A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 36

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2."Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр:

a/хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

б/энэ тогтоолын хавсралтад заасан хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит болон 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

в/тарифын зохицуулалт хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2022 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

г/хүүхдийн хоол, хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

д/хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах, хүнсний чиглэлийн бүх стандартад дүн шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай стандарт, техникийн зохицуулалт, хүнсний сүлжээний үе шат бүрд зохистой дадлын зөвлөмж, зааврыг шинэчилж, шинээр батлах;

е/мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн хүртэл ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг боловсруулан батлуулах, цахим бүртгэлийн нэгдсэн системд шилжүүлэх;

ж/хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон журмыг боловсруулан батлах;

з/хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хоруу чанар өндөртэй нян, хүнд металлын үлдэгдлийг хянах, хяналтын төлөвлөгөөг батлах;

и/хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцийн нэгдсэн тогтолцоо, түүний удирдлагын системийг бий болгож, логистик нийлүүлэлтийн төвүүдийг үе шаттайгаар байгуулах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

к/хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын татаас, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, шаардлагатай урамшууллын хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт бүрэн тусгаж, хэрэгжүүлж байх.

2/Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

а/"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг урт хугацаатай, хүү багатай эх үүсвэрээс санхүүжүүлэх, улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулах;

б/"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Засгийн газраас батлан улс орон даяар "Эх орны эрүүл хүнс" уриан доор хэрэгжүүлж байгаа "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-тай уялдуулан хэрэгжүүлэх;

в/хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;

г/мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх;

д/хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх;

е/хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн төрийн өмчит их, дээд сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, сургалтын чанарыг сайжруулах, эдгээр салбарт тэргүүлэх чиглэлээр суралцагчид сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, мэргэшсэн ажилтны ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах;

ж/хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтэц, эрчим хүч, уур, дулааны эх үүсвэр, шатахуунаар тогтвортой хангах;

з/монгол орны байгаль, газар зүй, цаг уурын онцлогтой уялдсан уламжлалт хүнс бэлтгэх арга технологийг сэргээн таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх, хүнс бэлтгэх уламжлалт мэдлэгт суурилсан, инновац шингэсэн бүтээгдэхүүн бий болгох тогтолцоог бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;

и/хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуй эрхлэхээр нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжид татварын болон бусад дэмжлэг үзүүлэх;

к/Монгол Улсад үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын болон бүс нутгийн хэмжээний үзэсгэлэн худалдаанд танилцуулах, сурталчлах боломжийг бүрдүүлж, экспортлох эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх;

л/хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хүрээлэнгээр захиалгат судалгаа, туршилтын ажил хийлгэх хөрөнгийг нэмэгдүүлэх.

3/Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:

а/тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган гектар хүртэл атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх, эргэлтийн талбайг 1.1 сая гектарт хүргэх, усалгаатай тариалангийн талбайг 5000 гектараар нэмэгдүүлэх, тариалангийн газрыг улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах;

б/ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгуурлан улсын хэмжээнд улаан буудайн 4, тэжээлийн 2, хүнсний ногооны 5, төмсний 4, нийт 15 үрийн аж ахуйг байгуулах, сорт сорилтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх;

в/"Монгол Улсад газар тариалан эрхлэх систем" технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх;

г/тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуйд шаардагдах дотоодын хэрэгцээт тэжээлийн хангамжийг 1.9 сая тоннд хүргэхэд зохион байгуулалт болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

д/хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг 270 гектар хүртэл нэмэгдүүлэн хөгжүүлж, хүн амыг жилийн туршид шинэ ургацын ногоогоор тогтвортой хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50 гектар өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах;

е/хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дотооддоо бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улмаар импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлээр уул уурхайн үйлдвэрийг түшиглэн азот, фосфорын бордооны үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, хэрэгжилтийг хангах;

ж/бүх төрлийн будаа, чихрийн манжин, бусад ашигт таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, шаардлагатай санхүүжилт, зээл олголтын оновчтой тогтолцоог бий болгох, бодлогын дэмжлэг үзүүлэх;

