A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЕНЕТИК НӨӨЦ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ХӨТЛӨХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
 

Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдын А/324 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

 

ГЕНЕТИК НӨӨЦ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ХӨТЛӨХ,
АШИГЛАХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1.Энэхүү журмаар Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн сан /цаашид "Мэдээллийн сан" гэх/-г бүрдүүлэх, хөтлөх, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Мэдээллийн сан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээллийн сангийн бүрдэл хэсэг байна.

1.3.Мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлэх ба мэдээлэл нь тоон өгөгдөл, дуу авиа, дүрс бичлэг, зураг, график, бичгийн хэлбэртэй, цахим орчинд ажилладаг, орон зайн өгөгдөл нь газарзүйн мэдээллийн системд тулгуурласан байна.

1.4.Мэдээллийн сангийн программ хангамж, техник технологи нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн төрийн нэгдсэн бодлоготой уялдсан байна.

Хоёр. Мэдээллийн сангийн бүрдэлт

2.1.Мэдээллийн сан нь дараах сангуудаас бүрдэнэ. Үүнд:

2.1.1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн сан;

2.1.2.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэл;

2.1.3.Генийн сангийн тоон өгөгдлийн сан.

2.2.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн сан нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, амьтан, ургамал, бичил биетний генетик нөөцийн талаарх мэдээллийг агуулсан байна.

2.3.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэл нь  генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах, тайлагнахтай холбоотой мэдээллийг агуулсан байна.

2.3.1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэл дараах мэдээллээс бүрдэнэ. Үүнд:

2.3.1.1.Генетик нөөцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл;

2.3.1.2.Генетик нөөцийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 -д заасан баримт бичиг, оюуны өмчийн эрх үүссэн талаарх лавлагаа;

2.3.1.3.мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ олгосон тусгай зөвшөөрлийн бүртгэл;

2.3.1.4.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаар талуудын байгуулсан үр шимийн гэрээ ашиглалтын тайлан;

2.3.1.5.төрийн захиргааны төв байгууллагаас олгосон генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл, улсын хилээр нэвтэрсэн тухай огноо, холбогдох мэдээлэл;

2.3.1.6.Биологийн олон янз байдлын тухай конвенцын Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протоколыг соёрхон батлах тухай хуульд заасны дагуу гишүүн орнуудын дунд хэрэгждэг нийцлийн гэрчилгээ;

2.4.Генийн сангийн тоон өгөгдлийн сан нь Генетик нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан байгууллагад хадгалагдаж буй генетик материалын биет сан хөмрөгийн тоон өгөгдлийг нэгтгэн агуулсан байна.

2.4.1.Генийн сангийн тоон өгөгдлийн сан нь дараах мэдээллээс бүрдэнэ. Үүнд:

2.4.1.1.генийн сан эрхлэх байгууллагын нэр, үйл ажиллагааны чиглэл, байршил, холбоо барих утас, цахим шуудан, цахим хуудасны хаяг;

2.4.1.2.төрөлжсөн биет сан хөмрөгийн тоон өгөгдөл, цахим каталог;

2.4.1.3.биет сан хөмрөгт хадгалагдаж буй дээж дахин давтагдашгүй дугаар, эх үүсвэр, анхны дугаар, шинжлэх ухааны нэр, хадгалагдаж буй нөхцөл, санд нийлүүлсэн судлаачийн нэр, огноо;

2.4.1.4.тухайн сангаас дээж гаргах болон хадгалуулагчийн материалыг хүлээн авах нөхцөл, материал дамжуулах гэрээ.

Гурав. Мэдээллийн сангийн оролцогч талуудын эрх, үүрэг

3.1.Төрийн захиргааны төв байгууллага нь мэдээллийн санг удирдлага, арга зүйгээр хангана.

3.1.1.төрийн захиргааны төв байгууллагын генетик нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан нь мэдээллийн санд хандах эрхийн хүсэлт, санал хүсэлтийг ажлын 5 хоногт хянаж шийдвэрлэх;

3.1.2.төрийн захиргааны төв байгууллагын генетик нөөцийн асуудал хариуцсан бүтцийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх мэдээлэл, энэ журмын 2.3.1.3-2.3.1.6 хүртэл заасан мэдээллийг бүртгэж, мэдээллийн санд оруулах;

3.1.3.төрийн захиргааны төв байгууллага холбогдох асуудлаар Олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

3.1.4.Генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Мэргэжлийн зөвлөлийн гишүүд нь мэдээллийн сангийн мэдээлэлтэй танилцах, төрийн болон албаны нууц, түүнчлэн хаалттай мэдээллийг бусдад задруулахгүй байх талаар баталгаа гаргах;

3.2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан Байгаль орчны мэдээллийн төв нь мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг эрхэлнэ.

3.2.1.хэрэглэгчдийг үнэн зөв, тухайн цаг үеийн шаардлагад нийцсэн мэдээллээр хангах, тогтмол шинэчлэн баяжуулах;

3.2.2.мэдээллийн сангийн өргөтгөл, шинэчлэлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах;

3.3.Генетик нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээлэлтэй танилцах, оюуны өмчийн эрх үүссэн эсэхийг хянах, төрийн болон албаны нууц, түүнчлэн хаалттай мэдээллийг бусдад задруулахгүй байх талаар баталгаа гаргана.

3.4.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны эрх бүхий албан тушаалтан нь генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг болон биосоёлын тэмдэглэлийг бүртгэж, Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан мэдээллийн санд байршуулна.

3.5.Генетик нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан байгууллага нь судалгааны ажил эхлэхээс өмнөх мэдээллийг ашиглалтын цахим бүртгэлд бүртгүүлэх, судалгааны ажлын үр дүнг тайлагнах, өөрийн байгууллагад хадгалагдаж байгаа генетик материалын биет сан хөмрөгийн тоон өгөгдлийг санд оруулна.

3.6.Генетик нөөцийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу гаалийн улсын байцаагч нь Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн генетик нөөцийн улсын хилээр нэвтэрсэн огноо, холбогдох мэдээллийг ашиглалтын цахим бүртгэлд оруулна.

3.7.Хуулийн этгээд нь Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны болон арилжааны зорилгоор ашиглаж байгаа хүсэлт гаргагчийн бүртгэл, ашиглах хүсэлт, үр шимийн гэрээ, ашиглалтын тайланг ашиглалтын цахим бүртгэлд оруулна.

3.8.Иргэн эсвэл гэр бүл нь өөрт хадгалагдаж байгаа генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх ном, судар, эрдэм шинжилгээний бүтээл, гар бичмэл, аман мэдээлэл, эдгээртэй адилтгах бусад мэдээллийн цахим хуулбарыг мэдээллийн санд бүртгүүлж болно.

Дөрөв. Мэдээллийн сангийн ашиглалт

4.1.Мэдээллийн санг ашиглагч нь дараах нөхцөлийг мөрдөнө.

4.1.1.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, үр шимийг хүртэхтэй холбоотой үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашиглах;

4.1.2.мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглах;

4.1.3.мэдээллийн эх сурвалжийг заавал дурдах.

Тав. Мэдээллийн санг хадгалах, хамгаалах

5.1.Байгаль орчны мэдээллийн төв нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

5.1.1.байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалах зорилгоор мэдээллийн санд байгаа мэдээллийг нэг хувь хувилж, аюулгүй байдлын болон техникийн шаардлага хангасан газарт хадгалж, хамгаалах;

5.1.2.мэдээллийн сангийн ашиглалтын тайланг түүхчилсэн байдлаар хөтлөх, статистик мэдээ гаргах, холбогдох талуудыг мэдээллээр хангах;

5.1.3.цахим орчин дахь мэдээлэл болон мэдээллийн сангийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг тогтмол хянаж, гаднын халдлагаас урьдчилан сэргийлж ажиллах.

Зургаа. Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд хязгаарлах зүйл

6.1.Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хязгаарлана.

6.1.1.өгөгдөл, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр өөрчлөн засварлах, устгах, хуулбарлах, бусдад дамжуулах буюу шилжүүлэх;

6.1.2.бүрэн, бүтэн байдлыг алдагдуулах, санаатайгаар үйл ажиллагааг доголдуулах, вирус тараах;

6.1.3.мэдээллийг бусдад задруулах, хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглах, дамжуулах, худалдах;

6.1.4.нууцын зэрэглэлтэй мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, ашиглах, бусдад дамжуулах буюу шилжүүлэх.

Долоо. Хүлээлгэх хариуцлага

7.1.Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.