- Нүүр
- Сайдын тушаал
- ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛД МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ /БНбД 11-12-22/
Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 136,А/125 дугаар тушаалын хавсралт
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛД МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ /БНбД 11-12-22/
OCCUPATIONAL SAFETY AND HYGIENE RULES FOR GEODESY AND CARTOGRAPHY PRODUCTION /БНбД 11-12-22/
1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Хэрэглэх хүрээ
1.1.1 Энэхүү норм, дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэрээс үл хамааран дагаж мөрдөнө.
1.1.2 Геодезийн хэмжилт, зураглалын ажил нь байгаль, цаг уурын бүхий л нөхцөлд, нийгэм, эдийн засгийн олон салбарт хийгдэх тул энэхүү дүрмээс гадна тухайн салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны норм, дүрмийн шаардлагыг мөрдлөг болгон ажиллана.
1.2 Норматив ишлэл
1.2.1 Энэ норм, дүрмийг 1 дүгээр хавсралтад заасан норматив баримт бичиг, материалуудыг ишлэл болгон боловсруулав.
1.3 Нэр томъёо
1.3.1 Энэхүү дүрэмд орсон нэр томъёог 2 дугаар хавсралтад зааснаар ойлгоно.
1.4 Хөдөлмөрийн нөхцөл
1.4.1 Ажил олгогч нь байнгын ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг ажлын чиг үүрэг, онцлогоос хамааруулан Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журам"-ыг баримтлан тогтоож, хөдөлмөрийн гэрээнд заасан байвал зохино.
1.4.2 Хөдөлмөрийн нөхцлийг ажил гүйцэтгэх орчны физик, хими, биологийн хүчин зүйлсийг харгалзан "Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ", MNS 5080 стандартыг үндэслэл болгон тогтооно.
1.5 Эрсдэл учруулж болох хортой ба аюултай нөхцлүүд
1.5.1 Авто ба төмөр замын хөдөлгөөн ихтэй хэсэгт осолд өртөх.
1.5.2. Барилга угсралтын болон геодезийн хяналтын хэмжилтийн үед өндрөөс унах.
1.5.3. Цахилгааны өндөр хүчдэлтэй орчинд цахилгаанд цохиулах, түлэгдэх.
1.5.4. Экскаватор, кран, өрмийн машин зэрэг ажиллаж байгаа тоног төхөөрөмжид ойртох, гэмтэх.
1.5.5. Уурхайн карьер, мөргөцөг нурах, өндрөөс унах.
1.5.6. Өвлийн улиралд гадаа удаан хугацаагаар ажиллах, хөлдөх.
1.5.7. Агааргүй болон хорт хийтэй орчинд ухаан алдах, гүн цочролд орох.
1.5.8. Гол, нуур, намагтай орчинд живэх.
1.5.9. Хэт халуун нөхцөлд удаан ажиллах, нар ба халуунд цохиулах.
1.5.10. Шимэгчдэд хазуулах, могойд хазуулах.
1.5.11. Араатан амьтны дайралтад өртөх.
1.5.12. Гүнзгий нүх, эрэг, хясаанаас унах.
1.5.13. Аадар бороо, аянгад цохиулах.
1.6 Эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
1.6.1 Эрсдэлийн шинж тэмдэг илэрсэн даруйд ажилтан бүр байгууллагын удирдлагад яаралтай мэдэгдэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
1.6.2 Байгууллага бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг томилон ажиллуулах.
1.6.3 Байгууллага бүр үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлж ажиллах.
1.6.4 Байгууллагын хөдөлмөр хамгааллын соёлыг дээшлүүлэх.
1.6.5 Ажилтны үүрэг хариуцлагыг сайжруулах, тэдний шинэ техник, технологи, даатгал, хууль эрх зүйн мэдлэгийг тогтмол дээшлүүлэх.
1.6.6 Хэрэглэгч, хамтрагч байгууллагын зөвлөгөөг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.
1.6.7 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг тогтмол, чанартай хийх.
1.6.8 Эрсдлийг үнэлэх, түвшин тогтоох, дүн шинжилгээ хийх, арилгах, урьдчилан сэргийлэх.
1.6.9 Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах.
1.6.10 Онцгой нөхцөлд ажиллах төлөвлөгөөтэй байх.
1.6.11 Онцгой нөхцлийн харилцаа, холбооны хэрэгсэлтэй байх.
1.6.12 Аж ахуйн нэгж, байгууллагад дотоодын хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэх.
1.6.13 Болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, золгүй явдал ба өвчлөх үед үзүүлэх анхны тусламжийн талаар үзүүлэн сургалт зохион байгуулах.
1.7 Ажил олгогчийн нийтлэг үүрэг
1.7.1 Геодези, зураг зүйн ажлуудад баримтлах аюулгүй ажиллагааны үндсэн шаардлага нь Монгол улсын хууль, холбогдох эрх зүйн баримт бичигт нийцсэн байна.
1.7.2 Ажил олгогч нь ажилтанд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцлийг бүрдүүлэх, байгууллагадаа хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэн ажиллах үүрэгтэй.
1.7.3 Геодезийн хэмжилтийн ажил нь аюулгүй орчинд Монгол улсад мөрдөгдөж буй хэмжлийн нэгжийн тогтолцоонд хийгдэнэ.
1.7.4 Хээрийн ажил гүйцэтгэх явцад байгаль орчин, ногоон ургамал, ан амьтанд хохирол учруулах, түүхийн болон археологийн олдворыг устгах, хөндөх зэрэг үйлдлийг гаргахгүй байх зарчмыг баримтална.
1.7.5 Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль [3]- ийн 28 дугаар зүйлд заасан, ажилтан нь тус хуулийн 18 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
1.7.6 Ажил олгогч нь ажилтанд эрсдэл учруулж болох хортой ба аюултай нөхцөл байдлыг урьдчилан судалж, түүнээс хамгаалах бэлтгэл ажлыг хийсэн байна.
1.7.7 Ажилтан нь өөрийн ажил үүрэгтэй холбоотой хөдөлмөр хамгааллын хууль, эрх зүйн баримт бичиг, норматив хэм хэмжээг мэдэж байх үүрэг хүлээнэ.
1.7.8 Ажилтан нь ажилдаа ирэх, буцах маршрутыг заавал гаргаж өгсөн байна.
1.7.9 Ажил олгогч нь ажилтныг ажлын хувцас, тусгай болон хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ба энэ нь стандартын шаардлагыг хангасан байна.
1.7.10 Ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж, ажлыг бүтэн жилээр дүгнэх ба үр дүнг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн жилийн эцсийн тайланд тусгаж, холбогдох байгууллагад хугацаанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.
1.7.11 Ажил олгогч нь нийт ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохих сургалтад хамруулна. Мөн тусгай багаж хэрэгсэл дээр ажиллах сургалтыг шаардлагын дагуу зохион байгуулна.
1.7.12 Аливаа багаж, хэрэгслийг үйлдвэрлэгчээс гаргасан гарын авлагад заасан нөхцөлд, сургалтад хамрагдсан ажилтан ажиллуулна.
1.7.13 Энэхүү норматив нь ажилтны цалин хөлс, нэмэгдлийг тооцох үндэслэл болно.
1.7.14 Ажил олгогч нь ажиллагсдыг хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээнээс хэтрүүлэн ажиллуулахыг хориглоно.
1.7.15 Ажил гүйцэтгэх явцад аюултай хий, тэсрэх материал, зэвсэг, эртний эд өлгийн зүйлс, булш ажиглагдвал ажлыг зогсоож, холбогдох байгууллага болон орон нутгийн захиргаанд мэдэгдэнэ.
1.7.16 Бригад нь хоёроос доошгүй инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээрийн нэгийг ахлагчаар сонгоно. Ахлагч нь ажилтан бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд нь хяналт тавих, заавраар хангах, дадлагажуулах ажлыг хариуцна.
1.7.17 Геодези, зураг зүйн ажил нь хөдөлмөрийн онцгой нөхцөлд хийгддэг тул насанд хүрээгүй хүнийг авч ажиллуулахыг хориглоно.
1.7.18 Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг ажиллуулахыг хориглоно.
1.7.19 Геодези, зураг зүйн ажлын аюулгүй байдал алдагдсан, зөрчил гарсан тухай бүрд буруутай этгээдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
1.8 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
1.8.1 Байгууллага нь ажилтнууддаа энэ дүрмийн 1.5-т заасан эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг анхан шатны, давтан, ээлжит ба ээлжит бус байдлаар ажлын байранд хийх ба энэ нь огноо, өгсөн, авсан ажилтны гарын үсгээр баталгаажсан байна.
1.8.2 Байгууллага нь эрсдэлийг бууруулах, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад гарах зардлыг хариуцна.
1.8.3 Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг батлагдсан хөтөлбөртэйгөөр жилд 2-аас доошгүй удаа явуулж, ажилтнуудаас мэдлэгийн шалгалт авч дүнг нэгтгэн, жилийн эцэст тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайланд оруулна.
1.8.4 Шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан, дадлагын оюутнуудад "анхан шатны" зааврыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан өгнө (3 дугаар хавсралт).
1.8.5 Геодезийн ажил хийгдэх салбар бүрийн онцлогт тохирсон "онцлог нөхцлийн" зааврыг байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан тухайн ажил эхлэхээс өмнө өгнө.
1.8.6 Аюулгүй ажиллагааны эрсдэл өндөр салбарт геодезийн ажил гүйцэтгэх үед ажил эхлэхээс өмнө тухайн салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилтнаас мэргэжлийн зааварчилгааг заавал авна.
1.8.7 Геодезийн хээрийн хэмжилтийн ажилд гарахын өмнө "хээрийн ажлын" зааврыг байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан өгнө.
1.8.8 Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 10-ны хооронд геодези, зураг зүйн ажлын аюулгүй ажиллагааны ээлжит сургалтыг явуулж, мэдлэгийн шалгалт авч тэнцсэн ажилтанд хээрийн ажил гүйцэтгэх зөвшөөрлийг ажил олгогчоос олгоно.
1.8.9 Аюулгүйн ажиллагааны давтан зааврыг ажлын байранд 6 сард нэгээс доошгүй, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, аюулгүйн ажиллагааны дүрэм, заавар өөрчлөгдөх, ажилтан 2 сараас илүү хугацаагаар чөлөө авсны дараа ажилд ороход тус тус өгнө (4 дүгээр хавсралт).
1.8.10 Ажил олгогч нь байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг жилд нэгээс доошгүй удаа сургалтад хамруулна.
1.8.11 Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр"-т тусгагдсан эрсдэлтэй ажлын байрны болон тусгай сургалтын хөтөлбөрийн дараах агуулгыг тусгаж болно. Үүнд:
1.8.11.1 Эрсдэлтэй сургалтын чиглэл:
а) Өргөх, зөөх, тээвэрлэх механизм /ӨЗТМ/-тэй харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа;
б) Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа;
с) Хязгаарлагдмал орчинд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа.
1.8.11.2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тусгай сургалтын чиглэл:
a) Тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа;
б) Температурын эрс тэс нөхцөлд ажиллах аюулгүй;
в) Далд уурхайн аюулгүй ажиллагаа;
г) Ил уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа;
д) Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагаа;
е) Цахилгааны аюулгүй ажиллагаа;
ё) Галын аюулгүй байдал;
ж) Усны сан бүхий газарт ажиллах аюулгүй ажиллагаа;
з) Барилгын аюулгүй ажиллагаа;
и) Тээврийн аюулгүй ажиллагаа;
1.8.12 Золгүй явдал ба өвчлөх үед үзүүлэх анхны тусламжийн талаар байгууллагаас үзүүлэх сургалт, семинарыг бригадын ажлын нөхцөл, хэлбэрээс шалтгаалан тодорхой хугацаагаар явуулна. Сургалт, семинар явуулсан тухай тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулсан байна.
1.9 Ажилтанд тавигдах шаардлага
1.9.1 Аюулгүй орчинд ажиллах, амьдрах соёл, зан үйлийг эзэмшсэн байна.
1.9.2 Ажлын байрны аюулыг танин мэдэх, эрсдэлийг тодорхойлох,урьдчилан сэргийлэх чадвар эзэмшсэн байна.
1.9.3 Ажлын байранд галын аюулгүй байдлыг хангах чадвартай байна.
1.9.4 Ажилтан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй байна.
1.9.5 Геодезийн ажил гүйцэтгэх инженер техникийн ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн "анхан шатны", "хээрийн ажлын", "ээлжит" сургалтуудыг заавал авсан байна.
1.9.6 Бригадын гишүүд эмнэлгийн үзлэгт 2 жилд 1 удаа орж, эрүүл мэндийн хувьд хээрийн ажил гүйцэтгэхэд тэнцсэн байна. Агаар сансрын зургийн боловсруулалт дээр ажиллах хүнийг харааны тусгай үзлэгт хамруулна.
1.9.7 Байгууллагын шинэ ажилтныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулсны дараа хөдөлмөрийн гэрээ хийж ажилд авна.
1.9.8 Геодезийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа багаж хэрэгслийг аюулгүй ажиллуулах чадварыг бүрэн эзэмшсэн байна.
1.9.9 Өөрийг болон бусдыг гэмт халдлага, дээрмээс хамгаалах үүднээс төлбөрийн бэлэн бус хэлбэр (цахим гүйлгээ, кредит карт, төлбөрийн чек)-ийг ашиглаж сурсан байна.
1.9.10 Үйлдвэрлэлийн дадлага хийж буй оюутнууд хөдөлмөр хамгааллын хичээлийн шалгалт өгсөн байвал шууд ажиллуулж болно.
1.9.11 Жолоочийн үнэмлэхгүй хүнээр машин жолоодохыг хориглоно.
1.9.12 Эрчим хүчний, барилгын, авто ба төмөр замын, уул уурхайн зэрэг үйлдвэрлэлийн онцгой объект дээр ажил гүйцэтгэх ажилтан нь ажил эхлэхийн өмнө тухайн объектын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнаас мэргэжлийн зааврыг заавал авсан байна.
1.9.13 Албан үүргээ гүйцэтгэж буй ажилтан бүр мэргэжлийн ур чадвартай, хөдөлмөрийн сахилга баттай, аюулгүй ажиллагааны өндөр мэдлэгтэй байж, үйлдвэрийн осол гаргахгүй ажиллах ухамсартай байхыг шаардана.
1.9.14 Хүн амын суурьшил багатай болон өвлийн улиралд хээрийн нөхцөлд ажиллах үед бригадын ахлагчаар дадлага хийж байгаа оюутан болон төгсөөд нэг жил хүрэхгүй хугацаанд ажилласан хүнийг томилж ажиллуулахыг хориглоно.
1.9.15 Мэргэжлийн бус хүнийг геодезийн хэмжилтийн багаж хэрэгсэл дээр ажиллуулахыг хориглоно.
1.10 Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, техник хэрэгслийн хангамж
1.10.1 Ажил олгогч нь ажилтныг ажлын хувцас, хэрэгслээр үнэ төлбөргүй хангана. Ажилтан нь ажил гүйцэтгэх үедээ хамгаалалтын хувцас, хэрэгслийг заавал хэрэглэх үүрэгтэй.
1.10.2 Геодезийн ажилтны хувцас нь стандартын шаардлага хангасан, ажилтны эрүүл мэндэд харшлах нөлөө үзүүлэхгүй, хөвөн даавуугаар хийсэн ажлын өмд цамц, түрүүтэй гутал, борооны цув, малгай, бээлий, нүдний шил байна. Өвлийн улиралд дулаан хувцас, өмд, өвлийн гутал байна. Авто ба төмөр зам дээр ажиллах үед ажлын хувцас нь цацруулах материалын оруулгатай байна.
1.10.3 Цацраг идэвхт болон хорт бодис бүхий орчинд ажиллах үед захиалагч байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаас өгсөн зааврын дагуу ажиллах ба нэмэлт тусгай зориулалтын хувцас, хэрэгслийг ашиглана.
1.10.4 Өндөрт ажиллах ажилтанд өндрийн хамгаалалтын бүсийг заавал олгоно.
1.10.5 Хэт өндөр дуу шуугиантай ажлын байранд чихний бөглөө, дуу тусгаарлах чихэвчийг ашиглана.
1.10.6 Богино долгионы радио станцыг хээрийн ажилд ашиглах үед радио долгионыг зохицуулах газраас зохих зөвшөөрлийг авсан байна.
1.10.7 Инженер техникийн ажилтныг ажлын ширээ, сандал, компьютер, принтер зэрэг техник хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргийг ажил олгогч хүлээнэ.
1.10.8 Хээрийн ажил гүйцэтгэх үед бригадыг эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сангаар хангасан байна.
1.11 Аюулгүй ажиллагааны онцгой эрсдэлтэй ажил
гүйцэтгэхэд тавигдах шаардлага
1.11.1 Авто болон төмөр замын хөдөлгөөний идэвхжил өндөртэй газар, үйлдвэрийн томоохон объектууд, гүүрэн өргүүр, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, анкер, дулааны болон усан цахилгаан станц, нефть, хийн хоолой, газар доорх шугам сүлжээ, ил, далд уурхайд хийгдэх ажлууд нь аюулгүй ажиллагааны онцгой эрсдэлтэйд тооцогдох тул дээрх объектуудад геодезийн хэмжилт, зураглал, хяналт хийхэд зориулан ажлын удирдамж, техникийн даалгаврыг боловсруулах ба зөвхөн энд заасан ажлыг гүйцэтгэнэ.
1.11.2 Онцгой эрсдэлтэй салбарт хийгдэж байгаа геодезийн ажлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг захиалагч байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан хариуцах ба хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсний дараа шалгалт авч, ажил эхлүүлэх зөвшөөрөл өгнө.
1.11.3 Өдөр бүр гүйцэтгэх ажлын аюулгүй ажиллагааны зааврыг авсан, өгсөн тухай тэмдэглэлийг журнал дээр хөтлөх, гарын үсэг зуруулж баталгаажуулах ажлыг бригадын ахлагч хариуцан хийнэ.
1.11.4 Замын ачаалал ихтэй зорчих хэсэг дээр болон төрөл бүрийн машин механизм ажиллаж байгаа барилгын талбай дээр онцгой анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгсэл, машин механизмын хөдөлгөөнийг зохицуулах зохицуулагч ажиллуулна.
1.11.5 Газрын гадаргаас 20м ба түүнээс дээш өндөрт ажиллах хүмүүсийг ажилд гарахын өмнө эмнэлгийн үзлэгт хамруулна.
1.11.6 Онцгой нөхцөлд ажил гүйцэтгэж байгаа тухай анхааруулга, санамжийг нүдэнд харагдахаар газарт өлгөсөн байна.
1.11.7 Нэн өндөр барилгын угсралтын түвшинд геодезийн хэмжилтийн ажил гүйцэтгэх инженер техникийн ажилтан нь энэ төрлийн ажлыг гүйцэтгэх хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны тусгайлсан сургалтанд хамрагдан шалгалт өгч тэнцсэн байна. Мөн эрүүл мэндийн үзлэгээр орж, тэнцсэн байх шаардлагатай.
1.11.8 Биологийн аюултай бүсэд ажиллах хүмүүс тусгай тариа, вакцин хийлгэнэ.
1.11.9 0.75м-1.5м өндөрт шат, 1.5м-ээс дээш бол тавцан хэрэглэж ажиллана. 3м-ээс дээш өндөрт хамгаалалтын гинж, бүс зүүж ажиллана.
1.11.10 Өндөрт ажиллах үед доорх зүйлийг хориглоно. Үүнд:
1) Шат, тавцан дээр даац хэтрүүлэн зогсох;
2) Өндөрт ажиллаж буй хүмүүс нэг нь нөгөөдөө багаж хэрэгслийг шидэж дамжуулах;
3) Завсарлах үедээ багаж хэрэгслийг шат, тавцан дээр орхиж явах;
4) Нэг босоо чиглэлийн дагууд хамгаалалтын тавцангүй бол зэрэг ажиллах;
5) Ширүүн бороо, салхи, манантай үед ажиллах.
1.12 Томилолтоор ажиллах
1.12.1 Томилолтоор ажиллах хугацаанд олон улсын, орон нутгийн цагийн зөрөөг ажлын цагт оруулан тооцно.
1.12.2 Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдаар өдрийн цагаар хээрийн замд явах ба 350 км-ээс хол замд явах бол аялалыг өдрийн 15 цагаас өмнө эхлэхээр төлөвлөсөн байвал зохино.
1.12.3 Ажлын талбайд нэвтрэх зөвшөөрөл, ажил гүйцэтгэх гэрээ, удирдамж, томилолтын хуудас зэргийг авч явна.
1.12.4 Томилолтоор явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гүйцэтгэх ажлын зорилгыг тодорхойлж, өөрийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны нэрийг албан бичгээр өгнө.
1.12.5 Тухайн ажлыг хариуцагч байгууллагын удирдлага нь албан томилолтоор ирж байгаа хүмүүсийг уг албан бичигт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанд хариуцуулан ажиллуулах эсэхийг шийдвэрлэж албан бичиг дээр цохолт хийнэ. Шаардлагатай тохиолдолд хүн нэг бүрийн үүргийг тогтоож бичгээр шийдвэр гаргаж болно.
1.12.6 Албан томилолтоор ажиллах хүмүүс нь ажил гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад ирээд ажил гүйцэтгэж эхлэхийн өмнө тухайн ажлын онцлогтой танилцаж, аюулгүй ажиллагааны зааврыг авсан байна.
1.12.7 Томилолтоор ажиллах хүмүүсийг ажилд оруулах, тэдний ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааг хангах, хяналт тавих үүргийг тухайн ажлыг хариуцагч байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан хариуцна. Түүний тавьсан шаардлагыг албан томилолтоор ажиллаж байгаа бүх хүмүүс биелүүлэх үүрэгтэй.
1.13 Галын аюулгүй байдлыг хангах
1.13.1 Байгууллага нь галын аюулгүй байдлыг хангах дотоод дүрэмтэй байна.
1.13.2 Гал түймрийн аюултай бүсэд хээрийн лагерь байгуулах үед гал унтраах багаж хэрэгслээр бүрэн хангасан байна. Эдгээрийг хүний нүдэнд тусахуйц газар, "Гал команд" гэсэн нэртэй сараалжид байрлуулж өлгөнө. Тамхи татах газрыг сонгож, тохижуулж өгнө.
1.13.3 Бригад нь түлш, шатах, тослох материалыг зориулалтын саванд хийж, нарны шууд гэрлээс хамгаалж, лагерь болон бусад байгууламжаас 10м-ээс багагүй зайд хадгална.
1.13.4 Бууриа сэлгэх үед галыг сайтар унтраана. Цогийг ус асгаж, шороогоор дарна.
1.13.5 Хавар, намрын хуурайшилттай үед тээврийн хэрэгсэл ашиглан хээрийн ажил гүйцэтгэхдээ тээврийн хэрэгслийн янданд оч хаяхаас сэргийлсэн тор хийнэ.
1.13.6 Өндөр өвстэй газарт тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэхдээ тээврийн хэрэгслийн доогуур, яндан дээр хуримтлагдсан өвсний толгой, хуурай хогийг байнга цэвэрлэж байна.
1.13.7 Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөлд түймэр унтраах талаар сургалт явуулж, хувь хүн биеэ хэрхэн авч явах талаар (тамхи шүдэнз, шатах тослох материал, гэрийн болон машины яндан, үнс нурам г.м) заавар өгсөн байна.
1.13.8 Гал түлэх үед гэр, майхны хоорондын зайг 5 м-ээс багагүй байхаар тооцно.
1.13.9 Гэр ба майхны хананаас 1 м-ээс багагүй зайд зуухыг байрлуулна. Янданг 20 см-ээс багагүй хэмжээтэй төмөр дундуур цоолж гаргана.
1.13.10 Гэр майханд лаа, дэнлүү, зуух болон бусад халаах хэрэгслэлийг асаагаад эзэнгүй орхиж болохгүй.
1.13.11 Хийн түлшээр ажилладаг зуух ажиллуулах үед дор дурдсан аюулгүй ажиллагааны зааврыг баримтална. Үүнд:
1) Хийн зуух, халаах хэрэгслийн дэргэд түүнийг ажиллуулах зааврыг өлгөсөн байна;
2) Хийн зуухыг ажиллуулж эхлэхэд хий үнэртэж байвал асааж болохгүй;
3) Зориулалтын шланг, редуктор, жийргэвчүүд хэрэглэнэ;
4) Баллоныг тасалгаан дотор хийн зуухнаас 0.5м-ээс багагүй зайд, гадаа бол цоожгүй шүүгээ, хайрцаг саванд сараалжин нүхтэй малгайвч өмсгөж, нарны тусгалаас хол байрлуулна;
5) Хийн зуухыг ажиллуулаад эзэнгүй орхихыг хориглоно;
6) Крант гацах, баллон хөрсөн үед түүнийг ил гал дээр халааж болохгүй. Харин халуун ус, уураар халааж болно;
7) Хэрэв баллоныг гадаа байрлуулах бол битүү саванд хийж болохгүй, бага зэрэг завсар гаргасан байна;
8) Хүн амьдардаг байранд хоосон ба дүүргэсэн баллоныг нэг дор хамтад нь хадгалахыг хориглоно;
9) Баллоныг солих үед крантыг хаасан байна. Тамхи татах, ил гал гаргахыг хориглоно.
10) Баллоны ойролцоо гагнуурын ажил хийхийг хориглоно;
11) Баллоныг зөөвөрлөхдөө хоорондоо харших, юманд цохихоос хамгаална;
12) Дүүргэсэн баллоны крант найдвартай хаагдаж байгаа эсэхийг сайтар шалгана;
1.13.12 Хавар, намрын хуурайшилттай улиралд хээрийн ажил гүйцэтгэхдээ ил гал түлэх, тамхи татахыг хориглоно.
1.13.13 Ил гал түлэх газрыг гэр, майхан, модноос 15 м-ээс багагүй зайд сонгоно. Ил задгай гал түлэх бол оч хаяхаас сэргийлэн галын голомтоос 1.5-2.0 м-ийн тойрогт ургамлыг цэвэрлэж, талбайг шороогоор манана. Галыг эзэнгүй орхиж явахыг хориглоно.
1.14. Хээрийн ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуй ба лагерийн зохион байгуулалт
1.14.1 Геодезийн ажил эхлэхийн өмнө байгууллагын удирдлагууд орон нутгийн болон үйлдвэр, аж ахуйн газрын захиргаа, ой хөвчид ажиллах бол ойн аж ахуйн удирдлагад урьдчилан мэдэгдэнэ.
1.14.2 Байгууллагын удирдлага түймрийн идэвхтэй улиралд байгаль хамгаалагчтай хамтран ажиллах үүрэг хүлээнэ.
1.14.3 Гал түймэр гарах эрсдэлтэй орчинд ажиллах үед бригадтай байнгын холбоотой байх нөхцлийг хангасан байна.
1.14.4 Гол мөрнийг зөвхөн зөвшөөрөгдсөн гармаар гатална.
1.14.5 Байгалийн хүнд нөхцөл бүхий нутаг, хот суурингаас 5 км-ээс илүү алслагдсан орчинд холбооны хэрэгслээр хангах үүргийг байгууллага хүлээнэ.
1.14.6 Хүн амын суурьшил багатай ба тээврийн хэрэгслээр зорчиход бартаа ихтэй орчинд ажиллах үед нэмэлтээр онцгой үеийн хүнс, цэвэр усны нөөцтэй байна. Говь, хээрийн нөхцөлд усны хангамжийг бригадын ахлагч хариуцна.
1.14.7 Хээрийн ажилд гарахаас өмнө байгууллагын удирдлага онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагаас халдварт өвчин, тахлын голомт, хачиг, түүнтэй төсөөтэй шимэгчдийг тархах орчныг тодруулна. Шаардлагатай гэж үзвэл энэ төрлийн бүсэд ажиллах бригадын гишүүн бүрийг зохих вакцинд хамруулна.
1.14.8 Хээрийн ажлын техникийн төсөлд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах талаар доорх асуудлуудыг тусгасан байна. Үүнд:
1) Унаа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн зорчих маршрут;
2) Гол мөрөн ба өндөр уул нуруу давааг гатлах маршрут;
3) Ажлын хэсэг тус бүрээр ажил гүйцэтгэх хугацаа;
4) Лагерийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх асуудал;
5) Хоол хүнс, холбооны хэрэгсэл, машины сэлбэгийн хангалтын асуудал;
6) Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хүн ба ачаа тээврийн асуудал;
7) Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хангалт;
8) Хээрийн ажлын технологийн схем, тэдгээрийн аюулгүй ажиллагааны заавар зэрэг болно.
1.14.9 Хээрийн ажлын техникийн төслийг байгууллагын ерөнхий инженер батална.
1.14.10 Хээрийн ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилтан, жолооч, бригадын ахлагчийг томилж, тушаалаар батална.
1.14.11 Техникийн төслийн дагуу ирэх, очих болон хээрийн ажилд хэрэглэх тээврийн хэрэгслийг сонгож, маршрутыг батална.
1.14.12 Хээрийн ажлыг дуусах хүртэл хугацаанд хоол хүнсний материалаар хангах, тасалдуулахгүй байх үүргийг байгууллага хүлээнэ.
1.14.13 Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг хаанаас, хэрхэн авах талаар асуудлыг шийдсэн байна.
1.14.14 Орон нутгийн цаг агаар, байгалийн нөхцөл байдал, гал ус, болзошгүй аюулаас хэрхэн хамгаалах талаар тооцоолсны үндсэн дээр хээрийн бааз буюу суурин байгуулах газрыг сонгоно.
1.14.15 Ажлын явц, гүйцэтгэл, физик газар зүйн онцлогийг харгалзан ажил гүйцэтгэх хугацаатай уялдуулан бригадын шилжих хөдөлгөөнийг харуулсан календарьчилсан график гаргасан байна. Үүнд, гол мөрөн гатлах, туулахад бэрхшээлтэй орчинд явах маршрутыг зургаар үзүүлнэ
1.14.16 Хээрийн ажлын дуусах хугацааг тодорхой зааж, бригадыг хэрхэн буулгах талаар төлөвлөсөн байна.
1.14.17 Зэрлэг араатан амьтан халдаж болзошгүй газар ажиллавал бие хамгаалах хэрэгсэл болгон буу эзэмшихийг зөвшөөрнө. Бригадын ахлагч бууг хариуцна. Тусгай хамгаалалттай бүс нутагт галт зэвсэгтэй нэвтрэх зөвшөөрөл авах ба ахлагч өөрөө буу эзэмших эрхтэй байна.
1.14.18 Хүн амьдардаггүй буюу бага суурьшилтай, туулахад бэрхшээлтэй орчинд ажил гүйцэтгэхдээ бригадын гишүүн тус бүр эм, эрүүл ахуйн ба бие хамгаалах хэрэгсэл, харандаа цаас, байршил тогтоох болон дохиоллын хэрэгсэл, хүнсний хуурай нөөц, чийг үл нэвтрэх боодолтой шүдэнзтэй байна. Мөн загасны хэрэглэл байж болно.
1.14.19 Говь хээрийн нөхцөлд худгаас ус ховоодох зориулалтын олс, тагтай сав авч явна. Эдгээр бэлдсэн зүйлийг бригадын ахлагч шалгасан байна.
1.14.20 Хээрийн ажлын бригад, баазын түр байрлах лагерын гэр, майхныг сул чулуу ихтэй, хорт могой, мэрэгчид байрлаж болох ямарваа нүх, үерийн усанд автах хэвгий газар, хад чулууны нуранга үүсэх, цахилгаан дамжуулах, холбооны шугамын ойролцоо, сондгой ургаа мод, хадан хясааны дор, гуу жалга, хуурай сайр дотор, уулын оройд байрлуулахгүй байвал зохино
1.14.21 Хээрийн нөхцөлд амьдрах орон байр нь зуны улиралд зөөврийн сууц, гэр майхан байна. Тэдгээр нь бүрэн бүтэн, борооны ус нэвтрэхээс хамгаалагдсан, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна.
1.14.22 Өвлийн улиралд хээрийн нөхцөлд амьдрах орон байр нь дулаалга хийсэн зөөврийн сууц, гэр байна. Гал түлэх зуух, пийшин, халаалтын төхөөрөмжөөр хангагдсан байна.
1.14.23 Хээрийн нөхцөлд гэр, майхан хоорондын зай 3 м-ээс их байх ба халаалт, дулаалгын төхөөрөмж байгаа тохиолдолд энэ зайг 10 м хүртэл холдуулна.
1.14.24 Лагерийн гэр, майхныг тойруулан ус зайлуулах шуудуу татна. Гэр, майхны хаалгыг салхины уруу харуулж барина.
1.14.25 Тал, уулархаг, ой хээрийн орчинд 3-4 метрийн зайд аянга зайлуулагч байрлуулна. Аянгатай бороо орсон үед гэр, майхан доторх баганаас аль болох хол байна. Радио холбоогоор ажиллах үед газардуулгад залгах шаардлагатай.
1.14.26 Хийн зуух хэрэглэж байгаа үед агааржуулагч байнга ажиллуулна.
1.14.27 300C-аас халуун өдрүүдэд өглөө эрт ба оройн цагаар ажиллана.
1.14.28 Долоо хоногоос багагүй хугацаагаар буудалласан үед бригадыг буцалсан ус хийх битүү саваар хангана.
1.14.29 Амралтын үеэр нойтон, чийгтэй газар хэвтэхийг хориглоно.
1.14.30 Аюултай түймэр гарвал лагерийг яаралтай нүүлгэн шилжүүлнэ. Ажлыг түр зогсооно.
1.14.31 Лагериас гадагш явах шаардлага гарвал бригадын даргад мэдэгдэж, зөвшөөрөл авч явна. Ганцаар явахыг хориглоно. Заасан хугацаанд ирээгүй тохиолдолд шуурхайн арга хэмжээ авна.
1.14.32 Хээрийн ажлын үед өдрийн хуваарийг гаргаж, амралт, хооллох цагийг гаргасан байна. Өвлийн улиралд дулаацах цагийг товлосон байх ба энэ нь ажлын цагт тооцогдоно.
1.14.33 Геодези, байр зүйн ажилд өрмийн машин зэрэг бензинээр ажилладаг машин механизм ашиглаж байгаа тохиолдолд гал унтраах хэрэгсэлтэй байна.
1.15 Хээрийн ажлын ба лагерийн эрүүл ахуйн шаардлага
1.15.1 Ажилтан бүр хээрийн нөхцөлд хувийн ариун цэвэр, эрүүл ахуйдаа анхаарах үүрэгтэй.
1.15.2 Байгууллагын удирдлага гар нүүр угаах, бие засах, усанд орох газрыг гаргасан байна.
1.15.3 Гэр, майханд байрласан үед 10 хоногт тогтмол усанд орж байхаар маршрутыг төлөвлөнө.
1.15.4 Лагериас 30 м-ээс ойргүй зайд бие засах газар, хогийн нүхийг ухна. Лагерь нүүх үед нүхийг булна.
1.15.5 Усан хангамж нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт. MNS 0900:2005" стандартын шаардлагыг хангасан байна.
1.15.6 Ундны усны үүсвэр нь үйлдвэрийн ба ахуйн хог хаягдал, бохир усаар бохирдолтоос хамгаалагдсан байна.
1.15.7 Ундны усыг + 200С-аас + 80C-аас багагүй температурт хадгална.
1.15.8 Хээрийн нөхцөлд хоол хүнсний хадгалалтад онцгой анхаарна. Хүнсний бүтээгдэхүүнийг керосин, бензин, ацетон болон бусад үнэртэй бодистой хамт хадгалахыг хориглоно.
1.15.9 Хуурай хоол хүнс (гурил, үр тариа, гоймон)-ийг хананаас 30-40 см зайд шалнаас 25 см-ээс дээш өндөрт хайрцаг, уутанд хадгална.
1.15.10 Лагерьт хоолны газар (гэр, сууц)-ыг тусад нь гаргах ба тэр нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хөдөлмөр аюулгүй байдал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлагыг хангасан байна.
1.15.11 Байгууллагын удирдлага хоолны газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй , галын аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг боловсруулж, мөрдүүлж, хяналт тавьж ажиллана.
1.15.12 Хоолны газар нь хэрэглэгчид зориулсан гар угаах, хатаах төхөөрөмж, хувцасны өлгүүр, гутал арчигч зэргийг байрлуулсан байна.
1.15.13 Хоолны газарт гал түймэр унтраах хэрэгслүүдийг байрлуулсан байна.
1.15.14 Хоолны газрын техник, тоног төхөөрөмж нь цахилгааны болон галын аюулгүйн техник ашиглалтын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байна.
1.15.15 Хоолны газар нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа (гарал үүслийн, ариун цэврийн гэрчилгээ) шалгаж, гадаад байдал, амт, үнэр, өнгийг мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар сайтар шалгаж авна.
1.15.16 Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцлийг харгалзан шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, агуулахад хадгална.
1.15.17 Түүхий эд, материал хагас боловсруулсан болон түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын болон хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
1.15.18 Түүхий эд боловсруулах, хоол бэлтгэхэд хэрэглэх ажлын ширээ,багаж хэрэгсэлийг болсон ногоо /БН/, түүхий ногоо /ТН/, болсон мах /БМ/, түүхий мах /ТМ/, талх /Т/ гэхчилэн тэмдэг тавих буюу өнгөөр ялгаж ангилна.
1.15.19 Үйлчилгээ эхлэхийн өмнө хооллох өрөөг цэвэрлэж, үйлчилгээнд шаардагдах зүйлсийг бүрэн хангасан байна.
1.15.20 Хоолны газрын үйлчилгээг шууд гардаж явуулах тогооч, зөөгч нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэртэй байна.
1.15.21 Хоолны газрын ажилтан нь ажлын дүрэмт хувцастай, өөрийн нэр бүхий энгэрийн тэмдэгтэй байна.
1.15.22 Хоолны газрын шал, хана, хаалгыг өдөр бүр цэвэрлэж ариутгах ба их цэвэрлэгээг 7 хоног тутам хийнэ.
1.15.23 Цэвэрлэгээний багаж хэрэгслийг тусгай байранд хадгалж, тэдгээрийг цэвэрлэгээ хийж дууссаны дараа халуун усаар угааж, ариутгалын бодисоор халдваргүйжүүлнэ.
1.15.24 Бохир усны нүх, бие засах газар, хогийн цэгийн орчныг цементлэн хог хаягдлыг таглаатай саванд цуглуулж хог дүүрэх бүрд ачуулж зайлуулах ба савыг өдөр бүр халдваргүйжүүлэгч уусмалаар угааж цэвэрлэнэ.
1.15.25 Хоол үйлдвэрлэлд хэрэглэсэн багаж хэрэгсэл, сав, суулгыг 1%-ийн сод, эсвэл гичийн +50 0С-ийн хэмтэй халуун усаар зориулалтын угаалгын бодисоор сойздож угаана. Угаалгын бодисын үлдэгдлийг 80-90 0С-ийн хэмтэй халуун усаар сайтар зайлж зориулалтын тавиур дээр хатаана.
1.15.26 Хоол, хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг химийн болон хортой бодисын хамт тээвэрлэхийг хориглоно.
1.15.27 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцож буй ажилтан нь хоол хүнсийг бохирдуулах аливаа үйлдэл хийхийг хориглоно.
1.15.28 Хоол үйлдвэрлэлд ашиглаж буй түүхий эд бүтээгдэхүүнийг зориулалтын тоног төхөөрөмж, агуулахаас бусад газарт ил задгай тавьж, хадгалахыг хориглоно.
1.15.29 Хоол шарж хайрахад хэрэглэсэн тосыг дараа өдрийн хоол үйлдвэрлэлд дахин хэрэглэхийг хориглоно.
1.15.30 Хоолны газрын ажилтан нь арьсны идээт үрэвсэлтэй, харшил, гар хурууны шалбархайтай, халдварт өвчтэй болон гэр бүлийн хүмүүсээс нь халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд халдварын эсрэг арга хэмжээ авч эрүүлжсэн тухай эмнэлгийн магадлагаа гартал уг ажилтныг ажиллуулахыг түр хориглоно.
1.15.31 Хоолны газрын манаач, цэвэрлэгч, слесарь зэрэг туслах ажилтныг хоол бэлтгэлийн үйл ажиллагаанд оролцуулахыг хориглоно.
1.15.32 Хоолны газарт хэрэглэгдэх цэвэрлэгээ, ариутгалын химийн бодис, урвалжийг хүнсний агуулахад хадгалахыг хориглоно.
1.15.33 Хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоно.
1.15.34 Зөрчил гаргасан гэм буруутай этгээдэд холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
1.15.35 Задгай усанд орох үед эргээс холдох, завь, онгоцонд ойртож сэлэхийг хориглоно.
1.15.36 Гол нуурын усанд орохоор бол, хоол идсэнээс хойш 1-1,5 цагийн дараа, биеийн цээжний хэмжээний усанд, 15 минутаас ихгүй хугацаанд орно.
1.15.37 Элсэн цөлд болон цасан бүрхүүлтэй үед нүдний хар шил зүүнэ.
1.15.38 Хурц нартай үед малгай өмсөх ба хэт халуун үед ажлаа зогсооно.
1.15.39 Шумуулаас хамгаалж тор, битүү малгай, хувцас өмсөх ба биеийн ил хэсэгт зориулалтын тос түрхэж, халдварт хачигаас урьдчилан сэргийлэх тариа хийлгэнэ.
1.15.41 Ажил эхлэхийн өмнө ажлын хувцсыг зохих ёсоор өмссөн байна. Ажлын байрыг сайтар судалсан байх хэрэгтэй.
1.15.40 Эрэгтэй хүн 25 м хүртэл зайд 50 кг хүртэл ачаа зөөж болно. Харин эмэгтэй хүн 7 кг ачааг энгийн үед, шаардлагатай бол цагт 2 удаа 10 кг-аас илүүгүй ачааг өргөж болно.
1.15.41 Цахилгаан гүйдэл, аянганд цохиулах, усан живэх зэрэг ослын үед ажилтан бүр эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэлтэй байна.
1.16 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоож, шийдвэрлүүлэх
1.16.1 Геодезийн ажлын ослыг судлан тогтоохдоо Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийг үндэс болгоно.
1.16.2 Ажлын байранд гарсан осол, хурц хордлогын талаар хөдөлмөрийн хяналтын, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид нэн даруй мэдэгдэнэ.
1.16.3 Осол гарсан тохиолдолд байгууллагын удирдлага осол гарсан шалтгаан нөхцөл байдлыг хэлэлцэн, ослыг дахин гаргуулахгүй байх, цаашид авах зохион байгуулалтын арга хэмжээг шийдвэрлүүлж, биелэлтэд хяналт тавина.
1.16.4 Осолдогчтой холбогдол бүхий хохирол, нөхөн төлбөр болон бусад нийгэм хангамжийн асуудлыг хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын хуулиар зохицуулна.
1.16.5 Байгууллагын удирдлага ба инженер техникийн ажилтнууд нь дараах зүйлүүдэд эрүүгийн ба захиргааны хариуцлага хүлээнэ. Үүнд:
1) Хөдөлмөр хамгааллын талаар хүлээх үүргээ биелүүлээгүй бол;
2) Үйл ажиллагаа, шийдвэрээрээ хөдөлмөр хамгааллын хууль тогтоомж, энэхүү дүрмийн шаардлагыг зөрчсөн, энэ талаар тодорхой ажил хийгээгүй бол;
3) Энэхүү дүрэм болон бусад дүрмээр аюулгүй ажиллагааг хангах талаар хүлээсэн үүрэг шаардлагыг биелүүлээгүйгээс осол гарсан бол.
1.16.6 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж бүртгэх, акт тогтоохтой холбогдож гарсан зардлыг осол гаргасан байгууллага хариуцна.
1.16.7 Осол гарсан тохиолдолд осолдогч болон хамт байсан ажилтнуудад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг сорил тавьж тогтоолгоно.
2. ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
2.1 Нийтлэг шаардлага
2.1.1 Байнгын ажлын байранд геодезийн багажийн жагсаалт, ажиллах зааврыг ил тод байрлуулсан байна.
2.1.2 Тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг зөвхөн мэргэжлийн оператор аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллуулна.
2.1.3 Хэмжилтийн багажийн үйлдвэрийн болон баталгаажуулалтын лац, ломбыг хөндөхийг хориглоно.
2.1.4 Цахилгаан соронзон орны нөлөө бүхий аюултай бүсэд агаарын температурын өөрчлөлт ихтэй, чийгтэй үед электрон, оптикийн төрлийн багаж, хиймэл дагуулын технологи ашиглан хэмжилт хийхийг хориглоно.
2.1.5 Цахилгаан соронзон орны нөлөө бүхий орчинд зайг төмөр метрээр хэмжихийг хориглоно.
2.1.6 Багажийн хайрцагны бариул болон мөрлөх оосор нь сайн бэхлэгдсэн байна.
2.1.7 Нарнаас хамгаалах зориулалтын шүхэр ашиглах үед тулгуурыг гурван гадсаар газарт сайтар бэхэлнэ.
2.1.8 Ган тууз ба төмөр хуйлмал метрээр хэмжилт хийх үед ирмэгт нь гараа зүсэхээс сэргийлнэ.
2.1.9 Хөл, таяг, төмөр гадас зэрэг үзүүртэй хэрэгслийн хурц үзүүрийг нь ямагт доош харуулан авч явна.
2.1.10 Геодезийн багажийг хөл дээр зоосон байдлаар мөрлөж явахыг хориглоно.
2.1.11 Багаж, түүний дагалдах хэрэгсэл, хөл, ойлгогч, рейкний хуурай болон нойтон цэвэрлэгээг хийж хэвшсэн байна.
2.1.12 Хэмжилтийн багажийн шалгах үйл ажиллагааг холбогдох журамд заасан хугацаанд аюулгүй орчинд хийнэ.
2.1.13 Тусгай техник хэрэгслийг ажиллуулах газрын цас, өвс ногоо, бут сөөг зэргийг цэвэрлэж бэлдсэн байна.
2.1.14 Хэмжилтийн багажийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой эсэхийг шалгаж баталгаажуулсан байгууллага хариуцах ба ажиллагаанд эзэмшигч, түрээслэгч байгууллагын ерөнхий инженер хяналт тавина.
2.1.15 Багажийг онгоц, төмөр зам, усан зам, автомашинаар тээвэрлэхдээ зориулалтын хайрцганд нь хийж доргилтоос хамгаалах ба "Эвдрэх, доргих аюултай" ангиллын тээшинд хамааруулна.
2.1.16 Багажийн оптик болон гадна хэсгийг цэвэрлэхдээ зориулалтын шингэн хэрэглэх ба резинэн бээлий өмссөн байна.
2.1.17 Асаалттай, ажлын горимд байгаа багажийг зөөх, хөлөөс салгахгүйгээр шилжүүлэхийг хориглоно.
2.1.18 Бороотой үед хэмжилтийн багажийг ажиллуулах, шалгахыг хориглоно.
2.1.19 Хээрийн ажлын үед хэрэглэх хүрз, жоотуу, алх, түлхүүр, сүх, хөрөө, өрмийн хошуу зэрэг гар багажууд ажилд бэлэн байх нөхцлийг хангах ба иртэй зүйлийг зориулалтын саванд, далд тээвэрлэж, хадгална.
2.2 Электрон багажийн тэжээл (батарей)
2.2.1 Хэмжилтийн багажийн тэжээлийн батарейг зөвхөн үйлдвэрлэгчээс гаргасан цэнэглэгчээр цэнэглэнэ.
2.2.2 Батарейг цэнэглэхдээ нэмэх, хасах цэнэг бүхий туйлыг цэнэглэгчид сольж залгахаас сэргийлж, тэмдэглэгээ, санамжтай нь танилцсан байна.
2.2.3 Батарейг 00C-300C температур бүхий нөхцөлд цэнэглэнэ.
2.2.4 Цэнэг нь дууссан батарейг хуурай, тоосжилтгүй орчинд солино.
2.2.5 Хэмжилтийн багажийг 3 ба түүнээс дээш өдрийн турш хэрэглэхгүй үед батарейг салгана. Ийнхүү салгасан батарейг 80 хүртэл хувийн чийгшил бүхий орчинд -100C-аас 450C хүртэл температур бүхий нөхцөлд хадгална.
2.2.6 Зай хураагуурын нэмэх хасах цэнэг бүхий туйлууд металл биетээр холбогдож болзошгүй бүхий л нөхцлөөс сэргийлэх арга хэмжээг авна.
2.2.7 Гал, ус нь батарей дэлбэрэх, цахилгаан цэнэг дамжуулж, аюул учруулах орчин гэдгийг анхаарч ажиллана.
2.2.8 Тухайн багаж нь унтраахаасаа өмнө батарейг солих горимд шилждэг бол холбогдох гарын авлагад заасны дагуу бэлэн байдалд оруулна.
2.2.9 Нурсан болон цэнэг хураах боломжгүй, геометр хэмжээс нь өөрчлөгдсөн, үйлдвэрийн битүүмжлэл алдагдсан батарейг хэмжилтийн багажид ашиглахыг хориглоно.
2.2.10 Багажийн дахин цэнэглэж ашигладаг тэжээлийн батарейг ашиглахгүй болсон тохиолдолд хээр, ил задгай газар хаяхыг хориглоно.
2.3 Тоон нивелир, электрон тахеометр
2.3.1 Хэмжилтийн багаж дээр зааврыг судалсан геодезийн инженер ажиллана.
2.3.2 Хэмжлийн багажийн хавтан дээрх эмбед системийн шинэчлэлийг тогтмол хийснээр аюулгүй найдвартай ажиллагааг хангана.
2.3.3 Багажийг тусгай кодоор ажиллагаанд оруулдаг бол бригадын ахлагчийн зөвшөөрөлгүйгээр анхны горимд шилжүүлэх, дахин ачаалахыг хориглоно.
2.3.4 Хэрэв дэлгэц нь мэдрэмтгий бол хурц иртэй, металл зүйлсийг ойртуулахыг хориглоно.
2.3.5 Дэлгэц дээрх, эсвэл багаж дээрх удирдлагын товчлууруудыг зэрэгцүүлэн, эсвэл ашиглалтын горимд зааснаас удаан хугацаагаар дарахыг хориглоно.
2.3.6 Аливаа багаж, хэрэгслийг техникийн гарын авлагад заасны дагуу ашиглах ба илүү ачаалал өгч ажиллуулахыг хориглоно.
2.3.7 Багажийн санах ойн картыг бригадын ахлагчийн зөвшөөрөлгүйгээр, эсвэл нөөцлөхгүйгээр форматлах, өөр багажинд шилжүүлэхийг хориглоно.
