын зохион байгуулалт, сургалтын чанарт цэцэрлэгийн эрхлэгч, /арга зүйч/, тогтмол хяналт тавьж, багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө дэмжлэгийг үзүүлнэ.

8.2. Хувилбарт сургалтын багш нь гэр бүлд суурилсан сургалтын явцыг сар бүр, нүүдлийн бүлгийн сургалт, үйл ажиллагаа зохион байгуулсан тайланг цэцэрлэгийн эрхлэгчид танилцуулна.

8.3. Энэ журмын 8.1, 8.2-д заасан явцын үнэлгээ, тайланд үндэслэн хувилбарт сургалтын багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлнэ.

--о0о---