A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 53

Төрийн ордон, Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол, улс төрийн намуудаас ирүүлсэн "Тунхаг бичиг", Монгол Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа, дүн шинжилгээ хийх, судалгааны дүнд үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг дараах Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж хавсралтаар баталсугай:

1/Зохион байгуулалтын;

2/Дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нийгмийн зөвшилцөл хэрэгжүүлэх улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн;

3/Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын.

2.Энэ тогтоолын 1-д заасан хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ажлын хэсэгт даалгасугай:

1/Шинжлэх Ухааны Академи, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдыг үйл ажиллагаандаа татан оролцуулж, гэрээний үндсэн дээр судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын багийг ажиллуулах;

2/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, олон нийтийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, иргэдийн санал авах;

3/судалгаа, шинжилгээний дүнг хэлэлцэж, түүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн зөвшилцөл хийж, нэгдсэн саналаа Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах.

3.Ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР