- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн
23 дугаар тогтоолын хавсралт
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ,
ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ,
УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмаар аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, ангиллын дагуу цуглуулж тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2.Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад харилцааг Хог хаягдлын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
1.3.Журмыг аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч, оршин сууж байгаа иргэд, үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд дагаж мөрдөнө.
1.4.Энэ журмаар аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахгүй.
1.5.Журмыг хэрэгжүүлэхэд хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий этгээд дараах зарчмыг баримтлана.
1.5.1.Хог хаягдал үүсгэхгүй байхыг эрмэлзэх
1.5.2.Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах
1.5.3.Шинэ санаа, санаачлага гаргах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх
1.5.4.Байгаль орчинд ээлтэй хандах
1.5.5.Бохирдуулагч нь төлөгч байх
ХОЁР. ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
2.1.Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг
2.1.1.Журмын хэрэгжилтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцаж, тайлагнах;
2.1.2.Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, булшлах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олгох журмыг батлах;
2.1.3.Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, булшлахад шаардагдах төсөв, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
2.1.4.Журмыг хэрэгжүүлэхэд сумдын Засаг дарга болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллах;
2.1.5.Журмын хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах;
2.1.6.Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ангилан ялгах, дахивар нөөц цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
2.1.7.Журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
2.1.8.Хууль тогтоомжид заасан бусад
2.2.Сумын Засаг даргын хүлээх үүрэг
2.2.1.Журмын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
2.2.2.Сумын хог хаягдлын менежментийн хяналт, удирдлагын нэгдсэн цахим системийг ажиллуулах;
2.2.3.Аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоож, зураглал гарган хариуцуулж, цэвэрлүүлэх;
2.2.4.Сумын нутаг дэвсгэрт хамаарах олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто замын байгууламж болон авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 9.4.2-т заасны дагуу зохион байгуулах, шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөвт тусгах;
2.2.5.Хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах
2.2.6.Журмын хэрэгжилтийг хангах болон хог хаягдлын талаархи боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх
2.2.7.Хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий иргэдийн бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
2.2.8.Хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хуульд заасны дагуу шаардлагатай зардлыг сумын төсөвт тусган зарцуулах
2.2.9.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд хог хаягдлыг ангилах, хадгалах, тэдгээрийг цуглуулах, тээвэрлэх нөхцөл, тогтолцоог бүрдүүлэх.
2.2.10.Сумын газар нутгийн онцлогоос хамаарч ангилсан хог хаягдлыг худалдан авах, түр хадгалах цэгийн байршлыг тогтоох;
2.2.11.Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 9.4.14-д заасны дагуу хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих олон нийтийн байцаагчийг ажиллуулж, шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж батлуулах;
2.2.12.Хууль тогтоомжид заасан бусад
2.3. Багийн Засаг даргын хүлээх үүрэг
2.3.1. Багийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг аймаг, сумаас зохион байгуулж буй хог хаягдлын талаарх сургалт, сурталчилгаанд хамруулах;
2.3.2.Хог ачиж, цуглуулах, тээвэрлэх хуваарийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.3.3.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
2.3.4.Багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлыг ангилах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, бүртгэл хөтлөх;
2.3.5.Орон сууц, гэр хорооллын оршин суугч иргэдийн бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцсон талаар бүртгэл хөтлөх;
2.4.Аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, айл өрх, иргэдийн хүлээх үүрэг
2.4.1.Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь багасгах
2.4.2.Үүсгэсэн хог хаягдлаа ангилан ялгах
2.4.3.Хог хаягдлыг ангилах хогийн савтай байх бөгөөд хогийн сав нь энэхүү журамд заасан шаардлагыг хангасан байна.
2.4.4.Иргэн, айл өрх өмчлөл эзэмшлийнхээ орчны газар, аж ахуйн нэгж, байгууллага нь сумаас хариуцуулж өгсөн орчны 50 метр радиус доторх нийтийн эзэмшлийн газар, зам, талбайн хог хаягдал, шарилж, лууль зэрэг ургамал, цас мөсийг баталсан хуваарийн дагуу тогтмол цэвэрлэх;
2.4.5.Нийтийн их цэвэрлэгээнд оролцох, аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтан, албан хаагчдыг бүрэн оролцуулж, холбогдох зардлыг гарган цэвэрлэгээний багаж хэрэгслээр хангах;
2.4.6.Хог хаягдлын талаарх сургалт, сурталчилгааны ажилд хамрагдах;
2.4.7.Картон цааснаас бусад төрлийн ангилсан хаягдлыг ангилал тус бүрээр зориулалтын уутанд хийж, уутны амыг боож битүүмжлэн хогийн сав, бункерт байршуулан, хадгалах ба хог ачиж цуглуулах хуваарийн дагуу ангиллын төрөл тус бүрээр хог тээврийн автомашинд ачуулах;
2.4.8.Барилга, байгууламжийг өргөтгөх, шинээр барихдаа түүний зориулалт, хүн амын нягтрал, хог хаягдлын үүсэх хэмжээ, ангиллын төрлөөс хамаарч хог хаягдал хадгалах байр, талбайн байршлыг барилга, байгууламжийн талбайн зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх;
2.4.9.Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасны дагуу барилгын хог хаягдал, 0.75 м.кубээс дээш эзлэхүүнтэй овор хэмжээ их энгийн хог хаягдлыг тээвэрлэх, устгах үйлчилгээний хөлсийг төлж эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тээвэрлүүлнэ. Нэмэлт хөлс нь батлагдсан үйлчилгээний хураамжид хамаарахгүй бөгөөд нэмэгдэл хөлсний хэмжээг хог хаягдал үүсгэгч, эрх бүхий байгууллага хоёр харилцан тохиролцож тогтооно;
2.4.10.Үүсгэсэн хог хаягдлаа эрх бүхий мэргэжлийн байгууллагатай "Хог ачиж, тээвэрлүүлэх гэрээ" байгуулж, ангиллын төрөл тус бүрээр хогоо ачуулах ба уг гэрээнд хог ачих өдөр, цаг, давтамжийг тодорхой заах;
2.4.11.Хог хаягдал ачиж цуглуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага нь хуваарийн дагуу ангиллын төрөл тус бүрээр хогоо ачаагүй тохиолдолд сумын Засаг даргаас уг байгууллагын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авахыг шаардах;
2.4.12.Тус журам болон хог хаягдлын хууль тогтоомж зөрчсөн этгээдийн талаар сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдээлэх, хариуцлага хүлээлгэхийг шаардах;
2.4.13.Аж ахуйн нэгж байгууллага нь үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан бүтээгдэхүүнээс үүсэх дараах хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг хариуцах;
2.4.13.1.PET төрлийн хуванцар сав;
2.4.13.2.Шилэн лонх, сав;
2.4.13.3.Авто тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн дугуй;
2.4.13.4.Хөнгөн цагаан болон металл лааз, сав;
2.4.14.Хууль, тогтоомжид заасан бусад;
ГУРАВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ХАДГАЛАХ
3.1.Хог хаягдал үүсгэгч бүр үүсгэсэн хог хаягдлаа ангилан, хогийн саванд түр хадгалж, тээвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ.
3.2.Хог хаягдал үүсгэгч нь өөрийн эзэмшил, өмчлөлийн газартаа болон аж ахуйн нэгж, байгууллага дээрээ зориулалтын ангилан ялгах хогийн сав байрлуулна.
3.3.Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлах хогийн сав нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагаас гадна доорх шаардлагыг хангасан байна.
3.3.1.Шавьж, мэрэгч, шувуу, амьтан орох боломжгүй хамгаалалт, хаалт, тагтай байна;
3.3.2.Хог хаягдлын ангиллын төрлийг заасан таних тэмдэг эсхүл өнгөтэй байна;
3.3.3.Хог хаягдлыг ангилж хийх, хадгалахад хялбар хийц загвартай, өнгө үзэмжтэй байна;
3.4.Хогийн савыг хариуцагч нь тогтмол цэвэрлэн, сард нэгээс доошгүй удаа ариутгал хийнэ.
3.5.Орон сууцанд амьдардаг иргэн, айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг дараах төрлөөр ангилна.
3.5.1.Дахин боловсруулах боломжтой хог хаягдал;
3.5.2.Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал;
3.5.3.Хүнсний органик хог хаягдал;
3.6.Гэр хороололд амьдардаг иргэн, айл, өрх болон гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг дараах төрлөөр ангилна.
3.6.1.Дахин боловсруулах боломжтой хог хаягдал;
3.6.2.Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал;
3.6.3.Үнс буюу шаарга[1];
3.6.4.Хүнсний органик хог хаягдал
3.7.Нийтийн эзэмшлийн газар, зам, гудамж, талбайд хог ангилах хогийн савыг байршуулах бөгөөд хог хаягдлын төрлийг дараах өнгөөр илэрхийлнэ.
3.7.1.Хуванцар, гялгар уут – Ногоон;
3.7.2.Хөнгөн цагаан лааз, металл хаягдал – Улбар шар;
3.7.3 Цаас – Цэнхэр;
3.7.4.Шил – Цагаан;
3.7.5.Хүнсний органик хаягдал – Бор;
3.7.6.Бусад хог хаягдал – Хар;
3.8.Энэхүү журмын 4.5, 4.6 дахь заалтад заасан энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах төрлийг орон нутгийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, дахивар авах цэгтэй уялдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, өөрсдийн санаачлагаар нэмэгдүүлж болно.
3.9.Дахин боловсруулах боломжтой энгийн хог хаягдлыг худалдан авах, түр хадгалах цэг нь орчны аюулгүй байдлыг хангаж, журамд заасны дагуу хог хаягдлыг төрөлжүүлэн, агуулахад эмх цэгцтэй хадгалах бөгөөд хог хаягдлын овор хэмжээг багасгах нягтруулах төхөөрөмжтэй байна.
[1] Шаарга гэж сайжруулсан, шахмал түлшнээс гарсан хаягдлыг хэлнэ
ДӨРӨВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ,
УСТГАХ, БУЛШЛАХ
4.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулна.
4.2.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, аймаг, сумын хог хаягдлын хяналт удирдлагын нэгдсэн цахим системд орсноор сонгон шалгаруулалтад оролцох, гэрээ байгуулах эрх нээгдэнэ.
4.3.Сумын нутаг дэвсгэрт айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн баримт бичигт журмын 4.7-д заасан шаардлага, сар бүрийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгана.
4.4.Журмын 4.1-д заасан гэрээг сумын Засаг дарга, шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага харилцан тохиролцож байгуулна. Гэрээг аль нэг тал нь гэрээний үүргээ зөрчсөн эсхүл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болон хуульд заасан үндэслэлээр цуцална.
4.5.Гэрээний хэрэгжилтийг улирал тутамд талууд хамтран дүгнэж ажиллана.
4.6.Журмын 4.1-д заасан гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг аймгийн Засаг даргын баталсан журмаар зохицуулна.
4.7.Хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах шаардлагыг хангасан байна.
4.7.1.Орон сууцны хороолол, аж ахуйн нэгж, байгууллага, гэр хорооллын хог хаягдал, үнс тээвэрлэх зориулалттай задгай тэвштэй, өөрөө буулгагч төхөөрөмжтэй, ангилсан хог хаягдлыг тээвэрлэх зориулалттай, шахдаг тэвштэй, тусгай зориулалтын зэрэг өөрийн эзэмшлийн авто машинтай байх;
4.7.2.Машин техникийн засварын тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл бүхий өөрийн дулаан граж, авто баазтай байх;
4.7.3.Хог хаягдлын менежмент, ачаа тээврийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай инженер, техникийн 2-оос доошгүй ажилтантай байх;
4.7.4.Нийгмийн даатгал, татвар, арилжааны банк болон шүүхийн шийдвэрээр өргүй, санхүүгийн чадавхтай байх
4.7.5.Хог тээвэрлэх автомашин нь стандарт шаардлага хангаж, тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд хамрагдсан, байгаль орчин, агаарын чанарт сөрөг нөлөөгүй байх,
4.7.6.Атомашин 5-аас дээш жилийн насжилттай бол агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор автомашины түлш, яндангийн системд тусгай зориулалтын шүүлтүүр, тоног төхөөрөмж суурилуулсан байх;
4.7.7.Хог тээврийн авто машины жолооч 3-аас доошгүй жил тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх;
4.7.8.Цас мөс хайлуулах зориулалт бүхий бодис нөөцлөх шаардлага хангасан агуулахтай байх;
4.8.Хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
4.8.1.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх чиглэл, хуваарийг тогтоон, сумын Засаг даргаар батлуулж мөрдөнө. Батлагдсан чиглэл, хуваарийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хэвэлмэл болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
4.8.2.Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, байгууллагын удирдлага болон аймгийн Онцгой байдлын газраар батлуулж, хэрэгжүүлнэ.
4.8.3.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрэм боловсруулж, байгууллагын удирдлагаар батлуулж, мөрдөнө.
4.8.4.Цуглуулж тээвэрлэсэн, ангилан ялгасан, устгасан, булшилсан хог хаягдлын бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлнэ.
4.8.5.Энгийн хог хаягдлыг зориулалтын, битүүмжлэлтэй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
4.8.6.Энгийн хог хаягдлыг авто машины даац, тэвшний өндөрт тохируулан ачиж, битүүмжлэн тээвэрлэх ба тээвэрлэлтийн явцад хог хаягдал хийсэх, тархах, асгарахаас сэргийлэх арга хэмжээ авна.
4.8.7.Ажилтан, албан хаагчдыг хог хаягдлын талаарх хууль тогтоомж, харилцааны соёл, хог ачиж, цуглуулах тээвэрлэх арга зүй, хөдөлмөр,эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар сургалтад жилд 1-ээс доошгүй удаа хамруулна.
4.8.8.Энгийн хог хаягдал цуглуулалт тээвэрлэлтийн хуваарь, статистик тоо, мэдээ, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого, түүний зарцуулалт, маршрут, хүний нөөц, машин техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл, хог хаягдлын талаарх хууль, эрх зүйн мэдээлэл, иргэдэд чиглэсэн хог хаягдлын боловсрол олгох сурталчилгааны мэдээлэл бүхий байгууллагын цахим хуудсыг ажиллуулна.
4.8.9.Ажилтан, албан хаагчдыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан өвөл, зуны ажлын хувцсаар хангах;
4.8.10.Өвчтэй, хэт ядарсан болон архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ажилтныг ажилд гаргахгүй байх;
4.8.11.Цуглуулж тээвэрлэсэн, ангилсан, устгасан, булшилсан энгийн хог хаягдлын төрөл, эх үүсвэр, тоо хэмжээний талаарх тайлан мэдээг батлагдсан тайлангийн маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд сумын Засаг даргад хүргүүлэх;
4.8.12.Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед хог хаягдал цуглуулах, тээвэрлэх төлөвлөгөө хуваарийг аймгийн Онцгой байдлын газартай зөвшилцөн боловсруулж, сумын Засаг даргаар батлуулан мөрдлөг болгон ажиллах;
4.8.13.Монгол Улсын болон олон улсын хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, устгах, булшлах норм, стандарт, шаардлагыг мөрдөж ажиллах;
4.8.14.Хог ачих хуваарийг мөрдүүлэх, хэвшүүлэх үйл ажиллагааг тухайн багийн Засаг даргатай хамтран зохион байгуулах;
4.8.15.Энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх бүх авто машиныг даатгал, үзлэг оношлогоонд бүрэн хамруулж, авто тээврийн хэрэгслийн техник ашиглалтын хувийн хэрэг хөтлөх, нэг жолоочид 1-2 тээврийн хэрэгслийг хариуцуулж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.
4.8.16.Хог тээврийн авто машины бүрэн, бүтэн байдлыг ажилд гарахаас өмнө шалгаж, ажилд гарах зөвшөөрөл өгөх бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байх арга хэмжээ авна.
4.8.17.Техникийн саатал болон бусад тодорхой шалтгааны улмаас цуглуулах, тээвэрлэх хуваарийг зөрчихгүйн тулд зохион байгуулалтыг тухай бүр хийж ажиллана.
4.8.18.Энгийн хог хаягдал ачиж, цуглуулах үйлчилгээнд ажиллаж байхдаа тэвшний шахах төхөөрөмжийн хавхлагыг нээхгүй байх, авто машиныг эзэнгүй орхихгүй, хог нягтруулагч төхөөрөмж ажиллаж байхад өөрөө буулгагчийн тэвшийг өргөөтэй явах, даралтын клапанг оролдож тохируулахгүй байх зэрэг аюулгүйн ажиллагааг хангуулна.
4.8.19.Энгийн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсний дараа тээврийн хэрэгсэл болон тэвшийг тогтмол цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ.
4.8.20.Хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэсэн энгийн хог хаягдлыг бүртгүүлж, жинлүүлэн, зөвхөн төвлөрсөн цэгийн чиглүүлэгчийн заасан хог хаягдал хүлээн авах талбайд буулгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
4.8.21.Хог хаягдлын төвлөрсөн цэгт хүлээж авах хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн авто машины даацыг зориудаар нэмэгдүүлэх, нэмэлт тоноглол, хэрэгсэл байрлуулах, пүүн дээр давхарлан зогсоохгүй байх, диспетчерийн дохиогоор пүүг голлон зогсоно.
4.8.22.Хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шинэ иновацийг нэвтрүүлж ажиллана.
4.8.23.Журмын 7.8-д заасан нийтийн эзэмшлийн газар, гудамж, авто болон явган зам, дугуйн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн, амрах цэгийн цэвэрлэгээг бүрэн хариуцаж 7.9-д заасан шаардлагыг хангаж ажиллана.