2.3.8 Хэмжилтийн багажийг ажиллуулах үед дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
1) Окуляр, түүний хэмжиж буй чиглэл, лазер төвлөрүүлэгчийн туяа уруу хамгаалалтын нүдний шилгүй, энгийн нүдээр харах;
2) Хамгаалалтын бүрээсгүй бол утаа, тортогтой, тоосжилт өндөр, шатамхай хийн орчинд ажиллуулах;
3) Оптик харааг нарны эгц тусгал тусах нөхцөлд байлгах.
2.4 GNSS-ийн хүлээн авагч
2.4.1 Зураглалын хэмжилтийн үед тулгуур станц (base station)-аас хэмжигч (rover)- д радио долгионоор засвар дамжуулж байгаа бол зохих зөвшөөрөл авсан давтамж дээр ажиллана.
2.4.2 GNSS-ийн хүлээн авагчийг цахилгаан соронзон долгионы идэвхтэй орчин (цахилгаан дамжуулах шугам, радио станц, цөмийн реактор, машины хөдөлгүүр, телевиз, компьютерын дэлгэц г.м)-д ажиллуулахыг хориглоно.
2.4.3 Хүлээн авагчийн антенд газардуулга хийсэн байна.
2.4.4 Радио антеныг хэмжигчийн биеэс 20 см ба түүнээс хол зайд байлгана.
2.4.5 -400С-аас хүйтэн нөхцөлд багажаар хэмжилт хийхийг хориглоно.
2.4.6 Хэмжигчийн эргэн тойронд хиймэл дагуулын сигнал ойх, хугарах орчин байвал өөр технологиор хэмжилт хийх аргыг сонгоно.
2.5 GNSS-ийн байнгын ажиллагаатай станц
2.5.1 GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг хиймэл дагуулын дохиог хаахаар өндөр барилга, байгууламжтай баригдаагүй, байгалийн хөрстэй газар, эсвэл ашиглалтанд ороод 3-аас дээш жил болсон төмөр бетон хийцтэй барилга дээр суурилуулна.
2.5.2 Антены хэвтээ цацрагаас дээш 150-т хиймэл дагуулын дохио хаах обьектгүй байна.
2.5.3 GNSS-ийн байнгын ажиллагаатай станцид эвдрэл гарсан эсэхийг тогтмол шалгаж байна.
2.5.4 Антены өгөгдлийг дэмжуулах кабел давхар голтой, хамгаалалтын бүрээстэй байна.
2.5.5 Антены кабел нь 30м-ээс илүүгүй урттай байх ба зайлшгүй шаардлага гарвал 80м хүртэл урттайгаар газар доогуур дамжуулж холбоно.
2.5.6 Антеныг хүлээн авагчтай холбоход цахилгааны хамгаалагчаас өөр тусгаарлагч, холбогч, дахин дамжуулагч зэргийг ашиглаж болохгүй.
2.5.7 Антены кабелын холбогдсон хэсгүүдийг бороо, шорооноос хамгаалж туузаар ороосон байна.
2.5.8 Хүлээн авагч, антен хоѐрыг холбосон кабел утсанд цахилгааны хамгаалагчийг кабел утас байгууламж руу орж буй хэсэгт байрлуулна.
2.5.9 Цахилгааны хэлбэлзлийг тогтворжуулах, цахилгааны нөөц хуримтлуулах үүрэг бүхий цахилгаан тогтворжуулагчийг байрлуулна.
2.5.10 Станцын хэвийн ажиллагааг нэг цагийн цахилгааны нөөцөөр хангах боломжтой байна
2.5.11 Хүлээн авагч нь интернетийн сүлжээнд холбогдох бүрэн боломжтой байна.
2.6 Лазер сканер
2.6.1 Лазерын технологи нь үл үзэгдэх гэрлийн орчинд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй долгионыг ашиглаж байгаа тул хэмжилт хийх үед лазерын дуран руу харах, хэмжиж буй чиглэлийн дагууд энгийн нүдээр болон оптик багажаар харахыг хориглоно.
2.6.2 Нэг жилээс хэтрэхгүй хугацаанд үйлдвэрлэгчийн үзлэг, шалгалтад хамруулж, техник үйлчилгээг хийлгэнэ.
2.6.3 Лазер сканераар хэмжилт хийхдээ хавтгай, тогтвортой газарт суурилуулна.
2.6.4 Багажийн иж бүрдэл, холбогч утас, тэдгээрийн толгойн бүрэн бүтэн байдал болон хуурай эсэхийг багаж суурилуулахын өмнө шалгана.
2.6.5 Багажид 3600 эргэж хэмжилт хийх нөхцлийг бүрдүүлнэ.
2.6.6 Нүүрсний далд уурхайд тэсэрч дэлбэрэх хий хуралдсан байж болзошгүй тул лазерийн сканер болон бусад лазерийн гэрлээр ажилладаг багажаар хэмжилт хийхийг хориглоно.
2.7 Гравиметр багаж
2.7.1 Хэмжилтийн багажийн бүрэн бүтэн байдал, ажиллагааг тус багажаар хэмжилт хийх туршлагатай, лазерын ба цахим багажтай ажиллах дадлага бүхий инженерт хариуцуулж, багийн бүх гишүүдийг багажтай харьцах талаар сургалтад хамруулсан байна.
2.7.2 Гравиметрийн багажийг аливаа цохилт, доргио, чичиргээ, хазайлт, эргэлт, температурын гэнэтийн өөрчлөлт, соронзон ба цахилгаан орны нөлөө, өндөр чийг, төрөл бүрийн уусмалын уур г.м гадны гаж нөлөөнөөс сайтар хамгаална. Энэ бүх шаардлага нь хэмжилт, лабораторийн нөхцөл, байр, агуулахад хадгалах, тээвэрлэх зэрэг бүх үе шатанд хамааралтай байна.
2.7.3 Гадны болон тасалгааны агаарын температур хэт их хэлбэлзэлтэй бол эдгээр нь тогтворжсоноос хойш 3-5 цагийн дараа багажийг асаана.
2.7.4 Багажийг хуурай, халаалттай, салхивчтай байр, агуулахад хадгална. Байрны доторх температур +100 +350С, харьцангуй чийг 85% байвал зохино. Уг байранд химийн шингэн ба шатдаг хийгүй, соронзон ба цахилгаан орон үүсэх орчин, шороо, тоос зэргээс хамгаалагдсан байна.
2.7.5 Дүүжмэг багажийн термостатыг хэмжилтийн ажил эхлэхээс 5 хоногийн өмнө асаана.
2.7.6 Термостатыг 10-15 минутаас их хугацаагаар санамсаргүй байдлаар унтраахыг хориглоно.
2.7.7 Гравиметрийг хайрцаг саванд нь хийж, босоо байдлаар зөөвөрлөнө. Багажийг Нарны шууд тусгал, хур, тунадас чийгээс хамгаална.
2.7.8 Багажийн дотоод ба гадаад температур 50-аас дээш өөрчлөгдсөн тохиолдолд хэмжилт хийхийг хориглоно.
2.7.9 Лазерын гравиметртэй ажиллах заавар, дүрэмтэй танилцаагүй, 18 нас хүрээгүй иргэнийг ажилд оролцуулахыг хориглоно.
2.7.10 Гравиметрийг цахилгаан үүсгүүрт холбохын өмнө цахилгааны утас, залгах, салгах сэрээний бүрэн байдлыг нягтлан шалгаж, газардуулгыг урьдчилан хийсэн байна.
2.7.11 Гравиметрийн модуль нь хүний амь насанд аюултай 1600 В хүртэл өндөр хүчдэлтэй цахилгааны тогтмол гүйдэл, 380В, 220В хувьсах гүйдэлтэй байдаг учраас лазерын баллистик гравиметрийг угсрах, буулгах, гал хамгаалагчийг солих, гүйдэлд залгах, салгах ажлыг цахилгааны үүсгүүрээс нь бүрэн салгасан тохиолдолд гүйцэтгэнэ.
2.7.12 Багаж дээр ажиллах операторыг ионжсон цацрагаас хамгаалахын тулд дэлгэцэд хамгаалалтын шүүлтүүр хийнэ.
2.7.13 Багажийн тасралтгүй ажиллах хугацаа 4 цагаас ихгүй байх ба ачаалал ихтэй ажилласан нэг цаг тутамд 15 минут завсарлана.
2.7.14 Багаж дээр ажиллах үед нэвчүүлэх сорогчийн гадна гэр, цахилгаан үүсгүүрт хүрэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
2.7.15 Лазерын төхөөрөмжтэй ажиллагсдыг жилд 2-оос доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт оруулна.
2.7.16 Нүдний торлог бүрхэвчийн гэмтэлтэй хүмүүсийг лазерын төхөөрөмж дээр ажиллуулж болохгүй.
2.7.17 Лазерын гравиметрийн тохируулга, түүний оптик эд ангийн засвар хийхэд хамгаалах хэрэгслүүд болох нүдний шил, лазерын гэрлийн цацраг, ойлтоос хамгаалах гэрлийн шүүлтүүр, хар өнгийн даавуун халаад хэрэглэнэ. Гэрлийн шүүлтүүрийг нүдний шилний хүрээнд угсарна. Нүдний шилэн дээр лазерын төрлийг зааж бичнэ.
2.7.18 Лазерын гэрэл нүдний дотоод орчинд хурдан дамждаг учраас түлэх аюултай гэдгийг санаж ажиллана.
2.7.19 Лазерын гравиметрийн интерферометртэй ажиллахад дараах зүйлийг хориглоно. Үүнд:
1) Лазерын гэрлийг цонх, хаалга, хана руу чиглүүлэх;
2) Доголдолтой, засвартай багажаар ажиллах;
3) Багажийг ажиллуулж хараа хяналтгүй орхих;
4) Лазерын гэрлийн туяа руу харах.
2.8 Зөөврийн цахилгаан багаж хэрэгсэл
2.8.1 Ажилд хэрэглэгдэж байгаа цахилгаан генератор, зөөврийн багаж хэрэгсэл, гэрэлтүүлгийг батлагдсан нормын дагуу туршиж баталгаажуулсан байвал зохино.
2.8.2 Ажил эхлэхийн өмнө зөөврийн цахилгаан генератор, багаж хэрэгсэлд дараах шалгалтуудыг хийнэ. Үүнд:
1) Цахилгаан генератор, багажийн ангилал, зориулалтыг үйлдвэрлэгчийн паспортаар нь тогтоох;
2) Цахилгаан генератор, багажийн бүрэн бүтэн байдал, эд ангиудын бэхэлгээний бөх батыг шалгах;
3) Тэжээлийн кабель утас, сэрээ залгуур, хамгаалалтын гуурс, багажийн их биеийн тусгаарлагч, бариул, сойз тогтоогчийн таглаа, хамгаалалтын бүрхүүл зэрэгт гадаад үзлэг хийн бүрэн бүтэн байдлыг магадлах;
4) Залгуурын ажиллагааг магадлах;
5) Хамгаалалтын таслалтын төхөөрөмжийг шаардлагатай үед туршиж үзэх;
6) Цахилгаан генераторын газардуулгын хэлхээг шалгах;
7) Тэжээлийн кабель утсыг аль болох өндөрт дүүжлэх, халуун, чийглэг, тослог гадаргад хүрэх, шүргэхээс хамгаалах;
8) Кабелыг механик гэмтлээс хамгаалах;
9) Кабелыг огцом нугалах, мушгих, сунгах болон дээр нь ачаа бараа тавих, бусад кабел, хийн гагнуурын хоолой, тростой огтлолцуулах зэрэг үйлдлээс сэргийлэх.
2.8.3 Цахилгаан генератор, зөөврийн багаж хэрэгсэл ашиглан ажил гүйцэтгэх үед дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:
1) Бусдад дамжуулах;
2) Задлах, ямар нэг засвар хийх;
3) Тэжээлийн утас, кабелаас барих, татах, эргэлдэх хэсэгт хүрэх,
4) Тэжээлийг бүрэн салгалгүй, хараа хяналтгүй орхих зэрэг болно.
3. БАЙГАЛЬ, ЦАГ АГААРЫН БҮХИЙ Л НӨХЦӨЛД ГЕОДЕЗИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
3.1 Маршрутаар аялах, нүүдэллэх үеийн ерөнхий шаардлагууд
3.1.1 Хээрийн нөхцөлд өөрийн дураар лагериас болон ажлын байрнаас холдож явахыг хориглоно.
3.1.2 Ажлын шаардлагаар хээрийн ажилд явах бол гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй бригад гаргана.
3.1.3 Маршрутаар явах үед бригадын ахлагчийн удирдлага дор, нэг нэгнээ харж, сонсох зайд явна.
3.1.4 Нүүдэл, шилжих хөдөлгөөнийг батлагдсан маршрутын дагуу хийнэ. Зөвхөн бригадийн ахлагч нүүдлийн маршрутыг өөрчлөх эрхтэй. Хэрэв маршрут өөрчилбөл бусад бригад, гишүүдэд холбооны хэрэгслээр мэдээлэх, боломжгүй бол салж одсон газартаа таних тэмдэг босгож, цагаа тэмдэглэн цаашаа явах чиглэлээ бичиж үлдээнэ.
3.1.5 Цас бороо орох, өтгөн манан татах үед нүүдлийг зогсооно. Цаг агаар сайжиртал аюулгүй газарт буудаллаж хүлээнэ.
3.1.6 Шөнийн цагаар нүүдэл хийхийг хориглоно.
3.1.7 Хээрийн ажил гүйцэтгэх үед лагерь руу буцах цагийг тооцоолж ажлыг зогсооно.
3.2 Төөрсөн үед авах арга хэмжээ
3.2.1 Ойд төөрч чиглэлээ алдсан бол аялалаа цааш нь үргэлжлүүлэхгүйгээр холбооны хэрэгслээр байршлаа мэдээлэх ба боломжгүй тохиолдолд хашгирах, ракетаар буудах зэргээр чимээ өгнө. Орчиндоо байгаа ил газар гарч, түүдэг асаана.
3.2.2 Онгоц, бусад нисдэг төхөөрөмж харагдвал том даавуугаар даллах нь зохимжтой. Чиглэлээ алдаж эхэлсэн ба одоо байгаа газруудыг цаг хугацаатай нь тэмдэглэж байх хэрэгтэй.
3.2.3 Төөрсөн хүмүүс хэсэг бүлэг болж, салж явахыг хориглоно.
3.2.4 Төөрөгсөд хоол ундны нөөцөд онцгой анхаарна. Идэж болох жимс, өвс, загас хэрэглэх нь зүйтэй.
3.2.5 Говь цөлд төөрсөн хүмүүс лагерь майхнаа аль болохоор усанд ойр, заг болон амархан шатдаг ургамлын ойролцоо барина.
3.2.6 Төөрсөн хүмүүс шөнийн цагаар гар чийдэн, ракетаар, өдөр утаа гаргаж дохио өгнө.
3.2.7 Бригадын гишүүн холбоо барих, хүрэлцэн ирэх цагтаа ирээгүй тохиолдолд нэг хоногийн дотор ангийн дарга ахалж тодорхой төлөвлөгөөний дагуу хэд хэдэн бригадаар эрлийн ажлыг эхлүүлнэ.
3.2.8 Хүн төөрсөн тухай бригадийн ахлагч нь орон нутаг болон байгууллагадаа мэдэгдэнэ.
3.2.9 Бригадууд өөрсдийн явж өнгөрсөн замыг тэмдэглэж, цаг хугацааг бичиж хоорондоо солилцох ба радио холбоогоор тухай бүр мэдэгдэж байна.
3.2.10 Эрлийн хэсэг хоол хүнсийг сайн хангахаас гадна аялалын хэрэгсэл, эрүүл ахуйн хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба шаардлагатай бол буутай байж болно.
3.2.11 Орон нутгийн засаг захиргааны шийдвэрээр эрлийн ажлыг дуусгавар болно.
3.3 Уулархаг ба өндөр уулын бүсэд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.3.1 Өндөр уулын бүсэд ажиллагсад уулын олс хэрэгсэл ашиглах, биеэ хамгаалах болон бусад дасгал сургууль хийсэн байна.
3.3.2 Ууланд эгц биш мушгиралдсан мөр гаргах байдлаар нэгнийхээ мөр дагаж, хамгаалах олстой авирна.
3.3.3 Уулнаас мушгиралдсан мөрөөр, нурангатай газарт бага алхаагаар хөнгөн жигд алхаж, гэнэтийн эргэлт хийхгүйгээр бууна.
3.3.4 Нэн өндөр уулын бүсэд ажиллах хүмүүс дөрвөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, цас, мөс, нуранга, уулын хажуу, авирах, буух сургалт хийсэн, уулын спортын хэрэгсэлээр хангагдсан газарчинтай байна.
3.3.5 Уулын мөстэй хэсгийг туулахдаа мөсөн ангал, цуурсан хэсэг байгаа эсэхийг сайтар судална. Цасан дор ангал, түүний гүнд ус урсах, хоржигнох чимээ гарч байвал хамгаалалтын бүс хийж, олсоор 15-20 м зайд холбож хөдөлнө.
3.3.6 Өндөр уулын бүсэд ажиллах үед дор дурдсан зүйлүүдийг хориглоно.Үүнд:
1) Эгц налуу, мөсөн бүрхүүл, нарийн жалга, хад асга гатлах үед хашгирах, исгэрэх, буудах;
2) Чулуу шидэж нураах;
3) Ганцаар цас мөсөн дээгүүр хамгаалах хэрэгсэлгүй туулах;
4) Налуу руу мөсөн бүрхүүл дагаж гулсаж буух;
5) Бороо орж буй үед эгц налуу газар ба хад асган дээр ажиллах
3.3.7 Өндөр ууланд явж байгаа үед нарнаас хамгаалах тос түрхэнэ.
3.3.8 Бригадын ахлагч шаардлагатай гэж үзвэл уулчин-зааварлагч бригадын бүрэлдэхүүнд ажиллуулж болно.
3.4 Цасан уруй буух магадлалтай орчинд
ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.4.1 15 градусаас илүү налуутай газар нь цасан уруй буух магадлалтай газарт тооцогдох тул анхаарал болгоомжтой явна.
3.4.2 Бригадийн гишүүд хоорондоо 100м-ээс илүүгүй зайтай ажиллах ба цанатай бол 150-200м зайтай байж болно.
3.4.3 Ажилтан тус бүр 30-40м урттай тод өнгийн уяа хэрэглэх ба аюултай бүсийг өнгөрөх үед уяа дараагийн ажилтан мэдээ өгөх үүрэг гүйцэтгэнэ.
3.4.4 Цас нурж болзошгүй районд цасны хөвөө, хунгар цасны доогуур явахаар бол өглөө эрт цасны хөдөлгөөн бага үед явна.
3.4.5 Цасан уруй бууж болзошгүй газарт дараах зүйлийг анхаарна. Үүнд:
1) Уруй урсаж эхэлбэл үүргэвчээсээ даруй сална. Боломжгүй бол мөс зүсэгч, олс зэргийг ашиглаж өөрийгөө налууд бэхлэнэ.
2) Цасанд дарагдвал нүүр, цээжний өмнөх цасыг зайлуулж орон зай үүсгэн амьсгална. Ам хамартаа цас пургиж орохоос сэргийлнэ.
3) Агаарт хуйлраа үүсэх үед ам, хамар, чихээ таглана.
3.5 Намагтай ба намгархаг газарт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.5.1 Намаг дундуур ажиллах ажилтан тус бүр 4м хүртэл урттай 5см хүртэл голчтой урт
мод, 20м-ээс багагүй урт олстой байна.
3.5.2 Бамбалзуур дундуур гатлах болбол 30м хүртэл урт олстой байна.
3.5.3 Гатлах үедээ 2-3м зайтай цуварч явах ба онцгой аюултай газар бол 8-10 м зайтай явна. Арын хүн өмнөх хүний хөдөлгөөнийг сайтар ажиглана.
3.5.4 Намганд унавал хэвтүүлж барьсан урт мод ашиглаж тусламж хүлээнэ. Аврагч нь хатуу газар дээрээс олс ба урт модоор татаж гаргана.
3.5.5 Хүлэр бүрхсэн, ожирс дэрс битүү ургасан намаг руу орж болохгүй.
3.6 Ой, модтой газарт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.6.1 Тодорхой зүйлийг баримжаалан санаж, тэмдэглэж явна. Баримжаалах зүйл байхгүй бол бичиг бичиж модонд өлгөх ба модонд тэмдэглэгээ хийнэ.
3.6.2 Дохио зангаа, дуу чимээгээр өгсөн холбоо, дохиог бригадын гишүүн бүр биелүүлж ажиллана.
3.6.3 Унасан модонд дарагдаж нугарсан мод харваж болзошгүй тул түүнийг тойрч гарна.
3.6.4 Ой дотор ажиллах үед галын талаар ямар шинж тэмдэг илэрвэл даруй холбоо бүхий гишүүнд мэдэгдэх ба голомтоос нь эхлэн унтраах арга хэмжээ авна.
3.6.5 Гал нь унтраах боломжгүй байвал даруй зайлж цаана нь гарна. Эсвэл ойн цоорхойд, тусгайлан бэлдсэн талбай дээр гарна.
3.6.6 Ой дотор ажиллах үедээ машин, трактор, тээврийн хэрэгслийн яндангаас оч хаяхаас болгоомжилно. Оч шүүх тор яндандаа байрлуулна.
3.6.7 Ой дотор тамхи татаж, ил гал гаргаж болохгүй. Мөн машины масло, түлш, бензин шингээсэн, эсвэл тос арчсан алчуурыг ойд хаяхыг хориглоно.
3.7 Говь, цөлийн бүсэд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.7.1 Ус, замгүй говийн нөхцөлд туулах чадвар сайтай машин, нисдэг тэрэг сонгоно.
3.7.2 Бригадын ахлагч өөрийн газрын зураг дээр ус нөөцлөх цэг, чиглэлийн цэгүүдийг сайн тэмдэглэсэн байна. Цаг агаарын нөхцлийг харгалзан зорчих маршрутаа төлөвлөсөн байна.
3.7.3 Газар, орон нутгийг сайн мэддэг газарчинг бригадын бүрэлдэхүүнд авч ажиллуулж болно.
3.7.4 Нэг хүнд өдөрт 10л-ээс багагүй ус хэрэглэхээр тооцож нөөцөлнө.
3.7.5 Ажилтан бүр 1л-ээс доошгүй цэвэр усыг зориулалтын саванд авч явна. Усны сав нь гадуураа хөвөн даавуун хамгаалалттай байвал зохино.
3.7.6 Цаг агаарын нөхцлийн улмаас саатахад хүрвэл цэвэр усны хамгийн бага хэрэглээнд шилжинэ. Удаан хугацаагаар саатаж, ус хүрэлцээгүй болсон тохиолдолд буцалгалгүйгээр шалбааг, нүхний ус, тогтоол уснаас хэрэглэхийг хориглоно.
3.7.7 Тусгай хувцас нь цайвар өнгөтэй байвал зохино. Агаар чөлөөтэй нэвтрүүлэх, чийг хөлс шингээх буюу гадагшлуулах материалаар хийсэн хувцас хэрэглэнэ. Толгой нүцгэн, зориулалтын хувцасгүй явахыг хориглоно.
3.7.8 Хортой шавьж, могойноос хамгаалах зорилгоор дор дурдсан зүйлүүдийг хориглоно. Үүнд:
1) Задгай гуталтай явах;
2) Чулуу эргүүлэх, багаж хэрэгслийг эзгүй орхих;
3) Амьтдыг урт савх болон бусад зүйлээр оролдох.
3.7.9 Майхны шаланд эсгий, гудас дэвсэх ба гишүүн бүр дэвсгэр, хөнжлөө сайтар шалгана. Өглөө босохдоо бүх хувцсаа сэгсэрч шалгана.
3.7.10 Ан агнахыг хатуу хориглоно.
3.7.11 Бие сулрах, толгой өвдөх, эргэх, арьс цочир улайх, биеийн халуун нэмэгдэж халуурах, нүд жирэлзэх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг ажиглагдвал тэр хүний ажлыг зогсоож, эмнэлгийн тусламж үзүүлнэ.
3.7.12 Худаг, булаг шанд, тойром зэрэг усны дэргэд угаалга хийхдээ бохир ус урсаж буцаж орохоос сэргийлнэ.
3.8 Усан дээр ажиллах, гүүр, гармаар нэвтрэх үеийн
аюулгүй ажиллагаа
3.8.1 Ус гатлах үед бригадын гишүүд усанд сэлж чадахгүй хүмүүст онцгой анхаарна.
3.8.2 Товлож сонгосон гармаар хүн, тээврийн хэрэгсэл гаталж чадах эсэх, багаж хэрэгслийг норгохгүй авч гарч болох эсэхийг сайтар шалгана.
3.8.3 Голыг гүехэн устай, хатуу ёроолтой хэсгээр гатална.
3.8.4 Гармыг тэнхлэгээс хоёр тийш 1.5-3м-ийн зайнд шон хатгаж тэмдэглэнэ. Гармын өргөн 3м-ээс багагүй байна. Хэрэв энэ хэсэгт нүх, дархи мод мэтийн саад байвал гадас хатгаж тэмдэглэнэ.
3.8.5 Гармыг байнга хэрэглэхээр болбол "ГАРАМ" гэсэн тэмдэг байрлуулж өгнө.
