- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРГАЦ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 276
Улаанбаатар хот
УРГАЦ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд татан оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
2. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтыг тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх арга хэмжээ зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт)-т тус тус даалгасугай.
3. Ургац хураах, тээвэрлэх бүс нутаг дахь зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг тогтоож, тэдгээрийг засварлахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах боломжийг судалж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт, ургац тээвэрлэлтийг авто болон төмөр замын байгууллагаар гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасугай.
4. Газар тариалангийн үйлдвэрлэлд 2023 онд шаардагдах эрдэс бордооны нөөц бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосугай.
5. Энэ тогтоолын хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газарт тухай бүр танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
