- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ (Эрчим хүчний үндэсний төв)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 318
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1, Иргэний хуулийн 31.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зорилгоор "Эрчим хүчний хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болон "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрыг нийлүүлэн "Эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. "Эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.
3. "Эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус эзэмшүүлсүгэй.
4. "Эрчим хүчний хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар, "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрыг нийлүүлсэнтэй холбогдуулан хаалтын балансыг гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг зохих журмын дагуу "Эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл) нарт даалгасугай.
5. "Эрчим хүчний хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 16,900,998,000.0 (арван зургаан тэрбум есөн зуун сая есөн зуун ерэн найман мянган) төгрөгийн балансын үнэ бүхий 2 дугаар хавсралтад заасан барилга байгууламжийг "Эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид балансаас балансад шилжүүлсүгэй.
6. "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 1,584,648,979.0 (нэг тэрбум таван зуун наян дөрвөн сая зургаан зуун дөчин найман мянга есөн зуун далан есөн) төгрөгийн балансын үнэ бүхий 3 дугаар хавсралтад заасан барилга байгууламжийг Эрчим хүчний яаманд балансаас балансад шилжүүлсүгэй.
7. Энэ тогтоолын 4, 5-д заасан үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрчим хүчний хөгжлийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 51 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ
Текст томруулах
A
A
A