A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУВИЙН ХЭВШИЛ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 340

Улаанбаатар хот

ХУВИЙН ХЭВШИЛ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.2, 17.1.3-т заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус үүрэг болгосугай.

2. Салбар болон орон нутгийн хүрээнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болох чиг үүрэг, ажил үйлчилгээний чиглэлийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дотор Сангийн яаманд хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т, төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг энэ тогтоолын 1-д заасан хэлбэрээр гүйцэтгүүлэх болсонтой холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 оны төсвийн төсөлд зохих өөрчлөлтийг тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.

3. Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэлээр шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулж, хэлэлцүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

4. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг дэмжих, зах зээл дээр төрийн оролцоо, хүнд суртлыг үе шаттай бууруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН