- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ БОЛОН НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ НОГДУУЛАХ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга,
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн
А/114, А/157, А/175(102) дугаар хамтарсан захирамж, тушаалын хавсралт
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГ БОЛОН НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ НОГДУУЛАХ,
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах, газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд "Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага" /MNS 5924: 2015/ Монгол Улсын стандартыг баримтална.
1.3.Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтын газартаа барьсан ариун цэврийн байгууламж, нүхэн жорлонг энэ журмын 1.2 дахь хэсэгт заасан стандартын шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг гаргана.
Хоёр. Газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах
2.1.Тусгай хамгаалалттай газар нутаг, нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд энэ журмын 1.2 дахь хэсэгт заасан стандартын шаардлагыг хангаагүй ариун цэврийн байгууламж барьсан бол Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу газрын төлбөрийг дараах дүнгээс хоёр дахин нэмэгдүүлж ногдуулна:
2.1.1.нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалтай газар нутагт газар
эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу ногдуулсан төлбөрөөс;
2.1.2.нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ногдуулсан төлбөрөөс;
Гурав. Дүгнэлт гаргах
3.1.Иргэн, хуулийн этгээд эзэмшил, ашиглалтын газартаа стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, нүхэн жорлон барьсан талаарх дүгнэлт гаргуулах хүсэлтийг Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад гаргана.
3.2.Энэ журмын 3.1-д заасан байгууллага нь дараах материалыг хүлээн авч стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж, нүхэн жорлон барьсан эсэх дүгнэлтийг ажлын 5 хоногт багтаан гаргана.
3.2.1.иргэн, хуулийн этгээдийн хүсэлт;
3.2.2.нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжийн схем болон гэрэл зураг;
3.2.3.нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжийн орчны зураг;
3.2.4.холбогдох бусад материал;
3.3.Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн захиргааны байгууллага нь энэ журмын 3.2-т заасан баримтад дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж үзнэ.
3.4.Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн захиргааны байгууллага нь энэ журмын 3.2-т заасан дүгнэлтийг ажлын 3 хоногт багтаан Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.5.Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын дүгнэлт гарсан өдрөөс эхлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрийг тооцон ногдуулж, дундын мэдээллийн сангаар дамжуулан тухай бүр татварын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад илгээнэ.
3.6.Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн материал нь энэхүү журмын 1.3-т заасан стандартыг хангаагүй бол энэ тухай иргэн, хуулийн этгээдэд албан бичгээр хариу хүргүүлнэ.
Дөрөв. Газрын төлбөрийг хөнгөлөлт эдлүүлэх
4.1.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж буй Монгол Улсын иргэн энэ журмын 1.2-т заасан стандартад нийцсэн нүхэн жорлон барьсан бол Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан чөлөөлөлт эдлүүлнэ.
4.2.Монгол Улсын иргэн нийслэлийн ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газрын зориулалт өөрчилсөн тохиолдолд захирамж гарч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан газрын төлбөрийн чөлөөлөлтийг эдлэхгүй.
Тав. Хяналт тавих
5.1.Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн газрын төлбөр ногдуулах, илгээхэд газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага, газрын төлбөрийн төлөлтөд татварын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага цахим системээр дамжуулан хяналт тавина.
Текст томруулах
A
A
A