A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 277

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2022-2023 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараахь арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, агентлагийн дарга нарт үүрэг болгосугай:

2.1. Намрын ургацын баланс, хадлан тэжээлийн бэлтгэл, өвөл, хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, нөөцийн хэмжээг харгалзан үзсэний үндсэн дээр өвс, тэжээл, хивгийн экспорт, импортын зохист харьцааг хангах арга хэмжээг авч байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд;

2.2. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд улсын тусгай хамгаалалттай газарт зохих журмын дагуу мал оторлуулах асуудлыг судалж, хамтарсан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэн ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд нарт;

2.3. Отор нүүдлийн үед малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод;

2.4. Мах бэлтгэлийн болон хадлан, ургац тээвэрлэлтийн үед хот, суурин газарт нэвтрэх тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгт эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын цэг ажиллуулж, хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж), Мал эмнэлгийн ерөнхий газар (Д.Батчулуун), Цагдаагийн ерөнхий газар (Ж.Болд) нарт.

3. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын дүнг 2022 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН