A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 272

Улаанбаатар хот

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183.1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 14.1 дэх хэсэг, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газрыг байгуулсугай.

2. Ойн газрын орон тооны дээд хязгаарыг 38 байхаар тогтоосугай.

3. Ойн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

4. Ойн газар байгуулагдсантай холбогдуулан "Ойн судалгаа, хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгасугай.

5. "Ойн судалгаа, хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тоо, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын чиг үүрэг, орон тоо, цалингийн сан, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг Ойн газарт тус тус шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

6. Ойн газрын 2022 оны үйл ажиллагааны зардлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэ онд батлагдсан төсвийн багцад багтаан шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

7. "3асгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн заалтад хамаарах "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" баганад "5. Ойн газар" гэж нэмсүгэй.

8. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 32 дахь заалт нэмсүгэй.

32

Ойн газар

38

9. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганын "5-25" гэсэн дугаарлалтыг "6-26" гэж, "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн баганын "4-12" гэсэн дугаарлалтыг "2-10" гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын "3-33" гэсэн дугаарлалтыг "1-31" гэж тус тус өөрчилсүгэй.

10. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн заалтад хамаарах "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн баганын "2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар", "3. Үндэсний хөгжлийн газар" гэснийг, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 1, 2 дахь заалтыг тус тус хассугай.

11. Ойн газрын үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг судалж танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

12. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах талаар арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

13. Ойн газар байгуулагдсантай холбогдуулан "Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