A

A

A

Бүлэг: 1979

 

Соёлын сайдын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/210 дугаар тушаалын хавсралт

 

 

МУЗЕЙН ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү дүрэм нь музейн олон нийтийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийг байгуулах, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт, гишүүдийн эрх, үүргийг тодорхойлоход оршино.

 

1.2.Музейн дүрэмд олон нийтийн зөвлөл байгуулан ажиллуулахаар заасан тохиолдолд Зөвлөлийг байгуулна. Музейд олон нийтийн зөвхөн нэг Зөвлөл ажиллана.

 

1.3.Зөвлөл нь музейн олон нийтэд чиглэсэн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус сайн дурын нэгдэл байна. 

 

1.4.Зөвлөл нь үйл ажиллагаандаа үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтална.

 

1.5.Зөвлөл нь музейн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх ба музейн дотоод хэрэгт үл оролцоно.

 

1.6.Музей нь энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг баталж, олон нийтэд сурталчилна.

 

Хоёр.Зөвлөлийг байгуулах

 

 2.1.Музейн олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын насанд хүрсэн иргэнийг оруулна. Музейн захирал Зөвлөл байгуулах талаар олон нийтэд нээлттэй зарлаж, шаардлага хангасан иргэнийг сонгож, зөвлөлийн гишүүнээр томилно.

 

2.2.Зөвлөлийн бүрэлдэхүүн дарга, нарийн бичгийн дарга болон 7-11 хүртэл гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Бүрэн эрхийн хугацаа дууссан зөвлөлийн гишүүнийг 1 удаа зөвлөлийн бүрэлдэхүүнд улируулан ажиллуулж болно.

 

2.3.Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг зөвлөлийн бүрэлдэхүүнээс сонгоно. Зөвлөл хуралдааны дэгээ өөрөө тогтоож болно. 

 

 2.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах иргэнийг сонгохгүй.

 

2.4.1.музейн ажилтан;

2.4.2.музейн үүсгэн байгуулагчтай хамаарал бүхий этгээд;

2.4.3.музей байрлаж байгаа засаг захиргааны нэгжээс өөр нэгжид оршин суудаг иргэн;

2.4.4.улс төрийн нам, эвслийн сонгуульт ажилтан;

2.4.5.эдийн засаг, өмчлөх эрх, авлига олон нийтийн аюулгүй байдал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайван, соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан иргэн;

2.4.6.насанд хүрээгүй хүн;

2.4.7.иргэний эрх зүйн чадамжгүй иргэн;

2.4.8.бусад музейн олон нийтийн зөвлөлийн гишүүн. 

 

2.6.Зөвлөлийн гишүүн энэ журмын 2.4-т заасан шаардлагыг хангахгүй болсон, эсхүл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлж, энэ журмын 2.1-д заасан иргэнийг нөхөн томилно.

 

Гурав.Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл

  

 3.1.Зөвлөл дараах үйл ажиллагааг эрхлэн явуулна.

 

  3.1.1.музейгээс олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтад туслалцаа үзүүлэх;

  3.1.2.музейгээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд олон нийтийг татан оролцуулах;

3.1.3.олон нийтийн дунд хэрэгцээ шаардлагын болон сэтгэл ханамжийн судалгаа явуулах;

3.1.4.музей олон нийтийг холбох арга хэмжээг санаачлан зохион байгуулах;  

3.1.5.музейн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны чанар хүртээмжид үнэлгээ хийх;

3.1.6.музейн орчныг тохижуулж, цэцэрлэгжүүлэх арга хэмжээнд туслалцаа үзүүлэх.

  3.2.Зөвлөл энэ журмын 3.1-д заасан үйл ажиллагааны чиглэлээр дараа онд хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж, жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан музейн захиралд хүргүүлнэ.

 3.3.Музейн захирал зөвлөлийн саналыг судалж, дараа оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хамтран хэрэгжүүлж болно.

 

 3.4.Зөвлөл музейн захиргаа, санхүү, хөрөнгө, хүний нөөц, гадаад харилцаа, цуглуулга, үзэсгэлэн зэрэг үндсэн үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй.

 

 3.5.Зөвлөл нь музейг төлөөлөх эрхгүй бөгөөд музейн нэрийн өмнөөс шийдвэр амлалт өгөх, баталгаа гаргах, тохиролцоо хийхгүй.

 

Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

 

 4.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хурлыг зөвлөлийн дарга болон гишүүдийн олонхын саналаар зохион байгуулна.

 

 4.2.Зөвлөлийн хуралд нийт гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

 

 4.3.Зөвлөлийн дарга хурлын товыг тогтоож, хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батална.

 

 4.4.Зөвлөлийн дарга хурлыг даргална. Зөвлөлийн даргын эзгүйд түүний эрх олгосноор зөвлөлийн аль нэг гишүүн хурлыг даргална.

 

 4.5.Хурлаар хэлэлцэх асуудлыг ил тод, нээлттэй хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна.

 

4.6.Хурлын шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байна. Хурлын тэмдэглэлд хурал даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

 

4.7.Зөвлөл хурлын шийдвэрт үндэслэн зөвлөмж, санал гаргаж, музейн захиралд хүргүүлж болно.

 

 4.8.Зөвлөлийн хурал болон хурлаас гарах аливаа шийдвэрт музей оролцохгүй.  

 

Тав.Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

 

5.1.Зөвлөлийн гишүүн дараах эрхтэй.

 

5.1.1.хуралд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, саналын эрхтэй оролцох;

5.1.2.зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд санал гаргаж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;

5.1.3.зөвлөлийн даргын эрх олгосноор хурлыг даргалах.

 

5.2. Зөвлөлийн гишүүн дараах үүрэгтэй.

 

5.2.1.зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

5.2.2.хурлын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж дагах, шийдвэр гарсан бол бие даан зөрүүтэй байр суурь илэрхийлэхгүй байх;

5.2.3.музейн дотоод хэрэгт оролцохгүй байх.

 

5.3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

5.3.1.хурлын тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гишүүдэд хүргүүлэх;

5.3.2.хурлын байр танхим, техник хэрэгслийг бэлтгэх;

5.3.3.хурлын үйл ажиллагааг баримтжуулж, тэмдэглэл хөтлөх;

5.3.4.зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдох баримт бичгийг бүрдүүлж, музейн архивд шилжүүлэх;

5.3.5.зөвлөлийн даргаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх.

 

5.4.Зөвлөлийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

5.4.1.хурлын товыг тогтоох;

5.4.2.хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах;

5.4.3.хурлыг удирдах;

5.4.4.хурлын дэгийг сахиулах;

5.4.5.зөвлөлийг төлөөлж, музейтэй харилцах.

 

Зургаа.Бусад зүйл

 

 6.1.Зөвлөлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд музейн захирал дэмжлэг үзүүлнэ.