A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний

Комиссын даргын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн

А/26 дугаар тушаалын хавсралт

 

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан Хүний эрхийн Үндэсний Комисс (цаашид "Комисс" гэх)-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо (цаашид "Хороо" гэх)-ны гишүүнийг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг сул орон тоо гарсан тоогоор зарлаж, энэ журмын дагуу нэр дэвшүүлнэ.

 

1.3. Хорооны гишүүнийг сонгон шалгаруулахад дараах зарчмыг баримтална.

 

1.3.1.аливаа хууль бус нөлөөллөөс ангид, хараат бус байх;

1.3.2.төвийг сахих;

1.3.3.бодитой хандах;

1.3.4.ил тод байх;

1.3.5.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;

1.3.6.ялгаварлан гадуурхахгүй байх.

 

1.4. Хорооны гишүүний сонгон шалгаруулалтыг Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д заасны дагуу байгуулагдсан Ажлын хэсэг эрхлэн гүйцэтгэнэ. Ажлын хэсэг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

1.4.1.нэр дэвших тухай хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авах, хянах;

1.4.2.хүсэлт гаргагчийг сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх, бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах;

 

1.4.3.оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах;

 

1.4.4.нээлттэй сонсголыг товлон зарлах, зохион байгуулах;

 

1.4.5.оролцогч Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхэд үнэлгээ өгөх;

 

1.4.6.бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх;

 

1.4.7.сонгон шалгаруулалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны  гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан оролцогчийг нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжлах;

 

1.4.8.сонгон шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу Комиссын Тамгын газрын архивт хүлээлгэн өгөх.

 

1.5.Ажлын хэсгийн ажиллах нөхцөлийг Комисс хангаж, Тамгын газар нь техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.

 

1.6.Ажлын хэсгийн хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, энэ журамд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

 

1.7.Хууль болон энэ журамд зааснаас бусад тохиолдолд Ажлын хэсэг өөрөө, ажиллах журам болон хуралдааны дэгийг хууль тогтоомжид нийцүүлэн тогтооно.

 

1.8.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй тохиолдолд энэ журамд заасан хугацаа, үе шатыг хялбаршуулсан журмаар болон цахим горимоор явуулах асуудлыг Ажлын хэсэг шийдвэрлэж болно. 

 

Хоёр. Хорооны гишүүнд тавих шаардлага

 

2.1. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг Хорооны гишүүн бүхэлд нь хангасан байна.

 

Гурав. Сонгон шалгаруулалтын үе шат

 

3.1.Хорооны гишүүний сонгон шалгаруулалт дараах үе шатаас бүрдэнэ:

 

3.1.1.сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх;

3.1.2.ажлын хэсэг байгуулах;

3.1.3.нэр дэвших тухай хүсэлтийг хүлээн авах;

3.1.4.оролцогчоор бүртгэх, нийтэд мэдээлэх;

3.1.5.оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах;

3.1.6.нээлттэй сонсгол зохион байгуулах;

3.1.7.Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх

 

 4.1.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд 11.2.2-т заасны дагуу Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлж, Хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулна.

 

Тав. Ажлын хэсгийн гишүүний үүрэг

 

5.1. Ажлын хэсгийн гишүүн дараах үүрэгтэй.

 

5.1.1.ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд эсхүл өөрт хамаарал бүхий этгээдтэй холбоотой сонгон шалгаруулалтад оролцохгүй;

 

5.1.2.Ажлын хэсгийн гишүүний үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн нууцыг задруулахгүй, хувийн зорилгоор ашиглахгүй байх;

 

5.1.3.хүсэлт гаргагч, оролцогчийг ялгаварлан гадуурхахгүй, зохисгүй байдал гаргахгүй байх;

 

5.1.4.Ажлын хэсгийн гишүүний үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг, шан харамж авч болохгүй;

 

5.1.5.Ажлын хэсгийн гишүүний нэр хүндийг урвуулан ашиглахгүй байх.

 

5.2.Энэ журмын 5.1.2-т заасан нөхцөл үүссэн бол Ажлын хэсгийн гишүүн сонгон шалгаруулах ажиллагаанаас татгалзан гарна.  

                                                                                        

5.3.Ажлын хэсгийн гишүүн нь хууль болон энэ журамд заасан үүргийг биелүүлэх талаар баталгаа гарган гарын үсэг зурж, Комисст хүлээлгэн өгнө.

 

5.4.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн, Ажлын хэсгийн гишүүн энэ журамд заасан үүргийг зөрчсөн тохиолдолд Ажлын хэсгийн нийт гишүүдийн саналаар огцруулна.

 

5.5.Ажлын хэсгийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг Ажлын хэсгийн ахлагчид Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж өгнө.

 

 

Зургаа. Нэр дэвших тухай хүсэлт гаргах

 

6.1.Энэ журмын 4.1-д заасны дагуу зарыг нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор Хорооны гишүүнд тавих шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ Ажлын хэсэгт гаргах бөгөөд уг хугацаа дууссанаар бүртгэл хаагдана.

 

6.2. Нэр дэвших тухай хүсэлтэд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

 

6.2.1.Энэ журмын хавсралтаар батлагдсан нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкетыг бүрэн бөглөсөн байх;

 

6.2.2.иргэний үнэмлэхний хуулбар;

 

6.2.3.бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

 

6.2.4.ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

 

6.2.5.хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

 

6.2.6.сэтгэцийн өвчин, эмгэггүй байх (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт).

 

6.3.Энэ журмын 6.2.5-д заасан тодорхойлолт өгөх хүн нь хүсэлт гаргагчийн  одоогийн, эсхүл өмнөх ажлын байрны шууд удирдах албан тушаалтан, эсхүл энэ журмын 2.1заасан шаардлага хангасан эсэх талаар бодит мэдээлэл өгөх боломжтой байна.

6.4.Хүсэлт гаргагч шаардлага хангасан эсэх, түүнтэй ямар хугацаанд ямар ажил хэргийн харилцаатай ажилласан талаарх мэдээллийг тодорхойлолтод тусгаж, тодорхойлолт өгсөн хүний овог нэр, эрхэлж байгаа ажил, ажлын газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тус тус бичнэ.

 

6.5.Ажлын хэсэг нь нэр дэвших тухай хүсэлт, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор хүсэлтэд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгаж үзэх эрхтэй.

 

Долоо. Оролцогчоор бүртгэх, нийтэд мэдээлэх

 

7.1араах тохиолдолд оролцогчоор бүртгэхээс татгалзана:

 

7.1.1.хүсэлт гаргагч Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шаардлагын аль нэгийг хангаагүй нь нотлогдсон;

 

7.1.2.энэ журмын 6.2-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн нь баримтаар тогтоогдсон;

 

7.1.3.энэ журмын 6.1-д заасан хугацаанд нэр дэвших тухай хүсэлт гаргаагүй.

 

7.2.Энэ журмын 7.1-т заасны дагуу оролцогчоор бүртгээгүй бол энэ талаар хүсэлт гаргагчид бичгээр (шуудан, цахим шуудан, текст мессэж), эсхүл түүний зөвшөөрснөөр утсаар болон биечлэн мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ. Хүсэлт гаргагч өөрийг нь оролцогчоор бүртгэхээс татгалзсан үндэслэлийг бичгээр өгөхийг шаардах эрхтэй бөгөөд Ажлын хэсэг энэ тухай тайлбарыг өгнө.

 

7.3.Хүсэлт гаргагч оролцогчоор бүртгэхээс татгалзсан шийдвэрийг энэ журмын 7.2-т заасны дагуу мэдэгдсэнээс хойш ажлын гурван өдрийн дотор гомдол гаргаж болно. Ажлын хэсэг ажлын гурван өдрийн дотор хуралдаж, гомдлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 

Найм. Оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах

 

8.1.Нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр гармагц оролцогчийг Ажлын хэсгийн гишүүн бүрд тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилна.

 

8.2.Ажлын хэсгийн гишүүн нь энэ журмын 8.1-д заасны дагуу өөрт хуваарилагдсан оролцогч холбогдох шаардлагыг хангасан эсэх талаар мэдээлэл цуглуулж, танилцуулга бэлтгэнэ.

 

8.3.Ажлын хэсгийн гишүүн танилцуулга бэлтгэхэд дараах баримт, мэдээллийг ашиглана:

 

8.3.1.энэ журмын 6.1, 6.2-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, баримт бичиг;

 

8.3.2.оролцогчтой хийсэн ярилцлага, түүнээс авсан нэмэлт мэдээлэл, баримт бичиг;

 

8.3.3.үнэлгээ өгөхөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ журмын   6.3-т заасан тодорхойлолт өгсөн хүнтэй биечлэн, эсхүл бусад хэлбэрээр ярилцлага хийж болох бөгөөд энэхүү ярилцлагын тухай үйлдсэн тэмдэглэл;

8.3.4.энэ журмын 8.4-д заасны дагуу олон нийтээс ирүүлсэн мэдээлэл;

 

8.3.5.энэ журмын 9.1-д заасны дагуу хийсэн нээлттэй сонсголын дүн;

 

8.3.6.оролцогчийн талаарх холбогдох бусад иргэн, эх сурвалжаас авсан мэдээлэл.

 

8.4.Ажлын хэсэг нь оролцогчийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтийн байгууллагаас ирүүлсэн бол илтгэгч гишүүнд тухай бүр танилцуулна.

 

8.5.Оролцогч энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан тухай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг Ажлын хэсгийн ахлагчид гаргаж өгөх үүрэгтэй.

 

8.6.Ажлын хэсгийн гишүүн оролцогчийн талаар цуглуулсан мэдээлэлд сөрөг агуулга байвал тухайн оролцогчид танилцуулж тайлбар хийх боломжоор хангах бөгөөд тухайн мэдээллийг итгэмжлэн өгсөн хүний талаар оролцогчид мэдэгдэхгүй.

 

8.7.Ажлын хэсгийн ахлагч шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтад оролцогчдын урьд өмнө ял шийтгэгдсэн эсэх асуудлаар нэмэлт мэдээллийг Цагдаагийн байгууллагаас гаргуулан авч болно.

 

Ес. Нээлттэй сонсгол зохион байгуулах

 

9.1.Ажлын хэсэг нийт гишүүний 80-аас доошгүй хувийн ирцтэйгээр нээлттэй сонсгол хийх бөгөөд сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, эсхүл түүний эзгүйд хамгийн ахмад гишүүн нь даргална.

 

9.2.Нээлттэй сонсголыг хийхээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө энэ тухай зарыг Комиссын https://nhrcm.gov.mn цахим хуудсанд байршуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, оролцогчид мэдэгдэнэ.

 

9.3.Оролцогч нээлттэй сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол бүртгэлээс хасах үндэслэл болно.

 

9.4.Ажлын хэсэг нээлттэй сонсголын үеэр энэ журмын 2.1-д заасан шаардлагад үндэслэсэн асуултыг оролцогчоос асууж, хариулт авна. Тал зассан, эсхүл ялгаварлан гадуурхсан асуулт асууж болохгүй.

 

9.5.Сонсголын үед оролцогчид тавьсан асуулт, хариултын дүнг Ажлын хэсгийн ахлагч тайланд тусгана.

 

Арав. Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх

 

10.1.Энэ журмын 9.1-д заасны дагуу нээлттэй сонсгол хийснээс хойш ажлын хоёр өдрийн дотор Ажлын хэсэг хуралдаж хорооны гишүүнд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргана.

 

10.2.Ажлын хэсгийн хуралдаанд илтгэгч гишүүн оролцогчийн талаарх танилцуулгыг илтгэх бөгөөд танилцуулгатай холбоотой асуултыг бусад гишүүн асууж болно. Ажлын хэсэг оролцогчийг үнэлэхэд нэргүй эсхүл нотолгоогүй мэдээллийг ашиглахгүй.

 

10.3.Нэр дэвших тухай хүсэлт, цугларсан баримт бичиг, мэдээлэл, нээлттэй сонсголын дүн, илтгэгч гишүүний танилцуулгад үндэслэн оролцогч энэ журмын 2.1-д заасан шаардлага тус бүрийг хэрхэн хангаж байгаа талаар Ажлын хэсэг үнэлгээ хийж сонгон шалгаруулна.

 

10.4.Ажлын хэсгийн гишүүд энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хамгийн сайн хангасан нэг оролцогчийг нэр дэвшигчээр санал болгох тухай шийдвэрийг санал нэгтэйгээр гаргана. Санал нэгтэйгээр шийдвэрлэж чадаагүй бол хуралдаанд оролцсон гишүүний дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд цөөнх болсон гишүүн тусгай саналаа үндэслэлийн хамт бичиж, энэ журмын 10.5-д заасан тайланд хавсаргана. Ажлын хэсгийн гишүүн нэг санал өгөх эрхтэй бөгөөд нэг саналыг нэг оноотой дүйцүүлэн тооцно.

 

10.5.Энэ журмын 10.4-т заасны дагуу шалгарсан нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг дараах агуулгаар бэлтгэж, хуралдаанд оролцсон Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурна:

 

10.5.1.нэр дэвшигч нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж Хорооны гишүүн болоход хамгийн сайн тохирно гэж үзсэн үндэслэл;

 

10.5.2.сонгон шалгаруулалт нь холбогдох хууль болон энэ журмын дагуу зохион байгуулагдсан талаар;

 

10.6.Ажлын хэсэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор тайлан, холбогдох баримт бичгийг Комиссын даргад хүргүүлнэ.

 

10.7.Энэ журмын 10.5-д заасан танилцуулгыг долоо хоногийн дотор Комиссын https://nhrcm.gov.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

 10.8.Ажлын хэсгийн сонгон шалгаруулсан нэр дэвшигч Хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар санал, дүгнэлт гарган, нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор шалгаруулж, Комисст санал болгоно.

 

 

 

 

 

- - - о О о - - -