A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 291 дүгээр

 тогтоолын хавсралт                            

 

 

ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ УЛСЫН ХАМГААЛАЛТЫН

ЗЭРЭГЛЭЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар түүх, соёлын үл хөдлөх дурсгал (цаашид "дурсгал" гэх)-ыг улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.Улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх дурсгалыг судалгаа, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг бүрэн тодорхойлсон байна.

 

Хоёр.Дурсгалыг улсын хамгаалалтын

      зэрэглэлд нэр дэвшүүлэх

 

2.1.Дурсгалыг оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга өмчийн хэлбэр харгалзахгүй улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлнэ. Дурсгал хоёр ба түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэрийг дамнан оршиж байгаа бол дурсгалын ихэнх хэсэг байрлаж байгаа аймаг, нийслэлийн Засаг дарга бусад аймгийн Засаг дарга нартай зөвшилцөн нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

 

2.2.Улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх дурсгал нь дараахь шаардлагад нийцсэн байна:

 

      2.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байх;

 

      2.2.2.түүхэн үйл явдлыг гэрчлэх, эсхүл өнгөрсөн үеийн нийгмийн хөгжлийн хувьсал, өөрчлөлтийг илэрхийлж чадах онцгой содон шинж, төрхийг хадгалсан байх;

 

      2.2.3.ижил төрлийн дурсгалын нийтлэг хэв шинжийг хадгалсан сонгодог төлөөлөл байх;

 

      2.2.4.эх төрх, бүрэн бүтэн байдал болон хүрээлэн буй орчны төлөв байдлаа хадгалсан байх;

 

      2.2.5.газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөхөөр ороогүй байх;

 

      2.2.6.эрдэм шинжилгээний бүтээл, ном, сэтгүүлд хэвлэгдэх зэргээр олон нийтэд танигдсан байх;

 

      2.2.7.аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлтэй байх.

 

2.3.Унаган газраас нь зөөж, аюулгүй орчинд шилжүүлэн байрлуулсан дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэхгүй.

2.4.Тодорхой газар нутаг, орон зайн ой санамжийг хамгаалах зорилгоор архивын баримтад үндэслэн боловсруулсан зураг төслийн дагуу анхны төрх байдлаар нь сэргээн босгосон дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлж болно.

 

2.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга хувийн өмчийн дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх бол хууль ёсны өмчлөгчтэй нь урьдчилан зөвшилцсөн байна.

 

2.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ журмын 2.2-т заасан шаардлагад нийцсэн дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх (цаашид "нэр дэвшүүлэх" гэх)-д дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Соёлын өвийн үндэсний төвд хүргүүлнэ:

 

      2.6.1.нэр дэвшүүлэх үндэслэлийг тодорхой дурдсан санал бүхий албан бичиг;

 

      2.6.2.энэ журмын 2.2-т заасан шаардлагад нийцсэн болохыг нотлох баримт;

 

      2.6.3.дурсгалын түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлсон судлаач (доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэгтэй)-ийн тодорхойлолт;

 

      2.6.4.дурсгалд хамгаалалтын бүс тогтоох урьдчилсан зураглал;

 

      2.6.5.дурсгалыг хамгаалах, ашиглах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан төлөвлөгөө;

 

      2.6.6.энэ журмын 2.5-д заасан дурсгалын хувьд өмчлөгчийн санал;

 

      2.6.7.дурсгалын гэрэл зураг, дүрс бичлэг, шаардлагатай бусад баримт.

 

Гурав.Саналыг хянан шийдвэрлэх

 

3.1.Соёлын өвийн үндэсний төв нэр дэвшүүлсэн дурсгал энэ журмын 2.2-т заасан шаардлагад нийцэж байгаа эсэх, мөн журмын 2.6-д заасан баримт бичгийн бүрдэл бүрэн эсэхийг хянаж, шаардлагад нийцээгүй, эсхүл баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд зөвлөмжийн хамт дурсгалыг нэр дэвшүүлсэн Засаг даргад буцаан хүргүүлнэ.

 

3.2.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 2.2-т заасан шаардлагад нийцсэн, мөн журмын 2.6-д заасан бүрдэл бүрэн дурсгалын талаар танилцуулга бэлтгэж, дор дурдсан байгууллагаас санал авах ажлыг дурсгалыг нэр дэвшүүлэх саналыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор зохион байгуулна:

 

      3.2.1.соёл, урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

 

      3.2.2.Шинжлэх ухааны академи;

 

      3.2.3.ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс;

      3.2.4.дурсгалыг судлах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй эрдэм шинжилгээний байгууллага;

 

      3.2.5.дурсгалыг судлах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй төрийн бус байгууллага.

 

3.3.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 2.6-д заасан баримт бичиг болон 3.2-т заасан санал, танилцуулгыг нэгтгэн тухай бүр соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

3.4.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэр дэвшүүлсэн дурсгалыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46.2-т заасан Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргуулна.

 

3.5.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 3.4-т заасан санал, дүгнэлтийг үндэслэн тухайн дурсгалд улсын хамгаалалтын зэрэглэл тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

 

3.6.Дурсгал энэ журамд заасан шаардлагад нийцээгүй тухай санал, дүгнэлт гарсан тохиолдолд ирүүлсэн баримт бичгийг Соёлын өвийн үндэсний төвд буцаан хүргүүлнэ.

 

3.7.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 3.6-д заасан баримт бичгийг нэр дэвшүүлсэн Засаг даргад холбогдох тайлбарын хамт буцаан хүргүүлнэ.

 

Дөрөв.Бусад зүйл

 

4.1.Эвдэрч, устсан дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлээс хасах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

---o0o---