- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ КИНО ЗУРАГ АВАЛТ ХИЙХЭД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Соёлын сайдын 2022 оны 6 сарын 20 өдрийн
А/198 дугаар тушаалын хавсралт
ГАДААДЫН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ КИНО ЗУРАГ АВАЛТ
ХИЙХЭД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 . Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх зөвшөөрөл хүсэх, бүртгэх, зөвшөөрөл олгох буюу татгалзах, хугацааг сунгах, хүчингүй болгох, зураг авалт хийх зөвшөөрөл авсан этгээдийн эрх, үүргийг тодорхойлоход Кино урлагийг дэмжих тухай хууль болон энэ журмыг мөрдөнө.
1.2 . Энэ журмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд киноноос бусад контент, видео бичлэг хийхэд зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаанд мөрдөж болно.
1.3 . Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрлийг Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.16.2-т заасны дагуу Кино урлагийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) олгоно.
1.4 . Түүх, соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газар нутагт кино зураг авалт хийх тохиолдолд энэ журмын 1.3-т зааснаас гадна Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрөл авна.
1.5 . Зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл олгохтой холбоотой мэдээлэл болон түүх, соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай газар нутаг, бусад хязгаарлалт, тусгай дэглэм бүхий газар нутагт кино зураг авалт хийх талаарх нөхцөл, бусад мэдээллийг цахим хуудас, цахим мэдээллийн системд байршуулна.
1.6 . Зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх боломжтой байршлын судалгаа, уран бүтээлч, ажилтан, үйлчилгээний мэдээллийг тогтмол шинэчлэн гаргаж байна.
1.7 . Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх этгээд дараах зарчмыг баримтална:
1.7.1 Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх;
1.7.2 Монголын зан заншил, соёлын үнэт зүйлд хүндэтгэлтэй хандах;
1.7.3 Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй техник, технологи хэрэглэх;
1.7.4 Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, эд хөрөнгөд нь хохирол учруулахгүй байх.
Хоёр. Хүсэлт гаргах, бүрдүүлэх баримт бичиг
2.1 Гадаадын иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан мэдүүлгийн маягтын дагуу цахим системээр дамжуулан Зөвлөлд хүсэлт гаргана.
2.2 Хүсэлтэд Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20.2.1-20.2.3-т зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана:
2.2.1 Хариуцлагын даатгалын баримт;
2.2.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу хураамж төлсөн баримт;
2.2.3 Зохиолын товч агуулга;
2.2.4 жүжигчид болон зураг авалтын багийн дэлгэрэнгүй мэдээлэл, паспортын хуулбар;
2.2.5 зураг авалтын байршил, зураг авалтын хугацаа;
2.2.6 түр хугацаагаар оруулж ирэх тоног төхөөрөмжийн жагсаалт;
2.2.7 байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх мэдээлэл,
2.2.8 хамтран ажиллах этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар;
2.2.9 зураг авалт, кино нь бодит амьдралаас сэдэвлэсэн, бодит хүнийг дүрсэлсэн бол тухайн хүн, холбогдох этгээдийн зөвшөөрөл, амьтан, тэсрэх бодис, галт зэвсэг, сум ашиглах, кино зураглал, тээврийн хэрэгсэл, тусгай эффект гэх мэт зураг авалтын онцлогоос хамааран шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл.
2.3 Улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 221 дүгээр зүйлд заасны дагуу дараах хэмжээгээр төлнө:
2.3.3 богино хэмжээний кино болон бусад дүрст контентын зураг авалт хийхэд 300 000 төгрөг;
2.3.4 бүрэн хэмжээний баримтат болон уран сайхын киноны зураг авалт хийхэд 500 000 төгрөг.
Гурав. Хүсэлтийг шийдвэрлэх
3.1. Зөвлөлийн ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх) хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хянаж, хууль тогтоомж, энэ журамд заасан нөхцөл, бүрдүүлбэр хангагдсан гэж үзвэл хүсэлтийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ажиллагааг зохион байгуулна.
3.2. Ажлын алба хүсэлтийг хянах явцад шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулах болон холбогдох байгууллагаас тодруулга авч болно.
3.3. Нэмэлт баримт бичиг, тодруулга авсан бол хүсэлтийг хянан шийдвэрлэх хугацааг шинээр тоолно.
3.4. Энэ журмын 3.1-д заасны дагуу Ажлын албанаас хянан, ирүүлсэн хүсэлтийг Зөвлөл 5 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.5. Зөвлөл хүсэлтэд заасан кино зураг авалт хийх ажлын хуваарьт хугацааг харгалзан зөвшөөрлийг олгоно. Шаардлагатай тохиолдолд бэлтгэл ажилд зөвшөөрлийн хугацааг оруулан тооцно.
Дөрөв. Зөвшөөрөл олгох
4.1. Зөвлөл нь зөвшөөрлийг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан гэрчилгээний дагуу цаасан эсхүл цахим хэлбэрээр баталгаажуулан олгох бөгөөд кино зураг авалт хийх этгээдэд нэг хувийг олгож, үлдэх хувийг архивт хадгална. Гэрчилгээг цахим хэлбэрээр олгоход Цахим гарын үсгийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан журмыг мөрдөнө.
4.2. Зөвшөөрөл олгох гэрчилгээнд энэ журмын 3, 4 дүгээр хавсралтад заасны дагуу хугацааны сунгалт болон нэмэлт, өөрчлөлтийг бүртгэнэ.
4.3. Зөвшөөрлийн үндсэн дээр кино зураг авалт хийж байгаа этгээд нь зөвшөөрлийн гэрчилгээнд заасан мэдээлэл, байршил, зураг авалтын хугацаанд өөрчлөлт орох тохиолдол бүрд Зөвлөлд мэдэгдэнэ.
4.4. Энэ журмын 4.3-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд журмын 3 дугаар хавсралтад заасан маягтын дагуу өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээнд хавсаргана. Зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг гэрчилгээнд заасан хугацаа дуусахаас өмнө ирүүлээгүй бол кино зураг авалтын зөвшөөрлийн хугацааг сунгахгүй бөгөөд зөвшөөрлийн хугацаа дуусмагц гэрчилгээг хүчингүйд тооцно.
Тав. Зөвшөөрөл олгохоос татгалзах
5.1. Зөвлөл дараах үндэслэлээр кино зураг авалт хийх зөвшөөрөл олгохоос татгалзана:
5.1.1. холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн нь тогтоогдсон;
5.1.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан шаардлагад нийцээгүй.
5.2. Зөвлөл кино зураг авалт хийх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүсэлт гаргагчид хүргүүлнэ.
Зургаа. Бүртгэл, мэдээлэл
6.1. Зөвлөл зөвшөөрөл олгосон, цуцалсан, хугацаа сунгасан бүртгэлийг хөтөлж, цахим хуудаст байршуулах, шаардлагатай бол зөвшөөрөл олгосноос хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авна.
6.2. Зөвлөл кино зураг авалт хийх зөвшөөрөл, зураг авалтын багт ажиллах гадаадын иргэдийн мэдээллийг Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
6.3. Зөвлөл зөвшөөрөлтэй холбоотой тайланг хагас жил тутам нэгтгэн гаргаж, холбогдох хугацаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Долоо. Кино зураг авалт хийх зөвшөөрөл авсан
этгээдийн эрх, үүрэг
7.1. Кино зураг авалт хийх зөвшөөрөл авсан этгээд нь кино зураг авалт хийхдээ дараах эрх, үүрэгтэй байх бөгөөд Ажлын албанаас эрх, үүргийг нь урьдчилан танилцуулсан байна:
7.1.1. Зураг авалт хийх байршлыг сонгох, аюулгүй байдлыг хангах, зайлшгүй шаардлагатай бусад зөвшөөрөл, мэдээллийг авах зорилгоор шаардлагатай тохиолдолд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийг байршлын менежерээр ажиллуулах;
7.1.2. Зураг авалтын нөхцөлөөс хамаарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан ажиллуулах;
7.1.3. Нийтийн эзэмшлийн зам, талбай буюу дараах байршил, нөхцөлд зураг авалт хийхэд олон нийтийн мэдэгдэл гаргах:
7.1.3.1. нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол, явган хүний зам, гарц болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах;
7.1.3.2. кино зураг авалт хийх зорилгоор явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам дээгүүр утас, кабель татах;
7.1.3.3. явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн зогсоол дээр олон тооны хүмүүс, тээврийн хэрэгсэл, амьтан оролцуулах кино зураг авалт хийх зорилгоор генератор, камерын зам, хөл ашиглах;
7.1.3.4. дуу чимээ, агаарын бохирдол үүсгэх зураг авалтын үйл ажиллагаа;
7.1.3.5. зураг авалтын талбайд 10 ба түүнээс дээш амьтан оролцуулах;
7.1.3.6. төрийн болон орон нутгийн өмчид нөлөөлөх бусад зураг авалтын үйл ажиллагаа.
7.1.4. Энэ журмын 7.1.3-т заасан нөхцөл үүсэх тохиолдолд 48 цагаас доошгүй хугацааны өмнө холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч, мэдэгдлийг гаргасан байх бөгөөд мэдэгдэл нь цахим шуудан, захидал, албан бичиг, зөвшөөрөгдсөн байршилд мэдээлэл байршуулах гэх мэт хэлбэртэй байж болох ба дараах мэдээллийг агуулсан байх:
7.1.4.1. Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, холбоо барих мэдээлэл (үүнд: кино компанийн нэр, байршлын менежер, зургийн дарга эсвэл олон нийтийн санал хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий багийн бусад гишүүний нэр, холбоо барих мэдээлэл);
7.1.4.2. Зураг авалтын эхлэх, дуусах хугацаа (бэлтгэх, зураг авалт дуусгах цаг зэргийг багтаана).
7.1.5. кино зураг авалтад бага насны хүүхдийг оролцуулах тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчаас нь бичгээр зөвшөөрөл авч, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллах;
7.1.6. байгалийн амьтан барих, ашиглах бол Амьтны тухай хууль, мал, гэрийн тэжээмэл амьтан эзэмшигчийн зөвшөөрлийг авна. Амьтан, малд аюулгүй арга, технологи ашиглах;
7.1.7. Тусгай эффект буюу дараах техник, технологи, бодис ашиглахад эрх бүхий байгууллагаас нэмэлтээр зөвшөөрөл авсан байх:
7.1.7.1. галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай шингэн, шатаах хэрэгсэл ашиглах;
7.1.7.2. салют ашиглах.
7.1.8. Тусгай эффект, үзүүлбэр ашигласан тохиолдолд цагдаа, онцгой байдал, гал түймэртэй тэмцэх болон түргэн тусламжийн байгууллагатай хамтран ажиллах;
7.1.9. зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөл, байршлын менежер нь зураг авалтын талбайд байнга байж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах:
7.1.9.1. кино зураг авалтын ажлын явцад иргэн, хуулийн этгээд саад учруулахгүй байх;
7.1.9.2. аюулгүй байдлыг хангах;
7.1.9.3. кино зураг авалтын явцад үүссэн хог хаягдлыг хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;
7.1.9.4. зураг авалт хийж дууссаны дараа зураг авалтын өмнөх байдалд оруулах;
7.1.9.5. зураг авалтад оролцож байгаа хүнд холбогдох хууль тогтоомжийг мөрдөх шаардлага тавих;
7.1.10. нийтийн эзэмшлийн талбайг ашиглахдаа барилга, орон сууц руу нэвтрэх орц, гарцыг хаахгүй байх ба цахилгаан үүсгүүрийн машин, ажиллаж байгаа генератор бүхий баазыг орон сууцны барилгын урд байрлуулахгүй байх:
7.1.11. зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шөнийн цагаар буюу орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд дуу, чимээ гаргахгүй байж, зураг авалтад ашиглах тээврийн хэрэгслийг орон сууцны хороололд нэвтрүүлэхгүй байх. Шөнийн цагаар шаардлагатай зураг авалт хийх тохиолдолд оршин суугчдын цонх руу гэрэл тусгахгүй байх, тусгасан тохиолдолд оршин суугчтай тохиролцсоны үндсэн гэрэл хаах арга хэмжээг авах:
7.1.12. зураг авалтын үеэр цагдаагийн албан хаагчийн хяналтаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, чиглэл өөрчлөхийг хориглох;
7.1.13. зураг авалтын явцад зохицуулах, туслах үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа ажилтан ил харагдах байдлаар үнэмлэх зүүх, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлын хувцас, хамгаалалтын хантааз өмсөх;
7.1.14. холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод, ургамлыг тайрах, танах, гудамжны тэмдэг, гэрэл болон бусад байнгын байгууламжийг зөөх, өөрчлөхгүй байх.
Найм. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
8.1. Зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд нь зураг авалт хийх явцдаа зөрчил гаргасны улмаас байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол олгогдсон эрхийг түдгэлзүүлэх, сэргээх асуудлыг Зөвлөл шийдвэрлэнэ.
8.2. Дараах нөхцөл байдал үүсвэл зөвшөөрлийг хүчингүй болгоно.
8.2.1. зөвшөөрөл авах, хугацааг сунгуулахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
8.2.2. Монгол Улсын хууль тогтоомж, энэ журамд заасан үүрэг, нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
8.2.3. холбогдох байгууллага, улсын байцаагчийн зөрчил арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
8.3. Зөвлөл зураг авалт хийх зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар тухайн иргэн, хуулийн этгээдэд нэн даруй мэдэгдэж, албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
Ес. Бусад зүйл
9.1. Зөвшөөрөл олгоогүй нөхцөлд кино зураг авалтыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно.
9.2. Кино зураг авалт хийх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
9.3. Зөвшөөрөл олгосон кино зураг авалт хийх, кино бүтээхтэй холбоотой үүссэн хохирол, нөхөн төлбөрийг Зөвлөл хариуцахгүй.
9.4. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Гадаадын иргэн, хуулийн этгээд
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино
зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох
журмын 1 дүгээр хавсралт
Мэдүүлгийн маягт
Төсөл, арга хэмжээний нэр:
Гүйцэтгэгч:
Монголын талаас хариуцах, хамтран ажиллах ажилтан:
Зураг авалтын хугацаа:
1 |
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх хүсэлт гаргагчийн нэр, хаяг, холбоо барих тухай бүрэн мэдээлэл (иргэний паспорт, цээж зураг, хуулийн этгээдийн гэрчилгээ) |
|
2 |
Зураг авалтыг хариуцах "лайн продюсер ба байршлын менежер"-ийн тухай бүрэн мэдээлэл |
|
3 |
Кино бүтээх төслийн ерөнхий мэдээлэл (кино түгээлтийн хамрах хүрээ, бүтээх контентын төрөл) |
|
4 |
Зураг авалтыг гүйцэтгэхээр төлөвлөж буй байршил, эхлэх, дуусах хугацаа, зураг авалтын төлөвлөгөөний задаргаа (хэдэн үзэгдэл үүнээс: өдрийн болон шөнийн, дотор болон гаднах гэх мэт) |
|
5 |
Зураг авалтад оролцуулах хүн, холбогдох мэдээлэл |
|
6 |
Зураг авалтад оролцуулах амьтан, холбогдох мэдээлэл |
|
7 |
Зураг авалтад ашиглах тээврийн хэрэгсэл, бусад хэрэгслийн тоо, холбогдох мэдээлэл (Буу зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай шингэн, шатаах хэрэгсэл ашиглаж байгаа эсэх) |
|
8 |
Зураг авалтын үеэр түр хугацаагаар хаагдаж болзошгүй зам, төрийн болон бусад үйлчилгээ |
|
9 |
Түр хугацаагаар оруулж ирэх тоног төхөөрөмжийн жагсаалт |
|
11 |
Бүрдүүлсэн материалын жагсаалт |
|
Баталгаажуулсан:
Хүсэлт гаргагч (нэр, гарын үсэг)
Гадаадын иргэн, хуулийн этгээд
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино
зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох
журмын 2 дугаар хавсралт
КИНО ЗУРАГ АВАЛТ ХИЙХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
(Загвар)
/Улаанбаатар хот/
/Зөвшөөрөл олгосон огноо/ /Зөвшөөрлийн дугаар/
1. Зөвшөөрөл авагчийн мэдээлэл:
Иргэний хувьд: ……………………………… харьяалал /аль улсын/, ……………овог, ………………….эцэг /эх/-ийн нэр, …………………………………нэр.