з/стандартын шаардлага хангасан үр тарианы элеваторын багтаамжийг 20.0 мянган тонноор, төмс, хүнсний ногоог хадгалах механикжсан агуулах, зоорины багтаамжийг 50.0 мянган тонноор тус тус бүсчилсэн байдлаар нэмэгдүүлэх;

и/байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах зорилгоор экологид ээлтэй, усыг зөв зохистой ашиглах усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах, шинэчлэх, усан сан бүхий ус хуримтлуулах хөв, цөөрөм байгуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, дэмжлэг үзүүлэх;

к/үйлдвэр, фермер, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн үйл ажиллагааг дэмжсэн кластерыг бий болгоход чиглэсэн хөдөө аж ахуйн агро парк байгуулах;

л/"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд 30 гектар, сумын төвд 10 гектар агро ойн аж ахуйг тус тус байгуулах, жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж ойн зурвас байгуулах;

м/жил бүрийн намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор 100.0 мянгаас доошгүй тонн хүнсний улаан буудайг худалдан авах нөөц бүрдүүлэх.

4/Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

а/бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойн зохистой харьцааг бий болгох, малын эрүүл мэндийг хамгаалах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг чанаржуулах, малчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй хамтран ажиллах;

б/мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж,бэлтгэн нийлүүлэлт, анхан шатны боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, загвар хоршоог байгуулах, шинэчлэх, хоршоолох хөдөлгөөнийг бүх талаар дэмжих;

в/хот, суурин газрын ойролцоо, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг бий болгох, өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах;

г/гахай, тахианы болон өсвөр хонь, үхэр бордох аж ахуйг өргөтгөх, шинээр байгуулахад аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, урт хугацаатай хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

д/зөгийн аж ахуйг хоршоолсон хэлбэрээр хөгжүүлэх, түүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортлох боломжийг бүрдүүлэх;

е/мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, вакцины хүйтэн хэлхээний сүлжээг бий болгох, оношилгооны лабораторийг чадавхжуулах, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг бэхжүүлэх, шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах.

5/Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

а/мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;

б/хүүхдийн хоол, сүү, ногоо, жимс, жимсгэнийн тэжээлийн үйлдвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, үндсэн түүхий эдийг дотоодоос бэлтгэн нийлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

в/цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, дотуур байрны суралцагчийн хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчийн хяналт, оролцоог хангах;

г/хуурай сүү, хүнсний давс, хүнсний тос, төмс, төрөл бүрийн будаа, элсэн чихрийн боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

д/хүнсний зориулалтын тусгай тээврийн хэрэгслээр /автомашин, вагон, онгоц/ тоноглогдсон тээврийн паркийг шинээр бий болгох, дотоодын болон экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;

е/хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, зооринд хадгалах, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжих, хүнсний сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

ж/хүнсний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх замаар бүтээгдэхүүний амт чанар, сав, баглаа боодлыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэн экспортын зориулалтын брэндийг хөгжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг нь тогтвортой явуулахад эргэлтийн хөрөнгөөр дэмжих;

з/хүнсний нэмэлт, биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн, зохицуулах үйлчлэлтэй хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих;

и/улсын хэмжээнд лабораторийн шинжилгээний аргачлалыг шинэчлэх замаар хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн тодорхойлох, экспорт, импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ачилтын өмнөх лабораторийн шинжилгээ, хяналт шалгалтыг хийх тогтолцоог бүрдүүлэх, хилийн болон улсын итгэмжлэгдсэн лабораторийг чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

к/хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах.

3.Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээг жил бүрийн хөгжлийн төлөвлөгөө, улсын төсөвт тусган хэрэгжүүлж, хэрэгжилт, үр дүнг жил бүр Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Х.Болорчулуун/, Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Б.Чойжилсүрэн/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд тус тус даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР