- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ГЕОЛОГИЙН СУДАЛГАА-ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ" ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2022 оны 317 дугаар
тогтоолын хавсралт
"ГЕОЛОГИЙН СУДАЛГАА-ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ" ТӨРИЙН ӨМЧИТ
АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилго "Геологи судалгаа-шинжилгээний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоож, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2."Геологи судалгаа-шинжилгээний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь (цаашид "Үйлдвэрийн газар" гэх) өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн.
1.3.Үйлдвэрийн газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, энэ дүрмийг мөрдөнө.
1.4.Үйлдвэрийн газрын оноосон нэр "Геологи судалгаа-шинжилгээний төв" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, товчилсон нэр "Геологи судалгаа-шинжилгээний төв" ТӨҮГ болно.
1.5.Үйлдвэрийн газрын байршил нь түүний удирдлагын байрлаж буй улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлогдоно.
1.6.Цахим хаяг: www.aeosudtuv.qov.mn, Е-mail: info@aeosudtuv.qov.mn www.cenqeolab.com; цахим шуудан: info@cenqeolab.com болно.
Хоёр.Үйлдвэрийн газрын зорилго,
үйл ажиллагааны чиглэл
2.1.Хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйлдвэрийн газрыг хувьчлах, өөрчлөн байгуулах, татан буулгахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд үйлдвэрийн газар нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
2.2.Үйлдвэрийн газрын үндсэн зорилго нь Монгол орны нутаг дэвсгэрийн газрын хэвлийн геологийн тогтоц, түүний бүтцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр региональ болон тодорхой талбайн хэмжээнд геологийн бүх шатны судалгааны ажлыг гүйцэтгэж, ашигт малтмалын нөөц, хуримтлалыг тогтоох замаар Монгол Улсын хөгжлийн үндсэн тулгуур болсон уул уурхайн салбарын тогтвортой үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, хот, суурин газар, бүс нутгийн хэмжээнд геоэкологи, гидрогеологи, тектоникийн төрөлжсөн судалгааг гүйцэтгэснээр хүн амьтны амьдрах орчин, газар хөдлөл, хөрсний гулсалттай холбоотой геологийн нэгдсэн тайлал хийж дүгнэлт өгөх, эрдсийн түүхий эдийн шинжилгээний үнэн зөв, баталгаатай үр дүнгээр захиалагч үйлчлүүлэгчийг хангах, уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хувь хүн хуулийн этгээдийн захиалгаар геологийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэхэд оршино.
2.3.Үйлдвэрийн газар нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
2.3.1.улсын төсвийн хөрөнгөөр геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологи, тандан судалгаа, өрөмдлөг болон газрын хэвлийтэй холбоотой сэдэвчилсэн судалгааны ажлыг мөрдөж буй заавар, шаардлага, арга аргачлалын дагуу гүйцэтгэх;
2.3.2.улсын төсвийн хөрөнгөөр ашигт малтмал эрэх, хайх ажлыг гүйцэтгэж нөөцийг тогтоох, улсын төсөвт үйлдвэрийн газрын хөрөнгөөр геологи-ашигт малтмалын судалгаа болон хайгуулын ажлыг гүйцэтгэх;
2.3.3.бүс нутгийн болон тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаад улс болон олон улсын геологийн судалгаа, эрэл-хайгуулын төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх;
2.3.4.палеонтологийн олдвор, газар хөдлөлийн идэвхтэй бүс нутгийн давхарга зүйн болон тектоникийн судалгааг гүйцэтгэж төрийн болон орон нутгийн захиргаанд мэдээлж, цаашид авах хэмжээний талаар зөвлөмж өгөх, харилцан мэдээлэл солилцох;
2.3.5.геологийн судалгааны ажлын анхдагч материалыг боловсруулж, шаардлагатай мэдээллийн санг бүрдүүлсэн геологийн бүх шатны судалгааны ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Геологийн баримтын төв архивд тушаах;
2.3.6.эрдсийн түүхий эд, тэдгээрийн баяжмалд эрдсийн найрлага, бүтцийг хими, спектр, минералоги, петрографи, минераграфи, рентгенфлуоресценцийн аргаар тоон болон чанарын шинжилгээг захиалагчийн эрэлт шаардлагад нийцүүлэн өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэх;
2.3.7.төрөл бүрийн ашигт малтмалын дээж боловсруулалт, физик, механик шинж чанар, үзүүлэлтүүдийг тодорхойлох судалгаа-шинжилгээний ажил гүйцэтгэх, технологийн туршилт хийх;
2.3.8.эрдсийн түүхий эд, цацраг идэвхт ашигт малтмал болон бусад боломжит материалаар холбогдох стандартад нийцүүлэн өөрийн болон захиалагчийн хөрөнгөөр аттестатчилсан стандартчилсан загвар зохион бүтээх, баталгаажуулах, дотоод гадаадын зах зээлд борлуулах;
2.3.9.өнгөт эрдэнийн чулууны хайгуул, олборлолт хийх, тэдгээрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах;
2.3.10.эрх бүхий төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын олборлолтын явцад хяналтын сорьцлолт авч шинжлэн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;
2.3.11.эрдсийн түүхий эдийн шинжилгээ хийж байгаа лабораториудын шинжилгээний ажилд Стандарт, хэмжил зүйн газартай хамтран жил бүрийн төлөвлөгөөг гаргаж төлөвлөгөөний дагуу хөндлөнгийн хяналт хийж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх;
2.3.12.эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу бараа бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын сорилт шинжилгээ хийж итгэмжлэгдсэн лабораторийн үүргийг гүйцэтгэх;
2.3.13.эрдсийн түүхий эдийн экспорт, импортын бүтээгдэхүүнд шинжилгээ хийх;
2.3.14.геологийн судалгаа, лабораторийн шинжилгээнд нэвтэрч байгаа дэлхийн улс орнуудын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, шинэ арга аргачлал боловсруулж батлуулах;
2.3.15.сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах;
2.3.16.хуулиар хориглоогүй аж ахуйн бусад үйл ажиллагааг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон эрх бүхий бусад байгууллагын зөвшөөрснөөр эрхлэх.
2.4.Үйлдвэрийн газар нь хууль тогтоомжоор хориглоогүй бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж болно.
2.5.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгаа, шинжилгээний ажлын төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулснаа захиалагчийн өмнө тайлагнах үүрэг хүлээнэ.
2.6.Үйлдвэрийн газар нь үйл ажиллагааны зорилго, чиглэл, ашигт ажиллагааны зорилтот түвшин болон түүнийг тодорхойлсон урт болон ойрын хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, Үндэсний геологийн албаар батлуулан түүнийг удирдлага болгон ажиллана.
2.7.Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ гэрээнд заасан хугацааг чанд баримтлан тайлан зохиогч нарын ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажлын байранд шаардлагатай материал, техник, тоног төхөөрөмж, ажиллах нөхцөлөөр хангана.
Гурав.Үйлдвэрийн газрын тэмдэг, бэлгэдэл
3.1.Үйлдвэрийн газар өөрийн нэр бүхий тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.2.Тэмдгийг үйлдвэрийн газрын захирлаас итгэмжилсэн этгээд түшиж ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.
3.3.Үйлдвэрийн газар өөрийн бэлгэдэлтэй байж болох бөгөөд бэлгэдлийн загварыг захирлын тушаалаар баталж, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж хэрэглэнэ.
Дөрөв.Үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх, үүрэг
4.1.Үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
4.2.Үйлдвэрийн газар нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Үндэсний геологийн албанаас тогтоосон нормативт хэмжээнд нийцүүлэн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын үндсэн зорилтод нийцсэн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх эрхтэй.
Тав.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээ
5.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 3, 8, 9-д зааснаас гадна дараахь эрх хэмжээг хэрэгжүүлнэ:
5.1.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний геологийн албаны саналыг үндэслэн үйлдвэрийн газрын захирлыг томилох, чөлөөлөх;
5.1.2.геологи, судалгааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Үндэсний геологийн алба, компанитай гурвалсан гэрээ байгуулж гүйцэтгэлийг хамтран дүгнэх;
5.1.3.Үндэсний геологийн албаны санал болгосноор үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталж, орон тооны дээд хязгаарыг тогтоох;
5.1.4.үйлдвэрийн газрын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, арга зүйн удирдлагаар хангах;
5.1.5.үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг батлах.
5.2.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үйлдвэрийн газарт хамаарах төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэгч байна.
Зургаа.Үндэсний геологийн албаны эрх хэмжээ
6.1.Үндэсний геологийн алба нь дараахь эрх хэмжээг хэрэгжүүлнэ:
6.1.1.үйлдвэрийн газрын захирлыг томилох, чөлөөлөх асуудлаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад санал оруулах;
6.1.2.үйлдвэрийн газрын захиралтай энэ дүрмийн 2.3-т заасан үйл ажиллагааны чиглэлээр нэмэлт гэрээ байгуулж болно.
6.1.3.төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, үйлдвэрийн газартай гурвалсан гэрээ байгуулж гүйцэтгэлийг хамтран дүгнэх;
6.1.4.үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөх;
6.1.5.үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зорилго, чиглэл, ашигт ажиллагааны зорилтод түвшинг тодорхойлсон урт болон ойрын хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан баталж, түүний хэрэгжилтийг хангуулан ажиллах;
6.1.6.үйлдвэрийн газрын захирлын гэрээг дүгнэх, урамшуулал олгох асуудлаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан "Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх" журмын 3.11-д заасны дагуу үйлдвэрийн газрын ажлын тайлангийн үнэлгээг холбогдох материалын хамт дараа оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Долоо.Үйлдвэрийн газрын удирдлага
7.1.Үйлдвэрийн газрыг захирал удирдана.
7.2.Үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрлөөр захирал томилж, чөлөөлнө.
7.3.3ахирал нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээ байгуулах, дүгнэх, урамшуулал олгох асуудлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан "Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ"-нд заасны дагуу шийдвэрлэнэ.
7.4.3ахирлыг орлох албан тушаалтныг үйлдвэрийн газрын дотоод журамд заасан байна.
7.5.3ахирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан байна.
7.6.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна шүүхээр ял шийтгэгдэж байсан болон нэр хүнд нь үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд харшлах этгээдийг захирлаар томилохыг хориглоно.
7.7.Захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу төрийн, хувийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл, тэдгээрийн захиргаанд орж ажиллах, олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэх, үйлдвэрийн хөрөнгөөр бусад этгээдийн өмнөөс баталгаа, батлан даалт гаргахыг хориглоно.
7.8.3ахирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, 7-д зааснаас гадна дараахь үүрэгтэй:
7.8.1.Үйлдвэрийн газрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
7.8.2.Үйлдвэрийн газрын бие даасан байдлыг хангаж, чанарын удирдлагын тогтолцоог боловсруулан мөрдүүлэх, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих.
7.9.3ахирал нь төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон Үндэсний геологийн албанаас олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
7.10.3ахирал өөрийн эрх, үүргийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон Үндэсний геологийн албаны зөвшөөрөл авч, итгэмжлэлийн үндсэн дээр холбогдох албан тушаалтанд түр шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Найм.Үйлдвэрийн газрын санхүү, бүртгэл, тайлан
8.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж, эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гаргана.
8.2.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.
8.3.Санхүүгийн тайлангийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.
8.4.Санхүүгийн тайланд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
8.4.1.баланс;
8.4.2.үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;
8.4.3.мөнгөн гүйлгээний тайлан;
8.4.4.өмчийн өөрчлөлтийн тайлан;
8.4.5.тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал урамшуулал;
8.4.6.нэмэлт тайлбар;
8.4.7.санхүүгийн тайлангийн тодруулга;
8.4.8.хууль болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон бусад мэдээлэл.
8.5.Үйл ажиллагааны болон аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан тухайн жилийн санхүүгийн тайланг уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад дараа жилийн эхний улиралд багтаан тус тус хүргүүлнэ.
8.6.Үйл ажиллагааны тайланд дорх зүйлийг тусгана:
8.6.1.тайлангийн хугацаанд эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх танилцуулга, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны үр дүнгийн байдал, түүний өөрчлөлт;
8.6.2.тайлангийн хугацаанд албан тушаалтан, ажилтан нарт олгосон шагнал урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ;
8.6.3.шаардлагатай бусад мэдээлэл, тайлбар.
8.7.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 211 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор аудитын дүгнэлт хийлгэнэ.
8.8.3ахирал санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор хөндлөнгийн аудиторыг сонгон гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.
Ес.Хяналт, шалгалт
9.1.Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, болон санхүүгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, үндсэн үйл ажиллагааны чиглэлээр Үндэсний геологийн алба хяналт тавьж удирдлагаар хангана.
9.2.Үйлдвэрийн газар нь хөрөнгийн хадгалалт, хамгаалалт болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих дотоод хяналтын нэгжтэй байна.
9.3.Дотоод хяналтын журмыг Засгийн газраас баталсан "Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-д нийцүүлэн захирал батална.
9.4.Дотоод хяналтын нэгж нь энэ дүрмийн 8.1-д заасан чиглэлээр байнгын хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт хийж дүгнэлт, зөвлөмж гаргана.
9.5.Хяналтын дүн, зөвлөмжийг сар тутам, шалгалтын дүн, зөвлөмжийг тухай бүр нь захиралд танилцуулан, хэрэгжилтийг ханган ажиллана.
9.6.Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих бүртгэлийн хяналтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.
Арав.Үйлдвэрийн газрын баримт бичгийн хадгалалт
10.1.Үйлдвэрийн газар нь албан хэрэг хөтлөлт, хадгалалтын нийтлэг журмыг мөрдөх бөгөөд дараахь баримт бичгийг хадгална:
10.1.1.дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга, үүсгэн байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;
10.1.2.санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;
10.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, түүнд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;
10.1.4.хурлын тэмдэглэл, захирлын тушаал, бусад шийдвэр;
10.1.5.үйлдвэрлэл, технологи, норм нормативууд, түүнтэй холбогдох дүрэм, журам, заавар, бусад баримт бичиг;
10.1.6.судалгаа, шинжилгээ, туршилт, хэмжилттэй холбоотой болон бусад баримт бичиг;
10.1.7.ажлын байрны тодорхойлолт, контрактын болон хөдөлмөрийн гэрээ;
10.1.8.эрх бүхий албан тушаалтан болон нийт ажилчдад олгосон цалин, урамшуулал, шагналтай холбоотой баримт бичиг;
10.1.9.бусад ач холбогдол бүхий баримт бичиг.
10.2.Үйлдвэрийн газрын дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг байнга хадгална. Бусад баримт бичгийг Архивын тухай хуульд заасны дагуу 10 жилийн хугацаатай хадгалах бөгөөд баримт бичгийн хугацаа дууссаны дараа төрийн архивд шилжүүлнэ.
10.3.Энэ дүрмийн 10.1-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивд шилжүүлэх зэрэг ажлыг архивын ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.
Арван нэг.Бусад
11.1.Үйлдвэрийн газрыг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.
11.2.Үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбоотой энэ дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
11.3. Энэ дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
11.4. Энэ дүрэмд хуульд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд дүрмийн нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
---o0o---
Текст томруулах
A
A
A