- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.3.25 дахь заалт:
"5.3.25.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан."
2/213 дугаар зүйл:
"213 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан
сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
213.1.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай байна.
213.2.Дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:
213.2.1.архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах;
213.2.2.согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын зардлын төлбөрийн 50 хувийг;
213.2.3.согтуурах, мансуурах дон болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд чиглэсэн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх;
213.2.4.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж бусад тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
213.2.5.архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг.
213.3.Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутам хамаарах 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлнэ.
213.4.Энэ хуулийн 213.3-т заасны дагуу онцгой албан татварын орлогын гүйцэтгэлээс Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд хөрөнгө төвлөрүүлэхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
213.5.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн хөрөнгийг энэ хуулийн 213.1-д заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
213.6.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон уг сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон журмыг Засгийн газар батална."
3/25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэг:
"25.6.Энэ хуулийн 5.3.25-д заасан тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын хорооны бүрэлдэхүүнд төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулах ба тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавихад олон нийтийн оролцоог хангана."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн "5.3.20-д" гэснийг "5.3.20, 5.3.25-д" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