Хуулийн этгээдийн хувьд: …………………………………………………… оноосон нэр, …………………..улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар;
2. Монголын талаас хамтран ажиллах этгээдийн мэдээлэл:
Иргэний хувьд: ................................. харьяалал /аль улсын/, .................... овог, ……………. эцэг /эх/-ийн нэр, ………………. нэр
хаяг: …………………….. аймаг /нийслэл/, ………………… сум /дүүрэг/ ………..…. баг /хороо/, ……….. гудамж /хороолол/ ……………. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ..................... холбоо барих утас, ……………. цахим хаяг;
Хуулийн этгээдийн хувьд: …………………… оноосон нэр, ……………. улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар,
хаяг: …………………… аймаг /нийслэл/, ……………. сум /дүүрэг/ ……………. баг /хороо/, ……………. гудамж /хороолол/……………….. байр /хашаа, хаалга/-ны дугаар, ……………………... холбоо барих утас, ……………….. цахим хаяг;
3. Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа:.................................................;
Зураг авалтын хуваарьт хугацаа …………………………………….;
Байршлын мэдээлэл .......................................................................;
4. Зөвшөөрөл олгосон албан тушаалтны мэдээлэл:
……………….. байгууллагын нэр, ……………….. албан тушаал, ………..……. овог нэр, ……………………../ / гарын үсэг, (тамга, тэмдэг)
Эсхүл :Цахим хэлбэрээр олгох өгөгдөл хадгалах QR код
Гадаадын иргэн, хуулийн этгээд
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино
зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох
журмын 3 дугаар хавсралт
КИНО ЗУРАГ АВАЛТЫН ЗӨВШӨӨРЛИЙН НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТИЙН БҮРТГЭЛ
№ |
Өөрчлөлтийн агуулга |
Бүртгэсэн |
|
Он, сар, өдөр |
Гарын үсэг |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Гадаадын иргэн, хуулийн этгээд
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино
зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох
журмын 2 дугаар хавсралт
КИНО ЗУРАГ АВАЛТЫН ЗӨВШӨӨРЛИЙН
ХУГАЦААНЫ СУНГАЛТ
/Зөвшөөрөл сунгасан огноо/
1. Кино зураг авалтын зөвшөөрлийн хугацааг сунгах шалтгаан:
2. Кино зураг авалтын байдал: ……………………………………... хуваарь,
……………………………………………………………. гүйцэтгэсэн ажлын нэр, төрөл;
3. Хугацаа: ……………..
4. Сунгасан албан тушаалтны мэдээлэл: …………………….... байгууллагын нэр, .......................................... албан тушаал,
.................................овог нэр, / / гарын үсэг, (тамга, тэмдэг)
---o0o---
Текст томруулах
A
A
A