3.8.6 Гармаар гатлах үед доорх зүйлсийг хориглоно. Үүнд:
1) Мөсөн дээр хөвөх, уснаас цухуйсан чулууг дамжих, хөвүүр ашиглах;
2) Дутуу, хагас ажиллаж буй техник хэрэгсэл ашиглах;
3) Ширүүн бороотой, цастай, манантай, мөсний урсгалтай, зайрмагтаж буй үед болон хүчтэй салхитай, томоор долгиолсон үед гатлах.
3.8.7 Гармаар гатлах үед хүн бүрд хамгаалалтын хэрэгсэл, олс олгоно. Гол дээр татсан хамгаалалтын олсноос хүн бүр өөрийн олсыг гогцоолдож зүүнэ. Голыг усны урсгал сөрж гатлана.
3.8.8 Голыг үүргэвчтэй гатлах үедээ түүний оосрыг сулруулсан байна.
3.8.9 Голын усны түвшин бага байх өглөөний цагаар гол гатлах ажлыг зохион байгуулна.
3.8.10 Голын усны температур 120С-ийн градусаас багагүй үед усны гүн 0.7м-ээс, урсгалын хурд 1м/сек–ээс илүүгүй бол голыг явганаар гаталж болно.
3.8.11 Гүн устай, урсгалын хурд нь түргэн, чулуу зөөвөрлөдөг голыг явганаар гатлахыг хориглоно.
3.8.12 Морь унаж гол гатлах үед моринд замаа чөлөөтэй өөрөө сонгож явах боломжийг олгоно.
3.8.13 Тээврийн хэрэгслээр гатлах бол ёроол нь тэгш, хайргатай байхаас гадна дараах нөхцлийг хангаж байхаар гармыг сонгоно. Үүнд:
1) Машинаар гатлах үед 1.5-2.0 м/сек урсгалын хурдтай бол 0.3-0.4 м гүн;
2) Трактораар гатлах үед 1.5-2.0 м/сек урсгалын хурдтай бол 0.8-1.0 м гүн;
3) Ердийн хөсөг тэргээр гатлах бол усны гүн дугуйн хагасаар байна.
3.8.14 Машинаар гатлах үед усыг очлуурт хүргэж болохгүй. Хэрэв хүрэхээр болбол түүнийг боож хамгаалаад ременээ салгаж орно.
3.8.15 Нурах магадлалтай хөндийрсөн эргийн ойролцоо явахыг хориглоно.
3.8.16 Гарам руу орох, гарах налуу автомашин бол 10о, трактор бол 15о–аас илүүгүй байна.
3.8.17 Тээврийн хэрэгслээр гатлахдаа бага бөгөөд жигд хурдтай явна. Унтраах буюу зогсоож болохгүй.
3.8.18 Гинжит тээвэрлэгчээр гармыг гатлах үед дараахь зүйлүүдийг анхаарна. Үүнд:
1) Дээрээ хүн суулгахыг хориглоно.
2) 1.5м/сек-ээс илүү урсгалын хурдтай голыг гатлаж болохгүй.
3) Гинжит тээвэрлэгчийн ачаа 600 кг-аас илүүгүй байх ба түүнийг жигд тарааж ачаална.
4) Налуу багатай газраар гатлах ба эрэг рүү орох, уснаас гарахдаа эрэгт тэгш өнцгөөр хөдөлнө.
5) Нарийн, гүн жалгатай голыг гатлахдаа дүнзэн мод эсвэл канат татаж болно.
3.8.19 Агаарын татлага ба дүнз дамжин гол гатлах үед нэг нэгээрээ явна.
3.8.20 Мөсөн дээгүүр гатлахаас өмнө судалгааны ажлыг 2-оос доошгүй хүн хоорондоо 10 м зайтай, олсоор холбоотой явж хийнэ.
3.8.21 Мөсөн дээгүүр гарахдаа тээврийн хэрэгслээс бууж, өөр хоорондоо 25 м–ээс ихгүй зайтай явна.
3.8.22 Машин болон бусад тээврийн хэрэгсэл 10 км/цаг –аас ихгүй хурдтай явна.
3.8.23 Мөсөөр гатлах үед дор дурдсан зүйлүүдийг анхаарч ажиллана. Үүнд:
1) Мөс рүү налуу багатай орох газрыг сонгох;
2) Мөсөн дээрх цасыг цэвэрлэх боломжтой газрыг сонгох;
3) Мөс эрэг руугаа сайн шахаж хөлдсөн, цөмрөхөөргүй байх;
4) Гатлах газар харзлаагүй, хагараагүй байх.
3.8.24 Мөсний зузаан нь 1 дүгээр хүснэгтэд заасан хэмжээнээс хэтрэхгүй үед өдрийн цагаар гатлаж болно.
1-р хүснэгт. Мөсний даацын хэмжээ
д.д | Ачааны төрөл | Ачааны жин, кг | Мөсний зузаан нь, м | Тээврийн хэрэгслийн хоорондын зай, м | |
нуурын мөс | голын мөс | ||||
1 | Явганаар зорчих | 100 | 10 | 8 | 3-5 |
2 | Морин тэрэг, чарга | 800 | 37 | 30 | 10 |
3 | Ачаатай автомашин | 4000 | 55 | 44 | 15 |
6000 | 67 | 54 | 20 | ||
8000 | 76 | 62 | 30 | ||
4 | Трактор, гинжит трактор | 6000 | - | 44 | 15 |
10000 | - | 60 | 30 | ||
5 | Гинжит зөөвөрлөгчид | 6000 | - | 44 | 15 |
10000 | - | 60 | 20 |
3.8.25 Мөсөөр гатлах газрын трассыг 6 м өргөнөөр тэмдэглэнэ. Тэмдэг хоорондын зай 30м байна. Нэг төрлийн тээврийн хэрэгслээр нэг чиглэлээр зорчихыг зөвшөөрнө.
3.8.26 Мөсөөр гатлах үед жолооч кабины хаалгыг онгойлгож явна.
3.8.27 Өөр голын цутгалантай газраар гатлаж болохгүй.
3.8.28 Удаан хугацаагаар мөсөн дээр саатахаар болбол машины дугуйн дор банз мэтийн зүйлийг ивж өгнө.
3.8.29 Мөсөн дээр хүчтэй тормозлож болохгүй. Мөн гүйцэж түрүүлэхийг хориглоно.
4. ГЕОДЕЗИЙН ХЭЭРИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
4.1 Газар шорооны ажил хийх, өрөмдлөг
явуулах үеийн аюулгүй ажиллагаа
4.1.1 Геодезийн цэгийн төвийг суулгах суурийн нүхийг ухах ажилд машин механизм ашиглах үед тухайн хэрэгслийг аюулгүй ажиллуулах зааврыг мөрдөж ажиллана.
4.1.2 Экскаватороор нүх ухаж байгаа үед түүнээс 5м радиус дотор хүн байх, ямар нэгэн ажил явуулахыг хориглоно.
4.1.3 Экскаваторын операторчин нүхний ханыг сайтар ажиглаж, нуралт, гулсалт үүсэх шинж тэмдэг илэрвэл ажлыг яаралтай зогсоох ба экскаваторыг аюулгүй зайд аваачна.
4.1.4 Хот, суурин болон үйлдвэр аж ахуйн газрын орчинд өрөмдлөг явуулахаас өмнө газар доорх шугам сүлжээний хайгуул судалгааг сайн хийнэ. Ус дамжуулах ба дулааны шугам сүлжээнээс 1 м-ээс багагүй, холбооны ба цахилгаан дамжуулах шугамаас 2м-ээс багагүй зайд өрөмдөх ба энэ үед газар доорх шугам сүлжээг хариуцсан байгууллагын төлөөллийг газар дээр нь байлцуулна.
4.1.5 Газар ухах явцад аюултай хий, тэсрэх материал илэрвэл ажлыг шууд зогсоож, ажиллагсдыг нэн даруй холдуулна. Энэ тухай удирдах байгууллага болон орон нутгийн захиргаанд яаралтай мэдэгдэнэ.
4.1.6 Нүхийг газар доогуур хөндийлж ухахыг хориглоно. Тохиолдлоор хөндий үүссэн, эсвэл том чулуу гарч ирсэн үед дотор байгаа хүнийг гаргасны дараа чулуугаа унагаж зайлуулна. Дараа нь хөндийрсөн ханыг буулгана.
4.1.7 Газар шорооны ажлыг хоёроос цөөнгүй хүн хийж гүйцэтгэнэ.
4.1.8 Ухсан нүх шуудуунд хашлага хийж хамгаална. Хашлага дээр анхааруулах тэмдэг, шөнийн цагаар гэрлэн дохио тавина.
4.1.9 Зөөлөн чийглэг хөрстэй газарт шуудуу ухахад хана нь нурах аюултай байвал түүнийг найдвартай бэхлэнэ.
4.1.10 Суларсан шороог нүх, шуудууны захаас 0,5 метрээс багагүй зайд гаргана. 2 метрээс гүн нүх, шуудууны гадна гаргасан шороог холбогдох дүрэмд заасны дагуу бэхэлж, зайлуулна.
4.1.11 Ойр орчимд нь газар доорх байгууламж байхгүй бол байгалийн ердийн чийгтэй, хөрсний усгүй хөрсөнд бэхэлгээгүй босоо ханатай нүх, шуудууг элс ба хайрган хөрсөнд 1 м, элстэй шаварлаг хөрсөнд 1,25 м, шаварлаг ба шавартай хөрсөнд 1,5 м-ээс ихгүй гүн ухаж болно.
4.1.12 Хатуу барьцадмал хөрсөнд босоо ханатай шуудууг ротортой болон шуудууны эксковатороор ханыг нь бэхлэлгүйгээр 3 м хүртэл гүн ухаж болно. Ингэж ухсан нүх, шуудуунд хүн орохыг хориглох ба заавал орох шаардлага гарсан үед тухайн хэсэгт ханын бэхэлгээ хийх буюу нурахгүй байхаар налуу гаргаж ухна.
4.1.13 Бэхэлгээнд 2 м хүртэл гүнтэй бол 25мм, 2-2,35м хүртэл гүнтэй бол 32мм-ийн банзыг хэрэглэнэ. Бэхэлгээг 2м-ийн зайнд орших босоо дайнуудын хооронд 1,2м-ийн зайтай дээрээс доош чиглэлд 0,5 м тутамд ахиулж хийнэ.
4.1.14 Өвлийн улиралд хөрс хөлдөх гүн хүртэл (хуурай хөрснөөс бусад газарт) шуудууг ханын бэхэлгээгүй ухаж болно.
4.1.15 1,3м-ээс гүн ухсан нүхэнд ажиллах хүн зөвхөн шатаар бууж, өгсөнө. Нүхэнд орохын өмнө ханын бэхэлгээг шалгана.
4.1.16 Шороог хувингаар татах үед дор ажиллаж буй хүний дээр хамгаалалтын саравч байрлуулна.
4.1.17 Хий дамжуулах хоолойн ойролцоо ажиллах үед тамхи татах, ил гал гаргахыг хориглоно.
4.1.18 Ханын ба хадны марк, репер суулгаж байгаа үед ажилтан берзинтэн бээлий, нүдний шил хэрэглэнэ.
4.1.19 Ухсан суваг шуудуу дээгүүр явган хүн гарахад зориулан 0,6м-ээс багагүй өргөнтэй, хоёр талдаа 1-ээс багагүй өндөр хашлаган ханатай гүүр тавина.
4.1.20 Харанхуй нөхцөлд ажиллах үед нэмэлт гэрэлтүүлэг хийж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.
4.1.21 Барилгын хаягдал, том чулуу, хожуул, хаягдал метал, мөс зэргийг цэвэрлээгүй талбай дээр ажиллахыг хориглоно.
4.1.22 Хадан бус хөрсөнд суваг, шуудуу, суурийн нүх ухах налуугийн эгц нь 2 дугаар хүснэгтэд заасан харьцаанаас багагүй байна. Энэ хэмжээнээс их, огцом налуутай бол хана нурах аюултай тул түүний дотор ажиллахыг хориглоно.
2-р хүснэгт. Суурийн нүхний налуугийн эгцийн зөвшөөрөгдөх хэмжээ
Хөрсний төрөл | Нүхний гүнээс хамаарах налуугийн эгц |
| ||
1.5м хүртэл | 3,0м хүртэл | 5,0м хүртэл | ||
Байгалийн ердийн чийгтэй Элс ба хайрган | 1:0.67 1:0.5 | 1:1 1:1 | 1:1.25 1:1 | |
Элстэй шаварлаг | 1:0.25 | 1:0.67 | 1:0.85 | |
Шаварлаг | 1:0 | 1:0.5 | 1:0.75 | |
Шавартай | 1:0 | 1:0.25 | 1:0.5 | |
Тайлбар: 1. Хөрсний дээр төрлүүд холилдсон бол хамгийн сул хөрсний төрлөөр авна.
4.1.23 Суурийн нүхний хананаас 2м-ээс их зайд, хоолойн дээр 1м-ээс, шугам сүлжээнд 0,3м-ээс илүү гүнд ойртож ухахыг хориглоно.
4.1.24 Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт 0.5 м-ээс, газар доорх кабель шугамд 0,5 м-ээс илүү ойртож ухахыг хориглоно.
4.1.25 Өвлийн улиралд хөрсийг цахилгаан халаалтаар гэсгээх шаардлага гарвал тойруулан хаалт, хашилт хийх ба энэ нь талбайгаас 3 м-ээс багагүй зайтай байна.
4.1.26 Өрмийн машин ажиллаж байх үед түүнд 5 м-ээс илүү зайд ойртохыг хориглоно.
4.1.27 15м/с-ээс илүү салхитай үед өрөмдлөгийн ажил явуулахыг хориглоно.
4.2 Геодезийн сүлжээний цэг тэмдэгтийн хайгуул хийх, тэмдэгт босгох,
буулгах үеийн аюулгүй ажиллагаа
4.2.1 Геодезийн сүлжээний цэг суулгах газрын хайгуулыг урьдчилан төлөвлөсөн төслийн дагуу өдрийн цагаар хийнэ.
4.2.2 Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах, суулгах, буулгах ажил гүйцэтгэхэд хамгаалалтын малгай заавал өмсөнө.
4.2.3 Цэг тэмдэгт суулгах ажилд "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил, БД 11-104-06 зааврыг баримтлан ажиллана.
4.2.4 Геодезийн цэг тэмдэгтийг эрж хайх үед түүнд хүрч очих боломжгүй, аюултай нөхцөл үүссэн тохиолдолд хайгуулын ажлыг зогсооно. Фото зургийг авч баримтжуулна.
4.2.5 Геодезийн тэмдэгт суулгах ажлын талбайд гадны хүн орохыг хориглоно. Талбайг тойруулан хаалт, хашилт хийж тусгаарлана.
4.2.6 Авто ба төмөр зам, цахилгааны, холбооны шугам болон байшин барилгаас геодезийн тэмдэгт хүртэлх зай нь түүний өндрийг 3 дахин авсан хэмжээнээс багагүй байна.
4.2.7 Ширүүн салхи, бороотой үед ажлыг зогсоож, ажиллагсдыг ажлын байрнаас холдуулна. Энэ зай нь геодезийн тэмдэгтийн өндрийг 3 дахин авсан хэмжээнээс багагүй байна.
4.2.8 Өргөх хэрэгслийн даац хүрэхгүй бол өргөх ажлыг зогсооно. Хэрэглэж байгаа троссын даацын паспортыг шалгасан байна.
4.2.9 Троссын эрчлээс 10% хүртэл суларсан бол ийм тросыг хэрэглэхийг хориглоно.
4.2.10 Тэмдэгтийг буулгах ажлыг тусгайлан томилогдсон бригад буулгана.
4.2.11 Тэмдэгт нь ямар нэгэн объекттой ойр байвал түүний эсрэг тал руу буулгана.
4.2.12 Геодезийн байнгын модон цэг тэмдэгт буулгах үед мод өмхөрсөн эсэхэд эхлээд үзлэг хийнэ.
4.2.13 Тэмдэгтийг татаж буулгах боломжгүй бол хэсэгчлэн буулгана.
4.3 Байшин барилгын дээвэр дээр геодезийн цэг тэмдэгт
байгуулах үеийн аюулгүй ажиллагаа
4.3.1 Байшин, барилгын дээвэр дээр геодезийн цэг тэмдэгт байгуулахын өмнө хотын захиргаанаас зөвшөөрөл авсан байна.
4.3.2 Хотын байнгын ажиллагаатай станц, ханын репер, бусад геодезийн сүлжээний цэгүүдийг суурилуулах барилга нь бат бэх байхаас гадна дээр нь ажиллах нөхцөл бүрдсэн, хүрч очиход чөлөөтэй, багажийг дээш гаргах боломжтой байна.
4.3.3 Ажлыг бригадын ахлагчийн хяналт дор мэргэшсэн бригад гүйцэтгэнэ. Өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчлагаа өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна.
4.3.4 Байшин, барилгын дээвэр дээрх цэг дээр хэмжилт хийх үед багаж хэрэгслийг олсоор хаших ба байнгын хяналт хийж байх ажилтанг томилно.
4.3.5 Барилгын дээрээс материал, багаж хэрэгсэл унаж болзошгүй тул түүний дор газар дээр олс татаж, хаалт хийнэ.
4.3.6 Байшингийн дээвэр дээр ажиллаж буй хүмүүс хамгаалалтын бүс хэрэглэж, троссонд бэхэлнэ.
4.3.7 Байшингийн дээвэр нойтон, мөстсөн үед ажиллахыг хориглоно.
4.3.8 Дуу цахилгаантай, ширүүн бороотой, хүчтэй салхитай, цастай үед дээвэр дээр ажиллахыг хориглоно.
4.3.9 Хүчтэй салхи гарах, бороо ойртох үед дээвэр дээрээс түргэн бууж, аюулгүй газарт очно.
4.4 Төв цэг ба марк, репер суулгах үеийн аюулгүй ажиллагаа
4.4.1 Гудамж талбайд цэг тэмдэгт суулгах үед тусгаарласан хаалт хийж, замын анхааруулга тэмдэг байрлуулна.
4.4.2 Хөрсний бохирдолтой орчинд цэг суулгахдаа улсын ариун цэвэр халдвартын зохих байгууллагуудад мэдэгдсэн байна.
4.4.3 Суулгасан цэг тэмдэгт нь явган зорчигч ба тээврийн хэрэгсэлд саад болохгүй байх нөхцлийг хангасан байна.
4.4.4 Цэг тэмдэгтийг суулгах үед мэдээллийн санд тэмдэглээгүй, эсвэл захиалагчаас өгсөн зурагт тусгагдаагүй шугам сүлжээ, кабель тааралдвал ажлыг даруй зогсооно.
4.4.5 Химийн аргаар металл цэвэрлэх ажлыг задгай нөхцөлд гүйцэтгэнэ. Ажилчин нүдний шил, резинэн бээлийтэй ажиллана.
4.4.6 Нүх рүү төв цэгийг олсоор дамжуулж буулгана. Энэ үед нүхэн дотор хүн байж болохгүй.
5. ХОТ СУУРИН, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮС БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ОБЪЕКТУУД ДЭЭР ГЕОДЕЗИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
5.1 Хот суурин газарт том масштабын байр зүйн зураглал
үйлдэх үеийн аюулгүй ажиллагаа
5.1.1 Хот суурин, үйлдвэр, авто ба төмөр зам, төрөл бүрийн инженерийн барилга, байгууламжийн зураглалын ажлыг холбогдох байгууллагын зөвшөөрлийг авч, бригадын бүх гишүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамруулсны дараа эхлүүлнэ.
5.1.2 Авто замын хөдөлгөөн ихтэй хэсэгт зураглал хийх үед замын цагдаагийн газраас зөвшөөрөл авсан байна.
5.1.3 Геодезийн багаж ба рейкийг зөөхдөө явган хүний замаар босоо байрлалаар авч явна. Явган хүний замгүй бол зорчих хэсгийн урсгалыг сөрж явна.
5.1.4 Зам хөндлөн гарахдаа хоёр урсгал зэрэг харагдах газраар, аль болох шулуун богино зайгаар явна.
5.1.5 Замын дагуу автобус, троллейбусыг ар талаар тойрч гарна.
5.1.6 Гудамж, замын дагуу геодезийн багажтай хэмжилт хийх үед хаалт, анхааруулах тэмдэг тавина.
5.1.7 Троллейбусын болон цахилгаан дамжуулах агаарын шугамд 2 м-ээс бага зайд ойртож хэмжихийг хориглоно. Рейк, таягийг шугамд хүргэж болохгүй.
5.1.8 Троллейбусын болон цахилгаан дамжуулах агаарын шугамын доогуур таяг, ойлгогчийг сунгасан чигээр, мөрлөж явахыг хориглоно. Хөл, таяг, рейкийг эвхэж, гартаа дор барьж явна.
5.1.9 Цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын дагуу геодезийн байрлал, өндрийн сүлжээ байгуулах, зураглах үед цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр болон төмөр бетон шонд 10 м-ээс дотогш ойртохыг хориглоно.
5.1.10 Шугамын төрлөөс үл хамааран унжсан утсанд хүрч болохгүй. Утсанд холбогдсон өөр бусад биетэд ч хүрэхийг хориглоно.
5.1.11 Хөдөлгөөний ачаалал ихтэй замыг зураглах үед зорчих хэсэг дээр багажтай зогсож, хэмжилт хийхийг хориглоно.
5.1.12 Гудамж, талбай, зорчих хэсэгт багажийг эзэнгүй орхиж болохгүй.
5.1.13 Геодезийн түр цэгийг 15 см-ээс уртгүй гадсаар, толгойг газраас илүү гаргахгүйгээр зоож бэхэлнэ.
5.1.14 Хөдөлгөөний ачаалал ихтэй замын хоёр талд тус бүр нэг ажилтанг дохиологчоор ажиллуулах ба ба энэ хүмүүсийг зураглалын ажилд оролцуулахгүй байхаар төлөвлөнө.
5.1.15 Полигонометрийн ба нивелирийн сэлгэцийг хотын гудамжийн аюул багатай хэсгээр төлөвлөж, хэмжилтийг өглөө эрт, замын хөдөлгөөн бага үеэр хийнэ.
5.1.16 Суурийн нүх, карьерын ирмэгээс 2,5м-ээс багагүй зайд багажийг байрлуулна.
5.1.17 Сул хөрстэй, нуралт үүсэж болзошгүй газарт ухсан суурийн нүх, карьерын ирмэгийг зураглах үед ирмэгт 1м-ээс дотогш ойртож, хэмжилт хийхийг хориглоно.
5.1.18 Газар доорх шугам сүлжээний зураглалын үед шугамын төрлийг тодорхойлж, аюултай, тэсрэх хий байгаа эсэхийг тогтоосон байна.
5.1.19 Худгийн тагийг 10 мм-ээс багагүй диаметртэй ган төмрөөр хийсэн 500мм-ээс багагүй урттай дэгээгээр нээнэ. Онгойлгосноос хойш 20-30 минутын дараа гүний хэмжилт хийнэ.
5.1.20 Худгийн гүнийг модон рейк, эсвэл хуйлмал метрээр хэмжинэ. Металл рейк ашиглавал цахилгааны утсанд хүргэж болохгүй.
5.1.21 Онгорхой худгийн дэргэд тамхи татах, хийг шалгалгүйгээр дотогш орохыг хориглоно.
5.1.22 Худаг руу орохдоо стандартын шаардлага хангасан олсоор бэхэлнэ.
5.1.23 Барилга, байгууламжийн зураглал хийх үед дуулга малгай, гутлыг заавал хэрэглэнэ.
5.1.24 Авто болон төмөр замын дагуу зураглал хийх үед тэдгээрт баримтлах аюулгүй ажиллагааны шаардлагуудыг бүрэн хангах ба бүх гишүүд нь улбар шар өнгийн хантааз өмсөнө.
5.1.25 Гэр хорооллын зураглал хийх үед нохойнд хазуулахаас болгоомжилно. Айлын хашаа давж орохыг хориглоно.
5.2 Цахилгаан байгууламж, хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
5.2.1 Цахилгаан байгууламж, дамжуулах шугам сүлжээний дагуу ажиллах үед "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг баримтална.
5.2.2 Хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт 3 дугаар хүснэгтэд заасан хэмжээнээс илүү ойртож хэмжилт хийхийг хориглоно.
3 дугаар хүснэгт. Цахилгаан байгууламж, хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт ойртож болох зай
Хүчдэл (кВ) | Ажилтан ба тэдний хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, түр хаалт хашилт хүртэл зай (м) | Машин, ачаа өргөх кран, оосорлох хэрэгсэл ба ачааны ойртож болох зай (м) | |
1 кВ хүртэл | агаарын шугамд | 0.6 | 1.0 |
бусад цахилгаан байгууламжид | Норм тогтоохгүй, хүрч шүргэж болохгүй | 1.0 | |
1-35кВ | 0.6 | 1.0 | |
60*, 110 кВ | 1.0 | 1.5 | |
220 кВ | 2.0 | 2.5 | |
330 кВ | 2.5 | 3.5 | |
400*, 500 кВ | 3.5 | 4.5 | |
750 | 5.0 | 6.0 |
*-тогтмол гүйдэл
5.2.3 1000В-аас дээш хүчдэлийн цахилгаан байгууламж, тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсэгт 3 дугаар хүснэгтэд заасан зайнаас дотогш ойртох, хаалт хашилтгүй хэсэгт орох, мөн тавьсан хаалт хашилтын цаана нэвтрэхийг хориглоно.
5.2.4 Хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт машин, механизм шүргэсэн, хүрсэн тохиолдолд түүний дээр гарах, хүрэхийг хориглоно.
5.2.5 Цахилгаан байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүсэд албан ёсны зөвшөөрөлгүй геодезийн ажил гүйцэтгэхийг хориглоно (4 дүгээр хүснэгт).
5.2.6 Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын бүс дотор байрлах машин механизмд газардуулга хийнэ.
5.2.7 Өндөр хүчдэлийн трансформаторын дэргэд электрон багажтай ажиллахыг хориглоно.
5.2.8 Цахилгаан дамжуулах шугамын төмөр болон төмөр бетон тулгууруудад гараар хүрэх, шугамд 10м хүртэл зайнд ойртохыг хориглоно.
5.2.9 Троллейбусын болон агаарын цахилгаан дамжуулах шугамд 2 м хүртэл зайд ойртохыг хориглоно.
4 дүгээр хүснэгт. Цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвас
Цахилгаан дамжуулах агаарын шугам | Агаарын шугам /шугамын захын утаснаас хоёр тийш/ | Дэд станц хувиарлах байгууламж /тал бүр тийш/ | |
Хүн оршин суудаггүй газар | Хүн оршин суудаг газар | ||
а/ 1кВ хүртэл /127, 220 380. 660 В/ б/ 1-20 кВ хүртэл в/ 35 кВ г/ 110 кВ д/ 220 кВ |
- 10 м 15 м 20 м 25 м |
1-1.5 м 2 м 4 м 5 м 10 м |
- 10 м 15 м 20 м 25 м |
5.2.10 Шугамын төрлөөс үл хамааран тасарсан утас болон түүний шүргэсэн биетэд 10 м-ээс дотогш ойртохыг хориглоно. Хүн ам сууршсан газарт хамгаалалт гаргаж, энэ тухай зохих газарт яаралтай мэдэгдэнэ.
5.2.11 Тулгуураас тусгаарласан аянганы татлага /трос/-д 1 метрээс дотогш зайд ойртохыг хориглоно.
5.2.12 Манантай, бороотой, цастай болон шөнийн харанхуйд цахилгаан дамжуулах агаарын шугамын орчимд геодезийн ажил гүйцэтгэхийг хатуу хориглоно.
5.2.13 Харанхуй үед цахилгаан дамжуулах агаарын шугамын утасны доогуур явахыг хориглоно.
5.2.14 1000В-оос дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын газар дээр хэвтэж байгаа утсанд 8 м-ээс дотогш зайд ойртохыг хориглоно. Тийм утсанд хүн, амьтан ойртуулахгүйн тулд бололцоотой тохиолдолд хүн байлгаж, плакат, тэмдэг тавиад энэ тухай холбогдох байгууллагад нь мэдээлж, хүчдлийг таслуулна.
5.2.15 1000В-оос дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тусгаарлагч нь гэмтсэн, утас нь тулгууртаа хүрч шүргэсэн, хөрсний чийг ууршиж байгаа, тулгуурын аль нэг хэсэгт болон тулгуурын хөрс рүү орсон хэсэгт цахилгаан нум үүссэн, оч хаясан гэх мэт газардлагын гүйдэл газрын хөрсөнд тархаж байгаа шинж тэмдэг илэрвэл тухайн тулгуурт 8 м-ээс дотогш зайд хүчдлийг нь таслуулахгүйгээр ойртохыг хориглоно.
5.2.16 Цахилгаан дамжуулах агаарын шугамын антен, цамхаг, багана, тулгуурын байрлал, өндрийг аналитик аргаар тодорхойлно.
5.2.17 Трансформаторын дэд станц, цахилгаан станцын тоног төхөөрөмжинд хяналтын хэмжилт хийх, антен, цамхаг, багана, тулгуурын суулт, хазайлт, хэвтээ, босоо шилжилт, утасны унжилтыг аналитик аргаар тодорхойлно.
5.2.18 Утасны унжилтыг рейк, шургааг болон бусад зүйлээр хэмжихийг хориглоно.
5.2.19 Утсанд (цахилгаан дамжуулах, холбооны радио нэвтрүүлэгийн, телемеханикийн) 0,6 метрээс дотогш зайд ойртож хэмжилт хийх зайлшгүй шаардлага гарсан үед эдгээр шугамын хүчдлийг тасалж, ажлын байран дээр газардуулга тавина.
5.2.20 Замгүй газраар цахилгаан дамжуулах шугамын доогуур машинаар хөндлөн зорчих бол утасны унжсан хэсгээр биш, аль болох тулгуурт ойрхон өнгөрнө.
5.2.21 Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо геодезийн хэмжилт хийж байхад бороо ойртож эхэлвэл ажлыг зогсоож, аюулгүй газарт очно.
5.2.22 Ашиглалтад байгаа цахилгаан байгууламж, түүний хамгаалалтын бүсэд геодезийн хэмжилтийн ажил гүйцэтгэх хүмүүсийг ажилд оруулахдаа "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 13 дугаар бүлэгт заасныг баримтална.
5.2.23 Ажлын хувцасныхаа бүх товчийг бүрэн товчилж ажиллана. Ажлын хувцсанд металл хийц болон сул унжсан хэсэг байх ёсгүй. Богино буюу шамласан ханцуйтай хувцастай ажиллах, гутлын түрийг эргүүлэх буюу түрийг өмдний шуумагны гадуур гаргаж өмсөхийг хориглоно. Дуулга малгайг бүчилж өмссөн байна.
5.2.24 Цахилгаан байгууламжид ажил гүйцэтгэх үед бүх багаж хэрэгсэл нь зориулалтын байх бөгөөд тусгаарлагчгүй багаж хэрэгсэл (төмрийн хөрөө, төмөр метр, багс г.м)-ийг хэрэглэх, цахилгаан нумын үйлчлэлээс хамгаалахаас өөр зориулалтаар орчны гэрэлтүүлгийг бууруулах нүдний шил зүүх, шуурхай ажиллагаа явуулахаас бусад тохиолдолд үүрэн телефоны утсаар ярихыг хориглоно.
5.2.25 Хүчдэлтэй байгаа цахилгаан тоног төхөөрөмжийн тусгаарлагчид хамгаалах хэрэгсэл хэрэглэлгүйгээр хүрэх, шүргэхийг хориглоно.
5.2.26 Харанхуй буюу гэрэлтүүлэггүй газарт ажил гүйцэтгэхийг хориглоно.
5.2.27 Хүчдлийг тасалсан боловч газардуулаагүй гүйдэл дамжуулах хэсэгт хамгаалах хэрэгсэлгүйгээр хүрэхийг хориглоно.
5.2.28 Цахилгаан орны нөлөөллийн бүс дотор машин механизмыг шатах тослох материалаар цэнэглэхийг хориглоно.
5.2.29 Гар болон алсын зайн автомат удирдлагатай цахилгаан хөдөлгүүрийн тэжээлийн автоматыг залгах ба таслахад заавал зориулалтын резинэн бээлий өмсөнө.
5.3 Барилгын талбайд болон угсралтын түвшинд геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.3.1 Барилгын геодезийн ажлыг барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны сургалтанд хамрагдаж, заавар авсан хүн хийж гүйцэтгэнэ.
5.3.2 Барилга угсралтын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нь геодезийн хэмжилтийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах ба геодезийн инженер болон туслах ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, шалгасны дараа ажлыг эхлүүлнэ..
5.3.3 Геодезийн хэмжилт хийж байгаа бригадын гишүүд барилга угсралтын байгууллагын гаргасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг мөрдөх үүрэгтэй.
5.3.4 Барилгын угсралтын үед хучилтын хавтан дээр ажиллах үед хавтангийн үед ирмэгийг хашилтаар бэхэлж, улаан туузаар ороосон байна.
5.3.5 Барилга хучилтын хавтан дээр авах зогсоол цэгийг талбайн хязгаараас 2 м-ээс багагүй зайд сонгож, түүний эргэн тойронд хаалт, хашилт хийнэ.
5.3.6 Бетон болон металл гадаргуу дээр багажийн хөлийг тусгай суурь дээр байрлуулна. Эсвэл хөлүүдийг периметрийн дагуу олсоор холбож бэхэлнэ.
5.3.7 Барилгын хөлдүү, хальтиргаатай талбай дээр зогсоол цэг байгуулж, ажиллахыг хориглоно.
5.3.8 Түр завсарлах үед геодезийн багаж, тоног төхөөрөмжийг угсралтын түвшин, барилгын талбай, зам, гудамжинд эзэнгүй орхиж болохгүй.
5.3.9 Барилгын хучилт, цахилгааны болон лифтны хонгил, температурын зааг зэргийг хамгаалалтын хаалт, хашлагаар хүрээлэх ба 2м-ээс ихгүй зайд анхааруулгын хаалт байрлуулна.
5.3.10 Цахилгааны оруулалтын тоноглогдсон зөөврийн хайрцаг нь стандартын шаардлага хангасан гал хамгаалагчтай, зураг схемтэй, цоожтой, угсралт нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байна.
5.3.11 Барилгын хучилт дээрх нүх, температурын зааг зэргийг хааж хашаагүй үед дээгүүр харайж гарахыг хориглоно.
5.3.12 Геодезийн хэмжилтийг бэхэлгээгүй ухаас, овоолгын ирмэг, ханын дэргэд, ажиллаж байгаа экскаватор зэрэг машин механизмын дэргэд хийхийг хориглоно.
5.3.13 Геодезийн багажийг дараагийн зогсоол цэг рүү зориулалтын хайрцагт хийж авч явна. Таяг, хөл, рейкийг эвхэж зөөх ба үзүүрийг доош харуулан босоо барьж явна.
5.3.14 Барилгын машин, механизм, кран барилгын материалыг ачиж, буулгаж байх үед дэргэд нь хэмжилт хийж болохгүй. Гагнуур хийж байгаа талбайн ойролцоо ажиллах үед нүдэндээ заавал хамгаалалтын шил зүүнэ.
5.3.15 1,3 м-ээс дээш өндөрт ажиллаж байгаа тохиолдолд хамгаалалтын хэрэгсэл, өндрийн бүс заавал хэрэглэнэ. Бүсийг барилгын бат бэх бүтээцэд бэхлэж ажиллана.
5.3.16 Барилгын угсралтын түвшинд багажтай өгсөж, уруудах үед заавал хамгаалалтын хашлага бүхий шатаар явна. Шатны гишгүүрүүд бүрэн, найдвартай бэхлэгдсэн байна.
5.3.17 Зөөврийн шат, тавцан нь стандартын шаардлага хангасан, гулгах аюулаас хамгаалагдсан резинэн зөөлөвчтэй байна. Шат, тавцан дээрх замыг байнга чөлөөтэй байлгана.
5.3.18 Шат, тавцан дээр ажил үүрэг гүйцэтгэж байх үед тэдгээрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно.
5.3.19 450-аас дээш налуу шатаар авирах буюу буух үед гартаа ямар нэгэн зүйлийг барьж явахыг хориглоно.
5.3.20 Өндөрт /уурын болон утааны яндан, өндөр барилга/ ажиллаж байгаа тохиолдолд эмчийн үзлэгт заавал орсон байна.
5.3.21 Өвлийн улиралд барилгын талбайд, дулаан аваагүй барилга дотор ажиллаж байгаа үед дулаацах, цай уух цаг гаргаж өгөх ба энэ нь ажлын цагт тооцогдоно. Завсарлагын давтамж, хугацаа нь агаарын температур, салхины хүчнээс шалтгаална.
5.3.22 Барилгын талбайд дүр дурдсан тохиолдолд геодезийн хэмжилт хийхийг хориглоно. Үүнд:
1) 25°С-аас доош температурт;
2) 6 м –ээс дээш өндөрт - 10°С бага температуртай байх үед;
3) Салхины хүч 6 баллаас (хурд 10м/сек)-ээс дээш;
4) Цасан шуурга, бороо, манан, будан, гэрэлтүүлэг муу, хальтиргаа гулгаатай, мөстсөн үед;
5) Кран ажиллаж байгаа үед.
5.3.23 Барилга угсралтын түвшинд геодезийн ажил гүйцэтгэх үед дор дурдсан зүйлүүдийг хориглоно. Үүнд:
1) Талбайн хашлага, углуурга залгаасны бүрхэвч, холхивч зэргийн дээр зогсох;
2) Цонхны тавцан дээр суух, балкон дээр зогсох;
3) Флянцей холбоос, дамжуулах хоолойнуудын арматур, хамгаалалтын клапан, таг, лаз зэргийн дэргэд зогсох;
4) Ажлын даалгавар, төлөвлөгөөнд тусгагдаагүй ажил нэмж гүйцэтгэх;
5) Өөрийн хариуцсан ажлыг бусдад шилжүүлэх.
5.3.24 Цамхаг, багана, антен зэрэгт барилгын аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй хүн авирахыг хориглоно.
5.3.25 Барилга, байгууламжийн геодезийн хэмжилт, зураглалын ажил гүйцэтгэж байхдаа дээрээс юм унах, зөөгдөж байгаа зүйлд цохигдох, өртөх, өндрөөс унах зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
5.3.26 Барилга, байгууламжийн угсралтын үед геодезийн хэмжилтийн ажил гүйцэтгэхдээ цаг агаар, агаарын даралт, ус, гал түймэр, өндөр даралт, доргио, чичиргээн, халуун хүйтний агшилт тэлэлтийн нөлөөлөл, хөдөлгөөний нөлөөлөлд өртөхөөс болгоомжлон ажиллана.
5.3.27 Ухсан шуудуу болон нүхийг хамгаалалтгүйгээр үлдээхийг хориглоно. Ухсан шуудуу, нүхийг бат бөх зүйлээр таглаж, анхааруулах тэмдэг, хязгаарлах туузаар хамгаалсан байна.
5.3.28 Барилгын ажлын явцад хамгаалалтгүй тавцан, шатны хонгил, шат, цөмөрч болзошгүй нүх зэргийг байлгахыг хориглоно.
5.3.29 Даацын ба хамар хананаас хучилтын хавтанг илүү гаргаж тавих, дээр нь даац хэтрүүлэн материал тавих, барилгын ханан дээгүүр явахыг хориглоно.
5.3.30 Өндөр барилга, байгууламж, 25 м-ээс гүн нүх зэрэгт нэвтрэхэд барилгын ажилтны хамт хүн зөөврийн болон ачаа өргөх цахилгаан шатаар зорчино.
5.3.31 Гүүрэн өргүүрийн гүйцэтгэлийн зураглал хийх үед дор дурдсан зүйлүүдийг анхаарч ажиллана. Үүнд:
1) Гүүрэн краныг зогсоож, хүчдлийг салгасан байна;
2) Хэмжилтийн багаж байрлуулах тавцантай байна;
3) Багажаар хэмжилт хийж байгаа хүн хамгаалалтын бүсийг бат бэх троссонд бэхэлнэ;
4) Гүүрэн өргүүрийн замын дагуу хүн явахад зориулсан 0,8м-ээс багагүй өргөнтэй, 1 м-ээс багагүй өндөр хашлага бүхий тавцантай байна;
5) Тавцан дээгүүр явах хүн зузаан, хальтрахгүй ултай гутал өмсөж, хамгаалалтын бүсийг троссоос бэхэлсэн байна;
6) Замын тэнхлэг хоорондын зайг хуйлмал метрээр хэмжихийг хориглоно. Энэ ажилд лазер электрон метр ашиглана;
7) Гэрэлтүүлэг сайтай орчинд ажиллана;
8) Хэмжилтийн багаж хэрэгсэл, богино долгионы станц зэргийг тусгай зориулалтын үүргэвчинд хийж үүрэх ба тэр нь найдвартай түгжээтэй байна. Ачааны жин 5 кг-аас ихгүй байна.
5.3.32 Өндөр болон өвөрмөц хийцийн барилга, байгууламжийн хэв гажилт, хазайлт хэмжих үед дор дурдсан зүйлүүдийг анхаарч ажиллана. Үүнд:
1) Ажилтан бүр эрүүл мэндийн үзлэгт орсон байна;
2) Барилгын гадна хана, багана, үйлдвэрийн сараалжин тулгуур, ферм зэргийн хэв гажилтыг хэмжих зорилгоор бүтээц рүү авирах, краны суман дээр сууж ойртох маягаар ойлгогч, шугам, рейкийг шууд барихыг хориглоно. Энэ тохиолдолд хэмжилтийг үл хүрэлцэх зайнаас аналитик аргаар хийнэ;
3) Багажийг барилгын өндрөөс 2-3 дахин хол зайд байрлуулна. Дээрээс юм унахаас сэргийлж, барилгын хана дагууд хашилт хийнэ;
4) "Геодезийн хэмжилт хийж байна" гэсэн анхааруулга тэмдэг тавина.
5.4 Автозамын барилгад болон гүүрийн байгууламжид геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.4.1 Автозамын барилгын геодезийн ажлыг автозамын барилга дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаж, заавар авсан тохиолдолд хийж гүйцэтгэнэ.
5.4.2 Орон нутгийн болон замын цагдаагийн газарт мэдэгдэж, ямар ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэхийг зөвшилцөж, зөвшөөрөл авна.
5.4.3 Бригадын ахлагч нь өдөр бүр гишүүддээ геодезийн хэмжилтийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, шаардлага хангасан тохиолдолд ажилд гаргана.
5.4.4 Автозамын барилгад геодезийн хэмжилтийн ажил хийж байгаа үед "Хэмжилт хийж байна" гэсэн анхааруулга самбар байрлуулж, хаалт хашилт хийнэ.
5.4.5 Бригадын гишүүд автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах ба гэрэл цацруулах судал бүхий ажлын хувцастай байна.
5.4.6 Хөдөлгөөний ачаалал ихтэй зам дээр ажиллаж байгаа үед бригадын ахлагч 50- 100 м зайнд зохицуулагч тавьж ажиллуулна. Зохицуулагчид туг дарцаг, улаан гэрлээр ямар дохио өгөх талаар ажилд гарахын өмнө бригадын ахлагч зааварчилгаа өгнө.
5.4.7 Манан, будан, шороон шуурга, аянга цахилгаантай үед автозам дээр геодезийн хэмжилтийн ажил гүйцэтгэхийг хориглоно.
5.4.8 Ажил гүйцэтгэх хэсэгт байгаа онцгой аюултай хэсэг (шуудуу, нүх)-ийг тойруулан хашаа барьж, харанхуй ба манантай үед улаан гэрэл асааж тавина.
5.4.9 Бүх ажиллагсад замын хөдөлгөөний дүрмийг сайтар судалсан байна.
5.4.10 Автозамын зорчих хэсэг дээр зогсож хэмжилт хийхийг хориглоно.
5.4.11 Зам дээр шилжилт хөдөлгөөн хийхдээ урсгал сөрж, замын хажуугийн даланг дагаж явна.
5.4.12 1,5м-ээс өндөр нягтруулаагүй далан дээр зогсож геодезийн хэмжилт хийхийг хориглоно.
5.4.13 Далан дээр шороо асгах үед машины жолоочийн талд түүнд харагдахаар, шороо асгаж байгаа газраас 5м-ээс хол зайд байна.
5.4.14 Нүх ба өргөн шуудуу руу орох ба гарахдаа 1 м-ээс багагүй өндөртэй хайс бүхий 0,75м-ээс өргөн шатаар явна. Шуудуу руу буух, түүнээс дээш гарахдаа бэхэлгээний хөндлөвч модоор дамжин явж болохгүй.
5.4.15 Ухсан нүх, шуудууны хананд ан цав ажиглагдвал даруй ажлыг зогсоож, аюултай бүсээс холдоно.
5.4.16 Хэмжилт хийж байх явцад бэхлээгүй нүх, шуудуу руу орохыг хориглоно.
5.4.17 Эксковатор буюу тракторт угсарсан хавтангаар шороог цохиж нягтруулах үед, цохиж нягтруулж байгаа хавтангаас 5м-ээс дотогш хүн ойртож болохгүй.
5.4.18 Хэмжилтийн үед далан ба ухмалын хажуу налуу болон гүүрийн конус дээгүүр явахад зөөврийн модон шат хэрэглэнэ.
5.4.19 Хажуу налууг эксковатороор тэгшлэх үед үйлчилгээний бүсийн доод хэсэгт болон далангийн хормойд түүнээс хоёр тийш 15м-ээс дотогш зайд хэмжилт хийхийг хориглоно.
5.4.20 Хиймэл байгууламжийн угсармал элементүүдийг автокранаар угсрахад хажуу налуугийн доод хэсэг ба түүний үйлчилгээний бүсийн урт дээр 2 тийш 15м-ийг нэмсэн зайнаас дотогш хэмжилт хийж болохгүй.
5.4.21 Асфальтдэвсэгч ба индүүнүүд ажиллаж байх үед ажлын төхөөрөмжийн үйлчилгээний бүсэд орж геодезийн хэмжилт хийхийг хориглоно.
5.4.22 Уулархаг газарт автозам барих үед ажил эхлэхээс өмнө болон уулын энгэрийг ухах явцад хадан энгэрийн байдалд ба нурж болох том чулууны тогтвор, түүнчлэн цасны нуралт, ус-чулууны урсгал үүсдэг хэсэгт байнгын хяналт тавина. Хамгаалалтын бүх арга хэмжээг геодезийн үндсэн ажил эхлэхээс өмнө авна.
5.4.23 Хажуу энгэрийн тогтворгүй байдал ба том чулуу нурах аюулыг илрүүлбэл хүмүүс ба механизмыг аюултай бүсээс яаралтай гадагш гаргана.
5.4.24 Барьж байгаа замын нарийн хэсэгт ба үзэгдэх зай хязгаарлагдсан газарт хөдөлгөөний хурд 10км/цаг, эргэлтүүд дээр 5км/цаг-аас хэтэрч болохгүй.
5.4.25 50 м хүртэл урттай гүүрэн дээр ажиллах үед нэг хүнийг харуулд гаргаж, дохиочин ажиллуулна. Дохиологч өдрийн цагаар улаан дарцгаар, шөнийн цагаар улаан гэрлээр дохио өгнө. Машин ирж байгааг мэдэгдэх үед хэмжилт хийж байгаа хүн замаас гарна. 50м-ээс урт гүүрэн дээр хэмжилт хийж байгаа хүн тусгайлан бэлдсэн талбай дээр ажиллана.
5.4.26 50м-ээс илүү урттай гүүрэн дээр ажиллах үед ажилтнуудад аврах хантааз, олс зэргийг өгнө. Гүүрний дор аврах завь байрлуулж, аврагчдыг бэлэн байлгана.
5.4.27 Гүүрийн байгууламж дээр ажиллах үед салхины хурд 15м/сек ба түүнээс дээш, манантай үед өндрийн угсралтын геодезийн ажлыг гүйцэтгэж болохгүй.
5.4.28 Босоо хана ба түүнтэй төсөөтэй бүтээцийг салхины хурд 10м/сек ба түүнээс дээш байхад шилжүүлж, угсрах үеийн геодезийн хэмжилт хийхийг хориглоно.
5.4.29 1,5м-ээс гүн усны гадаргуу дээр геодезийн ажил гүйцэтгэхэд, тэр орчим аврах хэрэгсэл бүхий завь бэлэн байлгана.
5.4.30 Гүүрийн тулгуур шон суулгах үеийн геодезийн хэмжилт хийх үед хэвтээ байдалд угсарсан нүдүүрийг өргөж босгоход, цамхагийн урт дээр нэмэх 5м-ээс дотогш зайд ойртохыг хориглоно.
5.4.31 Өргөсөн, бэхэлгээгүй шонгийн дор зогсож, хэмжилт хийхийг хориглоно.
5.4.32 Гүүрийн бүтээц, элементүүдийг угсрах үед геодезийн хэмжилт хийж байгаа газрыг хашаалж, анхааруулах дохио, тэмдэг тавина.
5.4.33 Нэг бүтээцээс нөгөөд дамжин хэмжилт хийх үед угсралтын шат, түр гүүрээр дамжиж явна. Татангийн доод бүсээр явахдаа түүний дагуу 2м-ийн өндөрт чанга татсан татлагад хамгаалах бүсээ бэхэлнэ.
5.4.34 Усан дээр заамал тулгуурыг угсрахад түүний гадна талаар 1,5м өргөн, хайстай хамгаалалтын сал байрлуулна. Ажилчдыг хамгаалах бүс, хийлдэг хантаазаар хангана.
5.4.35 Заамал тулгуурын бэхэлгээний татлагуудыг салгах, тулгуурыг ус руу оруулах, тавих газар луу татахад, заамал тулгуур дээр хүн байж болохгүй.
5.4.36 Гүүрийн суулт, хотойлт зэрэг хэв гажилтыг тодорхойлох геодезийн хэмжилтийг 18 нас хүрсэн, эмнэлэгийн үзлэгт орсон, өндөрт ажиллах аюулгүй байдлыг хангасан хүн хийнэ.
5.4.37 Гүүрийн хэв гажилтын хэмжилтийг алгасалын хэсэгт дүүжилсэн хайс бүхий тавцан, голын гольдролын хуурай хэсэгт байрлуулсан вандан шат, завь буюу бусад хөвдөг хэрэгсэл дээр байрлуулсан тавцан бүхий цамхаг, дээгүүр нь хөдөлгөөн явдаг татанги, түүний доод холбоосууд дээр дэвссэн банзан, доогуур нь хөдөлгөөн явдаг татанги, дээд холбоос дээгүүр дэвссэн банзан самбар зэргийг ашиглан хийнэ.