4.8.24.Ангилсан хог хаягдлыг ангилал тус бүрээр сард 2-оос доошгүй, цуглуулж, тээвэрлэнэ. Ангилсан хог хаягдлыг холихгүйгээр ангиллын төрлийн дагуу ачиж, тээвэрлэнэ.
4.8.25.Хог хаягдлыг хугацаа бага зарцуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, жолооч, ачигчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байдлаар ачиж, цуглуулах арга, хэлбэр, технологийг сонгоно.
4.8.26.Энгийн хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд галын аюулгүй байдлыг хангаж, хог ачих цэгээс 10 метрээс дотогш гал гаргахгүй.
4.8.27.Энгийн хог хаягдлыг ачсаны дараа хогийн сав, бункер болон орчныг цэвэрлэн эзэмшигчид хүлээлгэж өгнө.
4.8.28.Энгийн хог хаягдал тээвэрлэх хуваарь, чиглэл өөрчлөх тохиолдолд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 72 цагийн өмнө мэдэгдэнэ.
4.8.29.Ажилтан, албан хаагчдыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд хамруулна.
4.8.30.Энгийн хог хаягдал устгах, булшлахад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэнэ.
4.9.Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хог хаягдал нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж болно.
4.10.Нийтийн эзэмшлийн газар, гудамж, зам талбайд дараах газрыг хамруулна.
4.10.1.Олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж, гүүр, гүүрэн гарц, ногоон байгууламж, хайс, хашлага;
4.10.2.Цэцэрлэгт хүрээлэн, зорчих хэсгийн тусгаарлах зурвас, талбай, хөшөө баримал, түүхийн дурсгалт газар;
4.10.3.Орон сууц, гэр хороолол доторх гол болон туслах авто зам, замын байгууламж, явган хүний болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол;
4.11.Нийтийн эзэмшлийн газар, гудамж, авто болон явган зам, дугуйн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн, амрах цэгийн цэвэрлэгээний үйл ажиллагаанд дараах шаардлагыг хангаж ажиллана.
4.11.1.Нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайн цэвэрлэгээг зам, талбайн онцлог, улирлын байдлаас шалтгаалан цэвэрлэгээг гараар болон тусгай зориулалтын машин техникээр гүйцэтгэнэ.
4.11.2.Гудамж, зам, талбайн цэвэрлэгээг өдөр бүр, аймаг сумын төвөөс алслагдсан зам, замын байгууламжийн цэвэрлэгээг сард нэгээс доошгүй удаагийн давтамжтайгаар цэвэрлэнэ.
4.11.3.Зам талбайн үйлчлэгчийн нэг удаагийн цэвэрлэх талбай 10000 м2-аас ихгүй байна.
4.11.4.Гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед ажлын цаг харгалзахгүй цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна.
4.11.5.Авто замын зорчих хэсгийн цэвэрлэгээг гүйцэтгэхдээ ослоос сэргийлсэн цацруулагч бүхий түмбийг цэвэрлэгээний талбайгаас 10 хүртэлх метрийн зайнд байрлуулан аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.
4.11.6.Нийтийн эдэлбэр газар, авто замын цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ил задгай овоолж, авто замын борооны ус зайлуулах ил болон далд шугам сүлжээ, шүүрт худаг, үерийн хамгаалалтын далан сувагт хаяж болохгүй ба салхиар тархах, хийсэхээс сэргийлэн зориулалтын хогийн саванд хадгалж, тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.
4.11.7.Нийтийн эзэмшлийн газар, зам, талбайд байрлуулсан хогийн савны хог хаягдлыг хогийн сав дүүрч, халихаас өмнө давтамж харгалзахгүй суллаж цэвэрлэнэ.
4.11.8.Өвлийн улиралд цас, мөсийг хайлуулах зориулалтаар цацсан давс, тусгай зориулалтын бодис бүхий цас, мөсийг ногоон байгууламжид хийхгүй байх ба хариуцсан гудамж, зам, талбайн цас мөсийг цас орсон өдрөөс хойш 24 цагийн дотор бүрэн цэвэрлэнэ.
4.11.9.Авто болон явган хүний замын хайс, хашлага, нийтийн эдэлбэр газар, зам талбайн хогийн сав, сандал бусад архитектурын байгууламжийг сард нэгээс доошгүй удаа цэвэрлэнэ.
4.11.10.Зам талбайн цэвэрлэгээний дараалал, хуваарь, аргачлалыг сумын Засаг даргаар батлуулж ажиллана.
4.11.11.Ажилд гарахын өмнө хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг тогтмол танилцуулан, ажлын хувцас, хэрэглэлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, тухайн өдрийн ажил гүйцэтгэх даалгаврыг өгч, ажилтан бүрээр гарын үсэг зуруулж, тэмдэглэл хөтлөнө.
4.12.Энгийн хог хаягдлыг устгах, булшлах
4.12.1.Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг нь Хог хаягдлын тухай хууль заасан шаардлагыг хангасан байх ба дараах байдлаар төлөвлөнө.
4.12.1.1.Хог хаягдлын суурь судалгааг үндэслэн хог хаягдлын бүтэц, нягт, үүсэх хэмжээг харгалзан булшлах технологийг сонгох;
4.12.1.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, олон улсын зээл, тусламжаар байгуулах хог хаягдал булшлах, устгах байгууламжийн газар нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байх ба хоёр, гуравдугаар зэрэглэлийн төвлөрсөн цэгийг хаасны дараа арван жилийн турш байгаль орчны хяналт, мониторинг хийх;
4.12.1.3.Хог хаягдлыг хүлээн авч устгах, булшлах хог хаягдлын төвлөрсөн цэгийг Хог хаягдлын тухай хуулийн 17.1, 17.5, 17.6 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангасан хоёр болон гурав зэрэглэлд хамааруулсан байдлаар төлөвлөж, хамгаалалтын бүсийг тогтоох;
4.12.1.4.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг сонгох, төлөвлөхөд тухайн орон нутгийн иргэдийн оролцоог хангаж ажиллах;
4.12.1.5.Хоёр, гуравдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг төлөвлөх тохиолдолд хөрсний болон гүний усны шинжилгээ хийж, төлөвлөсөн талбайн хамгийн өндөрлөг цэг, хог хаягдал булшлах талбай /ландфил/, хог хаягдлын төвлөрсөн цэгийн хамгийн нам цэгт өрөмдлөг хийж дээж авах;
4.12.1.6.Шимт хөрсийг нөөцлөн хог хаягдлын төвлөрсөн цэгийн ногоон байгууламж болон нөхөн сэргээлтэд ашиглах байдлаар;
4.12.1.7.Мод, бут сөөгийг шилжүүлэн суулгах;
4.12.1.8.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үүрийг ухаж бэлтгэх, гарсан шороог үерийн хамгаалалтын далан эсвэл хучилтад нөөцлөх;
4.12.1.9.Хог хаягдлын цэгийн зэрэглэлээс хамаарч суурийг бэлтгэхдээ 2 градусаас доошгүй налуутай шүүрлийн ус цуглуулах боломжтойгоор бэлтгэх;
4.12.1.10.Хог хаягдлын бүтэц, жилийн дундаж хур тунадасны хэмжээ, хогийн цэгт устгаж, булшлах хог хаягдлын хэмжээ, хими, физикийн шинж чанараас шалтгаалан суурийн хучилтын технологийг сонгох;
4.12.1.11.Ландфилын талбайд мембран дэвсгэр шаардлагагүй тохиолдолд ус нэвчих хурд 1х10-6 смсек доошгүй байхаар шавар хөрсийг нягтруулан суурийг бэлтгэх ба мембран давхарга шаардлагатай тохиолдолд 2 мм-ээс багагүй зузаантай (+40 өөс -40 хэм) тэсвэрлэх чадалтай, уян HDPE материал сонгох;
4.12.2.Хог хаягдлын төвлөрсөн цэгийг төлөвлөх, зураг, төслийг хийхэд доорх хүчин зүйлсийг харгалзана.
4.12.2.1.Тухайн сонгосон нутаг дэвсгэрт арваас дээш жил хог хаягдал хүлээн авах нөөцтэй эсэх;
4.12.2.2.Хөрсөөр хучих шороо, хөрс олборлох боломжтой;
4.12.2.3.Хууль тогтоомжоор хориглосон байршил болон хог хаягдлын төвлөрсөн цэгийн хил, хязгаарын зааг шаардлагад нийцсэн эсэх;
4.12.2.4.Салхины зонхилох чиглэл;
4.12.2.5.Дэд бүтэц, авто замын сүлжээ, харилцаа холбооны шугам сүлжээ;
4.12.2.6.Бусад эрсдэл;
4.12.3.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар суманд хог хаягдлын төвлөрсөн цэгийг барьж байгуулах тохиолдолд аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллана.
4.12.4.Энгийн хог хаягдал устгах, булшлахад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.12.4.1.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үүр болон хог хаягдал хүлээн авч буй талбайд ил гал гаргах, тамхи татах болон шатах, тослох материал агуулахгүй байх;
4.12.4.2.Хог хаягдлын төвлөрсөн цэгт мал, амьтан оруулах, бэлчээх, тэжээхгүй байх;
4.12.4.3.Хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдал хүлээн авах ландфилын талбай, аюул, осол, байгалийн гамшгийн үед хог хаягдал хүлээн авах нөөц талбай, хог дарж бушлах хөрс бэлтгэж нөөцлөх талбайг тус тус төлөвлөх ба энэхүү төлөвлөлтийг жил бүр гаргаж, байгууллагын даргаар батлуулах;
4.12.4.4.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн диспетчерээр бүртгэлийн программ хангамж болон компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, дундаас дээш боловсролтой хүнийг ажиллуулах;
4.12.4.5.Хог хаягдлыг зөвхөн төлөвлөж, батлагдсан талбайд хүлээж авах бөгөөд байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Сумын Засаг даргын Тамгын газартай зөвшилцөн нөөц талбайд хог хаягдлыг хүлээн авах;
4.12.4.6.Хог хаягдал хүлээн авах ажлын талбайд хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах үйл ажиллагаа эрхлэхгүй байх;
4.12.4.7.Хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт өдөр бүр, гуравдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдлыг долоо хоногт 2-аас доошгүй удаа шороон хөрсөөр хучиж, нягтаршуулах ба хог хаягдлын хөрсөөр хучих зузаан 15 см багагүй байх;
4.12.4.8.Хог хаягдлыг дарж нягтруулах, хөрсөөр хучихдаа байгууламжийн тоног төхөөрөмж, бохир шингэн болон хий зайлуулах хоолойг гэмтээх, эвдрэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.
4.12.4.9.Хог хаягдал булшлах, устгах байгууламж уруу орох замыг хөрсөөр хучиж, нягтруулан хог тээврийн авто машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;
4.12.5.Хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдал тээвэрлэж ирсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн хог хаягдлыг ландфилд дарж булах зардлыг Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад заасан энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифаар тооцож авна.
4.12.6.Хог хаягдлыг биологийн болон хими, физикийн аргаар устгахдаа ашиглах бодис, технологийн талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, дүгнэлт гаргуулан аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэнэ.
4.12.7.Хог хаягдал асгаж, буулгасны дараа хог хаягдлын төвлөрсөн цэгээс авто машин гарахад ачаагүй үеийн авто машины жинг хэмжиж, пүүлэх бөгөөд ачаатай үеийн жингийн зөрүүгээр хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэгдэн ирсэн хог хаягдлын хэмжээг тооцон бүртгэж, баталгаажуулна.
4.12.8.Хог хаягдлын төвлөсөн цэгийн бүртгэлийн байр нь дараах тоног төхөөрөмжтэй байна.
4.12.8.1.Бүртгэлийн программ хангамж бүхий иж бүрэн компьютер, хэвлэх машин;
4.12.8.2.Дотор болон гадна хяналтын камер;
4.12.8.3.Бүртгэлийн программ хангамжтай холбоотой дижитал авто пүү;
4.12.8.4.Гадна гэрэлтүүлэг;
4.12.9.Хог хаягдлын төвлөрсөн цэгт шингэн хог хаягдал, хүний шарил, эд эрхтэн, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой, аюултай бодис, аюултай хог хаягдал булшлахыг хориглоно.
4.12.10.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанаас үүсэх агаар, хөрс, усанд ялгарах ялгаралд жилд нэг удаа хяналт, шинжилгээ хийх, ялгарал нь стандарт шаардлагаас өндөр болсон тохиолдолд шалтгаан нөхцөлийг тогтоон, засварлаж ялгарлыг хэвийн хэмжээнд хүргэх ба давтан шинжилгээгээр ялгарал нь дахин стандарт, шаардлагаас өндөр байвал, ялгарал стандарт хэмжээнд хүртэл хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг түр хаана.
4.12.11.Хогийн цэгийн хаалтын хучилт хийгдсэн болон нөхөн сэргээлт хийгдсэн талбайг эргүүлэн ухаж, хог хаягдлыг гаргаж, тараахыг хориглоно.
4.12.12.Хоёр, гуравдугаар зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг нь дараах хүнд даацын машин, механизм, техник, тоног төхөөрөмжтэй байна.
4.12.12.1.Хүнд даацын гинжит бульдозер;
4.12.12.2.Гинжит экскаватор;
4.12.12.3.Хучилтын хөрс, шороо тээвэрлэх авто машин;
4.12.12.4.Гал унтраах иж бүрэн тоног, төхөөрөмж, хувцас, хэрэгсэл;
4.12.12.5. Бусад шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл;
ТАВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ,
СЭРГЭЭН АШИГЛАХ
5.1.Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 9.3.2 дахь заалтад заасан зөвшөөрөл авсан, 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлж, журамд заасны дагуу сумын хог хаягдлын менежментийн бүртгэл, хяналтын нэгдсэн цахим санд бүртгүүлсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.
5.2.Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хуулийн 8.1.3-д заасан журмын дагуу дахин боловсруулсан болон сэргээн ашигласан хог хаягдлын мэдээ, тайланг тогтоосон хугацаанд сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
5.3.Энгийн хог хаягдал дахин ашиглах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэнэ.
5.4.Энгийн хог хаягдал дахин ашиглах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалтад заасан ерөнхий шаардлагыг удирдлага болгоно.
5.5.Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч сэргээн ашиглах хог хаягдлаа төрөлжүүлэн цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллага болон сумын Засаг даргатай гэрээ байгуулан гүйцэтгэж болно.
5.6.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах нэмэлт шаардлага
5.6.1.Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах технологи хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх;
5.6.2.Хог хаягдал дахин боловсруулсан бүтээгдэхүүн байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчинд аюулгүй, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцсэн, хүний хэрэгцээ шаардлагыг хангасан байх;
5.6.3.Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хууль, тогтоомж, стандарт, шаардлага, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, сэргээн ашиглах технологи, арга ажиллагааны талаар сургалтын хөтөлбөр боловсруулж, ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулах;
5.6.4.Техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ хийх заавар, дүрэм, аргачлал боловсруулах;
5.6.5.Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэрт гамшгийн эрсдэлийн нөлөөллийн үнэлгээ хийлгэж, Онцгой байдлын газраар батлуулан, менежментийн төлөвлөгөөг боловсруулан үе шаттай хэрэгжүүлэх;
5.6.6.Дахин боловсруулах, сэргээн ашиглах хог хаягдлын үйлдвэрлэлийн процесс, технологийг харуулсан зураглал, схемийг гаргаж олон нийтэд нээлттэй байршуулах;
5.6.7.Дахин боловсруулах, сэргээн ашиглах хог хаягдал хүлээн авах талбай хатуу хучилттай, дээвэртэй, хог хаягдал салхиар тархах, хийсэхээс сэргийлсэн хашаатай байх ба хог хаягдлын бүтэц, найрлагыг тогтоох, хэмжих, ачиж буулгах, шахаж нягтруулах техник, тоног төхөөрөмжтэй байх;
5.6.8.Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч 90 хоногийн хугацаанд туршилтын үйлдвэрлэлийг явуулан, үйл ажиллагааны горим, технологийн үзүүлэлт, агаар ялгарах ялгарлын хэмжээг тогтоож стандарт, шаардлага хангасан тохиолдолд үйл ажиллагааг эхлэх.
5.7.Төвлөрсөн хот, суурин газарт энгийн хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан газар нутаг, суурин газарт өндөр даралт болон битүүмжлэл бүхий байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчны холбогдох байгууллага хүлээн зөвшөөрсөн жижиг оврын хог хаягдал шатаах байгууламж ашиглан дулаан, халуун ус үйлдвэрлэж хог хаягдлыг сэргээн ашиглаж болно.
5.8.Шатаах зуухны хог хаягдлын ачаалал хүчин чадлаас илүү гарсан болон зуухны бүтцэд өөрчлөлт гарах, зуухны үйл ажиллагааны үзүүлэлт зөвшөөрөгдсөн хязгаараас давсан тохиолдолд шатаах зуухны үйл ажиллагааг зогсоож хэвийн нөхцөлд орсон тохиолдолд дахин ажиллуулна.
5.9.Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжид Газрын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу газар олголт болон дэд бүтцээр дэмжлэг үзүүлнэ.
5.10.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүд бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа хог хаягдлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд сонгохыг эрмэлзэнэ.
ЗУРГАА. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
6.1.Журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга, цагдаа, хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан, төрийн бус байгууллага, иргэдийн бүлэг, иргэн хяналт тавина.
6.2.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.3.Хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх холбоотой маргааныг хоёр тал харилцан зөвшилцөж шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
6.4.Журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
_oOo_
Текст томруулах
A
A
A