A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.4, 4.5 дахь хэсэг:

"4.4.Онцгой албан татварын тэмдэг олголт нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэнэ.

4.5.Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна."

2/5 дугаар зүйлийн 5.1.5-5.1.8 дахь заалт:

"5.1.5.согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч нь татварын байгууллагын шаардлага хангасан онцгой албан татварын тэмдэг наах, мэдээллийг бүртгэх тоног төхөөрөмжтэй байх;

5.1.6.цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сан, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан мэдээллийн санд холбогдсон байх;

5.1.7.бүтээгдэхүүн борлуулах тухай бүр, үйлдвэрийн түүхий эд, согтууруулах ундаа, тамхи импортлох, худалдан авах, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримт үйлдэж цахим төлбөрийн баримтын системд бүртгэх;

5.1.8.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг бүртгүүлэх."

3/5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэг:

"5.3.Энэ хуулийн 5.1.5-д заасан тоног төхөөрөмж болон импортын согтууруулах ундаа, тамхинд тэмдэг наах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

5.4.Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, импортлогч нь согтууруулах ундаа, тамхины шошгонд онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 5.1.5-д заасан тоног төхөөрөмжгүй байж болно."

2 дугаар зүйл.Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийн, 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4 дэх заалтын, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн "архи" гэснийг "согтууруулах ундаа" гэж, 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн "сери, дугаартай" гэснийг "дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "Үндэсний татварын алба" гэснийг "татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж, 5 дугаар зүйлийн гарчиг, 5.1, 5.2 дахь хэсгийн "Архи" гэснийг "Согтууруулах ундаа" гэж, мөн зүйлийн 5.1.2 дахь заалтын "архины" гэснийг "согтууруулах ундааны" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, бусад хэсэг, заалтыг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР