A

A

A

Бүлэг: 1979

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны

9 дүгээр сарын 13-ны өдрийн 01-А/256 дугаар

 захирамжийн хавсралт

 

ДАЙЧИЛГААНЫ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ЯВУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд дайчилгааны зарлан мэдээлэл (цаашид "зарлан мэдээлэл" гэх)-ийг шуурхай хүргэх болон уг үйл ажиллагаанд баримтлах дэг, горимыг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Энэ журмыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дагаж мөрдөнө.

1.3.Зарлан мэдээлэл нь бүх нийтийн, хэсэгчилсэн болон сургуулийн гэсэн төрөлтэй бөгөөд зарлан мэдээллийг нууцаар эсхүл илээр явуулна.

1.4.Сургуулийн зарлан мэдээллийг зарлан мэдээллийн тогтолцооны бэлэн байдлыг шалгах, дайчилгааны сургалт, дадлагыг зохион байгуулах зорилгоор явуулна.

1.5.Тайван цагт аймаг, сум, багийн хэмжээнд дайчилгааны зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, бэлэн байдлыг хангана.

1.6.Орон нутгийн удирдлагын байгууллага, түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд зарлан мэдээлэл хүргэх мэдээллийн сүлжээ, техник хэрэгсэл, зарлан мэдээлэл явуулах арга бүхий орон нутгийн зарлан мэдээллийн тогтолцоотой байна.

1.7.Дайчилгааны орон нутгийн зарлан мэдээллийн тогтолцоог орон нутгийн хамгаалалтын зарлан мэдээллийг явуулахад ашиглана.

Хоёр. Зарлан мэдээлэл явуулах бэлтгэлийг хангах

 

2.1.Зарлан мэдээлэл явуулах үүрэг хүлээсэн дайчилгааны даалгавартай нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, дараах бэлтгэлийг хангана.

2.1.1.Зарлан мэдээллийн сүлжээ, томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгсэлд

улирал бүр тодотгол хийх;

2.1.2.Зарлан мэдээлэлд ашиглах сүлжээ, техник хэрэгслийн бүрэн бүтэн

байдал, найдвартай ажиллагааг хангаж, зарлан мэдээлэл явуулах албан тушаалтан,бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах;

2.1.3.Зарлан мэдээллийн тогтолцооны нууцлалыг хангах;

2.1.4.Зарлан мэдээллийн сүлжээ байгуулах, техник хэрэгслийн бэлэн

байдлыг хангахад шаардагдах зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлэх.

2.2.Орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь зарлан мэдээлэл явуулахтай холбоотой дайчилгааны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжилтийг хангана.

2.3.Орон нутгийн тогтолцооны бэлэн байдлыг тухайн аймгийн Засаг дарга жил бүр бүрэн хэмжээгээр шалгаж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Гурав. Зарлан мэдээлэл явуулах

 

3.1.Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн зарлан мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас дайчилгаа зарлахад аймгийн Засаг даргын шийдвэрээр дараах байдлаар зохион байгуулна.

 

3.1.1.Бүх нийтийн зарлан мэдээллийг орон нутагт олон нийтийн хэвлэл

мэдээллийн хэрэгсэл ашиглан илээр явуулна.

3.1.2.Хэсэгчилсэн зарлан мэдээллийг дайчилгаа зарласан нутаг дэвсгэрт

тогтоосон мэдээллийн сүлжээ ашиглан нууцаар эсхүл илээр явуулна.

3.1.3.Сургуулийн зарлан мэдээллийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж,

нутаг дэвсгэрт тогтоосон мэдээллийн сүлжээ ашиглан нууцаар явуулна.

3.1.4.Зарлан мэдээллийг илээр явуулах үед орон нутгийн хэвлэл,

мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглана. 

3.2.Зарлан мэдээллийг нууцаар явуулах үед аймгийн Засаг даргын Тамгын газар нь Зэвсэгт хүчний Жанжин штабаас тогтоосон дохио, захирамжийг хэрэглэнэ.

3.3.Аймгийн Засаг даргад зарлан мэдээллийг хүргэх ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулна.

3.4.Нутгийн захиргааны байгууллагын удирдлага зарлан мэдээлэл хүлээн авсан тухайгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын холбогдох албан тушаалтанд мэдэгдэж баталгаажуулна.

3.5.Зарлан мэдээллийн дадлагын дохиог аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн 2 дугаар холбоочид, дайчилгаа удирдах бүлгийн гишүүд, цугларах болон техник шилжүүлэх байр, сумдын Засаг дарга нарт зарлан мэдээлэл дамжуулж, холбогдох албан тушаалтнууд дохио хүлээн авмагц хариу дохиог аймгийн Засаг даргын Тамгын газар (дохио өгсөн албан тушаалтан)-т мэдэгдэнэ.

 

3.6.Аймаг, сум, багийн Засаг дарга нар зарлан мэдээллийг эрхэлсэн салбар, харьяалах байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд шуурхай хүргэж хариу авна.

3.7.Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн зарлан мэдээлэл хүлээн авсан тухайгаа харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

Дөрөв. Бусад

 

4.1.Дайчилгааны зарлан мэдээлэл явуулахтай холбогдох зардлыг зарлан мэдээлэл явуулах үүрэг хүлээсэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн төсвөөс санхүүжүүлнэ.

4.2.Энэ журмын хэрэгжилтэд аймгийн Засаг даргын Тамгын газар хяналт тавина.

4.3.Энэ журмыг зөрчсөн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

     ________ООО________