- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд доор дурдсан агуулгатай 391 дүгээр зүйл нэмсүгэй:
"391 дүгээр зүйл.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд
иргэдийн оролцоог хангах
391.1.Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /цаашид "цахим хуудас" гэх/-аар дамжуулан хэрэгжүүлж болно.
391.2.Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т заасныг үндэслэн шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор энэ хуулийн 391.1-д заасан саналыг санал авах цахим хуудсанд 30 хоногийн хугацаатай байршуулах ба иргэдийн санал дараах тоонд хүрсэн тохиолдолд хэлэлцэнэ:
391.2.1.тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;
391.2.2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу;
391.2.3.хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол.
391.3.Энэ хуулийн 391.1-д заасан асуултыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.11, 109.12, 109.13, 109.14-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
391.4.Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94.2, 94.3, 94.4, 94.5, 94.6-д заасан журмын дагуу хэлэлцэх бөгөөд санал авах нарийвчилсан журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батална.
391.5.Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 болон 8-д заасан хүрээнд гаргана."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
