A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ САНГ БҮРДҮҮЛЭХ АШИГЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын

2022 оны 6 сарын 29–ний өдрийн

А/30 дугаар тушаалын хавсралт

 

Тоон гарын үсгийн гэрчилгээний үндэсний санг бүрдүүлэх, ашиглах журам

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.1-д заасан гэрчилгээжүүлэх байгууллагаас бүрдүүлж, ашиглаж байгаа гэрчилгээний мэдээллийн санд тусгасан тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон мэдээлэлд үндэслэн тоон гарын үсгийн гэрчилгээний үндэсний сан /цаашид "Үндэсний сан" гэх/-г бүрдүүлэх, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 1.2.Үндэсний сангийн үйл ажиллагааг "И-Монгол Академи" УТҮГ хариуцах бөгөөд Үндэсний сан нь "Үндэсний дата төв" УТҮГ-т байршина.

 

Хоёр.Үндэсний сангийн үйл ажиллагаа

 2.1."И-Монгол Академи" УТҮГ нь энэ журмын 1.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

2.1.1.үндэсний суурь гэрчилгээ, гэрчилгээжүүлэх байгууллагын гэрчилгээ шинэчлэгдэх тохиолдол бүрт тэдгээрийг үндэсний сангийн цахим хуудас (цаашид "цахим хуудас" гэх)-д нийтлэх;

2.1.2.хүчингүй гэрчилгээний жагсаалтыг 180 хоног тутамд цахим хуудсанд шинэчилж нийтлэх;

2.1.3.тоон гарын үсгийн гэрчилгээтэй холбогдож ажиллах программ хангамжийг шинэчлэх бүрт программ хангамжийг цахим хуудсанд байршуулах;

2.1.4.үндэсний суурь гэрчилгээтэй холбогдох гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журмыг цахим хуудсанд байршуулах;

2.1.5.энэхүү журмын 3.2-т заасны дагуу гэрчилгээний мэдээллийн санг үндэсний сантай холбоход дэмжлэг үзүүлэх.

 

Гурав.Үндэсний санг бүрдүүлэх

3.1.Үндэсний сан нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрчилгээний мэдээллийн санд тусгасан мэдээллээс бүрдэнэ.

3.2.Гэрчилгээжүүлэх байгууллага нь энэ журмын 3.1-д заасан гэрчилгээний мэдээллийн санг Үндэсний сантай холбож, гэрчилгээний мэдээллийн санд оруулсан тоон гарын үсгийн гэрчилгээг олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон мэдээллийг тухай бүр хуулбарлах байдлаар тохируулна.

 

Дөрөв.Үндэсний сангийн мэдээллийг ашиглах

4.1.Үндэсний сангийн мэдээлэл нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.

4.2.Үндэсний санд тусгасан хүн, хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон мэдээллийг шалгахдаа цахим хэлбэрээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

Тав.Үндэсний сангийн аюулгүй байдлыг хангах

5.1.Энэ журмын 1.2-т заасан этгээд нь Үндэсний сангийн аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хууль болон энэ хуульд заасны дагуу баталсан журам, стандартыг дагаж мөрдөнө. 

5.2.Энэ журмын 1.2-т заасан этгээд нь нэг жилд хамгийн багадаа 99 хувийн тасралтгүй байдлыг ханган, тасалдлыг 0.5 хувиас хэтрүүлэхгүй, 24/7 горимоор Үндэсний сангийн мэдээллийг ашиглах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

 

 

---o0o---