A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЙМГИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН АЖИЛЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны сайдын

2022 оны 2 дугаар сарын 22–ны өдрийн

А/61 дугаар тушаалын хавсралт

 

АЙМГИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН АЖИЛЛАХ

ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1.1.Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 360, 377 дугаар тогтоолд зааснаар нийслэлд "Боловсролын газар", аймагт "Боловсрол, шинжлэх ухааны газар" байна.

1.2.Аймаг, нийслэлийн Боловсролын газар (цаашид "газар" гэх)-ын бүрэн эрх, чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.3.Газар нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, эрх бүхий этгээдийн баталсан шийдвэр, зөвлөмж болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.4.Газар нь хүний эрхийг дээдэлсэн, хүн бүрд тэгш хүртээмжтэй, тэгш боломжийг олгосон чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, хүний насан туршдаа суралцахуйг дэмжих; чадахуйн зарчимд суурилсан удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх; цахим боловсрол, сургалтын уян хатан хэлбэрийг дэмжих; үр дүн, гүйцэтгэлд суурилах; хувь хүний эрх, хэрэгцээ шаардлагад нийцсэн, нээлттэй, уян хатан, тасралтгүй, сургалтын арга зүй, технологи хөгжүүлэхэд чиглэсэн; шийдвэр гаргахад олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг хангасан байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтална.

Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.Газар нь холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.1.Салбарын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах чиглэлээр:

2.1.1.Салбарын хөгжлийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийг байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, удирдлагын дэмжлэг үзүүлэх, үр дүн, гүйцэтгэлийг тайлагнах;

2.1.2.Салбарын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулах, баяжилт, шинэчлэл хийх, цахим хуудасны хэвийн ажиллагааг хангах;

2.1.3.Шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаг үеийн бусад асуудлаар орон нутгийн сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын удирдах ажилтанд мэдээлэл өгөх, санал солилцох (уулзалт, цахим хурал, сургалт/семинар, хэлэлцүүлэг гэх мэт) үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх;

2.1.4.Боловсролын салбарыг хөгжүүлэх орон нутгийн бодлого, арга хэмжээ, төлөвлөгөө, нийтлэг зохицуулалтын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн орон нутаг дахь салбар зөвлөлийн шийдвэр, зөвлөмж гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, гүйцэтгэлийг тайлагнах;

2.1.5.Боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, үнэлгээ, арга зүй, технологи, суралцагчийн эрх, хамгаалал, хөгжил, төлөвшил, тэгш хамран сургалт, ажил мэргэжлийн чиг баримжаа, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжил, цахим шилжилт, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийг энэ чиглэлийн мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлж ажиллах, холбогдох талуудын түншлэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Боловсролын ерөнхий газар болон боловсролын үнэлгээ, эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг мэдээллээр хангах, санал боловсруулах;

2.1.6.Боловсролын тухай хуулийн 34.1 дэх хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасан боловсролын сургалтын байгууллагын өөрийн болон мэргэжил, арга зүйн удирдлага, багшийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн удирдлагаар хангах, багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

2.1.7.Сургалтын үйл ажиллагаанд хөтлөх сургалтын баримт бичиг/суралцагчийн хувийн хэрэг, ангийн журнал/ болон багш, суралцагчийг сурах бичиг, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, тайлагнах;

2.1.8.Бага, дунд боловсролын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт заасан боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/ олгохтой холбогдох асуудлын хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлага зохицуулалтаар хангах, хяналт тавих, тайлагнах;

2.1.9.Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого, сургуулийн орчны аюулгүй байдлын болон дотуур байрын орчин, үйлчилгээний стандартын хэрэгжилт, хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хоол тэжээл, хүнсний норм, норматив, аюулгүй байдалд мэргэжлийн байгууллага, олон нийт, эцэг эх, асран хамгаалагчийн тавих хяналтыг тогтмолжуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүчирхийлэл, гэмт хэрэг, хорт зуршил, авто замын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн бодлого, арга зүйн удирдамж, зохицуулалтаар хангах;

2.1.10.Орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын орчинд хүүхэдтэй зүй бус харилцах хандлага гаргахгүй байх, өсвөр үеийнхнийг дарамт, дээрэлхэл, хүүхэд, залуучууд гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд /цахим орчин, согтуурах, мансуурах, донтох байдалд/ өртөхгүй байх болон хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн судалгаанд суурилсан нөлөөллийн арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулах;

2.1.11.Орон нутгийн цэцэрлэг, сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн илрүүлэг хийх, холбогдох байгууллагатай хамтран оношлох, статистик цуглуулж, Боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгүүлэх, хэл, соёлын ялгаатай хүүхдийн цэцэрлэг, сургуульд хамрагдалт, суралцахуйн явц, үр дүнгийн талаар судалгаа хийж, сурлагын хоцрогдол нөхөх, тэгш хамруулах, холбогдох сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах;

2.1.12.Боловсролын сургалтын байгууллагад тэгш хамруулах орчныг бүрдүүлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналаа хүргүүлэх, холбогдох судалгаа мэдээллээр хангах, аймаг, дүүргийн боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын байгууллагад холбон зуучлах үүрэг бүхий "Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл"-ийн хурлыг зохион байгуулж, зарлан хуралдуулах арга хэмжээ авч ажиллах;

2.1.13.Гамшгийн үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөл байдлын үнэлгээ, судалгаа хийх, үр дүнд үндэслэн хувилбарт боломжуудыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу боловсруулах, төлөвлөгөө гаргах, шуурхай арга хэмжээ авч, холбогдох мэдээллээр орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хамтран ажиллах;

2.1.14.Мэргэжлийн боловсролын сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, хүний нөөцийн хангалтыг мэргэжлийн удирдлагаар хангаж, орон нутгийн онцлогт тохирсон хүнсний хангамжийн тогтолцоог бүрдүүлэх, боловсролын сургалтын байгууллагын туслах аж ахуйг хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх. Оролцогч талуудад хоол шим тэжээлийн боловсрол олгох, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

2.1.15.Орон нутгийн техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын  сургалтын чиглэл, хөтөлбөрийг орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэн тодорхойлоход орон нутгийн төрийн байгууллага, ажил олгогч, мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, түншлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх, төгсөгчийн хөдөлмөр эрхлэхэд орон нутгийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллах;

2.1.16.Суралцагчийн эрх, хамгаалал, хөгжил, төлөвшил, тэгш хамран сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах.

2.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулах, өөрчлөх, тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох чиглэлээр:

2.2.1.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулах, өөрчлөх асуудлаар тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас байгуулсан магадлан шинжилгээ хийх шинжээчийн хэсэгт ажиллах;

2.2.2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар энэ журмын 2.2.1-д дурдсан шинжээчийн хэсгийн дүгнэлтийг газрын даргын дэргэдэх удирдлагын нэгжийн зөвлөл эсвэл Боловсролын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцэж мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

2.2.3.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулсан шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрөлд хамаарах асуудлаар бүртгэл, мэдээллийн сан үүсгэх, баяжилт хийх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

2.2.4.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр боловсролын сургалтын байгууллага татан буугдах тохиолдолд тухайн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн хувь хүнд хамаарах архивын баримт /ажилд томилох, чөлөөлөх шийдвэр, төгсөгчид олгосон боловсролын баримт бичиг, ангийн журнал зэрэг холбогдох баримт бичиг/-ыг хүлээн авч архивын байгууллагад шилжүүлэх.

2.3.Багш, ажилтны хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр:

2.3.1.Боловсролын сургалтын байгууллагын хүний нөөцийн менежментийг сайжруулах, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэхэд өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлагаар хангах, зөвлөн туслах;

2.3.2.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, багш, суралцагчдын дунд эрх бүхий байгууллагын зөвшөөрсөн олимпиад, уралдаан зохион байгуулах, гүйцэтгэл, үр дүнг тайлагнах;

2.3.3.Багш нарын мэргэжлийн бүлгийг байгуулж, багш, ажилтан харилцан туршлага солилцох, бүтээлч үйл ажиллагаа, тэргүүн туршлагыг хөгжүүлэх, тэдний шилдэг арга зүй, технологийг боловсролын технологийн санд бүртгэж нийтийн хүртээл болгох;

2.3.4.Боловсролын үйлчилгээний чанарыг баталгаажуулах, суралцагчийн эрэлт, хэрэгцээ, хөгжлийн онцлогт нийцсэн сургалтыг зохион байгуулахад багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, суралцагчийн үнэлгээг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх, дүгнэх, тайлагнах;

2.3.5.Боловсролын сургалтын байгууллагын орчинд суралцагчийн эрхийг хангах, хамгаалах, хөгжил төлөвшил, авьяасыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, оролцоог хангах чиглэлээр секц, дугуйлан, клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний өөрөө удирдах байгууллагаар дамжуулж, багаар ажиллах, хамтран суралцах арга зүйд суралцахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхдийн болон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажиллах, багш, ажилтныг арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;

2.3.6.Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, техникийн болон мэргэжлийн боловсролын насны хүүхэд, залуусыг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, үр дүнг хянаж, дүгнэх;

2.3.7.Орон нутгийн иргэд насан туршдаа суралцах, хөгжих тэгш боломжийг тэдний эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн бүрдүүлэх, суралцахуйн үйл ажиллагааг холбогдох талуудтай хамтран зохион байгуулах, насан туршийн боловсролын төв болон нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дэд бүтэц, хэрэглэгдэхүүний хангалтад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал хүргүүлж шийдвэрлүүлэх, холбогдох судалгаа мэдээллээр хангах;

2.3.8.Багш, ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх ажлыг Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулах, орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, тайлагнах;

2.3.9.Багш, ажилтан, суралцагчийн бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, урамшуулан дэмжих чиглэлээр төр, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, төрийн одон медаль, салбарын болон нутгийн захиргааны байгууллагын шагналд нэр дэвшүүлэх, шийдвэрлүүлэх;

2.3.10.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн асуудлаар судалгаа хийх, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад заасны дагуу нийгмийн баталгааг хангуулах санал боловсруулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

2.3.11.Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулах үнэлгээнд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, орон нутаг болон боловсролын сургалтын байгууллагын түвшинд үнэлгээний чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулахад Боловсролын ерөнхий газартай хамтран ажиллах, боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх;

2.3.12.Багш, ажилтнуудыг ажлын байранд нь хөгжүүлэх, менторыг ажиллуулах, мэргэжлийн бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэргүүн туршлагыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх,

2.4.Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх чиглэлээр:

2.4.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тогтмол хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, боловсролын сургалтын байгууллагын хөгжил, үйл ажиллагааны чанарыг сайжруулах чиглэлээр зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх;

2.4.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг Боловсролын үнэлгээний төвтэй хамтран чанартай зохион байгуулах, үр дүнг тайлагнах;

2.4.3.Боловсролын чанарын үнэлгээг Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн удирдамжийн дагуу зохион байгуулах, оролцох, хяналт тавих, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.4.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой зохион байгуулах, зөвлөн туслах, үр дүнд үндэслэн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөө боловсруулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.4.5.Иргэдийн насан туршийн суралцахуйд дэмжлэг үзүүлэх, суралцах боломжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг тандах судалгаа, оношилгоо, хэрэглэгчийн үнэлгээний ажлыг багш, ажилтан, иргэд, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, үр дүнг мэдээлэх, үр дүнд суурилан үйл ажиллагаа төлөвлөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.4.6.Боловсролын сургалтын байгууллага, удирдлага, багш болон бусад ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ, дотоод хяналт-шинжилгээний тогтолцоо төлөвшүүлэх ажлыг арга зүйн удирдамжаар хангаж зөвлөн туслах, хамтран ажиллах;

2.4.7.Орон нутагт элсэлтийн ерөнхий шалгалт, их, дээд сургуульд оюутан элсүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

2.4.8.Боловсролын хүртээмж, чанар, үр ашгийн үзүүлэлтүүдийг тооцох, дүн шинжилгээ хийх, түүнийг сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх;

2.4.9.Орон нутгийн хэмжээнд мэдээллийн системийн ашиглалт, үйл ажиллагаанд хяналт тавьж, мэдээллийн үнэн зөв, шуурхай байдлыг ханган, мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг шийдвэр гаргалтад ашиглах, мэдээллийн сангийн баяжуулалт, хэрэглэгчдийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах,

2.4.10.Хичээл сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахад удирдлагаар хангах, эрсдэлийг тооцох, хэрэгжилтэд хяналт тавих, цахим сургуулийн сургалтын үйл ажиллагааг дэмжих, багш, суралцагчийг чиглүүлэх, дэмжин туслах, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах хичээл сонголт, хуваарилалтыг хийхэд болон сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хэрэгжилтийг ханган ажиллах, сургуулиудад цахим технологид суурилсан шалгалтыг зохион байгуулах сургалтын орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх;

2.4.11.Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын уялдаа холбоог хангах, сайн туршлага, бүтээлч ажлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах;

2.4.12.Салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийн явцын мэдээлэл нэгтгэх, хяналт тавих, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын цахим төсвийн системийг удирдах, орон нутгийн боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, боловсролын боловсролын сургалтын байгууллагуудын батлагдсан төсвийн санхүүжилтийг зохион байгуулах, удирдах, хянах, төрийн сангийн үйл ажиллагаанд хамтран оролцох, орон нутгийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийг хянах, судалгаа тооцоо хийх, нэгтгэх;

2.4.13.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахад энэ чиг үүрэг бүхий сургалтын менежер, арга зүйчдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, үнэлгээний явцад хяналт тавих, гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн орон нутгийн түвшинд багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хэрэгцээг тодорхойлох, багшийн болон байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, хэрэгжилтэд хяналт тавих;

2.5.Боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг холбогдох эрх зүйн баримт бичигт заасны дагуу эрх бүхий байгууллагад гаргаж өгөх чиглэлээр:

2.5.1.Хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, арга хэмжээ, төлөвлөгөө, гэрээ, конвенц, бусад холбогдох баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүн болон байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн хамт холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд тайлагнах, мэдээлэл хүргүүлэх;

2.5.2.Дээд шатны байгууллагаас улс орны нийгэм, эдийн засаг, байгаль, цаг уурын болон бусад асуудлаар боловсролын сургалтын байгууллагад хамаарах цаг үеийн үйл ажиллагаа, зарим шийдвэрийн хэрэгжилтийн талаар шаардсан мэдээ, мэдээллийг шуурхай гаргаж хүргүүлэх, эргэх холбоотой ажиллах;

2.5.3.Сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын статистикийн мэдээлэл цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх;

2.5.4.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн ойрын болон хэтийн төлөвийн таамаглал боловсруулах, бусад шаардлагатай тооцоо, судалгаа хийх;

2.5.5.Тайлан, мэдээ мэдээллийг судалгаа, баримт нотолгоонд тулгуурлан үнэн зөв, чанартай боловсруулах, орон нутгийн боловсролын хүрсэн түвшин, үр дүн, бусад асуудлаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг мэдээллээр хангах.

2.6.Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох чиглэлээр:

2.6.1.Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүс нутгийн онцлог, хүн амын нягтрал, хэтийн төлөв, цэцэрлэг, сургуулийн барилгын хүчин чадал, нөөцийг харгалзан цэцэрлэг, сургуулийн хамран сургах тойрог тогтоох, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдамж, зохицуулалтаар хангах, хяналт тавих;

2.6.2.Газарзүйн мэдээллийн системийн орон зайн дүн шинжилгээнд тулгуурлан сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх хэрэгцээ, шаардлагыг элсэлтийн болон хүн амын өсөлтийн байдал, шилжилт, хөдөлгөөний чиг хандлага, нутаг орны хөгжлийн төлөвлөлт зэрэг олон талын хүчин зүйлсийг харгалзан тодорхойлох ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, судалгааны үндсэн дээр орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн байршил, бүтэц, хэв шинжийг оновчтой тогтоох, өөрчлөн байгуулах, цэцэрлэг, сургуулийн ачааллын тэнцвэрт байдлыг хангах, дахин төлөвлөлт хийх, арга хэмжээ авах;

2.6.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдалтад шинжилгээ хийх, үйлчилгээний гадна хоцорсон хүүхдэд чиглэсэн арга хэмжээ авах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

2.6.4.Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, нөөц хэрэглэгдэхүүн, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад хамрагдаж буй суралцагч, багш, ажилтны шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн мэдээлэл тогтмол цуглуулж судалгаа хийх, хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр холбогдох байгууллагыг мэдээллээр хангах.

2.7.Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиглэлээр:

2.7.1.Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журамд заасны дагуу зохион байгуулах, дүнг ил тод, нээлттэй мэдээлэх;

2.7.2.Удирдах албан тушаалд томилогдох ажилтны ажлын тушаалын тодорхойлолт боловсруулах, баталгаажуулахад томилох эрх бүхий этгээдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;

2.7.3.Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулсан тухай тайланг дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд танилцуулах, сонгон шалгаруулалттай холбогдох асуудлаар мэдээллийн сан үүсгэх.

2.8.Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загвар батлах чиглэлээр:

2.8.1.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны хангалтын байдал, загвар, хийц, чанарын асуудлаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийх, сургуулиудаас холбогдох мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх;

2.8.2.Батлагдсан шаардлага, загварын дүрэмт хувцсаар суралцагчийг хангах ажлыг өмчийн бүх хэлбэрийн сургуулиудад хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, дүнг мэдээлэх.

2.9.Шинжлэх ухаан, технологи, инновацийн хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, удирдлага, зохицуулалтаар хангах чиглэлээр:

2.9.1.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд "Шинжлэх ухаан, технологийн орон нутаг дахь салбар зөвлөл"-ийг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг газрын төлөвлөгөөтэй уялдуулах, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байдлыг хангах, хэрэгжүүлэх;

2.9.2.Шинжлэх ухаан, технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх орон нутгийн бодлого, арга хэмжээ, төлөвлөгөө, нийтлэг зохицуулалтын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн орон нутаг дахь салбар зөвлөл шийдвэр, зөвлөмж гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, гүйцэтгэлийг тайлагнах;

2.9.3.Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд бүтэц байгуулах, хөгжүүлэх асуудлаар хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

2.9.4.Шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, хэрэгжилтийг ханган ажиллах;

2.9.5.Орон нутгийн байгалийн болон бусад нөөцөд тулгуурласан, шинжлэх ухаан, технологийн үр дүнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулалт, зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх;

2.9.6.Орон нутгийн иргэдийн санал санаачилгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд гарааны санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, гарааны бизнес эрхлэх, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах;

2.9.7.Орон нутгаас төрөн гарсан эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах, орон нутгийн шийдвэрлэх асуудалд шинжлэх ухааны зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх, судалгаа, шинжилгээнд татан оролцуулах чиглэлээр хамтран ажиллах;

2.9.8.Орон нутагт сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах,хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, их, дээд сургуулийн үйл ажиллагааг орон нутгийн ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагатай холбох, суралцагчдад дадлага хийх боломжийг бүрдүүлэх, орон нутгийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын боловсролын сургалтын байгууллага болон ажил олгогч, шинжлэх ухааны байгууллагын  хамтын ажиллагаа, уялдааг хангах, түншлэлийг бий болгох, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2.9.10.Аймаг, орон нутаг, бүсийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургуулиудтай хамтран ажиллах;

2.9.11.Аймаг, орон нутгийн онцлогт тулгуурлан байгаль, нийгмийн шинжлэх ухааны танин мэдэхүйн контентыг бүтээж, орон нутгийн болон үндэсний олон нийтийн радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

2.10.Дүрмийн 2.9.1-2.9-11-д заасан чиг үүрэг нь зөвхөн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт хамаарна.

2.11.Газар нь энэ журмын 2.1-2.9-д заасан үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.11.1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан ажлын хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангана.

2.11.2.Боловсролын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем (багш, ажилтан, суралцагч, боловсролын сургалтын байгууллага, түүний орчны мэдээллийн бүртгэл бүхий)-ийг бүрдүүлж, хөгжүүлэхэд цэцэрлэг, сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн тусална.

2.11.3.Боловсролын сургалтын байгууллагын мэдээлэл, холбооны дэд бүтэц, сүлжээний төхөөрөмж, шилэн кабелийн ашиглалт үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах, утасгүй дотоод сүлжээний болон цахим сургалтын орчныг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлнэ.

2.11.4.Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын ажилтан авлига авах, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 5, 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.11.5.Орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомжид нийцсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагыг гадаадын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.

Гурав. Удирдлага, зохион байгуулалт

3.1.Газар нь энэхүү журамд заасан чиг үүрэг, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

3.2.Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хуульд зааснаар тогтооно.

3.2.1.Газрын нэгжийн дарга, мэргэжилтэн нь бакалавр, түүнтэй адилтгах[1] болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, боловсролын боловсролын сургалтын байгууллагад сүүлийн 5 жил ажилласан туршлагатай, багш, ажилтанд мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах болон багаар ажиллах ур чадвартай байх бөгөөд харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллана.

3.2.2.Газрын сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, боловсролын сургалтын байгууллагын болон хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах, боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх, чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах, сургалтын арга зүй, технологи, цахим сургалт хөгжүүлэх, сургалтын цахим агуулга, контент боловсруулахад багш, удирдах ажилтанд мэргэжил, арга зүйн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, боловсролын судалгаа хийх, мэдээлэл боловсруулах зэрэг асуудлыг хэрэгжүүлнэ.

3.3.Газрын дарга нь бусад хууль тогтоомжид заасны дагуу байгууллагын дарга, төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллана.

3.4.Боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүн, хүний нөөц, төсөв, санхүүгийн болон хуулиар хориглосноос бусад мэдээллийг байгууллагын цахим хуудас/мэдээллийн самбарт байршуулах замаар байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангана.

3.5.Боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, түншлэлд тулгуурлан шударга, хүртээмжтэй, ил тод, нээлттэй, тэгш байдлыг ханган явуулна.

3.6.Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, орон нутаг дахь шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, удирдлагад холбогдох хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудалд дарга, мэргэжилтэн хөндлөнгөөс оролцох, хууль бусаар нөлөө үзүүлэх болон ном, гарын авлага, сэтгүүл бусад зүйл худалдан авахыг багш, ажилтанд тулган шаардах, борлуулахыг хориглоно.

 

 


[1] Гэгээрлийн сайдын " Боловсролын түвшин, ангилал тогтоох" 1998 оны 98 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Боловсролын түвшний  ангилал "-ын 5 дахь хэсэгт зааснаар ойлгоно.