- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГАДААД ОРНЫ ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС ИТГЭМЖЛЭГДСЭН ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭХ ЖУРАМ
Үндэсний итгэмжлэлийн төвийн
Даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны
өдрийн А/10 тоот тушаалын хавсралт
ГАДААД ОРНЫ ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС
ИТГЭМЖЛЭГДСЭН ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ
БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5, 15 дугаар зүйлийн 15.7, Органик хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10 дугаар зүйлийн 10.3, 10 дугаар зүйлийн 10.6, 10 дугаар зүйлийн 10.7.4 дэх заалтыг тус тус хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх бол итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулна.
1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллагыг бүртгэх, бүртгэлийг шинэчлэх, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Нэр томьёо, тодорхойлолт
Энэхүү журамд хэрэглэж буй нэр томъёог Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу ойлгож хэрэглэнэ.
Гурав. Бүртгэл, мэдээллийн сан
3.1.Итгэмжлэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага (цаашид "төв" гэх) нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх гадаад орны итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг "Гадаад орны итгэмжлэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тохирлын үнэлгээний байгууллагын бүртгэл, мэдээллийн сан"-д бүртгэх, бүртгэлийн мэдэгдэл олгох, бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах, мэдээллэх удирдлага, зохион байгуулалтын эрхийг хэрэгжүүлнэ.
3.2.Органик үйлдвэрлэлийн болон органик хүнс, тэжээл, бордооны баталгаажуулалтын байгууллагыг "Органик хүнсний бүртгэл, мэдээллийн цахим сан" -д бүртгэх ажлыг тус төв зохион байгуулна.
Дөрөв. Бүртгэл
4.1 Ерөнхий шаардлага
4.1.1.Бүртгүүлэх хүсэлт гаргагч тохирлын үнэлгээний байгууллага нь олон улсын итгэмжлэлийн холбогдох байгууллагын гишүүн, итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн байна.
4.1.2.Бүртгүүлэх хүсэлт гаргагч бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллага нь 1 болон 2-р хавсралт, органик хүнсний баталгаажуулалтын байгууллага нь 1 болон 3-р хавсралт, сорилт, туршилтын лаборатори нь 1 болон 4-р хавсралт, техникийн хяналтын байгууллага нь 1 болон 5-р хавсралтад заасан баримт бичиг, материалыг бүрдүүлж, Монгол Улсын төрийн албан ёсны хэл дээр хөрвүүлэн Итгэмжлэлийн байгууллагад тус тус ирүүлнэ.
4.2 Бүртгэлийн мэдэгдэл олгох
4.2.1.Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь бүртгүүлэх тухай ирүүлсэн баримт бичиг, материалыг хүлээн авч шүүлт хийж, зохих шаардлага хангасан тохиолдолд бүртгэх асуудлыг ажлын 20 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
4.2.2.Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь гадаад орны эрх бүхий байгууллагаас итгэмжилсэн итгэмжлэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаанд нийцүүлж, энэ журмын 7-р хавсралтад заасан жишгийн дагуу бүртгэлийн мэдэгдлийг олгоно.
4.2.3.Бүртгэлийн мэдэгдэлд Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
4.3 Бүртгүүлсэн байгууллагыг мэдээллэх
4.3.1.Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь "Гадаад орны итгэмжлэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тохирлын үнэлгээний байгууллагын бүртгэл, мэдээллийн сан"-д бүртгүүлсэн байгууллагын талаарх мэдээллийг өөрийн цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, органик баталгаажуулалт хийхээр бүртгүүлсэн байгууллагыг "Органик хүнсний бүртгэл, мэдээллийн цахим сан"-ийн цахим хуудсаар дамжуулан тус тус нийтэд нээлттэй мэдээлнэ.
4.4 Үүрэг, хариуцлага
4.4.1.Бүртгүүлсэн тохирлын үнэлгээний байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах тохиолдол тус бүртээ холбогдох мэдээллийг (Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулж олсон орлогын хэмжээ, орлогын албан татвар төлсөн баримтыг оруулаад) тухай бүр, үйл ажиллагаа явуулсан тухай хагас жилийн дэлгэрэнгүй тайланг нэгтгэн жил бүрийн 6 дугаар сарын 10-ны өдөр, жилийн дэлгэрэнгүй тайланг нэгтгэн 12 дугаар сарын 10-ны өдөрт тус тус багтаан итгэмжлэлийн байгууллагад албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
4.4.2.Бүртгүүлсэн тохирлын үнэлгээний байгууллагаас ирүүлсэн тайланд Итгэмжлэлийн байгууллага тухай бүр ажлын 10 өдрийн дотор үзлэг хийж холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавина.
Тав. Бүртгэхээс татгалзах, бүртгэлийг
шинэчлэх, бүртгэлээс хасах
5.1.Материалыг дутуу бүрдүүлсэн, шаардлага хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзаж, энэ тухай албан ёсны хариуг албан хэрэг хөтлөх журмын дагуу бичгээр өгнө.
5.2.4.3.1-д заасан бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт гарсан тухай бүрт итгэмжлэлийн байгууллага өөрийн www.mnas.gov.mn цахим, www.organic.gov.mn цахим хуудсанд чиглэл тус бүрээр мэдээллийг шинэчлэн оруулна.
5.3.Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг дараах үндэслэлээр бүртгэлээс хасна. Үүнд:
5.3.1.Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас олгосон итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дууссан;
5.3.2.Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас тухайн тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон;
5.3.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулахдаа холбогдох хууль дүрэм, журам, тогтоосон онцлог шаардлагыг хангахгүй байгаа нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон тохиолдолд.
5.4.Итгэмжлэлийн байгууллага нь бүртгэлээс хасагдсан байгууллагын талаарх холбогдох мэдээллийг итгэмжлэлийн хамтын ажиллагааны хүрээнд тухайн улс, орны итгэмжлэлийн байгууллагад албан ёсоор мэдээлнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1.Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---xxx---
Текст томруулах
A
A
A