A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 08 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах бүлэг, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг:

"1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/ гарсантай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурал тусгайлсан дэгээр хэлэлцэж болно."

2/ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:

"ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ЭЦСИЙН ШИЙДВЭР /ТОГТООЛ/-ЭЭР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ

18 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

18.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйл, Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосон бол хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

18.2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд энэ хуулийн 3.3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 11.4 дэх хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлахгүй байж болно.

18.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэй бол, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүйн ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ.

18.4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ.

18.5.Нэг дэх хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр хүчингүй болгох Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж, санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

18.6.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар санал хураан шийдвэрлэнэ.

18.7.Нэг саналаар 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан, нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ.

18.8.Нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулж дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.

18.9.Төрийн байгуулалтын байнгын хороо нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн саналыг нэгтгэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болгон эцсийн хувилбарыг бэлтгэн санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

18.10.Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав, түүнээс дээш хувь нь "батлах" санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож, нийтэд зарлан мэдээлнэ.

18.11.Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосноос хойш ажлын хоёр өдрийн дотор Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулна.

18.12.Монгол Улсын Ерөнхийлөгч танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор "... оны ... дугаар сарын ...-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч ..." гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.

18.13.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Монгол Улсын Үндсэн хуульд байршуулж, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР