A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГААС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГААС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны А/35 дугаар тушаалын хавсралт

 

ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГААС

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Ерөнхий зүйл

1.1.Энэ журмын зорилго нь төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг тодорхойлох, үйлчилгээг хүргэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллага нь "Үндэсний дата төв" УТҮГ (цаашид "Үндэсний дата төв" гэх) байна.

1.3.Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг Үндэсний дата төв болон хүн, хуулийн этгээд хооронд байгуулсан үйлчилгээний гэрээгээр нарийвчлан зохицуулж болно.
           1.4.Үндэсний дата төв дараах үйлчилгээг үзүүлнэ:

1.4.1.төрийн байгууллагад домэйн нэр олгох;

1.4.2.төрийн байгууллагын цахим хуудас байршуулах;

1.4.3.төрийн байгууллагын цахим шуудангийн хаяг олгох;

1.4.4.төрийн байгууллагын мэдээллийн сан байршуулах;

1.4.5.төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаар төрийн байгууллага, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээ;

1.4.6.төрийн байгууллагын зохиомол сервер түрээсийн үйлчилгээ;

1.4.7.зогсуур түрээсийн үйлчилгээ;

1.4.8."Төрийн мэдээлэл солилцооны систем" холбох үйлчилгээ;

1.4.9."Танилт нэвтрэлтийн систем"-д холбогдох үйлчилгээ;

1.4.10."Мэдэгдэл хүргэх систем"-ийн үйлчилгээ;

1.4.11.Интернэтийн дотоод харилцан холболтын үйлчилгээ.

1.5.Энэ журмын 1.4.8, 1.4.9, 1.4.10 –д заасан үйлчилгээг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10-д заасан журмын дагуу зохицуулна.

1.6.Энэ журмын 1.4.8, 1.4.9, 1.4.10 –д зааснаас бусад үйлчилгээний техникийн нөхцөл, үйлчилгээний гэрээний загварыг Үндэсний дата төв-ийн захирал батална.

1.7.Үйлчилгээ авах талаар хүн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор судалж, холбогдох хүсэлтийн хариуг өгнө.

1.8.Хүн, хуулийн этгээд нь энэ журмын 1.3-т заасан үйлчилгээг авах, авснаас хойш Үндэсний дата төвийн шаардсанаар мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийнэ.

1.9.Үндэсний дата төв нь төлөвлөгөөт техникийн үзлэгээс шалтгаалан үйлчилгээ тодорхой хугацаагаар зогсох тохиолдолд энэ талаар хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр эсхүл албан бичгээр 48 цагийн өмнө мэдэгдэнэ.

1.10.Үндэсний дата төвийн  дэд бүтцээс гаднах сүлжээ, системд гарсан гэмтэл, саатал, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан үйлчилгээ доголдсоны улмаас хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг Үндэсний дата төв хариуцахгүй.

1.11.Үндэсний дата төвөөс үзүүлж буй үйлчилгээг дараах тохиолдолд зогсооно:

1.11.1.хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн;

1.11.2.үйлчилгээ авч байгаа хүн , хуулийн этгээд нь энэ журмын 1.4-т заасан үйлчилгээнд тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг хангаагүй

1.11.3.энэ журмын 1.8 заасныг биелүүлээгүй, эрсдэлийн үнэлгээний тайлангийн дагуу холбогдох арга хэмжээ аваагүй;

1.11.4.хүн, хуулийн этгээдийн системд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүссэн, сэжигтэй хандалт илэрсэн, гэрээнд тусгагдсанаас өөр зорилгоор ашигласан, үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчлийг арилгах хүртэл хугацаанд;

1.11.5.Үндэсний дата төв нь энэхүү журмын хүрээнд, хүн, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдал алдагдсан гэж үзвэл тухайн зөрчил хэвийн болох хүртэл хугацаанд.

1.12.Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техникийн багтаамж, хязгаарлалтыг энэ журамд тусгаснаар тогтоох ба түүнээс хэтэрсэн тохиолдолд хүн, хуулийн этгээдийн  гаргасан хүсэлт, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, гэрээний хэрэгжилтийн байдлыг үндэслэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.

Хоёр.Төрийн байгууллагад домэйн нэр олгох үйлчилгээ

2.1.Домэйн нэр (gov.mn)-ийг төрийн байгууллагад олгоно.

2.2.Домэйн нэр нь тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг илэрхийлсэн үг, эсхүл байгууллагын монгол, англи нэрийн товчлол байх ба орон нутаг, бүсийн товчилсон, галигласан нэр байж болно.

2.3.Байгууллагад ашиглах домэйн  нэрийг дараах түвшинд ангилна:

 

Нэгдүгээр түвшин

Хоёрдугаар түвшин

Гуравдугаар түвшин

Дөрөвдүгээр түвшин

Олон улсын ICANN байгууллагаас Монгол Улсад оноосон дээд түвшний домэйн нэр

Төрийн захиргааны байгууллагад олгох дээд домэйн нэр

Төрийн захиргааны байгууллагын эзэмших домэйн нэр

Нэгж харьяа байгууллагад оноосон дэд домэйн нэр

.mn

.gov.mn

оноосон нэр.gov.mn

байршил.оноосон нэр.gov.mn

 

2.4.Үндэсний дата төв нь 3, 4 дүгээр түвшний домэйн нэрийг доор дурдсан тохиолдолд олгоно:

2.4.1.Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт гуравдугаар түвшний домэйн нэрийг, тэдгээрт шууд харьяалагдах төрийн захиргааны байгууллагад дөрөвдүгээр түвшний домэйн нэрийг;

2.4.2.Төрийн захиргааны төв байгууллагад харьяалагдах хэдий ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагад гуравдугаар түвшний домэйн нэрийг;

2.4.3.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг орон нутагт байршилтай төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад орон нутгийн харьяаллыг тусгасан дөрөвдүгээр түвшний домэйн нэрийг;

2.4.4.Нийслэлийн засаг захиргааны нэгжид харьяалагдах төрийн байгууллагад удирдах дээд шатны байгууллагын домэйн нэрийн дөрөвдүгээр түвшний домэйн нэрийг эсхүл орон нутаг, бүсийн нэрийн товчлол бүхий домэйн нэрийг;

2.5.Байгууллагад үйл ажиллагааны чиглэл, үйлчилгээний онцлогийг харгалзан нэмэлт домэйн нэр олгож болно.

2.6.Үндэсний дата төв домэйн нэрийн (gov.mn) системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хариуцна.

2.7. Байгууллагын хүсэлтээр домэйн нэрийг өөрчилсөн бол өмнөх домэйн нэрийг хүчингүй болгоно.

Гурав.Төрийн байгууллагын цахим хуудас байршуулах үйлчилгээ

3.1.Төрийн байгууллагын цахим хуудас нь мэдээллийн аюулгүй байдлыг хангасан тохиолдолд цахим хуудас байршуулах үйлчилгээг үзүүлнэ.

3.2.Төрийн байгууллага нь цахим хуудасны удирдлагын хэсэгт цахим хуудас болон түүний агуулга, мэдээлэл, мэдээллийн санг өөрчлөх, устгах, шинэчлэх эрх бүхий ажилтантай байна.

3.3.Цахим хуудас байршуулах талбарт төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангахаас бусад зорилго бүхий зар сурталчилгаа, үндсэн чиг үүргийн бус мэдээлэл бүхий цахим хуудас болон систем байршуулахгүй байх.

3.4.Цахим хуудасны нөөцлөлтийг сард нэг удаа хийх бөгөөд сүүлийн 3 сарын нөөцлөлтийг хадгална.

3.5.Төрийн байгууллага нь үйлчилгээ авах техникийн нөхцөл, шаардлагыг ханган, цахим хуудасны нэвтрэх эрх, нууцлал, цахим хуудасны хөгжүүлэлт, шинэчлэлт, сайжруулалтыг хариуцна.

3.6.Төрийн байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан, гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дараа цахим хуудас байршуулах серверт байршиж байгаа мэдээлэл (цахим хуудас), нөөцлөлтийн хамт устгана.

3.7.Төрийн байгууллага дараах үзүүлэлт бүхий багтаамжийг сонгоно:

3.7.1. 1 GB хүртэл;

3.7.2. 20 GB хүртэл;

3.7.3. 50 GB хүртэл.

Дөрөв.Төрийн байгууллагын цахим шуудангийн хаяг олгох үйлчилгээ

4.1.Үндэсний дата төв нь төрийн байгууллагад админ эрх олгоно.

4.2.Төрийн байгууллага нь өөрийн цахим шуудангийн хаягт ирсэн сэжигтэй болон хортой код бүхий цахим шуудангийн талаар холбогдох Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвд нэн даруй мэдэгдэнэ.

4.3.Төрийн байгууллагын цахим шууданг нэг зэрэг их хэмжээний цахим шуудан буюу масс мэйл илгээх болон хувийн мэдээлэл хадгалах, дамжуулах зориулалтаар ашиглахыг хориглоно.

4.4.Төрийн байгууллагад дараах үзүүлэлт бүхий багтаамжтай цахим шуудангийн үйлчилгээ үзүүлнэ:

4.4.1. 5 GB хүртэл

4.4.2. 50 GB хүртэл           

Тав.Төрийн байгууллагын мэдээллийн сан байршуулах үйлчилгээ

5.1.Суурь мэдээллийн сан, үндсэн болон дэмжих системийн мэдээллийн санг Үндэсний дата төвийн үндсэн мэдээллийн сангийн системд байршуулна.

5.2.Энэ журмын 5.1 –д зааснаас бусад мэдээллийн санг энэхүү журмын 1.4.6, 1.4.7-д заасан үйлчилгээг ашиглан байршуулж болно.

5.3.Байршуулсан мэдээллийн санд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, эсхүл нууцлал аюулгүй байдлын шаардлага хангасан сүлжээ (VPN)-ээр дамжуулан хандана.

Зургаа.Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаар үйлчилгээ үзүүлэх

6.1.ТҮЦ машинаар дамжуулан төр, хувийн хэвшлийн байгууллагын үйлчилгээг үзүүлнэ.

6.2.ТҮЦ машинаар үзүүлэх үйлчилгээг Үндэсний дата төвийн захирал батална.

6.3.ТҮЦ машинаар олгох үйлчилгээний үнэн бодит байдлыг тухайн үйлчилгээг хариуцсан мэдээлэл хариуцагч  хариуцна.

6.4.ТҮЦ машины сүлжээ байгуулахад Тагнуулын байгууллагаас зөвлөмж авна.

6.5.ТҮЦ машины байршлыг өөрчлөхөд ашиглалт, хэрэглэгчийн хүсэлт, судалгаанд үндэслэн Үндэсний дата төвийн захирал шийдвэрлэнэ.

Долоо.Төрийн байгууллагын зохиомол сервер түрээсийн үйлчилгээ

7.1.Сүлжээнд холбогдсон физик сервер төхөөрөмжийн эх үүсвэрүүдийг программын аргаар хуваах байдлаар үүсгэсэн зохиомол серверийг төрийн байгууллагад түрээслүүлэн ашиглуулах үйлчилгээг үзүүлнэ.

7.2.Энэ журмын 7.1-д заасан үйлчилгээний тооцоолуур (CPU), шуурхай санах ой (RAM), хатуу дискийн багтаамж (Hard drive), IP хаягийн үзүүлэлтийг төрийн байгууллага сонгоно.

7.3.Төрийн байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсан, гэрээ дуусгавар болсон өдрөөс хойш 30 хоногийн дараа зохиомол серверт байршиж байгаа үйлчлүүлэгчийн өгөгдөл, мэдээллийг нөөцлөлтийн хамт устгана.

7.4.Үйлчилгээ үзүүлэх гэрээнд зохиомол сервер дээр ажиллах системийн зориулалтыг тодорхой тусгана. 

Найм.Зогсуур түрээсийн үйлчилгээ

8.1.Төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн тоног төхөөрөмжийг зориулалтын серверийн өрөө (зогсуур)-нд байршуулж, сүлжээ, цахилгаан хангамжийн тасалдалгүй ажиллагаа, орчны температур, чийгшлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах зогсуур түрээсийн үйлчилгээг үзүүлнэ.

8.2.Төрийн байгууллагын системийг төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, Үндэсний дата төвийн хамгаалалтын сүлжээний төхөөрөмжөөр дамжуулан холбоно.

8.3.Үйлчилгээ авах хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээд нь Үндэсний дата төвөөс тодорхойлсон техникийн нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

8.4. Хүн, хуулийн этгээдийн байршуулсан тоног төхөөрөмж дээр ажиллах системийн зориулалтыг үйлчилгээ үзүүлэх гэрээнд тодорхой тусгана.

Ес. Интернэтийн дотоод харилцан холболтын үйлчилгээ

9.1.Интернэтийн дотоод харилцан холболтын үйлчилгээ авах хуулийн этгээд нь Харилцаа холбооны зохицуулах  хорооноос тусгай зөвшөөрөл авсан байна.

9.2.Интернэтийн дотоод харилцан холболтын үйлчилгээ авах хүсэлт гаргасан хуулийн этгээд нь Үндэсний дата төвөөс тодорхойлсон техникийн нөхцөл, шаардлагыг хангасан байна.

9.3.Энэ журмын 9.1-д заасан тусгай зөвшөөрлийг авсан хуулийн этгээдийн албан хүсэлтийг үндэслэн үйлчилгээний гэрээ байгуулан холболт хийнэ.

Арав.Үйлчилгээний төлбөр

10.1.Үндэсний дата төвөөс хүн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээ нь төлбөртэй байна.

10.2.Энэ журмын 1.4.4, 1.4.5, 1.4.11 -д заасан үйлчилгээ авах хүн, хуулийн этгээд нь холболтын хураамж төлнө.

10.3.Энэ журмын 1.4.8, 1.4.9, 1.4.10 –д зааснаас бусад үйлчилгээний төлбөрийг Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5-д заасан аргачлалд үндэслэн Үндэсний дата төв тогтоох бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

 

Арван нэг. Хяналт

 

11.1. Үндэсний дата төв нь үйлчилгээ тус бүрээр тайланг гаргаж, тайланг улирал тутам Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

11.2. Хүн , хуулийн этгээдээс гаргасан санал, хүсэлт, гомдлыг Үндэсний дата төв шийдвэрлэнэ.