5.4.38 Туннель дотор геодезийн хэмжилт хийх үед тээврийн хэрэгсэл ойртоход хорогдох хонгилын байрлалыг урьдчилан зааж өгнө.
5.5 Төмөр замын барилгад геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.5.1 Төмөр замын бүсэд геодезийн ажил гүйцэтгэхэд энэ дүрмээс гадна "Төмөр замын тээврийн тухай хууль", "Төмөр замын техник ашиглалтын дүрэм", "Төмөр замын дохиоллын журам", "Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам"-ыг мөрдлөг болгоно.
5.5.2 Өртөө, зөрлөгийн зам дээр ажил үүрэг гүйцэтгэхдээ тухайн өртөө, зөрлөгийн аюулгүй ажиллагааны замналтай танилцсаны дараа аюулгүй ажиллагааны зааварчлагаа авч, диспетчерийн удирдлага дор ажиллана.
5.5.3 Байрлал, өндрийн сүлжээний зогсоол цэгийг аюулгүй газарт авна. Хөдөлгөөний ачаалал багатай хэсэгт төмөр замын далангийн ирмэг дээр болон хоёр замын хооронд (5 м-ээс илүү өргөнтэй бол) зогсохыг зөвшөөрнө.
5.5.4 Төмөр замын дагууд хоёр талд тус бүр нэг хүнийг харуулд гаргаж, дохиочноор ажиллуулна. Дохиог өдрийн цагаар улаан дарцгаар, шөнийн цагаар улаан гэрлээр өгнө.
5.5.5 Дохиологч галт тэрэг ирж байгааг 400м-ээс багагүй зайнаас мэдэгдэнэ.
5.5.6 Дохиологч галт тэрэг ирж байгааг мэдэгдмэгц хэмжилт хийж байгаа хүн багажийг авч холдоно. Төмөр замаас холдох зай нь тээврийн хэрэгслээс хамаарч захын рельсээс 2-25 м-ээс багагүй байх ёстой.
5.5.7 Бригадын ахлагч ажилд ирэх, очих маршрутыг төмөр замын захын рельсээс 5 м-ээс багагүй байхаар төлөвлөж, гишүүдэд танилцуулсан байна.
5.5.8 Галт тэрэг 120 км/ц-аас дээш хурдтай өнгөрөх хэсэгт галт тэрэг ирэхээс 10 минутын өмнө ажлыг зогсоох ба бүх ажилчид захын рельсээс 5 м-ээс багагүй зайд холдсон байна.
5.5.9 Төмөр замын гарамгүй газраар тээврийн хэрэгсэл явуулж болохгүй.
5.5.10 Зам төмөр дээр гишгэх, суух, сумын шилжүүлгийн шилжих хэсэгт гишгэхийг хориглоно.
5.5.11 Явж байгаа галт тэрэг болон сэлгээний бүрэлдэхүүний өмнүүр урьтаж гарах, замуудын дунд зогсохыг хориглоно.
5.5.12 Цаг агаарын тааламжгүй нөхцөлд сонсох эрхтнийг халхлах, замын голоор болон овор хэмжээ баримтлахгүй явах, вагон доогуур шургаж гарахыг хориглоно.
5.5.13 Зам дээр тавигдсан салгаастай хөдлөх бүрэлдэхүүний хооронд 10 м-ээс багагүй зайтай байх үед болон вагоны тусгайлсан тавцангаар /тамбур/ гарахыг зөвшөөрнө.
5.5.14 Зэрэгцээ хөдөлгөөний үед хоёр замын хооронд аюулгүй байдлыг ханган зогсох буюу сууж өнгөрүүлнэ.
5.5.15 Өртөө, зөрлөгийн замаар хөндлөн гарах, ажиллах үедээ галт тэрэгний машинчаас өгч байгаа дуут дохио, өртөө зөрлөгийн жижүүрээс чанга яригчаар дамжуулж байгаа мэдээллийг хүлээн авч аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.
5.5.16 Өртөөний болон хоорондын зам дээр байхдаа гар утас ашиглахыг хориглоно.
5.5.17 Төмөр замыг гарам, нүхэн гарц, гүүрээр хөндлөн гарна.
5.5.18 Төмөр замын нэг талаас нөгөө талд гарахдаа дагуу, ташуу чиглэлээр явахыг хориглоно.
5.5.19 Төмөр замын шугамын доор хийгдэж байгаа угсралтын ажлуудыг, галт тэрэг явах үед зогсоож хүмүүсийг аюулгүй зайд холдуулна.
5.6 Нефть, байгалийн хий дамжуулах шугамын орчим геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.6.1 Нефть, байгалийн хий дамжуулах шугамнаас 200м зайг хамгаалалтын бүсэд хамааруулах ба энэ нь галын аюултай бүсэд орох тул галын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарна.
5.6.2 Албан ёсны зөвшөөрөлгүй бол хамгаалалтын бүсэд дор дурьдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
1) Барилга угсралтын ба газар шорооны ажил гүйцэтгэх;
2) Гал дэмжих материал хадгалах, байрлуулах;
3) Усан сан, гол мөрний хэмжилтийн шон байрлуулах.
5.6.3 Газрын тосны цооног, ашиглалтын байгууламжинд 18-аас доошгүй насны тусгай сургалтанд хамрагдсан, аюулгүйн ажиллагааны дүрэмтэй танилцаж зөвшөөрсөн хүмүүс геодези, байр зүйн ажлыг гүйцэтгэнэ.
5.6.4 Дээрх байгууламжийн талбай дээр нивелирдлэг болон шугаман байгууламжийн хэмжилтийг урьдчилан тогтоосон газраар зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу хийнэ.
5.6.5 Нефть, байгалийн хий дамжуулах шугам хоолойн тулгуур босгох, угсрах үеийн геодезийн ажлыг энэ дүрмийн 1.11.5, 1.11.9, 1.13.2, 4.1.1, 4.1.5, 4.1.110, 5.4.30, 5.4.315.4.32-д заасан шаардлагуудыг мөрдөж ажиллана.
5.6.6 Нефть дамжуулах газар доорх шугам хоолойн худгийг хэмжиж зураглах ажил эхлэхийн өмнө байгалийн, эсвэл албадмал агааржуулалтаар хангаж өгнө.
5.6.7 Байгалийн агааржуулалт хийхийн тулд хоёроос цөөнгүй нээлхийг онгойлгоод тэдгээрт агаарын урсгалыг чиглүүлсэн саравч хийж өгнө. Байгалийн агааржуулалтыг ажил эхлэхээс 20-иос доошгүй минутын өмнө хийнэ
5.6.8 Албадмал агааржуулалтыг салхилуур буюу шахуургын тусламжтайгаар үлээх хоолойны үзүүрийг нь газар доорх байгууламжийн ёроолд 25 см орчим зайд ойртуулан 10-15 минут үлээлгэж хийнэ.
5.6.9 Коллектор ба хонгилд ажил гүйцэтгэх үед хүмүүс байрлах хэсгийн хоёр талд нээлхий буюу хаалгыг онгойлгосон байна. Онгорхой нээлхий дээр анхааруулах тэмдэг, эсвэл хашилт тавина.
5.6.10 Агааржуулалт явуулахад шахсан хийтэй баллон хэрэглэхийг хориглоно.
5.6.11 Туннель, худаг, траншей гэх мэт харагдахгүй далд орчинд ажиллах нөхцөлд дохиолол /хонх, гэрэл, дуут дохио/ хэрэглэнэ.
5.6.12 Нефть, байгалийн хий дамжуулах шугамын орчимд цэг суулгах явцад төмөр гадсыг лантуугаар цохиж оч гаргахыг хатуу хориглоно.
5.7 Нефть хадгалах ба байгалийн хийн үйлдвэрийн орчим геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.7.1 Байгууллагын удирдлага ажил эхлэхийн өмнө бэлтгэл ажлыг шалгаж зааварчилгаа өгнө. Ажил эхлэхийн өмнө ажилтнуудад үйлдвэрийн газрын план зургийг танилцуулж, болзошгүй аюулын үед гарах гарцыг зааж өгнө.
5.7.2 Байгалийн хий ялгарч болзошгүй газрыг схем дээр тэмдэглэсэн байна.
5.7.3 Галын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарна.
5.7.4 Байгалийн хий ялгарч болзошгүй газарт гүйцэтгэх ажлыг гурваас цөөнгүй хүн нарядаар хийх ба тэдгээрээс нэг нь ажил гүйцэтгэж, нөгөө хоёр нь хяналт тавьж ажиллана.
5.7.5 Химийн болон нефть боловсруулах үйлдвэр зэрэг онцгой нөхцөлд хорт хийнээс хамгаалсан хувцастай худагт орж болно. Энэ үед ажилтанд хамгаалалтын бүс зүүлгэх ба бүсийг худгийн гүнээс 3 м-ээс илүү урттай 150 кг ачаа дүүжилсэн олсонд бэхэлсэн байна.
5.7.6 Даралтанд байгаа сав, тоног төхөөрөмжийг цохих, түүнчлэн нефть, мазут ил асгахыг хориглоно.
5.7.7 Нефть хадгалах сав(емкость)-ыг хэмжих үед өндөрт ажиллах заавар (энэ дүрмийн 1.11.9)-г мөрдлөг болгоно.
5.7.8 Нефть хадгалах ба байгалийн хийн үйлдвэрийн орчим геодези, байр зүйн ажил гүйцэтгэх үед доорхи шаардлагуудыг хангаж ажиллана. Үүнд:
1) Ил задгай хий гарч буй газрыг салхины дээд талаар нь тойрч өнгөрөх;
2) Үйлдвэрийн орчинд зорчих, шилжихдээ аль болох өндөрлөг газрын дагуу явах;
3) Хийн аюултай орчинд амрах, хоол унд идэж уухгүй байх;
4) Худаг, нүх, траншей ба агуулах руу орохгүй байх;
5) Үйлдвэрийн орчинд ил гал гаргахгүй байх;
6) Зөвшөөрөгдсөн цэгт тамхи татах.
5.8 Нисэх буудал ба нислэгийн зурвасын дагуу геодезийн
ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.8.1 Геодезийн ажил гүйцэтгэх үед онгоцны буудал, түүний талбай дээр аюулгүй ажиллах, аюулгүй хөдөлгөөний асуудлыг захиалагч байгууллага бүрэн хариуцна.
5.8.2 Аэродромын талбайд ойртох зам, нислэгийн зурвас, явган хүний зам дээр төв цэг суулгах, геодезийн ямар нэг ажлыг батлагдсан төсөлгүйгээр явуулахыг хориглоно.
5.8.3 Зайлшгүй шаардлага гарсан үед нислэгийн талбайд машиныг тусгай зөвшөөрлөөр нэвтрүүлэх ба энэ үед машины хурд 30 км/цаг-аас илүүгүй байна.
5.8.4 Бууж байгаа онгоц, нисдэг тэрэг давуу эрхтэй байх тул ямар нэгэн аюултай нөхцөл ажиглагдвал жолооч хурдаа хасах ба машиныг зогсооно..
5.8.5 Онгоцны буудал дээр түр ба удаан хугацаагаар ажиллаж буй хүмүүс дараахь зүйлүүдийг анхаарах ёстой. Үүнд:
1) Талбай дээр явганаар зорчихдоо зөвхөн явган хүний замаар явна. Замгүй бол зүүн талыг барьж явна;
2) Тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө;
3) Тээврийн хэрэгслийн урдуур хөндлөн гүйж гарч болохгүй;
4) Хаалттай тэмдэг бүхий орчинд нэвтрэхгүй байх;
5) Хөдөлгүүр нь ажиллаж буй онгоцны араас нь явахгүй байх.
5.8.6 Нисэх онгоцны зогсоолын талбай дээгүүр явганаар зорчихдоо түүний дагуу захаас нь 10 м-ээс холгүй зайнд явна.
5.8.7 Онгоцны буух зурвас дээгүүр явах шаардлага гарвал зөвхөн захаар нь явна. Зогсож байгаа онгоц ба нисдэг тэрэгт 10м-ээс илүү зайд ойртож болохгүй. Онгоц буух үед талбайгаас 10м-ээс илүү зайд холдоно.
5.9 Газар доорхи инженерийн шугам сүлжээний зураглал үйлдэх үеийн аюулгүй ажиллагаа
5.9.1 Аюул гарч болзошгүй объектод ажиллахдаа захиалагчаас олгодог нэвтрэх зөвшөөрлийг авсан байна. Нэвтрэх зөвшөөрлийг захиалагч ба гүйцэтгэгч нар гарын үсгээ зурж баталгаажуулна.
5.9.2 Ухсан нүхний орчинд хэмжилт, зураглал хийхээс өмнө түүний эргэн тойрныг хашиж, "Аюултай", "Геодезийн хэмжилт хийж байна" гэсэн анхааруулах тэмдэг байрлуулна.
5.9.3 Сувгийн хананы нуралтаас сэргийлэн ирмэгээс 2.5 м-ээс хол зайд багажийг байрлуулна.
5.9.4 Хүчдэл бүхий газарт шугам сүлжээг эрж хайхдаа машин техник, лоом, жоотуу зэрэг төмөр багажаар хүчтэй цохихыг хориглоно.
5.9.5 Худгийн тагийг онгойлгоод 20-30 минут болсны дараа худаг доторх шугам сүлжээг хэмжих, судлах ажлыг эхэлнэ.
5.9.6 Газрын гүнд хэмжилт хийхэд хөрснөөс ялгарах хорт хийн нөлөөлөлд өртөхөөс хамгаалж ажиллана.
5.9.7 Тоног төхөөрөмжийн хувьд өндөр даралт, доргио, чичиргээн, халуун хүйтний агшилт тэлэлтийн нөлөөлөл, хөдөлгөөний нөлөөлөлд өртөхөөс болгоомжлон ажиллана.
5.9.8 Газар доорх байгууламжийн ус, хүчил шүлттэй орчинд ажиллах тохиолдолд тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг ашиглана.
5.9.9 Газар доорхи шугам сүлжээнд ойрхон газар ухаж байгаа үед зөвхөн хүрз хэрэглэнэ. Лоом, жоотуу зэрэг зүйлээр ухахыг хориглоно.
5.9.10 Газар дээрхи шугам сүлжээг судлах, хэмжих ажлыг эхлэхийн өмнө худгийн тагийн хог, цас мөс, хальтиргааг цэвэрлэнэ.
5.9.11 Худгийн тагийг уртаараа 50 см, диаметр нь 10 мм-ээс багагүй тусгай дэгээ ашиглаж онгойлгоно.
5.9.12 Худаг, люк, камерийг агаарын урсгал ба салхины дээд талаас нь эхэлж онгойлгоно. Тээврийн хэрэгсэл ирэх чиглэлд худгаас 3 м зайд "Аюултай" гэсэн тэмдэг байрлуулна.
5.9.13 Худаг, камерт орохоос өмнө зориулалтын багажаар хорт хий байгаа эсэхийг шалгасны дараа орно. Шүдэнз зурах, бамбар асаах зэргээр ил гал гаргаж хийг шалгахыг хориглоно.
5.9.14 Хийн шинжилгээг тусгайлан мэргэшсэн ажилтан багаж ашиглан шалгана.
5.9.15 Хийн хоолой, цахилгааны хүчдэлийн кабель, хотын холбооны шугамыг зураглах үед заавал ашиглалтын байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.
5.9.16 Газ эсэргүүцэгч хэрэглэж ажиллаж буй үед 20 минут тутамд гарч, 10 минут амарч, эрүүл агаараар амьсгалах ба хонгил дотор амрах, тамхи татахыг хориглоно.
5.9.17 Хонгил доторх цахилгаан ба холбооны кабель, хий дамжуулах ба өндөр даралтын дамжуулах хоолойг металл багажаар цохиж болохгүй.
5.9.18 Шөнийн цагаар, дуу цахилгаантай бороотой үед худаг ба хонгил дотор ажиллахыг хориглоно.
5.9.19 Газар доорхи шугам сүлжээг хайгч багаж ажиллуулах үед ашиглалтын байгууллагаас төлөөлөгч байлцуулах ба хүчдэлийн сүлжээг салгана.
5.9.20 Цахилгааны шугамыг зураглахдаа хүчдлийг залгах хэсэгт "Залгаж болохгүй хүн ажиллаж байна" гэсэн тэмдэглэгээ сануулга байрлуулна.
5.9.21 Газар доорх байгууламж, шугам сүлжээ байрласан бүсэд газар шорооны ажил хийхэд ажлын удирдагч томилно. Энэ ажлыг газар доорх байгууламж ба шугам сүлжээг хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэнэ. Зөвшөөрлийн бичигт газар доорх байгууламж, шугам сүлжээний байршил ба гүний хэмжээг заасан план зураг хавсаргана.
5.9.22 План зурагт тусгаагүй кабель, шугам хоолой, газар доорх байгууламж, байлдааны хэрэгсэл илэрвэл даруй холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл автал газар шорооны ажлыг түр зогсооно
5.9.23 Кабелийн трассаас 5м дотор цохилтын ажиллагаатай машин механизм хэрэглэхийг хориглоно.
5.9.24 Кабелийн трассаас 1 метрээс дотогш газар энэхүү кабелийг ухахаас бусад тохиолдолд газар ухагч машин, механизмаар ажил гүйцэтгэхийг хориглоно.
5.9.25 Кабелийн эгц дээр нь газар ухах машин, хийн шахуургатай багаж, лоом, царил, жоотуугаар тухайн кабель шугамын дээр 30 см зузаан хөрс үлдээхээр гүнд газар ухахыг зөвшөөрөх ба үлдсэн газрыг зөвхөн хүрзээр ухна.
5.9.26 Өвлийн улиралд ухах газрыг гэсгээх үед дулааны эх үүсвэрийг кабельд 15 см-ээс дотогш ойртуулахыг хориглоно.
5.9.27 Хүчил ба шүлттэй ажиллахад шаардлагатай тусгай зориулалтын хувцас (хүчилд бүдүүн ноосон, шүлтэнд хөвөн даавуун эдлэлээр хийсэн), резинэн гутал, эсвэл шаахай, резинэн хормогч, резинэн бээлий өмсөж, нүдний хамгаалах шил зүүнэ.
5.9.28 Худгийг онгойлгохдоо оч үүсгэдэггүй багаж, хэрэгсэл ашиглах ба таглааг нээлхийн амсарт цохихгүй байвал зохино. Нээлттэй худгийн амсарт анхааруулах тэмдэг, хаалт хашилт тавина.
5.9.29 Зориулалтын татлага бүхий хамгаалалтын бүстэй хүн худаг дотор ганцаараа ажил гүйцэтгэж болно. Татлагын үзүүрийг худагны гадна талд нөгөө ажилтан нь барьж, шаардлагатай тохиолдолд ажилтныг татаж гаргахад бэлэн байна.
5.9.30 Худаг дотор паяльник асаах, шатамхай хийтэй баллон байрлуулах, гагнуур хийхийг хориглоно.
5.9.31 Ил галаар ажиллахад галын дөлний тархалтыг галд тэсвэртэй хавтангуудаар хязгаарлаж гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
5.9.32 Хонгилд кабелийн ажилд ажиллах үед түүний доторх галаас хамгаалах тоноглолыг автомат ажиллагаанаас алсын удирдлагад шилжүүлээд автомат ажиллагааны залгуурын удирдлагын түлхүүр дээр "Бүү залга! Хүмүүс ажиллаж байна" гэсэн плакат өлгөнө.
5.9.33 Худаг, коллектор, хонгил дотор болон онгорхой нээлхийн амнаас 5 метрээс дотогш зайд тамхи татахыг хориглоно.
5.9.34 Худаг, коллектор ба хонгил дотор аюулт хий бий болсныг илрүүлмэгц бүх ажлыг нэн даруй зогсоож, хий бий болсон шалтгааныг илрүүлэн зөрчлийг арилгаж дуустал ажиллагсадыг аюултай бүсээс холдуулна.
5.9.35 Худаг, туннель дотор ажлын байрыг 12В-ын гэрэл, эсвэл тэсрэлтээс хамгаалалттай аккумляторын чийдэнгээр гэрэлтүүлнэ. Гэрэлтүүлгийн тэжээлийн трансформаторыг худгийн гадна байрлуулна.
5.9.36 Шугам, хоолой хайгч багажийн генераторыг ажиллуулах үед цахилгаан тоног төхөөрөмж ашиглах техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална.
5.9.37 Газар доорх шугам сүлжээний эрэл хайгуулын үед 0.5 А хувьсах цахилгаан гүйдлийг ашигладаг. 0.03 А хүртэл хувьсах цахилгаан гүйдлийг хүнд аюулгүй, 0.03-0.1А хүртэл хэмжээний гүйдлийг хүнд аюултай ухаан алдуулах хэмжээнд хүргэдэг, 0.1А ба түүнээс илүү хүчтэй гүйдлийг үхэлд хүргэх аюултай гэж үзэж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллана.
5.9.38 Газар доорх шугам сүлжээг эрэгч, хайгч багажаар ажиллаж байгаа үед цахилгааны сүлжээнд бүрэн угсарч шалгасны дараа генераторыг асаана. Генераторыг унтраалгүй цахилгааны сүлжээнд ямар нэгэн угсралт хийхийг хориглоно.
5.9.39 Генераторийг хайгч төхөөрөмж болон газардуулагчтай холбосон утас нь бүрэн, гадуураа тусгаарлагчтай байна. Холбогч утаснуудын төгсгөлд генератор болон газардуулагчтай холбоход тохирсон залгууртай байна. Хайгч төхөөрөмжийг генератортай холбосон утас нь соронзон залгууртай байна.
5.9.40 Генератор ба газардуулагчийн ажиллагааг хянах үүрэгтэй ажилтныг томилох ба ажиллаж байх үед гадны хүнийг ойртуулахгүй, хамгаалалт хийсэн байна. Генератор болон газардуулагчийн дэргэд "Хүчдэлтэй" гэсэн анхааруулга самбар байрлуулна.
5.9.41 Генератор ажиллаж байх үед багажийн гүйдэл гүйж байгаа хэсэгт болон хайж буй шугам сүлжээнд гараар хүрэхийг хориглоно.
5.9.42 Хүчдэл ирж байгаа эсэхийг шалгахад хяналтын тусгай төхөөрөмж ашиглана.
5.9.43 Бороо орох үед эрэл хайгуулын ажлыг зогсооно.
5.9.44 Ажил дууссаны дараа генератор болон хүлээн авагч төхөөрөмжийг бүрэн унтрааж, хайрцаг саванд зохих журмын дагуу хийнэ.
5.9.45 Онгорхой худагт хүн ойртохоос сэргийлж, хяналт тавина. Ажил дууссаны дараа худгийн тагийг сайтар таглана.
5.9.46 Худаг дотор ажиллаж буй ажилтанд дохио өгсний дараа багаж болон бусад зүйлийг олсоор буулгаж өгнө.
5.9.47 Ус, дулаан хангамж, ариутгах татуургын сүлжээ, үерийн ус, дулаан хангамж, ариутгах татуургын сүлжээ, үерийн усны байгууламжийн шугам хоолойг шуудууг ухаж хайх, зураглал үйлдэх үед ашиглагч байгууллагын төлөөлөгчийг заавал байлцуулна.
5.10 Ил уурхайд геодезийн хэмжилт, зураглалын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.10.1 Ил уурхайд хийгдэх геодезийн ажлын төслийг уурхайн удирдлагад танилцуулж, ажиллах зөвшөөрөл авна.
5.10.2 Ил уурхайд хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажил нь уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагаа хариуцсан ажилтны хяналт дор явагдана.
5.10.3 Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагаа хариуцсан ажилтан нь уурхайд ажиллах бригадын гишүүдэд өдөр бүр аюулгүй ажиллагааны заавар өгч, наряд бичнэ. Ажил дууссны дараа ажилтан нарядыг хаалгана.
5.10.4 Ил уурхайд тэсэлгээ хийх үед геодезийн хэмжилтийн ажлыг гүйцэтгэж буй бригадын гишүүд "Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг баримтлана.
5.10.5 Ил уурхайд тэсэлгээ хийх хуваарьтай нарийн танилцаж, тэсэлгээний ажил эхлэх ба дуусах үеийн дуут ба гэрлэн дохионы утга учир, түүний дагуу авах арга хэмжээний талаар бүх ажилтанд сайтар таниулсан байна.
5.10.6 Тэсэлгээний аюултай бүсийн хязгаар хүртэл мэдэгдэхүйц дуут ба гэрлэн дохио өгөх үед ажлын талбайг нэн даруй чөлөөлнө.
5.10.7 Ил уурхайн карьерын зураглал хийх үед амсраас 2,5м-ээс багагүй зайд багажийг байрлуулна.
5.10.8 Карьерийн амсраас 1 м-ээс багагүй зайд пикет авна. Нуралт үүсэж болзошгүй хэсгээр явахыг хориглоно. Энэ хэсгийн зураглалыг аналитик аргаар хийнэ.
5.10.9 Карьерын ёроолыг зураглах үед мөргөцгийн налуу зөвшөөрөгдөх хэмжээнээс их бол ёроолд тулж очихыг хориглоно.
5.10.10 Туузан конвейер ажиллаж байх үед түүний дэргэд геодезийн хэмжилтийн ажил хийхийг хориглоно.
5.10.11 Шөнийн цагаар, гэрэлтүүлэггүй орчинд уурхайн замаар явахыг хориглоно.
5.10.12 Догол мөрөгцгийн дор, тээврийн хэрэгслийн зам дээр амарч саатахыг хориглоно.
5.10.13 Хүн, машин механизм унаж болох аюул бүхий догол, мөрөгцгийн ирмэг, уулын малталт, нурал руу орох замыг далан, хаалтаар хаах буюу анхааруулах тэмдэг тавихаас гадна шөнийн цагт гэрэлтүүлсэн байна. Тэсэлгээний цооног болон ус шүрших зориулалтын уулын босоо, налуу малталт, цооног, усан сан зэрэг нь таглаа, хаалт, хамгаалалттай байна.
5.10.14 Ил уурхайд явган хүн зорчиход зориулж тусгайлан зам зассан байна. Авто болон төмөр зам, тэдгээрийн уулзвар, гүүр, гарам дээр анхааруулах, заах дохио, тэмдэг тавьж, харанхуй үед гэрэлтүүлсэн байна.
5.10.15 Ажлын байр, зам, гарам нь хүн чөлөөтэй зорчиход саадгүй, гэнэтийн аюул ослын үед хүн, машин техникийг яаралтай зайлуулах боломжтой байна.
5.10.16 Ажлын байр хүртэлх зай нь 2,5 км-ээс дээш буюу уурхайн гүн 100 м-ээс ихэссэн үед ажилтнуудыг зориулалтын тээврийн хэрэгслээр зөөвөрлөнө.
5.10.17 Өөрөө буулгагч автомашин, вагоны тэвш, тэргэнцэр, конвейер дээр болон зориулалтын бус ачааны дүүжинд сууж явахыг хориглоно.
5.10.18 Ил уурхайн нэг доголоос нөгөө догол руу хүн гарч буухад зориулж 0,8 м-ээс доошгүй өргөнтэй, 2 талдаа бариултай бат бэх шат, эсвэл 45°-ээс илүүгүй налуутай гарц гаргасан байна.
5.10.19 Доголын дагуу байрлуулсан шат гармуудын хоорондын зай нь 500 м-ээс хэтрэхгүй байвал зохино.
5.10.20 Туузан конвейер дээгүүр гарахдаа зөвхөн хүн гарахад зориулсан хашлагатай гүүрэн шат ашиглахыг зөвшөөрнө. Харин доогуур нь гарах зам, гарам бүхий конвейерын хэсгүүд нь туузнаас шавар чулуу унахаас хамгаалсан тавцан, хашлагатай байна.
5.10.21 "Саравч" үүссэн буюу чулуу, хөлдүүс нурах, догол мөрөгцгийн хана ирмэг гулсах зэрэг аюул бүхий хэсэгт уг аюулыг арилгасны дараа ажиллахыг зөвшөөрнө. Догол мөрөгцгийн саравч нураж гулсах аюултай хэсгийг тухайн үед арилгах боломжгүй бол ажлыг зогсоож, хориглох тэмдэг, санамж тавина.
5.10.22 Овоолго дээр машин механизм ажиллаж, шороо асгаж, түрж байгаа үед геодезийн хэмжилт хийхийг хориглоно.
5.10.23 Үйлдвэрлэлийн ба техникийн усан хоолойноос ундааны ус авахыг хориглоно. Ажлын байрны ойролцоо ундааны усны оргилуур бүхий цорго, эсвэл ундны усны тусгай сав байлгах буюу ажилтан бүрд хувийн ундны усны сав өгнө.
5.10.24 Ажилтнууд үйлдвэрийн талбай, цех, хэсэг дундуур зөвхөн зориулагдсан зам, шат, талбайгаар явах ба элдэв хоолой, хаалт, хашлага, ховил, бусад тоног төхөөрөмж дээгүүр явахыг хориглоно.
5.10.25 Үйлчилгээнд байгаа бүх төрлийн талбай, явуулын гүүр, шатнууд бат бөх хийгдсэн байхаас гадна 1 м-ээс багагүй өндөртэй хашлагатай байна. Хашлаганы доод талаас 0,14м өндөрт хөндлөвч буюу битүү хаалт хийгдсэн байна. Ажлын талбай 0,3 м-ээс дээш өндөрт байвал хашлага хийж хамгаалсан байхаас гадна шат заавал байна.
5.10.26 Ажлын байранд агаарын тоос хорт хийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх, тэсрэх аюултай нөхцөл бий болсон үед ажлыг шууд зогсоож, аюулгүй газарт очино.
5.10.27 Өрмийн машины ажиллаж байх үед түүнд 5 м хүртэл зайд ойртохыг хориглоно.
5.10.28 Өрмийн цамхагийг өргөх буюу буулгах үед түүний урд ба хойно нь зогсохыг хориглоно.
5.11 Далд уурхайд геодезийн хэмжилт, зураглалын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.11.1 Далд уурхайд геодезийн хэмжилт, зураглалын ажил гүйцэтгэх бригадын гишүүн бүр далд уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөх үүрэгтэй.
5.11.2 Уурхайг байгуулах болон ашиглалтын үеийн аюул ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаатай холбоотой ажил үйлчилгээнд уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан байгууллага хяналт тавьж ажиллана.
5.11.3 Уурхайд ажиллахаар томилолтоор ирж байгаа геодезийн ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамруулан, шалгалт авч ажлыг эхлүүлнэ.
5.11.4 Далд уурхайд ажиллаж байгаа геодезийн ажилтнуудын аюулгүй ажиллагааг уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагаа хариуцсан ажилтан хариуцна.
5.11.5 Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагаа хариуцсан ажилтан нь өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааврыг нийт ажилтнуудад танилцуулж, гарын үсэг зуруулах ба хүн бүрийг бүртгэж, тухайн ажилтныг таних шошго гардуулна. Ажилтан нь далд уурхайд орохдоо шошгыг үүдэнд өлгөж, гарахдаа зөвхөн өөрийнхийг авна.
5.11.6 Нийт ажилтнуудад нөөц гарах гарцыг танилцуулна.
5.11.7 Малталт, тэдгээрийн уулзвар бүрд уурхайгаас гадагш гарах чиглэл, зайг заасан гэрэлтдэг тэмдэг байрлуулсан байна.
5.11.8 Уурхайд ажилтан бүрд олгосон өөрийгөө аврах багийг биедээ авч явна. Баг ашиглах шалгалтыг өгсөн байна. Ажилтан бүр уурхайд орохдоо багны бүрэн бүтэн байдалд биечлэн үзлэг хийнэ.
5.11.9 Газрын дээрх болон доорх геодезийн хэмжилтийн ажлыг бригадын ахлагч удирдана.
5.11.10 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байр/мөргөцөг/-нд уг зөрчлийг арилгахаас нааш геодезийн ажил хийж болохгүй.
5.11.11 Ажлын байр нь аюулгүй байдлыг хангасан эсэхийг ажилтан ажил эхлэхийн өмнө шалгана.
5.11.12 Ажилтан илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг нэн даруй авах ёстой ба зөрчлийг арилгах боломжгүй бол ажлаа зогсоож, аюулгүй газар гарч, удирдлагад мэдэгдэх ёстой.
5.11.13 Ашиглахгүй байгаа босоо, налуу малталт бүрийг дээр доороос нь таглана. Ийм малталтыг агааржуулалтад ашиглах бол малталт руу ажилтан унахаас сэргийлсэн найдвартай хаалт буюу төмөр тороор таглана.
5.11.14 Газрын гадаргууд гарсан малталтын амсарт найдвартай хаалт эсвэл хашлага хийсэн байх ёстой.
5.11.15 Уурхайн дэвсгэр, түүний орчинд мансууруулах бодис болон согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байлгах, оруулахыг хориглоно.
5.11.16 Хий, тоосны аюултай уурхай, түүний дээрх барилга байгууламж, агааржуулах төхөөрөмжийн сорох хоолойн амнаас 30 м-ийн дотор ил гал гаргахыг хориглоно.
5.12 Нуур, усан сан, гол мөрний орчинд геодезийн ажил явуулах үеийн аюулгүй ажиллагаа
5.12.1 Завь, бага оврын усан онгоц хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
5.12.1.1 Завь, бага оврын усан онгоцны бүрэн бүтэн байдал, ажиллагааны талаар мэргэжлийн байгууллага зохих үзлэгийг хийж, акт гаргаж өгнө.
5.12.1.2 Сэлүүрт зав хэрэглэх үед тэр нь тогтвортой, займчаагүй байна.
5.12.1.3 Моторт завь хэрэглэх үед заавал сэлүүр авч явна. Мотортой завийг тусгай зөвшөөрөлтэй хүн жолоодно.
5.12.1.4 Завины толгой хэсэгт ачаа ачихыг хориглоно.Завины хашлагаас дээш 20-25см-ээс илүүгүй өндөрт ачаа ачиж болно. Ачааны даацыг хэтрүүлж болохгүй.
5.12.1.5 Тогтуун үед завины хашлага уснаас дээш 20 см, салхитай үед 30см-ээс багагүй өндөрт байна.
5.12.1.6 Завинд хүмүүсийг суулгах, буулгах үед түүнийг голын эргийн дагуу зогсоол дээр байрлуулна.
5.12.1.7 Резин болон хийдэг завийг тогтуун урсгалтай голд ашиглана.
5.12.1.8 Мотортой завиар зорчих үед огцом эргэлт хийж болохгүй. Давалгаа ирвэл хурдаа хасаж, завины хамрыг давалгаанд эгц байрлуулна.
5.12.1.9 Хүрхрээтэй, уналт болон саад ихтэй газарт туршлагатай хүн залуур дээр сууж сэлүүрдэнэ.
5.12.1.10 Завин дээрээс ус руу үсэрч орох, завин дээр босч зогсох, хонохыг хориглоно.
5.12.1.11 Усан онгоц болон том оврын завь зөрөх үед давалгаанд цохиулахаас сэрэмжлэнэ.
5.12.1.12 Завины мотор найдвартай, сайн ажиллагаатай, харанхуйд гэрэлтүүлэгтэй байна.
5.12.1.13 Завийг аргамжсан олс хөл, гаранд орооцолдож татуулахаас болгоомжилно.
5.12.2 Нуур, усан сан, гол мөрний орчимд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
5.12.2.1 Усан сангийн орчинд, түүний мандал дээр болон гүнийг хэмжих ус зүйн хэмжил, геодезийн зураглалын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны зааврыг усанд уусахгүй будгаар бичиж, хүнд үзэгдэх газарт байрлуулна.
5.12.2.2 Хэмжилт, зураглалын ажлыг 3 баллаас илүү салхитай үед гүйцэтгэхийг хориглоно.
5.12.2.3 Усны гүнийг хэмжихэд 3 м хүртэл гүнтэй бол шургаагаар шууд хэмжиж болно. Харин 20 м хүртэл гүнд гар ачаа бүхий оосор (лоток), 20м-ээс гүн бол эхолот ашиглана.
5.12.2.4 Геодезийн хэмжилт, чиглүүлгийн ажил хийх үед дор дурдсан аюулгүй ажиллагааг баримтана. Үүнд:
1) Хөвүүр тэмдэг, түүний аргамжааг эхлээд бэлдэнэ;
2) Цаг агаарын тогтуун үед усан онгоцыг зогсоогоод, эхлээд аргамжааг, дараа нь хөвүүрийг буулгана.
5.12.2.5 Хэмжилт хийж байгаа хүн аврах хантааз заавал өмссөн байна.
5.12.2.6 Тэнгэр муудаж эхэлвэл даруй эрэг рүү гарна.
5.12.2.7 Голын урсгал 1,5м/с-ээс ихгүй бол сэлүүртэй завь, 1,5-2,5м/с бол тросс татаж, түүнд бэхэлсэн завь, салыг хэрэглэж болно.
5.12.2.8 Усны гүнийг хэмжиж байгаа хүн завины урд хэсэгт ажиллана.
6. АГААРЫН ЗУРАГЛАЛ ҮЙЛДЭХ, БОЛОВСРУУЛАХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
6.1 Онгоц, нисдэг тэрэг хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
6.1.1 Фотограмметрийн багаж, тоног төхөөрөмжийг онгоцон дээр иргэний нисэхийн мэргэжилтнүүд, агаарын зураглалын инженертэй хамтран суурилуулна. Үүний дараа туршилтын нислэг хийж шалгана.
6.1.2 Нислэгийн ажилд оролцох мэргэжилтнүүд заавал эмчийн үзлэгт орсон байна. Эрүүл мэндийн үзлэгт ороогүй болон үзлэгээр тэнцээгүй хүмүүсийг нисэхийг хориглоно.
6.1.3 Агаарын зураглалын ажил гүйцэтгэж байгаа инженерүүд онгоцны буудал, нисэх зурвас дээр ба нислэгийн үед баримтлах аюулгүй ажиллагаатай заавартай танилцаж, түүнийг баримталж ажиллана.
6.1.4 Нисэх онгоц, нисдэг тэргийн хөдөлгүүрийг зогсоосны дараа мэргэжилтнүүдийг суулгах, буулгах, багаж төхөрөөмж, ачаа тээшийг ачих, буулгах ажил хийгдэнэ.
6.1.5 Нисэх, буух үед хүн болон ачаа тээшийг онгоцноос 50 м-ээс багаүй зайд байрлуулна.
6.1.6 Нисгэгчээс өөр хүн онгоцны хаалга онгойлгох, хаахыг хориглоно.
6.1.7 Онгоцны мотор унтарч, сэнх зогсохоос өмнө түүнд 50 м хүртэл зайнд ойртохыг хориглоно.
6.1.8 Онгоцны буудал, нисэх зурваст тамхи татахыг хориглоно.
6.1.9 Зөвшөөрөлгүй болон даац хэтрүүлэн хүн суулгах, ачаа ачихыг хориглоно.
6.1.10 Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг онгоцоор тээвэрлэхийг хориглоно.
6.2 Нисгэгчгүй нисэх төхөөрөмж хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
6.2.1 Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ажилд бэлдэхдээ тэжээлийг хамгийн сүүлд залгана.
6.2.2 Хээрийн хэмжилтийн ажилд бэлтгэх үед дор дурдсан шаардлагуудыг биелүүлж ажиллана. Үүнд:
1) Ажлын талбайд өөр нисэх биет болон саад болох биет байгаа эсэхийг шалгах;
2) Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн далавч, их биеийн хийц эвдрэл, гэмтэлгүй байх;
3) Хөөргөх тавцан чөлөөтэй байх;
4) Үйлдвэрлэгчээс гаргасан тохиромжтой нөхцөл (температур 15оС, агаарын даралт 1013.25 hPa, агаарын чийгшил 0%, агаарын нягт 1.225 kg/m³)-ийг сайтар харгалзах;
5) Камерыг их биед хөдөлгөөнгүй суулгаж, бэхэлсэн байх.
6.2.3 Нислэгийг удирдах үед дор дурдсан шаардлагуудыг биелүүлнэ. Үүнд:
1) Цаг уурын нөхцөл өөрчлөгдөж байгаа эсэхийг оператор байнга хянаж байх;
2) Ажлын талбайд гадны нисэх биет орж ирсэн эсэхийг хянах;
3) Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тэжээлийн хэмжээг хянах ба 15%-иас доош орсон бол газардуулах арга хэмжээ авах;
4) Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн газраас удирдах хяналтын дэлгэцэнд байрлал нь харагдаж байгаа эсэх;
5) Холболтын сигналын хүч, хэмжилт хийж байх үеийн GNSS-ийн хиймэл дагуулын тоо, онгоцны хурдны дээд хэмжээ зэргийг зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх;
6) Төлөвлөсөн нислэгийн болон бодит өндрийн харьцаа 30% ба түүнээс бага байх.
6.2.4 Нислэгийг газраас удирдах боломжгүй болсон үед хараанаас алдахгүй байвал зохино.
6.2.5 Нислэгийг дуусгаж нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг газардуулахдаа гол, тогтоол ус зэргээс аль болох хол газардуулна.
6.2.6 Хот суурин газарт зураглалыг нисэгчгүй нисэх төхөөрөмжөөр хийх үед зохих байгууллагын зөвшөөрлийг авсан байна.
6.2.7 Нисэгчгүй нисэх төхөөрөмжийг нисэх буудал болон онгоц буух хөөрөх замналын чиглэлд хөөргөхийг хориглоно. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ талаараа нисэх буудлын аюулгүйн албанд заавал мэдэгдэж зөвшөөрөл авна.
6.3 Стереофотограмметрийн боловсруулалтын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
6.3.1 Стереофотограмметрийн боловсруулалтын ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан өрөө тасалгаанд явуулна. Ажлын байрны орчны эрүүл ахуй нь MNS 4990:2000 стандартад заасан хэмжээнд байна.
6.3.2 Үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ба туслах байрны өрөө тасалгааны гэрэлтүүлэг MNS 4996:2000 стандартын шаардлагад нийцсэн байна. Гэрэлтүүлэг нь ажлын байрны талбарт жигд тархсан, гялбалт үүсгэхгүй байх шаардлагатай ба гэрэлтүүлэгчийн үүсвэрийг тогтмол хугацаанд цэвэрлэж байна.
6.3.3 Ажлын байрны дуу шуугианы хэмжээ нь MNS 5002:2000 стандартад заасан шаардлагыг хангасан байна. Дуу шуугиантай тоног төхөөрөмжийн зөөлөвч жийрэг, битүүмжлэлийг тогтмол шалгаж, засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.
6.3.4 Ажлын байрны тоос, химийн бодисын тархалт, ууршилтын хэмжээ нь MNS 4990:2000 стандартад заасан хэмжээнд байна. Тоос, химийн бодис тархахаас сэргийлэн салхивчийн ерөнхий ба хэсгийн системийг ажиллуулах, агаарыг чийглэх, битүүмжлэх арга хэмжээ авна. Хортой бодисыг тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах үед аюулгүй байдлыг хангаж, ил задгай орхих, хаяггүй саванд хадгалахыг хориглоно.
6.3.5 Ажиллагсдын ахуйн байр нь /түр амрах, хувцас солих, бие засах, усанд орох г.м/ тусгайлан төхөөрөмжилсөн, ариун цэвэр, эрүүл ахуйн норм стандартыг хангасан байна.
6.3.6 Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажиллагсдад мэргэжлийн төв байгууллагаас батлагдсан тушаал, журмын дагуу хор саармагжуулах бүтээгдэхүүн олгоно.
6.3.7 Ажилтныг ажилд шинээр авах, ажиллах явцад эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт хамруулна.
6.3.8 Салбар нэгжид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сан, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулах хэсгийг ажиллуулж, тоног төхөөрөмж, эмчилгээний материалаар хангасан байна.
6.3.9 Ажлын байранд, зөвшөөрөгдсөнөөс бусад газарт хооллох буюу тамхи татахыг хориглоно.
6.3.10 Ажлын байрны гэрэлтүүлэг, дуу шуугиан, агаарын чийглэг, дулаан зэргийг тусгай багажаар хэмжилт хийж, эрсдлийн хяналтын системийн картанд хөтлөлт хийсэн байна.
6.3.11 Стереохос дээр ажиллаж байгаа хүний араас буюу баруун талаас байгалийн гэрэл тусаж байх ёстой.
6.3.12 Стереохос дээр ажиллаж байгаа хүн өөрийн нүдний рефракцад тохирсон окуляр хийж ажиллана.
6.3.13 Стереофотограмметрийн багажийг засварлах болон эд ангиудыг нь тусгай шингэнээр арчиж цэвэрлэхдээ тусгайлан тоноглосон тасалгаанд гүйцэтгэнэ.
6.3.14 Стереофотограмметрийн хэмжилт боловсруулалтын ажилд хэрэглэж байгаа фото материалууд сайн чанарын байх ба түүн дээр дүрслэгдэж байгаа элементүүд ажиллаж байгаа хүнд хүндрэл учруулахааргүй тодорхой үзэгдэхээр байна.
7. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
7.1 Ердийн хөсөг хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
7.1.1 Тээврийн ажилд хэрэглэх амьтан нь халдварт өвчингүй байна.
7.1.2 Тээврийн ажилд орон нутгийн буюу тухайн нутагт идээшсэн уналга, тээвэрт сургасан амьтныг ашиглана.
7.1.3 Жолооч, хөтөчөөр ажиллах хүн туршлагатай байхаас гадна мал, амьтныг идүүлж арчлах (эмчлэх) чадвартай байна.
7.1.4 Ердийн хөсөг хэрэглэх үед чингэлэг, мухлаг ашиглахыг хориглоно.
7.1.5 Ердийн хөсөгт ачаа ачихаар бол татлагыг сайн хийх хэрэгтэй. Ялангуяа, яндан, шургааг, шатах шингэн бүхий савыг анхаарал болгоомжтой авч явна.
7.1.6 Моринд ачих ачааны жин энгийн үед 75 кг-аас, хүндрэлтэй нөхцөлд 60 кг-аас илүүгүй байна. Морины 2 талын тэгнээ ачааны жинг тэнцвэртэй ачна.
7.1.7 Тэгнэсэн ачаан дээр сууж явахыг хориглоно.
7.1.8 Тэрэг, чаргаар явахад хувцас, бүс тэрэгний дугуйд орооцолдох, чарганы уланд дарагдахаас сэрэмжлэнэ.
7.1.9 Нарийн жим, хуучин модон гүүр, намаг зэргийг гатлах үед адуу малыг хооронд нь холбон уяж болохгүй.
7.1.10 Унаж яваа морийг заавал хазаарласан байна.
7.1.11 Машины замын дагуу ердийн хөсгөөр зорчихдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, баруун талыг барьж явна.
7.1.12 Төв суурин газар мориор явах шаардлага гарвал замын хөдөлгөөний дүрмийг баримтлана.
7.1.13 Унаж яваа морийг замын дэргэд уяж орхихыг хориглоно.
7.1.14 Налуу ихтэй газраар тэргээр зорчих үед анхаарал болгоомжтой явна. Тэрэгний дугуй жалга, хавцлын ирмэгээс 1м-ээс багагүй зайд өнгөрөх газраар явж болно.
7.1.15 Морь унаж явахад гэнэт морь үргэвэл дөрөөнөөс хөлөө мултлах хэрэгтэй
7.1.16 Намрын улиралд хужир марзтай газар зорчих үед бамбалзуур байхаас сэргийлж явна.
7.2 Авто тээврийн хэрэгсэл хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
7.2.1 Тээврийн хэрэгсэл ашиглах үед "Замын хөдөлгөөний дүрэм"-ийг баримтална.
7.2.2 Тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны, эрүүл мэндийн үзлэгт орсон, жолооны эрхтэй хүн жолоодох ба ядарсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үед машин жолоодохыг хориглоно.
7.2.3 Жолооч хээрийн замд ээлжгүйгээр өдөрт 10 цагаас илүү болон шөнийн цагаар зорчигч тээвэрлэн явахыг хориглоно.
7.2.4 Хээрийн замд гарч байгаа жолооч авто замын сүлжээний зураг, аялалын GPS авч явна.
7.2.5 Хоёр буюу түүнээс дээш машин явуулсан тохиолдолд ахмад, туршлагатай нэгийг нь цувааны ахлагчаар томилно.
7.2.6 Авто тээврийн хэрэгсэлийг бүрэн зогсоож, моторыг унтраасны дараа суух, буух үйлдлийг хийнэ.
7.2.7 Үйлдвэрийн орчинд замын тэмдгийн дагуу схемд заасан маршрутаар зорчих ба зориулалтын зогсоол дээр машинаа байрлуулна.
7.2.8 Машиныг түлшний задгай агуулахаас 20 м-ээс багагүй зайд байрлуулна.
7.2.9 Үйлдвэрийн талбай дээр зорчих хурд 10 км/цагаас, үйлдвэрийн байшин дотор 5 км/цагаас илүүгүй байна.
7.2.10 Автомашинд суудлын тоогоор хүн суулгана. Жолооч болон зорчигчид аюулгүй бүсийг заавал зүүнэ.
7.2.11 Автомашины даацыг хэтрүүлэн ачаа ачих, тэвш дээр хүн суулгаж тээвэрлэхийг хориглоно.
7.2.12 Машины хөдөлгүүр ажиллаж байгаа үед кабин дотор буюу тэвшин дээр амрах, унтахыг хориглоно.
7.2.13 Таван минутаас илүү хугацаагаар зогсох үед машины хөдөлгүүрийг заавал унтраана.
7.2.14 Хээрийн ажилд явах машины эд анги бүрэн бүтэн, обуд дугуй чанартай, тормос сайн барьдаг, запас дугуй хийтэй байх ёстой.
7.2.15 Нуранги ихтэй газар машины дугуй эргээс 1м-ээс багагүй зайнд байна.
7.2.16 Хүчтэй үйлчилгээтэй, хортой, ууршимтгай зэрэг аюултай ачааг тусгай зөвшөөрлийн дагуу, зохих шаардлагыг хангаж тээвэрлэнэ.
7.2.17 Өвлийн улиралд хальтиргаатай зам дээр зорчих үед өвлийн дугуйтай байхаас гадна гинж болон бусад хальтирахаас хамгаалах хэрэгсэл авч явна.
7.2.18 Гүүрэн доогуур гарахдаа машины овор хэмжээ, гүүрний доорх хэмжээтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
7.2.19 Хөдөлгүүр ажиллаж байгаа машин, механизмыг эзэнгүй орхиж явахыг хориглоно.
7.2.20 Хөдөө хээрийн нөхцөлд ажиллаж байгаа машин найдвартай түгжээтэй байна.
7.2.21 Машиныг ашиглалтын зааврын дагуу, өвлийн түлш, тослох материал ба шингэнээр цэнэглэнэ.
7.2.22 Машины радиотор, түлш ба тос дамжуулах хоолой, редукторыг гэсгээхийн тулд ил гал (бамбар, гагнуурын дэн ба бусад) хэрэглэхийг хориглоно.
8. СУУРИН БОЛОВСРУУЛАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
8.1 Ерөнхий шаардлага
8.1.1 Суурин боловсруулалтын ажлыг гүйцэтгэх ажилтан нь эрүүл мэндийн хувьд компьютер дээр ажиллах боломжтой, галын аюулгүй ажиллагааны зааварчлага авсан, цахилгаан хэрэгсэлтэй ажиллах мэдлэгтэй байна. Энэ талаар аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн байна.
8.1.2 Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг компьютер дээр ажиллуулахыг хориглоно.
8.1.3 Ажлын байрыг хонгилд ажиллуулахыг хориглоно.
8.1.4 Нэг ажилтны ажлын байрны талбай 6 кв.м-ээс, эзэлхүүн 20куб.м-ээс багагүй байна.
8.1.5 Ажлын байр нь байгалийн болон хиймэл гэрэлтүүлэгтэй байна. Байгалийн гэрэлтүүлэг цонхоор, гэрэлтүүлгийн коэффициент 1,5%-аас багагүй байна.
8.1.6 Ажлын ширээн дээрх гэрэлтүүлэг 300-500лк, компьютерийн дэлгэц дээрх гэрэлтүүлэг 300 лк-ээс багагүй байна.
8.1.7 Гэрэлтүүлэг хүний нүдэнд шууд тусахаар байж болохгүй. Нүдэнд шууд тусах гэрлийн хэмжээ 200 кд/кв.м-ээс ихгүй байна.
8.1.8 Хиймэл гэрэлтүүлэг хийх үед люминесцентэн лампыг хэрэглэнэ.
8.2 Химийн бодис, анхдагч материал хадгалах
8.2.1 Хуванцар, гэрэл зургийн төрөл бүрийн материал, химийн хор зэрэг шатамхай зүйлтэй харьцах галын аюулгүй байдлыг сахих,урьдчилан сэргийлэх тухай заавар, хамгаалах багаж хэрэгслийг ил байрлуулсан байна.
8.2.2 Химийн бодисуудыг тусгайлан бэлдсэн, шаардлага хангасан агуулахад хадгална.
8.2.3 Кислота, шатамхай, ууршимтгай зэрэг өөр өөр төрлийн материалуудыг нэг шүүгээнд хадгалахыг хориглоно.
8.2.4 Химийн материалыг тусгайлан гаргасан шаардлагын дагуу тээвэрлэдэг.
8.2.5 Химийн материал бүрийг хадгалах хэмжээ, сав, тээвэрлэх арга, хадгалах нөхцлийг заасан зааврыг ил наасан байна.
8.2.6 Агаарын зургийн негатив, позитив, пластинкуудыг тусгайлан бэлдсэн сейфэнд тодорхой температур, чийгшилтэй нөхцөлд хадгална.
8.2.7 Химийн шингэнийг тусгайлсан бэлтгэлгүйгээр нэг савнаас нөгөөд юүлэхийг хориглоно. Шлангаар сорж юүлж болохгүй.
8.3 Хэвлэлийн машин, хэвлэх төхөөрөмж хэрэглэх
үеийн аюулгүй ажиллагаа
8.3.1 Хэвлэлийн үйлдвэрт мөрдөж байгаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтална.
8.3.2 Ажлын байр цэвэр, тоног төхөөрөмжүүд бүрэн ажиллагаатай, эмх цэгцтэй байна.
8.3.3 Офсет хэвлэлийн олшруулах цехэд хөнгөн цагаан листүүд урагдсан, үзүүр гарч тасарсан байж болохгүй.
8.3.4 Хэв, өнхрүүшийг угааж арчих ажлыг бээлий өмсөж, тусгайлан бэлдсэн ширээ буюу угаалгын ванн дотор гүйцэтгэнэ.
8.3.5 Хэвлэх ажиллагаа явагдаж, бул эргэж байгаа үед цаас тэгшлэх, толийлгож хазайлгах, хэвэнд будаг түрхэх зэрэг үйлдэл хийхийг хориглоно.
8.3.6 Уусгагч болон бусад шингэн шингээсэн, будаг түрхэж байгаа материалуудыг аюултай хог хаягдлын битүү тагтай төмөр саванд хийж, тасалгаанаас гаргана.
8.3.7 Хэвлэх, олшруулах машин доголдох, хиншүү үнэртэх, холбох утаснууд халсан тохиолдолд машиныг унтрааж, удирдлагад болон холбогдох хүмүүст мэдэгдэж засуулах арга хэмжээ авна.
8.3.8 Хэвлэлийн тоног төхөөрөмжийг дур мэдэн засах, оролдохыг хориглоно.
8.4 Суурин компьютер дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
8.4.1 Компьютер суурилуулсан өрөөнд агаар чийгшүүлэгч ажиллуулна.
8.4.2 Компьютерээс 50 см-ийн радиуст цахилгаан соронзон орны хүчдэл нь 5 гц - 2 кГц давтамжид 25 В/м, 2 кгц-100 кГц давтамжид 2.5 В/м-ээс ихгүй байна.
8.4.3 Соронзон урсгалын нягт 5гц - 2кГц давтамжид 250 пТл, 2 кгц-400 кГц давтамжид - 25 пТл-ээс ихгүй байна.
8.4.4 Гадаргын цахилгаан потенциал нь 500 В-оос хэтрэхгүй байх ёстой.
8.4.5 Өрөөний агаарын температур өвөл 22-24 градус, зун 23-25 градус, харьцангуй чийгшил 60-40% байна.
8.4.6 Ажлын байрны дуу чимээний түвшин 50 дБА-ээс хэтрэхгүй байх ёстой.
8.4.7 Компьютерын видео дэлгэц хоорондын зай цуваа байрлалд 2.0м-ээс, зэрэгцээ байрлалд 1.2м-ээс багагүй байна.
8.4.8 Анхаарал их шаарддаг, ачаалал ихтэй ажлын байранд ажлын компьютерүүдийг 1.5 - 2.0 м өндөртэй хаалтаар тусгаарлана.
8.4.9 Холбох төхөөрөмжийн залгуур болон сэрээ нь гурван шүдтэй байна.
8.4.10 Компьютерын сандал нь ажил гүйцэтгэхэд тохиромжтой байхаас гадна түшлэг нь хагас зөөлөн, агаар нэвтрүүлдэг, цахилгаанждаггүй, хялбар цэвэрлэх боломжтой материалаар хийгдсэн байна.
8.4.11 Компьютерын гарыг ширээний ирмэгээс 100-300 мм-ийн зайд байрлуулна.
8.4.12 Компьютерын дэлгэц нь хэрэглэгчийн нүднээс 600-700 мм зайд байна.
8.4.13 Ажлын байранд ажилтан байгууллагын дотоод журмыг дагаж мөрдөнө. Ажилтанд 2 цаг тутамд 15 минут амрах цаг гаргаж өгнө.
8.4.14 Зөвхөн тусгайлан тоноглогдсон газарт тамхи татахыг зөвшөөрнө.
8.4.15 Осол гэмтэл гарсан тохиолдолд байгууллагын удирдлагад яаралтай мэдэгдэж, эмнэлгийн байгууллагад хандана.
8.4.16 Компьютерын процессорын гадна корпус болон тагийг салгасан үед түүнийг ажиллуулахыг хориглоно.
8.4.17 Компьютерыг асаалттай үед кабел утсаар оролдох, процессорыг хөдөлгөх, эзэнгүй орхихыг хориглоно.
8.4.18 Компьютерыг дур мэдэн засварлах, програм суулгах, өөрчлөх, форматлах зэрэг үйлдэл хийхийг хориглоно.
8.4.19 Компьютерын гал хамгаалагч шатсан үед түүнийг нэн даруй унтраана.
8.4.20 Компьютерыг унтраасан үед тэжээлийн залгуурыг розетканаас салгана.
8.4.21 Компьютерээс хиншүү үнэртэх, утаа гарах шинж ажиглагдвал даруй түүнийг унтрааж, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
8.4.22 Асаалттай компьютер шатаж эхэлвэл нүүрстөрөгчийн давхар исэлтэй, эсвэл хуурай нунтаг гал унтраах хэрэгсэл ашиглана. Яаралтай гал команд дуудаж, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллана.
1 дүгээр хавсралт
Норматив ишлэл, ашигласан материал
- Монгол улсын үндсэн хууль
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
- Хөдөлмөрийн тухай хууль
- Галын аюулгүй байдлын тухай хууль.
- Гамшгаас хамгаалах тухай хууль.
- Зөрчлийн тухай хууль
- Геодези, зураг зүйн тухай хууль
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр
- Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр
- Монгол улсын олон улсын гэрээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенц
- Монгол улсын олон улсын гэрээ, Барилга дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай 167-р конвенц
- Монгол улсын олон улсын гэрээ, Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенц,1998
- "Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ", MNS 5080: 2001
- "Тусгай зориулалтын ажлын хувцас. Ерөнхий шаардлага" MNS 6231:2011.
- "Хөдөлмөр хамгаалал. Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө" MNS 4643: 98
- "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй. Нэр томъёо, тодорхойлолт", MNS 4967: 2000
- "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага", MNS 4990: 2015
- "Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага", MNS 4930: 2000, 2000 он
- "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" MNS 4969: 2000, 2000 он
- Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт. MNS 0900:2005"
- "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журам", Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/233 дугаар тушаалын хавсралт.
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Засгийн газрын 2009 оны 14 дугаар тогтоол
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам, 2008 оны 127-р тушаал
- Хоолны газрын нийтлэг журам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 206 дугаар тушаал
- "Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил" /БД 11-104-06/, 2006 он, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 116 дугаар тушаалын хавсралт
- "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" /БНбД 12-03-04/, 2004 он.
- "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм", Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын Нэгдүгээр хавсралт.
- Авто замын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, Зам тээврийн ба хөдөлмөрийн сайдын 2016 оны 182 дугаар тушаал
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм
- Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, 2007
- Барилгын механикжуулалт, ашиглалт, аюулгүй ажиллагаа 2014 он
- Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм, 2003
- Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм
- Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм, 2015
- Нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, 2015
- "Хүдэр, хүдрийн бус, шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм
- "Survey field procedures manual", The Division of plats and surveys maryland state highway administration, 2001.
- "Survey safety handbook", Florida Department of Transportation Professional Surveyors and Mappers, 06/16/1999
- "Surveying safely RICS Practice Standards", Health and Safety Advisory Group of the Royal Institution of Chartered Surveyors, 2011
- Правила по технике безопасности на топографо-геодезических работах, ПТБ-88, 1991
- Конвенция № 155 Международной организации труда «О безопасности и гигиене труда и производственной среде» (принята в г. Женеве 22.06.1981 на 67-ой сессии Генеральной конференции МОТ).
- "Инструкция по охране труда при производстве топографо-геодезических работ для нужд земельной реформы и составлению кадастра", ФСГКР, Москва 1995
- Гигиенические критерии оценки условий труда по показателям вредности и опасностифакторов производственной среды, тяжести и напряженности трудового процесса, утвержденные Госкомсанэпиднадзором России 12 июля 1994 г. Р 2.2.013-94.
- СНиП 12-03-2001, Безопасность труда в строительстве
- СНиП III-4-80, Техника безопасности в строительстве
- СНиП 12-04-2002, Безопасность труда в строительстве. Часть 2. Строительное производство; правилами по технике безопасности на топографо-геодезических работах (ПТБ-1973)
- Правила безопасности при строительстве линий электропередачи и производстве электромонтажных работ, РД 153-34.3-03.285-2002
- Правила по охране труда при изысканиях и проектировании автомобильных дорог, МТС, Москва 1987
- "Правил техники безопасности при строительных и монтажных работах на действующих и вблизи действующих линий электропередачи", М., Энергия, 1970.
- "Правил технической эксплуатации электроустановок потребителей и правил техники безопасности при эксплуатации электроустановок потребителей", М., Энергия, 1988
- Правила по охране труда при изысканиях и проектировании автомобильных дорог, Москва 1987
- Инструкция по охране труда при производстве работ на существующих автомобильных дорогах, на действующих железных дорогах, в населенных пунктах, территориях промышленных предприятий и участках специального назначения
- Охрана труда и техника безопасности при выполнении кадастровых работ, СТО – 30845203. 41 – 2016
- Санитарные правила и нормы. «Гигиенические требования к персональным электронно-вычислительным машинам и организации работы», СанПиН 2.2.2/2.4.1340-03
- Ф.И.Прокофьев, Охрана труда м геодезии, М., Недра, 1981
- И.Н. Ушакова, Охрана труда, Электронное издание, Минск, БНТУ, 2018
2 дугаар хавсралт
Нэр томъёо
№ | Нэр томъёо | Тодорхойлолт | Ишлэлийн дугаар |
| Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа | Үйлдвэрлэл, үйлчилгээний явцад техник, технологи, тоног төхөөрөмж, технологийн үйл ажиллагаанаас шалтгаалан ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт хохирол учруулж болох аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эдийн засаг, техник, технологийн болон зохион байгуулалтын арга хэмжээг | [7] |
| Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага | Хөдөлмөрлөх явцад учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоог хангах үүднээс хууль тогтоомжийн акт, норматив техникийн баримт бичиг, дүрэм, заавраар тогтоосон хэм хэмжээг | [7] |
| Хэмжилтийн багаж | солбицол, зай, өнцөг, өндөржилт, хүндийн хүчний хурдатгал, эдгээрийн олонлогийг үүсгэхээр норматив баримт бичигт заасан нарийвчлалыг ханган хэмжих зориулалттай геодезийн багажийг | Энэ дүрмээр |
| Аялалын багаж | Байршил, зүг чиг тодорхойлоход зориулсан аялалын гар GPS, луужин, буссоль зэрэг багажийг | Энэ дүрмээр |
| Тээврийн хэрэгсэл | Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүн, ачаа хөсгийг тээвэрлэх бүх төрлийн өөрөө явагч хэрэгслийг; | Энэ дүрмээр |
| Тусгай техник | Ажлын онцлогоос хамааран нэмэлтээр ажлын талбайд ашиглах өөрөө явагч, гинжит техник, өрмийн машин, авто кран, цахилгаан хэрэгслүүдийг | Энэ дүрмээр |
| Дулааны улирал | Гадна орчны агаарын хэмийн хоногийн дундаж +100 С ба түүнээс дээш байх улирлыг | [8] |
| Хүйтний улирал | Гадна орчны агаарын хэмийн хоногийн дундаж -100 С ба түүнээс доош байх улирлыг | [8] |
| Хөдөлмөрийн нөхцөл | Хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг | [3] |
| Үйлдвэрлэлийн сургалт | Гарч болох эрсдэл болон авч хэрэгжүүлэх арга боломжийн тухай мэдээллийг бүх түвшинд шуурхай хүргэхэд чиглэгдсэн мэдээллийн үйл ажиллагааны нэг төрлийг | [7] |
| Ажлын хувцас | Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг; | [7] |
| Тусгай хэрэгсэл | Ажиллах орчин нөхцлөөс хамаарсан хамгаалалтын дуулга, анхааруулах хантааз, чих, нүд болон бусад биеийн хэсгийг хамгаалах хэрэгслийг |
|
| Хамгаалах хэрэгсэл | Геодезийн ажлыг хүн амьтангүй газар гүйцэтгэх үед тулгарч болзошгүй гэнэтийн аюул /зэрлэг амьтан, гэмт халдлага/-аас амь, бие хамгаалах галт зэвсэг, хорт хий, нулимс асгаруулагч, ирт мэсийг | Энэ дүрмээр |
| Дохиоллын хэрэгсэл | дуут, туяат, гэрэлт, галт дохио өгөх зориулалттай хэрэгслийг | Энэ дүрмээр |
| Анхны тусламжийн хэрэгсэл | Энэ дүрмээр тодорхойлсон анхны тусламжийг үзүүлэхэд шаардлагатай эм, тарианы багц бүхий савыг | Энэ дүрмээр |
| Холбооны хэрэгсэл | Сансрын холбоо /Iridium утас/, үүрэн холбоо /гар утас/, радио холбоо /богино долгионы станц, радио модем бүхий дуу, дүрс, текст дамжуулагч/-ны хэрэгслийг | Энэ дүрмээр |
| Захиалагч | Геодезийн хэмжилт, зураглалын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан иргэн, этгээдийн төлөөллийг; | Энэ дүрмээр |
| Бригад | Геодезийн хэмжилт, зураглалын ажлыг гүйцэтгэгч байгууллагын шийдвэрээр томилогдон тухайн ажлыг бүхэлд нь, хэсэгчлэн, тодорхой үе шатанд ажиллаж буй, ахлагч /тухайн ажлыг гүйцэтгэж байсан туршлага бүхий байгууллагын шийдвэрээр томилогдсон иргэн/ бүхий инженер, техникийн ажилчдаас бүрдсэн бүрэлдэхүүнийг | Энэ дүрмээр |
| Нэвтрэх зөвшөөрөл | Ажил гүйцэтгэх талбайд нэвтэрхэд зориулсан эрх зүйн баримт бичгүүдэд заасан болон захиалагчаас тусгайлан олгосон цахим болон хэвлэмэл бичиг баримт (нэвтрэх хуудас, үнэмлэх, мэдэгдэл)-ийг; | Энэ дүрмээр |
| Аюултай бүс | Үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлс хүнд нөлөөлж болзошгүй орон зайг | [9] |
| Байгалийн хүнд нөхцөл | Автомашинаар явах боломжгүй, ердийн хөсөг, явганаар туулах, цаг агаарын хүйтэн, хэт халуун нөхцөл г.м | Энэ дүрмээр |
| Цахилгаан байгууламж | Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, хувиргах, хувьсгах, дамжуулах, хуваарилах, түгээх зориулалттай машин, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, тэдгээрийг суурилуулсан барилга, байгууламжийн цогцыг; | [5] |
| Гүйдэл дамжуулах хэсэг | Хэвийн ажиллагаатай үед хүчдэлтэй байдаг цахилгаан байгууламжийн хэсгийг; | [5] |
3 дугаар хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АНХАН ШАТНЫ ЗААВРЫН ЖУРНАЛ
______________________________
Байгууллагын нэр
Дууссан: он сар өдөр
Огноо | Зааварчилгаа авсан хүний овог, нэр, утасны дугаар | Регистрийн дугаар | Зааварчилгаа өгсөн хүний албан тушаал | Ажил гүйцэтгэх газрын нэр, хаяг | Зааварчилгаа өгсөн хүний овог, нэр, утасны дугаар | Гарын үсэг | |
Зааварчилгаа авсан хүн | Зааварчилгаа өгсөн хүн | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|
|
|
|
|
|
|
|
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны заавар өгөх чиглэл
- Байгууллагын танилцуулга. Үйл ажиллагааны үндсэн чиглэл
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох бусад норм, дүрэм
- Хөдөлмөрийн гэрээ, ажлын ба амралтын цаг, эмэгтэйчүүдийн хөдөлмөр хамгаалал, эдлэх хөнгөлөлт, урамшуулал
- Байгууллагын дотоод журам
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдах журам, түүнд тавигдах хяналт шалгалт
- Баягууллагын дотоод үйл ажиллагаа болон өрөө тасалгаа, лаборатори, багаж хадгалах өрөө зэргийг танилцуулах
- Геодезийн хэмжилтэнд хэрэглэж байгаа багаж тоног төхөөрөмж, программ хангамжуудыг танилцуулах
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны учирч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх тухай
- Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас, тэдгээрийг хэрэглэх зааварчилгаа
- Галын аюулгүй ажиллагаа
- Золгүй явдлын үед үзүүлэх эмнэлгийн анхны тусламж
1
4 дүгээр хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДАВТАН ЗААВРЫН ЖУРНАЛ
______________________________
Байгууллагын нэр
Дууссан: он сар өдөр
Огноо | Зааварчилгаа авсан хүний овог, нэр, утасны дугаар | Регистрийн дугаар | Аюулгүй ажиллагааны зааварчилгааны төрөл | Төлөвлөгөөнөөс гадуур зааварчилгаа өгөх шалтгаан | Зааварчилгаа өгсөн хүний овог, нэр, утасны дугаар | Гарын үсэг | Гарын үсэг | ||
Зааварчилгаа авсан хүн | Зааварчилгаа өгсөн хүн | Сургалтанд суусан хүн | Шалгалт авсан | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны давтан заавар өгөх чиглэл
- Байгууллагын үндсэн үйл ажиллагааны технологийн горим, ажлын явцад учирч болох эрсдэл, аюултай болон хортой нөхцөл
- Геодезийн ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах, төсөл төлөвлөгөө боловсруулах
- Хэмжих хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
- Ажлын байрны болон хэмжилт, зураглал хийх орчны аюулгүй ажиллагааг хянах
- Үйлдвэрийн болон онцгой объектуудад геодезийн ажил гүйцэтгэх үеийн адулгүй ажиллагаа, аваар ослийн үед авах арга хэмжээ
- Ажлын хувцас, халгаалах хэрэгслийг хэрэглэх заавар
- Авто болон төмөр зам, гудамж талбай, ой, хээрийн зэрэг төрөл бүрийн нөхцөлд эрүүл ахуйн шаардлага ханган ажиллах
- Бүх төрлийн гэнэтийн осол аваар, зогүй явдлаас өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх
- Ослын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэдээлэх, түүнийг арилгах талаар авах арга хэмжээ
ГАРЧИГ
1.5 Эрсдэл учруулж болох хортой ба аюултай нөхцлүүд
1.6 Эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
1.7 Ажил олгогчийн нийтлэг үүрэг
1.8 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
1.9 Ажилтанд тавигдах шаардлага
1.10 Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, техник хэрэгслийн хангамж
1.11 Аюулгүй ажиллагааны онцгой эрсдэлтэй ажил
1.13 Галын аюулгүй байдлыг хангах
1.14. Хээрийн ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал,
1.15 Хээрийн ажлын ба лагерийн эрүүл ахуйн шаардлага
1.16 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоож, шийдвэрлүүлэх
2. ГЕОДЕЗИЙН ХЭМЖИЛТИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
2.2 Электрон багажийн тэжээл (батарей)
2.3 Тоон нивелир, электрон тахеометр
2.5 GNSS-ийн байнгын ажиллагаатай станц
2.8 Зөөврийн цахилгаан багаж хэрэгсэл
3. БАЙГАЛЬ, ЦАГ АГААРЫН БҮХИЙ Л НӨХЦӨЛД ГЕОДЕЗИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
3.1 Маршрутаар аялах, нүүдэллэх үеийн ерөнхий шаардлагууд
3.2 Төөрсөн үед авах арга хэмжээ
3.3 Уулархаг ба өндөр уулын бүсэд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.4 Цасан уруй буух магадлалтай орчинд
3.5 Намагтай ба намгархаг газарт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.6 Ой, модтой газарт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.7 Говь, цөлийн бүсэд ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
3.8 Усан дээр ажиллах, гүүр, гармаар нэвтрэх үеийн
4. ГЕОДЕЗИЙН ХЭЭРИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
4.1 Газар шорооны ажил хийх, өрөмдлөг
4.2 Геодезийн сүлжээний цэг тэмдэгтийн хайгуул хийх, тэмдэгт босгох,
4.3 Байшин барилгын дээвэр дээр геодезийн цэг тэмдэгт
4.4 Төв цэг ба марк, репер суулгах үеийн аюулгүй ажиллагаа
5.1 Хот суурин газарт том масштабын байр зүйн зураглал
5.2 Цахилгаан байгууламж, хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа
5.3 Барилгын талбайд болон угсралтын түвшинд геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.4 Автозамын барилгад болон гүүрийн байгууламжид геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.5 Төмөр замын барилгад геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.6 Нефть, байгалийн хий дамжуулах шугамын орчим геодезийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.8 Нисэх буудал ба нислэгийн зурвасын дагуу геодезийн
5.9 Газар доорхи инженерийн шугам сүлжээний зураглал үйлдэх үеийн аюулгүй ажиллагаа
5.10 Ил уурхайд геодезийн хэмжилт, зураглалын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.11 Далд уурхайд геодезийн хэмжилт, зураглалын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
5.12 Нуур, усан сан, гол мөрний орчинд геодезийн ажил явуулах үеийн аюулгүй ажиллагаа
6. АГААРЫН ЗУРАГЛАЛ ҮЙЛДЭХ, БОЛОВСРУУЛАХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
6.1 Онгоц, нисдэг тэрэг хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
6.2 Нисгэгчгүй нисэх төхөөрөмж хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
6.3 Стереофотограмметрийн боловсруулалтын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа
7. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
7.1 Ердийн хөсөг хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
7.2 Авто тээврийн хэрэгсэл хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаа
8. СУУРИН БОЛОВСРУУЛАЛТЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН
8.2 Химийн бодис, анхдагч материал хадгалах
8.3 Хэвлэлийн машин, хэвлэх төхөөрөмж хэрэглэх
1
Текст томруулах
A
A
A