- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 351 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 339
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 351 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Засгийн газрын хуралдааны журам"-д дор дурдсан агуулгатай дараахь дэд заалт, заалтыг тус тус нэмсүгэй:
1/ 5.1.7 дахь дэд заалт:
"5.1.7.Төрийн болон албаны нууцад хамаарах асуудалд Төрийн болон албаны нууцын тухай хууль, Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт болон албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тус тус үндэслэн нууцын зэрэглэлийг тогтоох, зүйлийн заалтыг тодорхой бичиж, нууцын зохих зэрэглэлийн дардсыг журмын дагуу дарсан байх;"
2/ 5.1.8 дахь дэд заалт:
"5.1.8.Шаардлагатай тохиолдолд 5.1.7-д заасан нууцад хамаарах асуудлын зэрэглэлийг бодитой, зөв тогтооход тагнуулын байгууллагын саналыг заавал авч, хавсаргасан байх."
3/ 5.3 дахь заалт:
"5.3.Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй."
4/ 11.11 дэх заалт:
"11.11.Энэ журмын 11.2-т заасны дагуу шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолын эх хувьд биелэлтийг хариуцсан сайд 11.9-д заасан хугацаанд гарын үсэг зурсан байна."
2. Мөн журмын 7.4 дэх заалтын "… энэ журмын" гэсний дараа "5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх энэ журмын 4.1.11-д зааснаас бусад асуудлыг ирүүлсэн," гэж, 8.9 дэх заалтын "... баталгаажуулна." гэсний дараа "Цахим системийн байнгын, хэвийн үйл ажиллагааг Хэрэг эрхлэх газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, ашиглалтыг Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгж, нууцлал, аюулгүй байдлыг Тагнуулын ерөнхий газрын мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан нэгж, хөгжүүлэлтийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус хариуцна." гэж нэмсүгэй:
3. Мөн журмын 10.1.9 дэх дэд заалт, 11.2, 11.9, 12.1 дэх заалтыг дор дурдсан байдлаар өөрчлөн найруулсугай:
1/ 10.1.9 дэх дэд заалт:
"10.1.9.Засгийн газрын гишүүн тухайн асуудалтай холбогдсон асуулт, хариулт дууссаны дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тухайн асуудлаар 3 минутад багтааж санал хэлэх бөгөөд нэгэнт албан бичгээр дэмжсэн санал өгсөн асуудлаар эсрэг байр суурь илэрхийлэхийг хориглоно;"
2/ 11.2 дахь заалт:
"11.2.Хуралдаанаар хэлэлцэж байгаа аливаа асуудлыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийдвэрлэнэ. Засгийн газрын гишүүд хуралдаанаар хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төслийг бүгд дэмжсэн санал ирүүлсэн бол Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасны дагуу хуралдаан даргалагч алх цохиж, шийдвэрийг хэлэлцэхгүйгээр шууд гаргаж болно."
3/ 11.9 дэх заалт:
"11.9.Засгийн газрын тогтоолыг Хэрэг эрхлэх газрын дарга хянаж гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногт багтаан түүний биелэлтийг хариуцсан сайд нараар, дараа нь Ерөнхий сайдаар тус тус хянуулан гарын үсэг зуруулж, Засгийн газрын тамга дарж баталгаажуулна."
4/ 12.1 дэх заалт:
"12.1.Хуралдааны явц, хуралдаан дээр Засгийн газрын гишүүд, хуралдаанд оролцсон албан тушаалтнуудын хэлсэн үг, саналыг дуу хураагуурт бичсэнийг Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн ажилтан үг нэг бүрчлэн цаасан суурьт буулгана."
4. Мөн журмын 6.8 дахь заалтыг "ажлын 5 хоногт багтаан санал өгнө" гэснийг "ажлын 3 хоногт багтаан санал өгнө", "ажлын 10 хоногт багтаан санал ирүүлээгүй бол" гэснийг "ажлын 5 хоногт багтаан санал ирүүлээгүй бол" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
