- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн
24 дүгээр тогтоолын хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ,
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл (цаашид "тусгай зөвшөөрөл" гэх)-ийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг баримтална.
1.3.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон улсын чанартай сүлжээ борлуулалтын (бөөний төв) аж ахуйн нэгжүүд, улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд энэхүү журам нэг адил үйлчилнэ.
1.4.Журамд хэрэглэгдэх нэр томьёог холбогдох хууль, тогтоомжид зааснаар ойлгоно.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1.Аймгийн Засаг даргын дэргэдэх ажил хариуцсан нэгжийн чиг үүрэг
2.1.1.Тусгай зөвшөөрөл шинээр болон сунгахад бүрдүүлсэн хүсэлт, холбогдох материалуудыг тухайн ажил хариуцсан мэргэжилтэнд бүрдүүлэн өгнө.
2.1.2.Тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ.
2.1.3.Тусгай зөвшөөрлийн дугаарыг Хууль, эрх зүйн хэлтсээс бүртгэл хийж, олгоно.
2.1.4.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хойшлуулашгүй шийдвэр гаргах, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд хянан шалгаж, шийдвэрлэхтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагааг тухайн ажлыг хариуцсан мэргэжилтэн зохион байгуулна.
2.1.5.Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, татгалзсан үндэслэлийг заасан хариуг хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад албан бичгээр хүргүүлэх;
2.1.6.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай санал, дүгнэлт гаргаж, Засаг даргад танилцуулах;
Гурав.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах ерөнхий шаардлага
3.1.Дараах шаардлага хангасан цэгүүдэд тусгай зөвшөөрөл олгоно.
3.1.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд байх
3.1.2.Худалдаа, үйлчилгээний цэгийн хаяг нь сум, орон нутгаас тавьсан шаардлагыг хангасан байх;
3.1.3.Согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх газар нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан (хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний суурийн давхар /зориудаар тохижуулснаас бусад) байршилгүй байх
3.1.4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна орчны 50 м хүртэл талбайг гэрэлтүүлэх гэрэлтүүлэгтэй байх, орчны 50 метр радиус доторх газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэдэг байх
3.1.5.Дотор, гадна орчинд Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн бичлэгээ 30 хоног хадгалах хүчин чадалтай телекамерын систем суурилуулсан байх
Дөрөв.Тусгай зөвшөөрөл олгох, сунгах
4.1.Тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүүлэх материал
4.1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн ААН-ийн хүсэлт /хаяг, байршил, холбогдох утасны дугаар/;
4.1.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
4.1.3.Сумын Засаг даргын дэмжсэн тодорхойлолт;
4.1.4.Стандарт, хэмжилзүйн байгууллагын худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар;
4.1.5.Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн, НӨАТ-ын баримт олгодог, татварын өргүй байх;
4.1.6.Дотор, гадна орчинд стандартад нийцсэн телекамерын систем суурилуулсан эсэх аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт;
4.1.7 Аймгийн Онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын дүгнэлт;
4.2.Тусгай зөвшөөрөл сунгахад
4.2.1.Өмнө олгогдсон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
4.2.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
4.2.3.Сумын Засаг даргын дэмжсэн тодорхойлолт;
4.2.4.Стандарт, хэмжилзүйн байгууллагын худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар;
4.2.5.Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн, НӨАТ-ын баримт олгодог, татварын өргүйг нотолсон тодорхойлолт
4.2.6.Дотор, гадна орчинд стандартад нийцсэн телекамерын систем суурилуулсан эсэх аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт;
4.2.7.Аймгийн Онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын дүгнэлт;
4.3.Тэмдэгтийн хураамж
4.3.1.Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж төлж, хариуцсан мэргэжилтэнд хуулгыг /эх хувиар/ өгнө.
Тав. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
5.1.Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.Үүнд:
5.1.1.Тусгай зөвшөөрөл бичигдсэнээс хойш 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэгч тэмдэгтийн хураамжаа төлж зөвшөөрлөө аваагүй;
5.1.2.Аймаг, сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг зөрчсөн;
5.1.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг баримтлах
Зургаа. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
6.1.Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно. Үүнд:
6.1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан;
6.1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан;
6.1.3.Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлсэн, ашиглуулсан, худалдсан, барьцаалсан;
6.1.4.Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
6.1.5.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм, журам зөрчсөн.
6.1.6.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг байнга буюу удаа дараа /2 ба түүнээс дээш/ эсхүл ноцтой зөрчсөн.
6.1.7.Тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж /хуулийн этгээд/-ийн нэр болон үүсгэн байгуулагчийн нэр өөрчлөгдсөн, тусгай зөвшөөрлийг өөрийн охин компанийн нэр дээр шилжүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
Долоо. Хяналт
7.1.Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, эрх олгосон төрийн болон төрийн бус байгууллага хяналт тавина.
7.2.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид холбогдох байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийх ба хоёр жилд 1 удаа хяналт шалгалтыг явуулна.
Найм. Маргаан шийдвэрлэх, хариуцлага
8.1.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
8.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A