A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 295

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2.6-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 23 дахь заалтын "150" гэснийг "185" гэж өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцэд орон нутаг дахь төлөөлөгчийн газрыг бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар тооцож холбогдох өөрчлөлт оруулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгасугай.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын орон нутаг дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгчийн газрын 2022 оны үйл ажиллагааны зардлыг энэ оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН